Friday, July 03, 2009

Kite Runners уншив

Энэ жижиг номыг олон сарын өмнө уншиж дуусаад энд нэг юм бичих гэсээр байтал цас орох нь. Халед Хоссейни хэмээх Афган гаралтай зохиолчийн анхны ном гэхэд л олон улсын бэстселлер болж 10 сая орчим хувиар гарсан байгаа юм. Тэрбээр Афганд төрсөн эмч мэргэжилтэй мөртөө 2003 онд бичих карьераа эхлээд л бөөн мөнгө олждээ. Дараагаар нь бичсэн Thousand Splendid Suns роман нь мөн л олон улсад шуугиан тарьжээ. Түүний эхний номоор нь кино хийсэн нь Эн Ти Вигээр гараад байсан.

Зохиолын гол санаа нь Амир хэмээх паштун хүү болон түүний гэрийн үйлчлэгчийн хүү болох Хассан хэмээх хазара хүү хоёрын тухай гарна. Ойрд тэгж их сэтгэл хөдөлгөсөн, хөнгөн гуниг авчирсан бас тэгсэн мөртөө үйл явдал нь хоорондоо сүлжилдэж адал явдал үүсгэсэн зохиол уншаагүй болтой. Тэр кино нь бол зохиолынх нь хаана нь ч хүрээгүй нь мэдээж. Энэ зохиолыг уншсанаар хөөрхий муу хазарчууд маань хэрхэн хавчигдаж, зовж байсан талаар цухас ч гэсэн ойлголт авахад дөхөмтэй боллоо. Хэдийгээр уран зохиол ч гэсэн тэр үеийн түүхийг бас гайгүй сайн гаргажээ. Зохиолчийн өөрийнх нь түүхийг үзвэл багадаа дипломат аавыгаа дагаж Иран дараа нь Францад байж байгаад улс эх оронд нь байдал эвгүйтэхэд АНУ-д улс төрийн орогнол авчээ.

Ямар ч байсан энэ номыг уншсан даруйдаа Пингвинд орчуулий хэмээн хоёр ч имэйл явуулаад байгаа. Энэ зохиолыг орчуулж тавьбал ядаж л хазарчуудын талаар бага ч гэсэн мэдэх болов уу. Хазар гэснээс Цахим Өртөө ТББ Афганистаны хазара үндэстэн гурван оюутанд Монголд сурах 100 хувь тэтгэлэг олгох гэж байгаа нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал хэмээн ойлгож байгаа. Удахгүй тэд ирээд, өөрсдийн амссан зовлонгоос бид бүхэнд ярьж өгөх биз ээ.

Жинхэнэ найзыг шинжихүй

Жирийн найз зочин болон гэрт ирдэг. Жинхэнэ найз хөргөгчийг чинь онгойлгон, хоолоо өөрөө олж иддэг.

Жирийн найз чиний уйлахыг чинь хэзээ ч хараагүй. Жинхэнэ найз нулимсанд чинь норсон мөртэй байна.

Жирийн найз ээж аавын чинь ч нэрийг мэддэггүй. Жинхэнэ найз тэдний чинь утасны дугаарыг утсандаа хадгалаастай.

Жирийн найз гэрт чинь уригдахдаа винотой ирнэ. Жинхэнэ найз урд нь ирээд хоол хийхэд туслан, дууссаны дараа цэвэрлэхэд чинь туслана.

Жирийн найз унтсан хойно нь залгахад уурлана. Жинхэнэ найз яагаад утасдаагүй удсан юм бэ хэмээн загнана.

Жирийн найз амьдралын асуудлуудыг чинь сонсох гэж хичээнэ. Жинхэнэ найз асуудлуудад чинь туслахаар эрмэлзэнэ.

Жирийн найз романтик явдлуудыг чинь сонсох гэж чармайна. Жинхэнэ найз романтик явдлыг чинь сонсоод чамайг сүрдүүлнэ.

Жирийн найз маргах төдийд л харилцаагаа таслана. Жинхэнэ найз гар зөрүүлсэний дараа ч утсаар ярина.

Жирийн найз асуудал тохиолдох болгонд чамайг хажууд байх ёстой гэж бодно. Жинхэнэ найз чамд асуудал тулгарах болгонд хажууд чинь байх ёстой гэж итгэнэ.

Хэн чиний жинхэнэ найз вэ?

When you are down for nothing, God is up something!

Monday, June 22, 2009

Элбэгдорж цээжээр ярьсан уу?

Цээжээр ярьдаг мөртөө цэгцтэй ярьдаг нь Цахиагийн хүүгийн чаддаг ажил мөн ч гэсэн тангараг өргөх ёслол дээрээ арай л ингэж зүрхлээгүй байлтай. Түүний хэлсэн үгийн урт богино, харсан хэлсэнийг л хэлэлцэхээс бус хэр зэрэг ач холбогдолтой болсон талаар ган хийх хүн олдохгүй л байна, харамсалтай нь. Миний хувьд талбай дээр түүнийг гарч ирэхийг нь хүлээн зогсож байсан бүлэг хүмүүсийн дунд байсных, үгийг нь нэр бүрчлэн сонсоогүй ч гэсэн тун эмх цэгцтэй, дүн нуруутай үг хэлсэн санагдсан. Үгийнхээ эхэнд талархалынхаа үгс дотроо гадаадад байгаа монголчууддаа ч баярлалаа гэж хэлэхээ мартаагүй.

Харин Элбэг ерөнхийлөгч энэ удаа бичсэн үгээ индэрийн хоёр талд байсан телепромптерээс харж уншиж байсан гэнэ. Сайн сонсвол уншиж байгаа нь мэдэгдэж байсан ч бас л уншсан ч ярьж буй юм шиг сайхан уншиж байна билээ. Овоо манайхан яаж тийм юм олж авсан юм, үзэгч талаасаа бол үг үсэг нь харагдахгүй, зүгээр л хөгжмийн ноотны хоёр гялтагнуур тавиур шиг юм харагдаж байсныг ордонд орсон сэтгүүлчид ярьж байваа.

Friday, June 19, 2009

Хонгорзул тоглолт хийнэ

Буланд зогсох Ленин

Улаанбаатар хотоос болон хөдөө орон нутагт Ленинтэй холбоотой олон хөшөө дурсгалыг олоход хайх шаардлага байхгүй. Засгийн Газрын ордоноос зүүн урагш хэдхэн метр явахад л эхнийх нь тааралдана. Хэрэв энэ ордоноос чанх хойш явах юм бол залуу Ленинтэй учирч бас болно. Засгийн Газрын ордон гэснээс энэ ордоныг ингээд хэлээд ирсэн болохоос бус ЗГ гэхээсээ илүүтэй УИХ нь бас ерөнхийлөгчтэйгээ морилж байдаг гол сав байгаа юм. Уул нь ИХ-ыг тусад нь гаргах нэг Арабын баян орны мөнгө ирсэн сурагтай байсан, юу болж байгаа юм бүү мэд. Гэтэл Ерөнхийлөгч Элбэгдоржийг яах уу? Уул нь 1-р сургуулийн зүүн талд нь Ерөнхийлөгчийн Өргөө хэмээх нэг байшин байдаг, үнэндээ түүнийг өвөлд нь ерөнхийлөгч өвөлждөг гэх боловч бас л мэдэхгүй. Харин түүний хашаанд нь нэг байшин бариад дуусч байгаа нь удахгүй ашиглалтад орох байх.

Тэр яахав, би 3 дахь Ленинтэй нүүр тулсанаа ярих гэсэн юм. Үүнийг аль 70-аад онд Монгол барималч барьж, хотын хаа ч билээ сүндэрлэж байсан юм гэнэ лээ. Харин их хувьсгалаар түүнийг буулган, дараах нь болсон зэсийн их нүүдлээр зэс төмрийн хаягдалд тушаах гэж байхад нь салгаж авсан юм гэнэ лээ. Одоо харин Гацуурт компанийн Тэрэлж хэмээх гайхамшигтай гоё зочид буудлын ард буланд, чимээгүйхэн сүндэрлэж байна. Ленин гуай овоо сайн нуугдсан байна шүү.

Thursday, June 04, 2009

Happy Birthday Tetris!

Тетрис миний хамгийн анхны тоглож үзсэн видео тоглоом байлаа. Бүдүүн Тамираагийн ээж аав хоёр хаанаас ч юм нэг тийм сонин юм авчраад, түүнийгээ телевизорт залгасан чинь янз бүрийн хэлбэртэй бүдүүн моднууд доош бууж ирээд, нэг үеийг амжилттай дуусгавал орос бүжигчин гарч ирээд бүжиглээд л. Сонин санагдаж байж. Түүнээс нилээн хойно Тетрис хэмээх хоёр гараараа тоглодог тоглоом орж ирээд, шуугиулсан даа. Тэрийгээр нь өдөржин тоглож, унтахаар нүдээ анихад нөгөө дүрснүүд нь доош бууж ирээд, хоорондоо эвлэрээд л, нэг эгнээ доошоо унаад л. Та ч бас яг ингэдэг байсан байх. Энэ нь бүр нэртэй синдром гэнэ шүү.


За тэр яахав. Тетрисыг хамгийн гол нь Орос инженерүүд зохион бүтээж, 25 жилийн өмнөөс худалдаанд гаргажээ. Энэ тоглоом нь бүх үеийн хамгийн шилдэг видео тоглоомоор хэд хэдэн сэтгүүлийн газраас тодроод байгаа төдийгүй, яг оригиналаараа 70 сая хувь зарагдсан байна. Энэ тоглоом одоо ч хуучраагүй байгаа бөгөөд хамгийн сүүлийн iPod хүртэл Тетристэй гэнээ.


Сонирхолтой нь Тетрис тоглоом таван амжилтаараа Гиннесын номд бүртгэлтэй байдаг бөгөөд хачирхалтай нь “Видео тоглоом тоглоод хамгийн урт шоронд хоригдох ял авсан” ангилал ч үүнд хамааралтай юм байна. Файз Чопдат гэдэг нөхөр Английн Манчестер луу нисч явахдаа гар утсаараа Тетрис тоглож байгаад дөрвөн сар хорих ялаар шийтгүүлсэн байна. Түүнийг онгоцны багийнхан удаа дараа утсаа унтраахыг шаардсан боловч тоглоомондоо халуурсан нөхөр татгалзсаар байжээ.


Monday, June 01, 2009

Өдрийн Сонин дээр

Сонгуулийн дараа Өдрийн Сонин дээр энэ ярилцлагыг өгсөн юм. Мөн gogo.mn дээр тавигдсан байгаа.

“Ийгл” телевизийн мэдээний албаны дарга П.Баярмагнайтай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг сурвалжилж, үйл явдлын мэдээллийг хүмүүст цаг тухайд нь хүргэх их ажлын ард сэтгүүлчид гарлаа. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулийн үйл явдлын талаар мэдээллийг шуурхай, тэнцвэртэйгээр танай телевизээс авч чадсандаа олон хүн сэтгэл хангалуун байна. Мониторингийн судалгааг харсан ч, ажиглагчид ч хэлэхдээ энэ удаад намуудын штабуудын бэлдсэн мэдээ материалыг дамжуулах үүргийг хэвлэл мэдээллийнхэн голдуу гүйцэтгэлээ гэж байгаа. Танайх энэ удаад ямар бодлого, тактиктай ажилласан бэ?

-Бид төлөвлөгөөгөө сонгуулийн өмнөх, сонгуулийн өдөр, дараа нь гэсэн гурван хэсгээр гаргасан л даа. Сонгуулийн өмнө бол хоёр намын штабуудтай гэрээ хийж хамтран ажилласан. Зарим намаас телевизийн маркетингийн албаас гадна сэтгүүлчидтэй гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллах санал тавьсныг бид зөвшөөрөөгүй. Зар сурталчилгааны хэлбэрээр хамтран ажиллаж болох боловч телевизийн мэдээний агуулгад нөлөөлөх хэлбэрээр хамтрах нь бидний зорилго, бодлого, үнэт зүйлсийг үгүй хийх талтай учраас санхүүгийн хувьд орлого олох байсан ч телевизын удирдлага, хамт олон ярилцаад татгалзсан юм. Сонгуулийн өдрийн тухайд бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол дэлхийн хэмжээний үйл явдал гэсэн байр сууринаас хандаж үйл ажиллагаагаа явуулсан. Ардчиллын буянаар ард түмэн Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгодог тогтолцоотой болсон учраас хөнгөхөн өнгөрөөх үйл явдал биш байсан. Тиймээс хамаг анхаарлаа тавьж ажиллах ёстой гэж үзсэн. Өглөө 7 цагт сонгуулийн хэсэг хаалгаа нээхээс эхлээд сонгуулийн үр дүн гарч, СЕХ-ноос урьдчилсан дүн мэдээ гарч, ялсан нэр дэвшигч ялалтын үгээ хэлэх хүртэл ажиллана гэж төлөвлөсөн байсан. Манай телевизийн 60 гаруй уран бүтээлч эфирээ хаалгүй 48 цагийн турш ажиллаж энэ үйл явцыг хүмүүст хүргэж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Бид аль нэг намын дуу хоолой болоогүй, харин ард түмний дуу хоолой болж ажиллаж чадлаа гэж үзэж байгаа.

-Сонгуулийн дараа ямар хэлбэрээр ажиллана гэж төлөвлөсөн бэ. Үнэндээ олон нийтийн дунд өгсөн санал нь алга болчих юм бол өнгөрсөн долдугаар сарын 1-ийнх шиг үйл явдал болно гэсэн таамаглал ч явж байсан. Та нар иймэрхүү явдалд бэлтгэлтэй байсан уу?

-Бид сонгуулийн үр дүнг албан ёсоор гарч, УИХ-аар соёрхон баталж, Ерөнхийлөгч тангарагаа өргөх хүртэл нь ажиллах болно. Сонгуультай холбоотой булхай луйвар юу байсан, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт юу юу багтсан байгаа юм гээд энэ тал дээр иргэд, ажиглагчдын байр суурийг ч олон нийтэд хүргэж ажиллана.

-Сонгуулийн дараа өнгөрсөн жилийнх шиг үйл явдал болж магадгүй гэж тооцоолж байсан уу?

-Үгүй ээ. Бид дараа нь ийм тийм болно, тэгвэл ингэж ажиллана гэж огт төлөвлөөгүй. Хэрэв янз бүрийн юм болсон бол мэдээлэл хүргэдэг зарчмаараа л үргэлжлүүлээд мэдээлэх байсан байх. Гэхдээ сонгуулиас өмнө манайд цагдаагийн газраас хамтран ажиллах гэрээ гээд Т.Сайнжаргалын гарын үсэгтэй санал хүртэл ирсэн байсан. Бид мэдээллийг дамжуулахдаа цагдаагийн газартай яаж хамтрах ёстойгоо ойлгоогүй.

Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдал дээр ч бид УИХ-ын сонгуулийн үйл явцыг мэдээлж байгаад үргэлжлүүлээд л мэдээлсэн байдаг. Харин үүнийг нь тодорхой зорилготой, бэлтгэлтэй байсан мэтээр гуйвуулдагт нь бид харамсдаг.

-Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд байсан хүн ярилцлагадаа энэ талаар онцолж, өдөөн турхирсан гэж буруутгасан байсан шүү дээ?

-Биднийг тийм үймээн болохыг мэдэж байсан юм шиг, камераа урьдчилан байрлуулж, зохион байгуулалттай хийсэн юм шигээр мушгин гуйвуулсан нь харамсалтай санагддаг. Угаасаа мэдээллийг хүргэх үйл явцад бид татагдаж ороод, болж буй үйл явдлыг л хүргэсэн. Манай телевизийн зүгээс мэдээллийг бодитоор, шуурхай хүргэх тэр зарчмаараа л ажилласан.

-Сүүлийн үед өрнөж буй томоохон арга хэмжээг танай телевиз шуурхай хүргэдэгийг хүмүүс нэгэнт анзаарч, талархалтай хандаж байна. Танай телевизийн тоног төхөөрөмж тийм сайн хэрэг үү?

-Жирийн үзэгчдийн нүдээр бол “Ийгл” телевиз сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй учраас мэдээллийг газар, газраас шуурхай хүргэж байна гэж харагдаж байгаа байх л даа. Үнэндээ манайх бусад телевизийн л адил хүчин чадалтай. Аль ч телевизэд тулгардаг техникийн шинэчлэл манайд ч дутагдалтай байдаг. Гэхдээ мэргэжилдээ үнэнч сэтгүүлчид, зураглаачид, инженер техникийн ажилтнууд, сайн удирдлага нэгдэж, манай хамт олон тэр чигээрээ мэдээллийг үнэн бодитоор, шуурхай хүргэх ёстой гэсэн эрмэлзэл хүсэлтэй байсан учраас үзэгчдэд цаг тухайд нь мэдээллийг өгөх гэж зүтгэсэн. Ер нь мэдээллээр дутагдаж байгаа ард түмэнд мэдээллийг шуурхай хүргэх ёстой гэсэн эрхийг хүндэтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй тохиолдолд техникийн хүчээр зодоод ч энэ бүгдийг хүргэнэ гэж байхгүй. Ер нь бид аль болох техникийн ололтуудыг ашиглах гэж оролдсон л доо. Манай гурван баг зөөврийн компьютер бариад, Интернэтийн мессенжерээр хүртэл шууд дамжуулж байсныг үзэгчид харсан байхаа.

Дуу дүрсний хувьд шаардлага хангах, хангахгүй асуудал гарах ч мэдээллийг газар дээрээс нь шуурхай хүргэж байгаагаараа тэр оролдлого ач холбогдолтой байлаа. Бусад телевизүүдийн хувьд олимп, наадам, сонгуулийн нээлт хаалтын үйл ажиллагааг шууд дамжуулах үедээ дамжуулдаг шүү дээ. Тоног төхөөрөмжийн хувьд манайхаас илүү юу гэхээс дутуу зүйл байхгүй.

-Мэдээллийг аль, аль талаас нь нэвтрүүлсэнд хүмүүс их талархаж байгаа нь анзаарагдсан…

-Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах тухайд их анхаарсан. Нэг талаас таван минутын мэдээлэл гаргасан бол нөгөөг нь бас тэр хугацаанд гаргах зарчмыг барьж ажилласан. Яахав, тухайн штабуудын мэдээлэл хийсэн хугацаанаас нь шалтгаалж өөр, өөр нэвтэрсэн тал байгаа. Тодруулж хэлбэл, сонгуулийн сурталчилгааны мэдээний тухайд хоёр намын нэвтрүүлсэн мэдээ 47 минутын л зөрүү байсан.

-Танай телевиз рүү нийслэлээс гадна хөдөө орон нутаг, гадаадаас хүртэл холбогдож байсан байх аа?

-Тийм ээ. Бид мэдээллээ интернэт дэх вэб сайттаа байрлуулсан байсан учраас телевиз үзэгчдээс гадна хөдөө орон нутаг, гадаадад байгаа хүмүүс ч мэдээлэл авч байсан. Манайх руу хандсан хандалтын тоо огцом ихэссэн учраас нэг хэсэг манай сервер унасан гээч.

АНУ, Японоос хүртэл манайх руу хүмүүс холбогдож санал хүсэлтээ хэлж байсан. Бид иргэдийн саналыг утсаар авч байсан нь олон хүнд таалагдсан. Хэдийгээр энэ нь маш эрсдэлтэй алхам байсан ч гэсэн иргэдийн дуу хоолой болох үүргээ илүү чухал гэж үзсэн учраас үүнийгээ зогсоогоогүй.

-Сонгуулийн өдөр сурталчилгаа хийгдчих гээд байдаг, бас л түвэгтэй шүү дээ?
-Тийм ээ. Янз бүрийн зүйлд уриалан дуудах гээд эрсдэл их байдаг ч гэсэн бид үзэгчдийнхээ санал бодлыг утсаар авсаар байсан. Бас урьдчилан сэргийлж, янз бүрийн зорилготой холбогдох тохиолдолд утсаа таслах зэргээр арга хэмжээ авч байсан. Гэхдээ үзэгчид маань ч соёлтой оролцсон.

-Гадаадын хэвлэлүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар шуурхай мэдээлж, ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдсан шүү.
-Тийм ээ. Манай гадаад мэдээний албаныхан гадаадын хэвлэл мэдээллүүд дээр мониторинг бас хийсэн л дээ. Үнэхээр дэлхий нийт Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийг ширтэж байсан нь анзаарагдсан. Тавдугаар сарын 24-нээс 25-нд шилжих шөнийн хувьд гэхэд зөвхөн 200 орчим мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байсан. BBC гээс эхлээд Аль Жазера хүртэл анхааралтай ажиглаж мэдээлж байсан. Тэгэхээр гадны хэвлэлүүд ингэж анхаарч байгаа нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг илүү хариуцлагатай, илүү анхааралтай ажиллахыг сануулж байсан гэж болно. Энэ мэдээллийн төлөө Монголыг зорьж ирээд, анхааралтай ажиж байхад нь бид өөрсдөө эфирээ хаагаад унтчих эсвэл кино гаргаад байх нь утгагүй л асуудал болно.

-Өөрөө, АНУ-д сэтгүүл зүйн боловсрол эзэмшсэн. Тэнд сурч ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг харж байсан л байх. Ер нь америкчууд, хэвлэл мэдээллийн салбар нь хэрхэн оролцдог юм бэ?
-Би тэнд хоёр, гурван удаагийн сонгуулийг харж байсан. Америкчууд бол сонгуулиар тэр чигээрээ амьсгалдаг. Тэдний өдөр тутмын амьдрал нь манайх шиг улс төрөөсөө шалтгаалаад байдаггүй боловч өөрийн улс орны нүүр царай болсон Ерөнхийлөгчөө сонгохдоо маш их анхаардаг юм билээ. Телевизүүдийн бэлтгэж байгаа нэвтрүүлгүүд ч их өөр. Бид энэ удаагийн сонгуулийн халз мэтгэлцээний нэг удаагийнхийг нь зохион байгуулъя гэсэн хүсэлтийг хүртэл намуудын штабт тавьж байсан л даа. Гэвч нэг удаадаа болох эсэх нь тодорхойгүй байсаар бараг л эцсийн мөчид халз мэтгэлцээн гэхэд хэцүү юм болсон л доо.

Ярилцсан: Ч.Бүжин

Wednesday, May 13, 2009

Элбэгээг “элэгдсэн” бичлэгийг эвлүүлэг гэдгийг батлах хэдэн арга

Hуухыг нь авах гээд нүдийг нь сохлов гэдэг аргыг АН-ын хэдэн нөхдүүд ар араасаа хийж байх шиг. Тэр PAL, NTSC гэдгийг нь яаж мэдээд байгаа юм. Микрофоноо хүнд өгч бариулах нь ямар учир холбогдолтой ч юм. Солонгосын ТВ болгон өөрсдийн тэр брэндийг хэрэглэдэг гэдгийг тэр Ганбаатар яаж мэдээд байгаа юм. Заавал ТВ биш зүгээр нэг сонирхогчийн видеотой хүн л очоод, за наад миикээ барьж байгаад нэг юм хэлчих ч гэсэн юм билүү. Асуудлын гол нь эндээ биш. Эсвэл бүр арга ядаад СМОХ-ын оюутнуудын хийсэн уулзалт гээд бүр нөгөө нүдийг нь сохолсон видео дахиад хийсэн байна лээ. Нэгэнт нөгөө сонин нь Солонгосчуудад зориулсан уулзалт гэж хэлээд байхад тийм хариуцлагагүй юм цацаж болохгүй л дээ.


Нөгөө талаар Солонгосын талын зохион байгуулагчийг нь түргэн авахуулаад, зөвшөөрөлгүй дүрс бичлэгийг нь тараасны төлөө төлбөр нэхнэ ч гэх шиг балайруулаад байсан. Тэрний оронд YouTube дээр анх тавьсан тэр account-ыг олж аваад, хаанаас эхэлсэнийг нь хөөчих хэрэгтэй. Миний харсанаар анхны бичлэг нь 5 сарын 6-нд yunghwain98, theFrutzo хэмээх хоёр account-аас аплоод хийсэн байна. Энэ хоёрыг нэг хүн ч эзэмшдэг нь харагдаж байна. Учир нь хоёуланг нь 5 сарын 3-нд нээж, улс гэдэг дээр нь Өмнөд Солонгос гэжээ.


Мөн тэр Солонгосын цагдаа нарт тэр пастор этгээдийг олж өгөөч гэж хүсэлт тавьсан энэ тэр гэж балайрч байхаар тэнд байдаг ядаж Монгол сүмүүдтэй холбогдох хэрэгтэй. Миний мэдэхийн л Диаспора Монголиа ба Монгол Пасторуудын нөхөрлөл зэрэг байгууллагууд байдаг.

Friday, May 08, 2009

Винни Пух Грипп