Monday, October 20, 2008

Боолын Гэрээ байгуулж тоглосон залуус

Эртээд Боолын Гэрээ хэмээх уран сайхны киног шимтэн үзлээ. Монголчууд гурвалжин дөрвөлжин хайр дурлал, эх эцгийн хайр, хагацал үзүүлэхдээ гайгүй боловч яг урлагийн бүтээл талаас нь, бас оригинал санаа гэдэг талаасаа маш дутагдалтай байдаг билээ. Ер нь бол хүн уйлуулж байвал тэр нь сайн кино гэсэн түгээмэл мөртөө өрөөсгөл ойлголт манай кино найруулагч болон үзэгчдийн дунд байгаад байх шиг байгаа юм. Харин Боолын Гэрээ кино Монголын кино урлагт дахин нэгэн гэрэл, өнгө нэмсэн бүтээл болжээ хэмээн дүгнэж байна.


Өнөөгийн залуусын өмнө тулгарч байгаа асуудал юу вэ? Магадгүй мөнгөтэй болох хэмээн ерэн хэдэн хувь нь хариулах байхаа. Нэгэн номын нэвтрүүлгийн хөтлөгчийн хэлж буйгаар өнөөдөр хэрхэн хурдан баяжих вэ, хэрхэн хурдан нэр алдарт хүрэх вэ, хэрхэн хурдан англи хэл сурах вэ зэрэг номнууд гүйлгээтэй байдаг тухай хэлж байсан. Тэгвэл мөнгө олох гэж Америк, Солонгос зэрэг улсруу гарахыг мөрөөддөг нь хэд бол? Тэд санаандаа хүрэхийн тулд юу ч хийхээс буцахгүй гэж үү? Өнөөдөр залуучууд гэмт хэргийн гар хөл болдог нь нууц биш. Үүнийг барууны орны хэтрүүлэг, давсгүйгээр “монгол маягаар” хэрхэн үзэгчдэд хүргэх вэ? Зүгээр нэг гоё кино, аймаар кино бүтээхдээ гол нь биш, энэ киног залуучууд үзээд нэгийг бодож, хоёрыг тунгаагаасай хэмээн хүснэ.


Залуучууд тун чадварлаг тоглож, сайн найруулсан, сайн зохиолтой энэ киноны билет нь дороо борлогдож, битүү үзэж байна. Хэрэв найруулагч нь (эсвэл худалдаж авсан Тэнгис театр нь) ухаантай, мөн менежменттэй бол энэ киногоор орой бүр үзэгчдийн дунд хэлэлцүүлэг хийхэд ч болохоор. За, орой бүрээ боль гэхэд долоо хоног бүрийн нэг орой хэлэлцүүлэг хийхэд залуучууд ямар их зүйл ярих бол. Үүгээр бас мөнгө хийх арга ч харагдаж байна шүү, Тэнгис ээ. Киног зүгээр зугаа цэнгэлийн хэрэгсэл хэмээн үзвэл эндүүрэл.

1 comments:

Anonymous April 14, 2009 at 8:32 PM  

"Монголчууд гурвалжин дөрвөлжин хайр дурлал, эх эцгийн хайр, хагацал үзүүлэхдээ гайгүй боловч яг урлагийн бүтээл талаас нь, бас оригинал санаа гэдэг талаасаа маш дутагдалтай байдаг билээ." Юун ориг санаа, урлагийн бутээл. Энэ кинонд "ориг санаа" байгаа гэж уу? Урлагийн бутээл гэж уу? Уран зохиолын хэлээр "бутээлч дуурайлал" гэвэл харин зугээр байх.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш