Sunday, October 26, 2008

Монголоороо гоёорой

Саяхан Монголс хэмээх мотогангстредүүдийн бүлгийнхэнийг баривчилсан нь манай улсад ч ихээхэн шуугиан дэгдээгээд орхив. Харамсалтай нь энэ бүлэг нь өчигдөр байгуулагдаад өнөөдөр баригдчихсан бүлэг биш, олон арван жил оршин тогтнож байгаа ялангуяа Умард Калифорнийн бүлэглэл. Америкад “Тамын тэнгэрэлчүүд” болон “Монголчууд” хэмээх хоёр нилээн хоорондоо өстэй бүлэглэл байдаг. Монголчууд бүлэглэлд байсан хамгийн нэр алдартай хүний нэг нь Миннесота мужийн амбан захирагчаар сонгогдож байсан Жесси Вентура байна.

Энэ бүлэгт цагдаа нар шургалж, тэднийг дотроос нь тагнадаг уламжлалтай. Нэг нөхөр саяхан хүртэл туршлагаараа ном бичсэн санагдаж байна. Энэ ч яахав, хамгийн гол нь тэр гангстерүүдтай монголчууд ямар ч хамаа байхгүй бөгөөд зарим нэг хүмүүсийн хэлж бичиж байгаачлан Монгол гэсэн нэртэй хувцас хунар өмсөхөөс болгоомжлох хэрэгтэй гэсэн ТЭНЭГ зөвлөмжинд няцаалт өгөх гэсэн юм. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг ч хаа холын хэдэн испани гаралтай дүрсгүй нөхдүүдээс болж Америкчууд биднийг чангална гэдэг бол холоо эндүүрэл шүү. Хэрэв та Монгол гэдэг нэртэй хувцас өмсөж яваад эрүүгдэн байцаагдах аваас харин ч эргүүлэн тус газрыг шүүхэд өгч, хэдэн мянга, цаашилбал хэдэн зуун мянган доллар ч халааслах нигуур байна. Гэхдээ л аливаа юм донжоо олбол догь байх бөгөөд донж нь хэтэрвэл домбоо болдогийг битгий мартаарай.

Tuesday, October 21, 2008

Монголын блогчид нэгдэгтvн!

Блог гэдэг нь зөвхөн хувийн тэмдэглэл байхаа болиод мэдээ мэдээллийн гол найдвартай эх сурвалж болж, олон өөрчлөлтийг нийгэм улс төрд хүртэл авчрах хэмжээнд хүрчээ. Монголын блогчид ч гэсэн өдөр бүр бичиж, болох болохгүй байгаа бүхний талаар зоригтой дуугарч байна. Мэдээж таны унших дуртай олон блогууд үүний нэг жишээ гэж бодном.

Харин энэ удаа бид улс төрчдөд нөлөө үзүүлэх зорилгоор блогын талбараа ашиглан олон нийтээс гарын үсэг зуруулах кампанит ажил өрнүүлбэл ямар вэ хэмээн уриалж байна. Энэ нь 7 сарын 1-ний үймээнээр хэлмэгдсэн “улс төрийн хоригдол” болоод байгаа насанд хүрээгүй хүүхдүүдэд тэнсэн олгох шаардлагыг төр засаг, хүний эрхийн байгууллагуудад тавих явдал юм. Үүнийг бид эвсэж чадвал тун сайн хийж чадна гэж итгэж байна. Хэрэв та санал нийлж байвал өөрийнхөө блог дээр энэ бичлэгийг тавьж, хамтран гарын үсэг цуглуулах ажилд нэгдэцгээе. Та санал сэтгэгдэл дээр саналаа үлдээгээрэй.

Monday, October 20, 2008

ABC3D

ABC3D хэмээх хөөрхөн "бүлтэрдэг ном" (pop-up book-ийг ингэж орчуулж туршиж байгаа юм) хийсэн байх юм.


Боолын Гэрээ байгуулж тоглосон залуус

Эртээд Боолын Гэрээ хэмээх уран сайхны киног шимтэн үзлээ. Монголчууд гурвалжин дөрвөлжин хайр дурлал, эх эцгийн хайр, хагацал үзүүлэхдээ гайгүй боловч яг урлагийн бүтээл талаас нь, бас оригинал санаа гэдэг талаасаа маш дутагдалтай байдаг билээ. Ер нь бол хүн уйлуулж байвал тэр нь сайн кино гэсэн түгээмэл мөртөө өрөөсгөл ойлголт манай кино найруулагч болон үзэгчдийн дунд байгаад байх шиг байгаа юм. Харин Боолын Гэрээ кино Монголын кино урлагт дахин нэгэн гэрэл, өнгө нэмсэн бүтээл болжээ хэмээн дүгнэж байна.


Өнөөгийн залуусын өмнө тулгарч байгаа асуудал юу вэ? Магадгүй мөнгөтэй болох хэмээн ерэн хэдэн хувь нь хариулах байхаа. Нэгэн номын нэвтрүүлгийн хөтлөгчийн хэлж буйгаар өнөөдөр хэрхэн хурдан баяжих вэ, хэрхэн хурдан нэр алдарт хүрэх вэ, хэрхэн хурдан англи хэл сурах вэ зэрэг номнууд гүйлгээтэй байдаг тухай хэлж байсан. Тэгвэл мөнгө олох гэж Америк, Солонгос зэрэг улсруу гарахыг мөрөөддөг нь хэд бол? Тэд санаандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэж үү? Өнөөдөр залуучууд гэмт хэргийн гар хөл болдог нь нууц биш. Үүнийг барууны орны хэтрүүлэг, давсгүйгээр “монгол маягаар” хэрхэн үзэгчдэд хүргэх вэ? Зүгээр нэг гоё кино, аймаар кино бүтээхдээ гол нь биш, энэ киног залуучууд үзээд нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай хэмээн хүснэ.


Залуучууд тун чадварлаг тоглож, сайн найруулсан, сайн зохиолтой энэ киноны билет нь дороо борлогдож, битүү үзэж байна. Хэрэв найруулагч нь (эсвэл худалдаж авсан Тэнгис театр нь) ухаантай, мөн менежменттэй бол энэ киногоор орой бүр үзэгчдийн дунд хэлэлцүүлэг хийхэд ч болохоор. За, орой бүрээ боль гэхэд долоо хоног бүрийн нэг орой хэлэлцүүлэг хийхэд залуучууд ямар их зүйл ярих бол. Үүгээр бас мөнгө хийх арга ч харагдаж байна шүү, Тэнгис ээ. Киног зүгээр зугаа цэнгэлийн хэрэгсэл хэмээн үзвэл эндүүрэл.

Америк Хээнцэрлэлийн араас...

Хэд хоногийн өмнө Өнөөдөр сонины сэтгүүлч Р. Эмүжин Ерөнхий сайд С.Баярын багт багтан Солонгос, Америкаар аялаад ирсэн тэмдэглэлээ “Америк Хээнцэрлэл” нэрээр нийтлүүлжээ. Уул нь би түүнийг час хийсэн бичлэгтэй, чамгүй өөр өнцөгөөс хардаг хэмээн битүүхэн хүндэлж явдаг ч аян замын тэмдэглэл нь дэлхий хавтгайран, мэдээлэл тэгш хуваарилагдаж байгаа эрин зууны иргэдэд коланы амт, таксины өнгийг яриад байгаа нь нэг бол манийгаа бөөрөлхөөд байгаа юм шиг, нөгөө бол өөрийнхөө царыг харуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц. Энэхүү нийтлэлд Америкийн Монголчууд хэмээх шинэ “ястан”-гуудын талаар ихээхэн таагүй өнгөөр бичжээ. Эмүжингийн дүгнэлтэд сэтгэлд өвдөж, итгэл хугарсан ч үгүй, зүгээр л хөндлөнгийн хүний “хүрэн бөөрөөр” цагаач Монголчуудынхаа талаар арай л хэтрүүлэгтэй бичсэн мэт санагдсанаа л хуваалцах гэсэн юм.

Улсынх нь Ерөнхий сайд Улаанбаатар хотоос морилоод, өөрсдийг нь гээд зориод, цаг гаргаад уулзаж байхад гамбираа зөөгөөд, DJ хийгээд, хоккей тоглоод (уучлаарай цагаачдын яриагаар энэ нь пицаа зөөх, таваг угаах, шал зүлгэх гэсэн орчин цагийн өвөрмөц хэллэгүүд л дээ) олсон хэдэн мөнгөөрөө нутагтаа зээлсэн мөнгөө төлөөд дээрээс нь ард үлдсэн хэдэн хүүхэд, хань ижлээ тэжээхээс гадна түрээсийн байр, зээлийн машин, цахилгааныхаа мөнгийг төлөөд явбал барав байж улс орны хөгжил дэвшил, улс төрийн тогтворгүй байдлыг шүүмжлэн, Америк маягийн амьдралыг нэхээд, эргээд очиход амьдарч болохуйц баталгаа шаардаад байх нь гуравдагч нүдээр харахад ихээхэн эгдүүцмээр, аягүйдвэл уурламаар, цаашилбал баалмаар санагдсан байх л даа.

Зарим санал санаачлагуудын хэтэрхий нь дэндээд Америк мөрөөдлөөс ч даваад гарсан нь аймаар санагдсан бололтой. Тэдгээр саналуудыг эргэн харах аваас улсынхаа удирдагчид л хэлж баймаар саналууд байна билээ. Ямар иймэрхүү юмыг Бушхүүд яриад суултай нь биш, өвөр хоорондоо өчнөөн ярьдаг л сэдвүүд. Дээр Багабанди ерөнхийлөгч байхдаа Америкийн монголчуудаа нэг эргэхдээ “Уул нь та нарын ингэж хүний нутагт давчуу сууж байгаад нь Монголын төр уучлал гуйх ёстой” гэсэн утгатай үг хэлж, уяруулж байсан, Баярын захидал дээр бас тиймэрхүү үгс байсан. Уучлал гуйлгах гээд туниад байгаа юм биш л дээ, цаад цагаачид чинь.

Эмүжингийн хэлсэнээр харийн монголчууд хүнийрхүү, хөөрүү зан гаргаж, ерөнхийд нь удирддаг сайн хүнээсээ Америкийн Монголчуудын амьдрах хотхон нэхсэн юм байх. Санаа нь бол Америкт байшин барилгын компаниудад өчнөөн хэдэн жил ажиллаж дадаад, одоо өөрсдөө компани байгуулан бужигнуулж байгаа зөндөө монголчууд байх. Тэд эхнээсээ эх орондоо эргэж ирээд үнэд орж байгаа сураг чих дэлсэж л байна лээ. Тэд ханцуй шамлаад орвол мөнгө хөрөнгө, материал техник нь байдаг л юм бол хаус битгий хэл бичил хороолол ч босгоод ирэх чадалтай залуус. Гол санаа нь газар өгчих юм бол өөрсдийн хөрөнгөөр ч гэсэн босгоно гэсэн санаа байлгүй. Энэ бол хүнийрхүү санаа бишээс биш бөгөөд олсон хэдээсээ эх орондоо илүүчлье гэсэн гэгээлэг санаачлага мөнөөс мөн.

Бас хэн нэгэн “эх оронч” нь гадаадад өсөж буй монгол хүүхдүүдийн дунд эх орноо хэн сайн мэдэх талаар уралдаан зохион байгуулах гэж байгаа, түүнийхээ зардал хөрөнгийг нь улсаас гаргаж өгөөч гэсэн “хүнийрхүү” хэгжүүн санал тавьсан юм байх. Хариуд нь ЕС юу гэж хариулсан нь тун сонин. Харин Эмүжинд энэ нь тун аймшигтай санал санагджээ. Зориод очсон зочин сайдаасаа хоёрын хооронд хэдэн цаас гуйгаад сууж байдаг царай алдмар санагдсан байх л даа. Угтаа бол тэр хүн гуйх биш, Ерөнхий сайд өөрөө санаачлаад, хөрөнгө мөнгө бүү хэл гаргах асуудал л даа. Гадаадад албан бус тоогоор 200 мянга илүү манай иргэд оршин суудаг гэх боловч тэдний үр төл болох шинэ үеийн цагаач бяцхан иргэдийн талаар ямар ч тоо баримт Элчин Сайдын Яамдад ч байхгүй гэдэгтэй гадаад паспортоо тавиад мөрийцсэн ч бэлэн. Гэтэл тэд ч монгол иргэд мөнөөс мөн. Тэд хэзээ ч аргалын утаа үнэрлээгүй, айраг амсаж үзээгүй, тарвагыг харахдаа том харх гэж, төрийн дууллаа дуул гэхэд Star-spangled banner ... хэмээн эхлэх вий. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Тэр чинь л тэдний төрж өссөн орчин. Харин юу үнэн бэ гэвэл тэдний судсаар монгол цус гүйх бөгөөд эх эцэг нь хэзээ нэгэн цагт эх орноо бараадах тэр мөчид л нас биенд хүрсэн англижуу акцентаар хальт мөлт монгол хэлээр ярих шинэ үеийн залуу монголд шийдвэр гаргах хэрэгтэй болно. Тэр болтол “чи чинь монгол шүү, Чингис чинь чиний өвөө шүү” хэмээх хоосон омогшил бус хаанаас ирсэнээ, хэний удам гэдгээ таньж яваарай гэсэн бяцхан мессежийг л одооноос өгөхгүй бол оройтохын дээдээр оройтож байна. Бусад улсуудын жишээг хараад үзээрэй, манайх шиг улсынхаа иргэдийг усанд хаясан юм шигээр мартдаг, санал сэтгэгдлийг нь “аймаар” шаардлага гээд гадуурхдаг улсууд байх боловч байх байхдаа тэд нь урагшлахаа байсан унхиагүй улсууд байх буюу.

Аягүйдвэл хэдхэн жилийн дараа Америкийн монгол цустай хүүхдүүдийн дунд “Эх орноо хэн сайн мэдэх вэ?” гэдэг уралдаан зохион байгуулахад Жорж Уошингтон, Монтана муж, Мартин Лютер Кинг, Ралф Эмэрсон, уугуул Индианчууд, Иргэний дайнтай холбоотой асуултууд байвал гайхах юмгүй. Учир нь газарзүйн хувьд тэр бол тэдний эх орон нь бөгөөтөл гарал үүслийн хувьд Монгол угсаатан гэдгийг нь мартуулахгүйн тулд тэнд чинь монгол сургууль, цэцэрлэг, сүм цуглаан, холбоо нэгдэл, хамтлаг энэ тэр байгуулаад, заримд нь ад үзэгдэж, амьтанд шоолуулаад байгаа юм шүү дээ, тэд чинь.

Улаанбаатар хот шороо тоосгүй, траншейний хүүхэдгүй болсон цагт нутагтаа эргэж ирнэ хэмээн нэг нь тунисан юм байх. Харин ч тэр хэдэн зуун мянган иргэд өнөөдөр хотын бөглөрөл, агаарын бохирдолд өөрсдийн хувь нэмрээ оруулаад явж байна гээд төсөөлөөд үзвэл бас л одоогоос хэд дахин аймаар юм гарах байх. Харин ч хөдөөгийнхөнийг хүрээ соёлд суралцахад байраа тавьж өгч, болсон болоогүй тэрэг унаж, орчин тойрноо хордуулалгүйгээр, улсаасаа нэг ч төгрөг, ямар ч хамгаалалт тусламж шаардахгүйгээр харь оронд өөрийгөө болгоод зогсохгүй ард үлдсэн хэдийгээ тэтгэж, сардаа л гэхэд хэдэн сая доллар Монгол улсын эдийн засагт ямар ч нөхцөл шаардлагагүйгээр оруулж байдаг тэдэндээ баярлаад ч барахгүй. Монгол төр тэдний өмнө уучлал гуйгаад зогсохгүй, яаж энэ улсыг улс шиг улс болгож, цааш нь хөгжлийн зам руу нь зөв залж явах талаар санал бодлыг нь ичилгүй сонсох хэрэгтэй.

Эмүжингийн дүгнэлтээр энэхүү уулзалт нь цагаач “монголчуудын араншин, эх орондоо хандах хандлагыг нь нээсэн” бөгөөд дүгнэхэд тэд ерөөс эх орноо гэх сэтгэлгүй болсоныг илрүүлэн илчилжээ. Түүний хэлсэнээр энэ бол муу мэдээ. Энэ муу мэдээ бол манай төр засагт харанга дэлдсэн муу мэдээ.

Пунцагийн Байка
P.S. Энэ нийтлэл 10 сарын 20-ний Өдрийн Сонин дээр нийтлэгджээ.

Thursday, October 16, 2008

Жагсацгаая

7 сарын 1-ний үймээнээр олон хүн хэлмэгдэх нь бололтой. Энэ хэлмэгдэлтэд хүүхдүүд ч олноор өртөж, хэдэн жилээр ял авах нь үнэн харамсалтай. Тэднийг өмгөөлөх хүүхдийн битгий хэл хүний эрхийн байгууллагууд ч алга. Тэдний ар гэрийнхэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болж байна. Үлдсэн бид нь мэдээ сонсоод л, өө яанаа хэмээн харууслаар үдэхээс өөрөөр юу ч хийж чадахаа байлаа. Ийм ардчилал байдаг юм уу? Ийм төр байдаг юм уу? Их хурлын гишүүд ээ, ямаа яах вэ, та нарт түүнээс илүү анхаарлаа хандуулах өчнөөн асуудал байгаа юм биш үү. Ажлыг чинь заая гэсэнгүй, айдаст автсан ард түмнээ арав таван мянган цаасаар аргадаж суухийн оронд түмнийхээ өмнөөс буу шагайчихаад адагт нь төрийнхөө өөдөөс төмөр нударга харуулдаг даруулгагүй цагдаа, тэдний удирдлагууд, засгийн газрыг шүүхэд татах хэрэгтэй.


Манай улсад байгаа гадаадын элчин сайдын яамд ийм овилгогүй байдлыг эх орондоо мэдээлж, манай улсад өгдөг тусламжаа зогсоох хүртэл хориг тавих хэрэгтэй. Өмхий төртэй байснаас өлсөөд явж байсан нь хавьгүй дээр. Тэр Мянганы Сорилтын Сангаас өгөх олон сая долларыг зогсоож, НҮБ болон бусад олон улсын хүний эрхийн байгууллагынханд хандан Монголын төрийнхөнд дарамт үзүүлэхийг хүсэх хэрэгтэй байна. Шударга бус төртэй байснаас шүдээ зуугаад бүсээ чангалсан нь дээр. Бид одоо энэ балиар хээл хахууль, шударга бус байдлыг таслан зогсоож чадахгүй л юм бол залуу үеийг хайр найргүй идэж, архинаас илүү аймшигт биднийг живүүлж байгаа юм бус уу?


Нөгөө олон жагсаал цуглаан хийдэг “шударга” нөхдүүд хаашаа явчив?

Wednesday, October 15, 2008

Eнгeний талаарх eeр ойлголт

Долоо хоног тутмын Цаг Төр сэтгүүлийн дараа долоо хоногийн дугаарын өмнөх үгийг бичиж өгөөч хэмээн хүсэлт гаргасны дагуу доорхи зүйлийг сараачлаа. Хавтасны сэдэв нь өнгө гэсэн тул түүнтэй нь уялдуулан бичих гэтэл магтаал, уран сайхны халилдаа үнэн авьяасгүйгээ дахин мэдэрлээ. Үүний оронд нэг хүнийг муул гэсэн бол яасан сайн бичиж байгаа бол...

Энэ сэтгүүлийг дэлгэн уншиж буй эрхэм уншигч Та сайн байна уу?

Өнгө бол дэлхийн хүн төрөлхтний нийтлэг хэл. Бидний хэл заншил, дохио зангаа хүртэл өөр өөр байх боловч өнгөөр бид ойлголцож, өнгөөр бид өөрсдийгөө орчуулгагүйгээр илэрхийлж чаддаг. Бид өнгийг бүр өмчилж аваад, өөрийнхөө хувцаслалт, унаа тэрэг, байр сууцныхаа засал чимэглэлийг хүртэл тэр л өнгөөрөө гоёхыг хичээдэг. Өнгө бидний амьдралын салшгүй томоохон хэсэг. Харин таны харж байгаа цэнхэр өнгө надад яг тийм цэнхэрээр харагддаг уу? Хар өнгө, өнгө мөн үү? Эсвэл зүгээр л өнгөгүй газрыг ноёлосон сүүдэр юм уу? Тэгвэл цагаан? Өнгө дуулж бүжиглэж, уйлж, аврал эрэн хашгирч, эс бөгөөс амар тайвны дууч лугаа адил аашилдаг гэдэгтэй та санал нийлэх үү? Өнгө байхгүй байсан бол энэ дэлхий ямар байх байсан бол? Өнгийг хэн бүтээсэн юм бол оо?

Өнгө нь хүний сэтгэл хөдлөл, зан төлөв, хоол идэх дуршил, хараа, бэлгийн дур хүсэлд нөлөөлөөд зогсохгүй урлаг, бизнес, дизайны гол төлөөлөгч болдог билээ. Уншигч танд ч бас өнгөний талаар өөрийн гэсэн үзэл баримтлал, байр суурь байгаа. Та энэ дугаар дээр өгүүлэх өнгөний талаарх сонирхолтой дэлгэрэнгүй нийтлэлүүдийг уншингаа, өнгөний тухай ойлголтоо нэмэгдүүлж, бидний өдөр бүрийн амьдралыг маань сонирхолтой, адал явдалтай болгож байдаг өнгөний тухай дахин нэг эргэцүүлэн бодохыг урьж байна.

Таны амьдрал тэнгэр мэт цэлмэг, тэнгис мэт агуу байх болтугай.

Сэтгүүлч Пунцагийн Баярмагнай

Saturday, October 11, 2008

Сайдын шинэ авьяас

Wow! Яагаад урд нь энэ тухай хэн ч бодож байсангүй вэ! Ерөнхийлөгч урд нь уулын спортын мастер өөр юу юу ч билээ авч байсан бол одоо Баяр даргадаа юу өгөх үү? Үүнийг UBS суваг тун овжин хараад түүнд өөрсдийнхөө Music Award-ын Шилдэг продюсер номинаци: Бүх оддын дуулсан “Өглөө шиг эх орон” дуугаар МУ-ын ерөнхий сайд С.Баярт олголоо. Гайхамшигтай. Одоо түүнийг хилийн хэдэн аймгаар явахад нь Онц Хилчин, загас агнадгыг нь бодоод Гавьяат Анчин (ийм цол байхгүй бол шинээр бий болгосугай), спорт тоглоомын нэг хэлбэр болох Texas Hold 'Em тоглодгыг нь бодоод Спортын мастер цол зэрэг зэрэг олгосугай.

Wednesday, October 08, 2008

We Need To Talk!

2004 оны 8 сард АНУ-ын Флорида мужид Чарли хэмээх хүчит хар салхи цагт 100 хүртэл милийн хүчтэй шуурч, замд тааралдсан бүхнээ ховх сорсон гэдэг. Тэр үед энэхүү гудамжний самбар босоогоороо үлдсэн байсан бөгөөд хуучин реклам нь ийнхүү ил гарсан байжээ.


Хэдэн жилийн өмнө Америкийн нэгэн групп зарим томоохон хотуудаар доорх утгатай мессежүүдийг байрлуулж байсан нь ихээхэн шуугиан дэгдээж, олныг юм бодуулахад хүргэж байсан гэдэг.
  1. "Let's Meet At My House Sunday Before the Game" — God

  2. "C'mon Over And Bring The Kids" — God

  3. "What Part of 'Thou Shalt Not . . .' Didn't You Understand?" — God

  4. "We Need To Talk" — God

  5. "Keep Using My Name in Vain And I'll Make Rush Hour Longer" — God

  6. "Loved The Wedding, Invite Me To The Marriage" — God

  7. "That 'Love Thy Neighbor' Thing, I Meant It." — God

  8. "I Love You . . . I Love You . . . I Love You . . ." — God

  9. "Will The Road You're On Get You To My Place?" — God

  10. "Follow Me." — God

  11. "Big Bang Theory, You've Got To Be Kidding." — God

  12. "My Way Is The Highway." — God

  13. "Need Directions?" — God

  14. "You Think It's Hot Here?" — God

  15. "Tell The Kids I Love Them." — God

  16. "Need a Marriage Counselor? I'm Available." — God

  17. "Have You Read My #1 Best Seller? There Will Be A Test." — God


Tuesday, October 07, 2008

Mrs. Oyun for President!

Дараа жилийн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж болзошгүй хүмүүс:

Цахиагийн Элбэгдорж
Намбарын Энхбаяр
Нацагийн Багабанди
Л.Гүндалай
Базарсадын Жаргалсайхан
Санжаасүрэнгийн Оюун
П.Давааням
Ерэн саяын Гансүх

Гэх мэтийн олон нэр байх бөгөөд хамгийн өндөр магадлалтай нь С. Оюун юм. Эртээд Чингис хааны тухай ном бичиж Нью Ёорк Таймсын бэстсэллэр болсон, манай хааныг баруунд үнэн зөвөөр нь өргөмжилж өгсөн Жак Уэдэрфорд багштай уулзахдаа түүнийг Монгол улсын ерөнхийлөгчид нэр дэвшээч хэмээн тоглоом шоглоомоор боловч хэлэхдээ тань шиг Монголын түүхийг мэддэг бас тэр хэрээрээ Монголоо хүндэлдэг тийм нэгэн ерөнхийлөгч болоосой хэмээсэн сэтгэлийн маань залбирал байлаа. Mrs. Oyun for President! Миний хувьд ийнхүү ерөнхийлөгчийн сонгууль албан ёсоор эхэллээ.

Saturday, October 04, 2008

Sarah Palin Debate Flow Chart

Source: boing boing

Friday, October 03, 2008

Би амьтан

Амьтны хүрээлэн миний дотор амьдарна. Тэнд янз бүрийн араатан амьтнаас авахуулаад, хорхой шавьж хүртэл байна. Эртээд би нохой болоод шөнөжингөө хуцсан. Хоолой сөөгөөд хуцах гэхэд дуу ч гарахаа больтлоо хульх нь буусан. Саваагүй нохой байсан.


Хааяа би арслан бас бар болно. Энэ үедээ бол хэнийг ч юуг ч тасар татан хаяхад бэлэн. Энэ үедээ хамаг хүчээ хэдхэн хоромын дотор гарган, юуг л бол юуг тасчин хаяхаар архиран хүрхрэнэ. Дараа нь яалаа, санахгүй байна. Гэвч намайг зоопаркын ажилчид буудаж алаагүйг бодоход тэгэсгээд номхорсон бололтой. Байз, Африкийн сафарид байсан биш билүү. Ямартай ч хулгайн анчдад ч буудуулаагүй л юм байна.


Уржигдар орой би хүйтэн могой болсон. Анх удаагаа биш л дээ. Гэхдээ могой шиг атиралдсан, гуринхалсан, шургасан, шургалсан. Тэгээд хүрээлэнгээс хөөгдсөн. Хэзээ эргэж орох юм бүү мэд.


Бас би хаа сайгүй бааж байдаг ялаа. Би амттай, сайхан харагдсан газраа буух бөгөөд буцаад хөөрөхдөө бааж орхидог бузар амьтан. Ялааны алуур барьсан, сонины цаас хуйлсан сүрэг хүмүүс намайг намнахаар араас, урдаас, дээрээс зэрэг дайрч байна. Нисэх хэрэгтэй.

Wednesday, October 01, 2008

Заавал vз!

Ийгл ТВ-ын эрэн сурвалжлах сэтгүүл зүйн төрөлжсөн ТВ сэтгүүл болох Eagle Cares багаас дараах нэвтрүүлгийг өнгөрсөн амралтын өдрүүдэд цацлаа. 7 сарын 1-ний үймээнд үр хүүхэд, хань ижлээ цагдаа нарын бууны аманд алдсан иргэд өгүүлж байна.

Ногоон картны заавар монгол хэл дээр

Жил бүр АНУ-ын Засгийн Газраас ногоон картны сугалаа явуулдаг билээ. Өнгөрсөн онд гэхэд манай 191 иргэн энэхүү сугалааг хожсон бөгөөд гэр бүлийн гишүүдийг нь нэмбэл чамгүй олон иргэд бууриа сэлгэх нь. Сонирхолтой нь Хойд Солонгосын хоёр хүн энэ сугалааг хожсон байна. Бөөн баяр байхдаа, гэхдээ улсаасаа гарч чадах л юм байх даа. Зарим улсаас ганц ганц хүн хүртэл байх юм. Бас хоёр дахь сонирхолтой юм нь та энэ сугалааны албан ёсны бус тайлбарыг нь монгол хэл дээр унших боломжтой болж байгаа юм байна. Энэ 16 хуудас .pdf материалыг энд дараад татан авч болно.

Diversity Visa - 2010 буюу 2010 оны сугалааны бүртгэл 2008 оны 10 сарын 3-нд (Америкийн зүүн бүсийн цагаар өдрийн 12 цагт буюу манайхаар 10 сарын 2-ны шөний 12) эхлээд 12 сарын 2-ны өдрийн 12 цагт дуусах юм байна.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш