Tuesday, September 14, 2010

Jeep Wrangler бол Морь юм

Dr. Clotaire Rapaille хэмээх хүний “The Culture Code” хэмээх шинэ ном худалдаанд гарсан даруйдаа бэстсэллэр болж байна. Энэ номд хэрхэн дэлхийн улс үндэстнүүд худалдан авч байгаа зүйлдээ ханддаг талаар маш их сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Тэрбээр гучин жилийн ажиглалт, судалгааныхаа дүнг нэгтгэн дээрх номыг гаргажээ. Түүнээс ганцхан жишээг сонирхуулж байна.

1990-ээд оны сүүлээр Jeep Wrangler машин нь Америкийн зах зээл дээрх борлуулалт нь буурсаар байлаа. Энэ нь зай ихтэй, илүү тохилог, хөлбөмбөг сонирхдог ээж нарт илүү тохирсон SUV (sports utility vehicle)-т цохигдож байлаа. Тус машиныг үйлдвэрлэгч Chrysler компани нь жийпний загвартаа томоохон өөрчлөлт оруулахаар шийджээ.

Намайг тус компани 90-ээд оны сүүлээр хөлслөн авахад, тус компанийн удирдлагууд миний худалдан авагч нарын сонголтын талаар хийх гэж буй судалгаанд ихээхэн эргэлзээтэй хандаж байлаа. Тэд аль хэдийнэ зах зээлийн маш дэлгэрэнгүй судалгаа хийж, хэдэн арван фокус группээс зуу зуун асуулт асуусан байлаа. Би тийнхүү тэдний хаалгаар маш өөр хандлагатайгаар орж ирэхэд тэд өвөр зуураа “бидний аль хэдийнээ хийсэн зүйлд энэ нөхөр ямар зүйл барих юм бол доо” хэмээн хэлж байлаа.

Крайслерын хүмүүс үнэхээр мянга мянган асуултуудыг асуусан боловч тэд зөв асуултууд тавиагүй байлаа. Тэд үргэлж хүмүүс юу ярихыг нь л сонссоор байв. Энэ нь үргэлж алдаа болдог. Үүний үр дүнд Wrangler-ыг илүү тохилог, илүү уламжлалыг хадгалсан, хаалгыг нь салгаж болдоггүй, хагас задгайгаас илүү хаалттай байлгах зэрэг зүйл бүрийн саналуудыг гаргаж ирсэн нь нэг л барьцгүй байлаа. Эдгээрийн үр дүнд Wrangler хэмээх өөрийн дүрх төрхтэй жийп нь автомашины ертөнцөд тэр бүгдээ алдан зүгээр л нэг бусад тэрэгнүүдийн адил болохоор болсон байлаа.

Би худалдан авагчдыг бүлэг болгон цуглуулах үедээ шал өөр асуултуудыг тэдэнд тавьж байлаа. Бид тэднээс Jeep-ээс юу хүсч байгааг нь асуусангүй, харин Jeep-ийн талаарх эртний дурсамжуудаа хуваалцахыг хүссэн юм. Тэд ч гэсэн хэзээ ч мартагдамгүй дурсамжууд болох өргөн уудам тал дундуур өөр ямар ч машин туулж чадахгүй замаар, ямар нэгэн зам харгуйд хашигдалгүйгээр дураараа давхиж явсан тухай зуу зуун дурсамжуудаасаа хуваалцав. Олон хүмүүс Баруун Америк болон задгай талуудын тухай ярьж байв.

Би Chrysler-ын аргаа барсан дарга нар дээр явж ороод Америкчуудын хувьд Jeep машины код бол МОРЬ юм хэмээн хэлээтэхлээ. Jeep-ыг бусад машинуудын адил бас нэгэн SUV болгох гэсэн санал нь үнэхээр дэмий. SUV-нууд бол морьд биш. Моринд ямар нэгэн тансаг, тохилог хэрэглээ хэрэггүй. Моринд зөөлөн савхи хэрэггүй бөгөөд харин эмээлийнх шиг хатуу савхи хэрэгтэй. Wrangler-т салдаг хаалганууд, задгай дээвэр хэрэгтэй бөгөөд учир нь жолооч нар хажуу хавирганаасаа эгээ л морин дэл дээр давхиж байгаа лугаа адил салхи мэдэрмээр байна.

Захирлуудын сэтгэл нэг их хөдөлсөнгүй. Эцсийн эцэст тэдний эцэс төгсгөлгүй судалгааны дүн нь хэрэглэгч нар ямар нэгэн өөр юм хүсч байгааг илэрхийлээд байдаг. Магадгүй зарим хүмүүс хэзээ нэгтээ Jeep-ыг морь лугаа төсөөлдөг байсан байж болох авч ингэж одоо бодохоо больсон биз. Миний судалгааны үр дүнг машины дизайнд бяцхан өөрчлөлт хийснээр сорьж үзэж болохыг би тэдэнд санал болгосон. Энэ нь машины дөрвөлжин гэрэлнүүдийг дугариг болгох байсан юм. Яагаад? Учир нь морьд дөрвөлжин биш харин дугариг нүдтэй.

Нэгэнт дугуй гэрлүүдийг үйлдвэрлэх нь нөгөөхөөсөө зардал мөнгөний хувьд ч хямд төсөр байсан тул тэд ч удаж төдөлгүй шийдвэр гаргасан. Тэд шинэ дизайныг туршиж үзэхэд маш эерэг үр дүн гарч эхлэв. Wrangler-ын борлуулалт өсч, түүний шинэ нүүр царай нь түмэнд танигдсан хамгийн түгээмэл дүр төрх болчив. Цаашилбал, тус машины логон дээр грилл болон хоёр дугариг гэрэл түүнээс хойш нэмэгдсэн юм. Тэр бүү хэл Jeep фэн клубууд “Жинхэнэ Jeep дугариг гэрэлтэй” гэсэн үг бүхий богино цамцнуудыг гишүүддээ тарааж өгч байлаа.

Үүнтэй зэрэгцээд компани машинаа “морь” хэмээн сурталчилж эхлэв. Миний хамгийн дуртай реклам бол нэгэн хүү нохойтойгоо хамт ууланд гарна. Нохой хадан цохионоос хальтиран унахдаа модон дээр зүүгдэнэ. Хүү ойролцоох тосгон луу тусламж эрэн гүйнэ. Тэрбээр суудлын жижиг тэргүүд, микро, SUV зэргүүдийг өнгөрөн Jeep Wrangler дээр очдог. Wrangler уул хадтай хэцүү замыг тэр дор нь туулаад, жолооч нь нохойг аварна. Хүү нохойгоо тэврэн эргэж харан жолоочид баярласанаа илэрхийлэх гэсэн боловч Jeep аль хэдийнээ уруудан давхиж байна. Энэ нь эгээ л Western (Барууны) баатар үүргээ биелүүлээд наран жаргах зүг үрүү давхин одож буйтай төстэй. Энэхүү кампани нь маш амжилттай болсон юм.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш