Monday, October 20, 2008

Америк Хээнцэрлэлийн араас...

Хэд хоногийн өмнө Өнөөдөр сонины сэтгүүлч Р. Эмүжин Ерөнхий сайд С.Баярын багт багтан Солонгос, Америкаар аялаад ирсэн тэмдэглэлээ “Америк Хээнцэрлэл” нэрээр нийтлүүлжээ. Уул нь би түүнийг час хийсэн бичлэгтэй, чамгүй өөр өнцөгөөс хардаг хэмээн битүүхэн хүндэлж явдаг ч аян замын тэмдэглэл нь дэлхий хавтгайран, мэдээлэл тэгш хуваарилагдаж байгаа эрин зууны иргэдэд коланы амт, таксины өнгийг яриад байгаа нь нэг бол манийгаа бөөрөлхөөд байгаа юм шиг, нөгөө бол өөрийнхөө царыг харуулаад байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлэхүйц. Энэхүү нийтлэлд Америкийн Монголчууд хэмээх шинэ “ястан”-гуудын талаар ихээхэн таагүй өнгөөр бичжээ. Эмүжингийн дүгнэлтэд сэтгэлд өвдөж, итгэл хугарсан ч үгүй, зүгээр л хөндлөнгийн хүний “хүрэн бөөрөөр” цагаач Монголчуудынхаа талаар арай л хэтрүүлэгтэй бичсэн мэт санагдсанаа л хуваалцах гэсэн юм.

Улсынх нь Ерөнхий сайд Улаанбаатар хотоос морилоод, өөрсдийг нь гээд зориод, цаг гаргаад уулзаж байхад гамбираа зөөгөөд, DJ хийгээд, хоккей тоглоод (уучлаарай цагаачдын яриагаар энэ нь пицаа зөөх, таваг угаах, шал зүлгэх гэсэн орчин цагийн өвөрмөц хэллэгүүд л дээ) олсон хэдэн мөнгөөрөө нутагтаа зээлсэн мөнгөө төлөөд дээрээс нь ард үлдсэн хэдэн хүүхэд, хань ижлээ тэжээхээс гадна түрээсийн байр, зээлийн машин, цахилгааныхаа мөнгийг төлөөд явбал барав байж улс орны хөгжил дэвшил, улс төрийн тогтворгүй байдлыг шүүмжлэн, Америк маягийн амьдралыг нэхээд, эргээд очиход амьдарч болохуйц баталгаа шаардаад байх нь гуравдагч нүдээр харахад ихээхэн эгдүүцмээр, аягүйдвэл уурламаар, цаашилбал баалмаар санагдсан байх л даа.

Зарим санал санаачлагуудын хэтэрхий нь дэндээд Америк мөрөөдлөөс ч даваад гарсан нь аймаар санагдсан бололтой. Тэдгээр саналуудыг эргэн харах аваас улсынхаа удирдагчид л хэлж баймаар саналууд байна билээ. Ямар иймэрхүү юмыг Бушхүүд яриад суултай нь биш, өвөр хоорондоо өчнөөн ярьдаг л сэдвүүд. Дээр Багабанди ерөнхийлөгч байхдаа Америкийн монголчуудаа нэг эргэхдээ “Уул нь та нарын ингэж хүний нутагт давчуу сууж байгаад нь Монголын төр уучлал гуйх ёстой” гэсэн утгатай үг хэлж, уяруулж байсан, Баярын захидал дээр бас тиймэрхүү үгс байсан. Уучлал гуйлгах гээд туниад байгаа юм биш л дээ, цаад цагаачид чинь.

Эмүжингийн хэлсэнээр харийн монголчууд хүнийрхүү, хөөрүү зан гаргаж, ерөнхийд нь удирддаг сайн хүнээсээ Америкийн Монголчуудын амьдрах хотхон нэхсэн юм байх. Санаа нь бол Америкт байшин барилгын компаниудад өчнөөн хэдэн жил ажиллаж дадаад, одоо өөрсдөө компани байгуулан бужигнуулж байгаа зөндөө монголчууд байх. Тэд эхнээсээ эх орондоо эргэж ирээд үнэд орж байгаа сураг чих дэлсэж л байна лээ. Тэд ханцуй шамлаад орвол мөнгө хөрөнгө, материал техник нь байдаг л юм бол хаус битгий хэл бичил хороолол ч босгоод ирэх чадалтай залуус. Гол санаа нь газар өгчих юм бол өөрсдийн хөрөнгөөр ч гэсэн босгоно гэсэн санаа байлгүй. Энэ бол хүнийрхүү санаа бишээс биш бөгөөд олсон хэдээсээ эх орондоо илүүчлье гэсэн гэгээлэг санаачлага мөнөөс мөн.

Бас хэн нэгэн “эх оронч” нь гадаадад өсөж буй монгол хүүхдүүдийн дунд эх орноо хэн сайн мэдэх талаар уралдаан зохион байгуулах гэж байгаа, түүнийхээ зардал хөрөнгийг нь улсаас гаргаж өгөөч гэсэн “хүнийрхүү” хэгжүүн санал тавьсан юм байх. Хариуд нь ЕС юу гэж хариулсан нь тун сонин. Харин Эмүжинд энэ нь тун аймшигтай санал санагджээ. Зориод очсон зочин сайдаасаа хоёрын хооронд хэдэн цаас гуйгаад сууж байдаг царай алдмар санагдсан байх л даа. Угтаа бол тэр хүн гуйх биш, Ерөнхий сайд өөрөө санаачлаад, хөрөнгө мөнгө бүү хэл гаргах асуудал л даа. Гадаадад албан бус тоогоор 200 мянга илүү манай иргэд оршин суудаг гэх боловч тэдний үр төл болох шинэ үеийн цагаач бяцхан иргэдийн талаар ямар ч тоо баримт Элчин Сайдын Яамдад ч байхгүй гэдэгтэй гадаад паспортоо тавиад мөрийцсэн ч бэлэн. Гэтэл тэд ч монгол иргэд мөнөөс мөн. Тэд хэзээ ч аргалын утаа үнэрлээгүй, айраг амсаж үзээгүй, тарвагыг харахдаа том харх гэж, төрийн дууллаа дуул гэхэд Star-spangled banner ... хэмээн эхлэх вий. Тэдэнд ямар ч буруу байхгүй. Тэр чинь л тэдний төрж өссөн орчин. Харин юу үнэн бэ гэвэл тэдний судсаар монгол цус гүйх бөгөөд эх эцэг нь хэзээ нэгэн цагт эх орноо бараадах тэр мөчид л нас биенд хүрсэн англижуу акцентаар хальт мөлт монгол хэлээр ярих шинэ үеийн залуу монголд шийдвэр гаргах хэрэгтэй болно. Тэр болтол “чи чинь монгол шүү, Чингис чинь чиний өвөө шүү” хэмээх хоосон омогшил бус хаанаас ирсэнээ, хэний удам гэдгээ таньж яваарай гэсэн бяцхан мессежийг л одооноос өгөхгүй бол оройтохын дээдээр оройтож байна. Бусад улсуудын жишээг хараад үзээрэй, манайх шиг улсынхаа иргэдийг усанд хаясан юм шигээр мартдаг, санал сэтгэгдлийг нь “аймаар” шаардлага гээд гадуурхдаг улсууд байх боловч байх байхдаа тэд нь урагшлахаа байсан унхиагүй улсууд байх буюу.

Аягүйдвэл хэдхэн жилийн дараа Америкийн монгол цустай хүүхдүүдийн дунд “Эх орноо хэн сайн мэдэх вэ?” гэдэг уралдаан зохион байгуулахад Жорж Уошингтон, Монтана муж, Мартин Лютер Кинг, Ралф Эмэрсон, уугуул Индианчууд, Иргэний дайнтай холбоотой асуултууд байвал гайхах юмгүй. Учир нь газарзүйн хувьд тэр бол тэдний эх орон нь бөгөөтөл гарал үүслийн хувьд Монгол угсаатан гэдгийг нь мартуулахгүйн тулд тэнд чинь монгол сургууль, цэцэрлэг, сүм цуглаан, холбоо нэгдэл, хамтлаг энэ тэр байгуулаад, заримд нь ад үзэгдэж, амьтанд шоолуулаад байгаа юм шүү дээ, тэд чинь.

Улаанбаатар хот шороо тоосгүй, траншейний хүүхэдгүй болсон цагт нутагтаа эргэж ирнэ хэмээн нэг нь тунисан юм байх. Харин ч тэр хэдэн зуун мянган иргэд өнөөдөр хотын бөглөрөл, агаарын бохирдолд өөрсдийн хувь нэмрээ оруулаад явж байна гээд төсөөлөөд үзвэл бас л одоогоос хэд дахин аймаар юм гарах байх. Харин ч хөдөөгийнхөнийг хүрээ соёлд суралцахад байраа тавьж өгч, болсон болоогүй тэрэг унаж, орчин тойрноо хордуулалгүйгээр, улсаасаа нэг ч төгрөг, ямар ч хамгаалалт тусламж шаардахгүйгээр харь оронд өөрийгөө болгоод зогсохгүй ард үлдсэн хэдийгээ тэтгэж, сардаа л гэхэд хэдэн сая доллар Монгол улсын эдийн засагт ямар ч нөхцөл шаардлагагүйгээр оруулж байдаг тэдэндээ баярлаад ч барахгүй. Монгол төр тэдний өмнө уучлал гуйгаад зогсохгүй, яаж энэ улсыг улс шиг улс болгож, цааш нь хөгжлийн зам руу нь зөв залж явах талаар санал бодлыг нь ичилгүй сонсох хэрэгтэй.

Эмүжингийн дүгнэлтээр энэхүү уулзалт нь цагаач “монголчуудын араншин, эх орондоо хандах хандлагыг нь нээсэн” бөгөөд дүгнэхэд тэд ерөөс эх орноо гэх сэтгэлгүй болсоныг илрүүлэн илчилжээ. Түүний хэлсэнээр энэ бол муу мэдээ. Энэ муу мэдээ бол манай төр засагт харанга дэлдсэн муу мэдээ.

Пунцагийн Байка
P.S. Энэ нийтлэл 10 сарын 20-ний Өдрийн Сонин дээр нийтлэгджээ.

4 Сэтгэгдэл:

Anonymous October 31, 2008 at 11:23 AM  

Hehe, ter Emuujin hed honog ch gesen Amerik yavj nud tailsand n bayarlamaar shuu. Ug n bol avyastai ch huduu gehed unen huduunii setguulch baina lee. Deer n yadahdaa hudaldagdahdaa hurdan.

D.Sainbayar November 7, 2008 at 4:22 AM  

well said man!

Anonymous November 15, 2008 at 5:52 AM  

chi hend ch hereggui baahan yum bichdeg tovarish heveeree l baih shiv dee.hairan tsag.arai iluu utga uchirtai yum bicheech uneheer l bichih hobbytoi yum bol.shal demii hunii ch tsag alaad.

Anonymous November 17, 2008 at 6:56 PM  

oh shal demii yum unshchlaa. chi odoo yu biched bgan bee ted nar chini ymar hunii umnuus ANU yavsan bish yarishig l bnshd. uhantai hun bol uuruu ur huheddee undes ugasaag n zaaj helj uguhduu huneer helulehgui, hunes guihgui hichih blgui. Dandaa hunii gar harj bdgaa bolimoorshd. Tegel mgl-d uldsen gehere l uls orno bohirdulad baiga hereg uu. Bohirdulahgui geed bas gadad yavah hereg uu yun teneg yum yariad bgan bee shaal sonin sanagdchihlaa.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш