Showing posts with label Спорт. Show all posts
Showing posts with label Спорт. Show all posts

Friday, April 10, 2009

Гайхамшигтай барилдаан 2

За доорх бичлэг бол 62 кг-ын барилдаан шүү. Сэтгэл хөдлөөд, энэ бичлэгээ ОУХМ С.Сүхбаатарт үзүүлсэн чинь харин өөдөөс бүр сонин түүх хүүрнэдэг юм даа. Хэдэн жилийн өмнө Athletes in Action байгууллагыг Монголд төлөөлж байсан Скотт Эли энэ бичлэгийг анх 2002 онд Америкаас шүүлгэж авчраад Сүхээтэй хамт гавьяатынд очиж бэлэг болгон өгсөн гэнэ. “Тэр үедээ л үнэхээр гоё бэлэг болж байсан. Энхээ ах бүр нулимс нь гарах шахаа л үзээд байсан. Өөрөө өөрийгөө хальт магтаад л үнэн гоё цаг байсан” хэмээн Сүхээ өгүүлж байна.

Гайхамшигтай барилдаан

Монгол улсын гавьяат тамирчин, Ховд аймгийн харьяат Авирмэдийн Энхээ 1985 онд Унгарын Будапешт хотноо болсон Дэлхийн аваргын тэмцээнийн аваргын төлөөх тоглолтод Зөвлөлтийн Виктор Алексеевтай барилдсан гайхамшигтай барилдааны бичлэгийг www.sportnews.mn сайтын тусламжтайгаар амьдралдаа анх удаагаа олж үзлээ. Манайд ямар видео камер энэ тэр байсан биш тухайн үедээ, аз болж хэдэн Америкчууд хийсэн нь ийнхүү ЮуТюб-д тавигджээ. Тэдний юу ярьж байгаа нь их сонирхолтой бөгөөд үзэгчид Монголиа хэмээн хашгиралдаж байна. Энэ барилдааны тухай та урд нь сонссон байх.



Wednesday, February 18, 2009

Сумо гардаггүй Сайн eдeр

Өглөө юу юу ч болоогүй байхад 10 гээд сэрчих юм даа. Уул нь жаал амарч байгаад босюу гэсэн юмсан. Энд бол яг л “юу юу ч болоогүй байхад” гэдэг хэллэг яв цав тохирно. Эхнэр босоогүй, банштай цай чанаагүй, халуун ус ирээгүй, хүүхдүүд сэрээгүй, хогны машин дохиогоо хангинуулаагүй байхад шүү. Тэгээд ч өнөөдөр бусад Сайн өдрүүдээс нэг их ялгараад байхааргүй ч гэсэн сумо гарахгүй гэхээр л боож үхмээр, эс бөгөөс дэрэндээ толгойгоо наасаар өдрийг өнгөрөөмөөр.Одоо хэрэв ингээд босоод ирэх юм бол эхнэр азны юм гээд хоол цай дөхүүлэх, хүүхэд шуухад саатуулах, хог хуйгаа цэвэрлэх, хүнс бараа цуглуулах гэх зэрэг ажилд дайчлах нь мэдээж.

Зүгээр л хоёр нүдээ сэрүүнээрээ аниастайгаар сайн өдрийг дуусгамаар. Сумо миний амьдралд ямар их байр суурь эзэлдэг болсон юм бэ. Зарим хүмүүс ойлгохгүй ч ихэнх эрчүүд надтай санал нийлэх биз ээ. Сумо гардаг болсоноос хойш сар өнжөөд л хоёр долоо хоног миний завгүй, бас сайхан зантай гэж жигтэйхэн. Тэр миний яав, энэ маань яачив энэ тэр гэж хамт мэх хийсээр байтал хоёр цаг тун хурдан өнгөрөх боловч оройжингоо түүнийгээ бодоостой бөгөөтөл маргааш тэр хоёр яаж барилдах бол гэхээс орондоо орсон хойно ч гэсэн гарын хөлс гараастай. Шөнө зүүдэндээ хүртэл зүйрлэмгүй хүчтэй сумочидтой ач тач үзэж байна хэмээн эхнэрээ хэдэн удаа цуппаридаж, хоёр удаа өрц үрүү нь тийрээд авсан тал бий.

Сумо гардаггүй байхад, Батбаярыг макүүчид дэвшээ ч үгүй байхад Сайн өдрийг яаж өнгөрөөдөг байсныг санах хэмээн нилээд юм болов. Тиймээ, эхнэр хүүхдүүдтэйгээ салхинд гарч, сайхан хоол хийж идэн, эсвэл үзвэр үзэнгээ үнэ багатай ч цэвэрхэн зоогийн газарт эхнэрээ урин, их л эрхлэнгүй хоолыг нь халбагадан өгдөг байж билээ. Сумо гардаггүй байхад хүүхдүүдээ дагуулан өвөл нь бол цанаар гулгаж, зун нь бол уул өөд өчнөөн авирдаг байсан сан. Гэрээр дүүрэн хүүхдүүдийн инээж хөхрөх, эхнэрийн тоглоом шоглоомоор тэднийг зандрах дуу хадаж, өрөөсөн оймсоо хайн өдрийн талыг авах мөртөө эхнэртээ сээтэн хаян өмнө хойно нь орон далжигнана. Сумо гардаггүй байхад хийх юм яасан их байсан юм бэ? Бага багаар сумо гээчийн амтанд нь орсоор нэг л мэдэхэд сайн өдөрт түүнээс өөр сайн юмгүй, үзэхээс өөр хийх юмгүй л болсон дагуудаа. Гэдэс гүзээ ч сунаж, гэргийн царай ч гундаж. Сумочдыг харсаар байтал өөрөө ч тэднээс ялгагдахгүй нэгэн болж хувирах юм аа. Гол ялгаа нь гэвэл тэд муу ч сайн ч сумотой сайн өдөр ажлаа хийж, авдагаа авдаг бол би гэдэг мулгуу амьтан тэрийг нь ч бодох сэхээ байхгүй, амь амьдралаа тавиад тууж байгаа ч юм шиг.

Иймэрхүү бодлууд өнөөдөр л орж ирж байгаа ч юм биш. Сумо гардаггүй 40 Сайн өдрийн ихэнхэд нь иймэрхүү л юм бодож хэвтлээ. Өнөөдрийг нэг өөрөөр өнгөрөөж, ядаж дараа сарын барилдаан хүртэл хэдхэн сайн өдөрт идэвхтэй байхсан, салхинд гарахсан, эхнэрээ дагуулаад дэлгүүрээр хэсэхсэн, үзвэр мүзвэр үзэхсэн хэмээн хүчлэн бодовч, сумо гарахгүй гэхээр л ямар ч утгагүй санагдах юм. Яршиг, ингэж хэвтсээр байгаад л өдрийг өнгөрөөхөөс. Энэ өдөр сумо гардаггүй сайн өдрүүдээс ялгарах юм нэг ч байхгүй байх болно. За байз, түрүүчийн сард ч Дагваа аварга мөн сайхан ялсан шүү. Тэр хэнийг мөн сайхан хаяж билээ.

Sunday, February 01, 2009

Super Bowl Party амжилттай боллоо

Grandkhaan Irish Pub, Ulaanbaatar (Eagle TV) – Америкийн Хөлбөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа шууд дамжуулан үзүүллээ. Энэ удаа Ийгл ТВ-ийн спортын баг, Таван Цагариг сонин, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Спортын Цонх сэтгүүлийн хэсэг хөлбөмбөг сонирхогчид хамтран NFL Fan Club of Mongolia байгуулан, Irish Pub дээр Super Bowl-ийг шууд дамжуулан үзүүллээ. Тус тэмцээнийг MNBC дижитал кабелийн компанийн тусламжтайгаар нийтэд хүргэсэн юм. Ердөө хэдхэн хоногт зараа тараасан боловч 80 орчим монгол, америкчууд хүрч ирэн үзлээ.

NFL-ийн финалын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөм, хамгийн агуу тоглолт болсон хэмээн зүй ёсоор нэрлэгдээд байгаа энэхүү тоглолтыг шууд дэмжсэн Grandkhaan Irish Pub болон MNBC-ийн ажилтангууд мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, гайхамшигтай үйлчилгээ үзүүлсэнийг дурдах хэрэгтэй. Энэ боломжийг хөлбөмбөгийн фэнүүддээ олгосон МССХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Отгонбаатар, ЭМЯ-ны төслийн ажилтан Б.Цогтбаатар, Спортын Цонх сонины эрхлэгч, sportnews.mn-ы эрхлэгч Б.Хосбаяр, Таван Цагариг сонины сурвалжлагч Ж.Батмөнх нартаа их баярлалаа.

Tuesday, January 27, 2009

Super Bowl-ыг Монголд үзье



Wednesday, January 07, 2009

Асашёорүгийн Фанта рекламууд




Monday, December 15, 2008

Оны шилдэг тамирчид

Миний хувилбараар эдгээр тамирчин, дасгалжуулагчдыг оны шилдэгт дэвшүүлэн, саналаа явууллаа. Харж л байя, хэр зэрэг ойрхон очихыг нь.

Оны шилдэг тамирчин

1.Энхбатын Бадар-Ууган (бокс)- ”Бээжин-2008" олимпийн наадмын аварга
2.Найдангийн Түвшинбаяр (жүдо)- ”Бээжин-2008" олимпийн наадмын аварга, Парисийн Супер дэлхийн цомын мөнгө, Алматыгийн ОУТ-ий хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт
3.Пүрэвдоржийн Сэрдамба (бокс)- Олимпийн наадмын мөнгө, Казахстаны олимпийн эрх олгох ОУТ-ий мөнгөн медальт
4.Дамбадондогийн Баатаржав (паралимп, байт харваа)- ”Бээжин-2008" паралимпийн наадмын аварга
5.Отрядын Гүндэгмаа (буудлага)-”Бээжин-2008" олимпийн наадмын мөнгөн медальт, Дэлхийн цомын алт (Милан), Азийн хийн бууны АШТ-ий хүрэл, багийн алтан медальт
6.Намхайдоржийн Баярмаа (хүндийг өргөлт)- ”Бээжин-2008" олимпийн наадмын X байрын шагналт, Азийн клубүүдийн АШТ-ий хошой алт, нэг хүрэл медальт
7.Бат-Очирын Сэр-Од (хөнгөн атлетик / марафон)- Азийн АШТ-ий мөнгө, “Good luck Beijing” ОУТ-ий алтан медальт, Олимпийн наадамд оролцсон, хагас марафоны улсын рекордыг шинэчилсэн
8.Даваанямын Бямбадорж-Ама (Харумафужи) (мэргэжлийн сумо) - Мэргэжлийн сумогийн озэки цол хүртсэн Монголын гурав дахь тамирчин болсон
9.Эрдэнэбилэгийн Халиунболд (мотоспорт)- Мотокроссын Азийн аварга
10.Доржпаламын Ганхуяг (үндэсний бөх)-Ардын хувьсгалын 87 жилийн ойн баяр наадамд түрүүлсэн

Оны шилдэг баг

1.Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ баг- Европын багийн нээлттэй АШТ-ий мөнгөн медальт

Оны шилдэг дасгалжуулагч

1.Дамдинжавын Банди (Бокс, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
2.Чимэдбазарын Насантогтох (Жүдо, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч)
3.Бямбажавын Алтанцэцэг (Буудлага, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч)

Saturday, November 29, 2008

Тvвшинбаяр АНУ-д амьдрах уу?


Олимпийн алтан медальт маань Нью Ёоркийн Ниагара хүрхрээ хавьцаа амарсан шигээ явах үед нэгэн бага сургуулийн багш тааралдаад, сурагчиддаа яриа хийхийг урьсан юм байх. Тэрбээр Бирагийн Пагвагийн тусламжтайгаар Harry F. Abate сургуулийн 5-р ангийнханд хэлэхдээ багадаа ядуу тарчиг амьдралтай малчин айлд төрөн алдрын оргилд хүрсэн тухайгаа хуучилжээ. Тэрбээр сургуульд явахийн тулд нэг талдаа 20 миль хүртэл унадаг дугуйгаар жийдэг байснаа сонирхуулсан байна. Бидэнд ганц хоёр мэх зааж өгвөл гоё тээ гэсэн нэгэн хүүгийн асуултад би англи хэл сураад нэгэн өдөр жүдогийн сургууль Ниагара Фолсст байгуулах төлөвлөгөөтэй хэмээн ярьсан байх юм.



Ер нь Монголын Засгийн газар Канад АНУ-ын хил дээр орших энэхүү хүрхрээ хавьцаа Монголын соёлын төвийг байгуулахаар идэвхтэй хөөцөлдөж буй бололтой. Хоёр жилийн өмнө хотын мэр байсан Ц. Батбаяр тэргүүтэй хүмүүс тэр хавиар явж байсан сураг байсан. Бас саяхан хэнээс ч билээ сонсох нь ээ, Цонжин Болдогт барьсан Чингис Хааны морьт хөшөөг бүтээсэн уран барималчид Ниагара Фоллст яг тийм хэмжээтэй хөшөө барих захиалга өгсөн гэнэ лээ. Морьт Чингис Канадын нутаг дэвсгэр лүү ташуураа тулан зогсож байх юм байх аа. Үнэн худлыг нь мэдэхгүй.



Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш