Sunday, November 30, 2008

Il Divo - Amazing Grace

Saturday, November 29, 2008

Тvвшинбаяр АНУ-д амьдрах уу?


Олимпийн алтан медальт маань Нью Ёоркийн Ниагара хүрхрээ хавьцаа амарсан шигээ явах үед нэгэн бага сургуулийн багш тааралдаад, сурагчиддаа яриа хийхийг урьсан юм байх. Тэрбээр Бирагийн Пагвагийн тусламжтайгаар Harry F. Abate сургуулийн 5-р ангийнханд хэлэхдээ багадаа ядуу тарчиг амьдралтай малчин айлд төрөн алдрын оргилд хүрсэн тухайгаа хуучилжээ. Тэрбээр сургуульд явахийн тулд нэг талдаа 20 миль хүртэл унадаг дугуйгаар жийдэг байснаа сонирхуулсан байна. Бидэнд ганц хоёр мэх зааж өгвөл гоё тээ гэсэн нэгэн хүүгийн асуултад би англи хэл сураад нэгэн өдөр жүдогийн сургууль Ниагара Фолсст байгуулах төлөвлөгөөтэй хэмээн ярьсан байх юм.



Ер нь Монголын Засгийн газар Канад АНУ-ын хил дээр орших энэхүү хүрхрээ хавьцаа Монголын соёлын төвийг байгуулахаар идэвхтэй хөөцөлдөж буй бололтой. Хоёр жилийн өмнө хотын мэр байсан Ц. Батбаяр тэргүүтэй хүмүүс тэр хавиар явж байсан сураг байсан. Бас саяхан хэнээс ч билээ сонсох нь ээ, Цонжин Болдогт барьсан Чингис Хааны морьт хөшөөг бүтээсэн уран барималчид Ниагара Фоллст яг тийм хэмжээтэй хөшөө барих захиалга өгсөн гэнэ лээ. Морьт Чингис Канадын нутаг дэвсгэр лүү ташуураа тулан зогсож байх юм байх аа. Үнэн худлыг нь мэдэхгүй.



Friday, November 28, 2008

Шээсний тосгууран дахь ялаа

Та хаа нэгтээ олон нийтийн газарт эрэгтэйчүүдийн жорлонд ороод, морь харахаар тосгуурт очоод тонгойн харвал хар ялааны зураг байх вий. Энэ нь ямар учиртай болохыг та тааж чадах уу? Хэрэв санаа байвал сэтгэгдэл дээр үлдээнэ үү. Хэрэв тийм ялаатай тосгуур үзээгүй бол хамгийн сүүлд саяхан нээгдсэн Сөүлийн гудамжин дахь The Ivy хэмээх тансаг рестораны эрэгтэй жорлонгоор ороод гараарай. Энэ нь хуучнаар Солонго ресторан байсан газар юм.



Thursday, November 27, 2008

Рерих ба Монгол

Өнгөрсөн долоо хоногт Николай Рерихийн Монголд хийсэн судалгааны ангийн 80 жилийн ой болсон юм. Үүнтэй холбогдуулан Акад. Ш. Бира тэргүүтэй эрдэмтэн мэргэд олон улсын симпозиум зохион байгуулж, Рерихийн Монголд байхдаа сууж байсан дүнзэн байшинд дурсгалын самбар байрлуулсан юм.

Энэ байшин нь Улаанбаатар хотын бараг анхны модон байшингуудын нэг бөгөөд бүх модыг нь хойноос авчирсан хэмээн аав маань намайг бага байхад хэрэг болгон гараас хөтлөн очиж харуулж байсан нь санаанаас ер гарахгүй байсаар өнгөрсөн онд Уошингтон дахь Монголын ЭСЯаман дээр болсон эрдэм шинжилгээний бага хуралд Рерихийн талаар нэгэн paper бичсэнээ сонордуулж билээ. Энэ байшинг одоо Монголд суурьшсан нэгэн Орос гэр бүл эзэмшдэг бөгөөд ихэд өмхөрөн муудсан боловч чанга гартай орос эздийнхээ ачаар азаар өнөөг хүртэл хадгалагдан ирсэн билээ. Тэр үеэр Америкаас ирсэн нэгэн нөхөр бичлэг хийжээ. Мөн Рерихийн тэр үеийн Хүрээний баримтат бичлэгүүдээс оруулсан байна. Сонирхоорой.


Thursday, November 20, 2008

Нууц vгээ гэрээслэлдээ

Дэлхий ертөнц өдөр ирэх бүр жижгэрсээр, хүн болон түүний эдэлж хэрэглэж байгаа зүйлс улам тэлсээр, энэхүү жижиг дэлхийд багтахаа байгаад байн байсаар од эрхэс үрүү тэмүүлдэг боллоо. Гэхдээ доорхи бяцхан бичлэг нь од эрхсийг эзлэн авах маршал төлөвлөгөөтэй ямар ч хамаа байхгүй.



Уиллиам Талкотт хэмээх Сан Франциско хотноо амьдран суудаг байсан яруу найрагч Ирланд улсын давхар харьяалалтай бөгөөд дэлхийн олон оронд өөрийн уншигч нартай байжээ. Тэрбээр өнгөрсөн 6 дугаар сард ясны хорт хавдараар өнгөрөхөд түүний охин нь найз нөхдөд нь дуулгах арга байсангүй. Учир нь яруу найрагч агсан өөрийн бүхий л харилцдаг хүмүүсийнхээ хаягыг дэвтэр цаасан дээр бус Интернэт дээр буюу цахим шуудангынхаа хаяган дээр байрлуулсан байжээ.

Өнөөдөр цаасан захианы хэрэгцээ багасч, цаг их авдаг болон үнэ ихтэй гэсэн шалтгаануудаар түүний хэрэгцээ нь багасч байгаагийн хэрээр хүмүүс цахим шууданг өргөнөөр хэрэглэх болсон билээ. Цаасан захиаг хүлээн авахын тулд та удаан хүлээхээс гадна, шуудангын хайрцаг байгаа тэр л газраасаа авах шаардлагатай бөгөөд өөр дэвсгэр нутагт зорчиж байвал энэ нь ямар ч боломжгүй юм. Гэтэл цахим шууданг бол та дэлхийн аль ч өнцөг булан (хэрэв үнэхээр өнцөг булантай юм бол шүү дээ. Хамгийн сүүлд сонсохнээ бөөрөнхий гэжээсэн)-д байсан тэр дор нь хүлээн авах боломжтой. Түүнчлэн цахим шуудан дээрээ байгаа хүмүүсийн нэрс, хаяг, холбоо барих утас зэргийг эргүүлээд цаасан дээр хуулан бичнэ гэдэг бол аймаар далан он.

Харин ийнхүү дэлхий ертөнц хэлбэржсээр байгаа үед, түүнтэй уялдан нэгэн асуудал гарч ирж байгаа нь юу хэмээвээс цахим шуудангынхаа түлхүүр буюу нууц үгийг бусдад дамжуулах эсэх асуудал юм. Халуун мэйл, Яах уу! мэйл, Гүйгээ л мэйл зэрэг том том мэйл сүлжээнээс авахуулаад онлайн банк, төлбөр тооцооны төвүүд таныг өөрийнхөө нууц үгийг хэнд ч өгч болохгүй шүү хэмээн тун ноцтойгоор сануулна. Тэр бүү хэл нууц үгээ шүдний сойз, дотуур өмд шигээ хэдэн сар болоо л нэг сольж байхыг хатуу анхааруулдаг.

Түүнчлэн нэг юм болохоор л заавал нэг нууц үг зохиох хэрэгтэй болдог. Аюулгүйн үүднээс ажилласаар байгаад сүүлдээ ямар нууц үг зохиосноо хүртэл өөрөөсөө нууж, эцэс сүүлд нь санахаа байж, амар сайхан жаргах үе бишгүй. Тэгээ л хамгийн дөтөөр нь монголиа, улаанбаатар, дорнод, дэнвэр, эсвэл ээжийнхээ аавынхаа нэр, өөрийнхөө төрсөн огноо, үр хүүхдүүдийнхээ нэрийг өгсөөр байгаад бараг л шинэ нууц үгтэй болохын тулд хүүхэд гаргах гээд байгаа юм биш үү. Эсвэл шинэ нууц үгтэй болох нь нууц амрагтай болох бас нэг шалтгаан. Тэдгээрийнхээ нэрийг мартахгүйн тулд өдөр бүр цахим шуудан луугаа орохын тулд нэрийг нь бичээ л. Эхнэр мангар хажууд миний нууц үгийг мэдчих юмсан хэмээн аймаар том хараа л.

Гэтэл сайбер ертөнцөд хамаг нууцаа даатгаад л овоолоод байх нь бас л учир дутагдалтай болж ирж байна. Жишээ нь таны хамгийн хайртай хүн хорвоог орхиж явбал түүний ард үлдээсэн бичмэл, өдрийн тэмдэглэл, харилцаж байсан найз нөхөд зэрэг үр хүүхдүүдэд нь дурсгал, дурсамж болж үлдэх ёстой зүйлс бүгд түүнтэй хамт яваад өгсөн байвал яах вэ. Яг иймэрхүү хэрэг энэ онд болсон юм. Иракт явган харуулд гарч байсан нэгэн Америкийн цэрэг тэсрэлтэд өртөж, амь үрэгджээ. Түүний аав нь цахим шуудан уруу нь орж, хүүгийнхээ бичиж байсан захидлуудыг дурсгал болгон авахыг хүссэн байна. Харамсалтай нь Яах уу! мэйлийн журам ёсоор цахим шуудан гэдэг нь хувь хүний харилцааны хэрэгсэл тул хувийн нууцад хамаарах ёстой бөгөөд шууданг эзэмшигч хүн нь гэмт хэрэгт холбогдож, эсвэл сэжиглэгдэж, Холбооноос мэдээлэл хүсэхээс бусад тохиолдолд хэзээ ч хувийн нууцыг гадагш нь дамжуулдаггүй дэгтэй. Үүнээс болж амь үрэгдсэн хүүгийн аав нь шүүхдэж явсаар эцсийн эцэст заргаа авч чадсан байна. Гэвч Яах уу! мэйл өөрийнхөө журмыг өөрчлөхийг төвдөхгүй л байна. Гэтэл эдгээр цахим харилцаа олгодог газрууд чинь дэндүү глобал бөгөөд хэрэв Яах уу! мэйлийн хэрэглэгч нэгэн монгол баагий Монголд гэмт хэрэгт сэжиглэгдээд, түүний талаар мэдээлэл цуглуулж буй Монгол улсын Мөрдөн Байцаах Газрынхан Яах уу-д хандвал яах уу? Тэд аягүй л бол өгөхгүй нь байнашт. Манай сайдууд, их хурлын гишүүд бүү хэл лунжгар бизнес хүмүүст ч Яах уу! мэйлд таньдаг хүн байхгүй л дээ. Байсан ч тэд хахууль авнаа, гонжийнжоо... жинжиймаа.

Харин Гүйгээ л болон Халуун мэйлүүд арай өөр байр суурь баримталж байна. Хэрэв Гүйгээ л мэйлийн хэрэглэгч өнгөрч хамаатан садан нь шуудан уруу нь ормоор байвал нас барсан сертификат болон тухайн хүн нь хамаатан мөн гэсэн хуульчийн бичиг үзүүлсэн тохиолдолд нууц үгийг нь илчилж болно гэнэ. Түүнчлэн АОЛ болон Халуун мэйлийнхэн адил бодлого баримталж байна. Мэдээж энэ нь хэдэн жилийн дараа ялангуяа эмзэг асуудлуудын нэг болоход үгүйсгэх аргагүй. Тэгээд ч хүмүүс гэрээслэлээ бичихдээ тэр тэрний нууц үгийг түүнд, үлдсэнийг нь түүнд хэмээн нэр зааж үлдээх л хэрэгтэй болох шив. Урд нь бол эд хөрөнгийн гэрээслэл үлдээдэг байсан бол тун удахгүй баахан мэдээлэл датаны гэрээслэл үлдээдэг үе ирэх бололтой.

Бэлтгэсэн П. Байка

Monday, November 17, 2008

Жон Максвелл монгол хэлнээ

Удирдахуйн ухааны шилдэг бичигч John C. Maxwell-ийн “Удирдагчийн 21 Чухал Чанар” хэмээх номыг аль 2006 онд Библийн Сургалтын Төвийнхөн орчуулан гаргасныг саяхан олж уншлаа. Орчуулагч нь О. Пүрэвдорж хэмээх миний эртний танил байна. Тэрбээр дууны зохиолч, хэд хэдэн альбум гаргасан дуучин, теологч гээд ер нь элдэвтэй нөхөр байгаа юм. Гэтэл одоо англиас энэ номыг тун догь орчуулсан байна.

Максвеллын номнууд ер нь бэстсэллэр болж байдаг удирдлагаар сурч байгаа болон удирдагч болох гэж байгаа, болцон байгаа хэний ч болов унших ёстой ширээний номнуудын нэг байдаг. Түүний бас өөр нэгэн “Удирдагчийн 21 Няцаашгүй Хууль” буюу The 21 Irrefutable Laws of Leadership номыг Олон Улсын Дээд Сургуулийн оюутнууд орчуулсан сураг байсан. Бас чамбай орчуулгатай болсон гэнэ лээ. Гэх мэтээр Максвеллын номын хур удахгүй буух бололтой. Пүүжээ одоо түүний бас нэгэн номыг нь орчуулан хэвлэлтэд өгөхөд бэлэн болж буйгаа дуулгасан. Энэ ном нь ердөө 3-4хөн мянган төгрөг юм билээ. Авсан хүн хэзээ ч харамсахгүй л болов уу.

Tuesday, November 11, 2008

Сэтгvvлчид тeгeлдeршилийн тeлee

Саяхан болж өнгөрсөн Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн 3-р их хурлаас уул шугамандаа нийт сэтгүүлчдэд хандан уриалга гаргах байлаа. Харамсалтай нь ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгч, зөвлөлийн гишүүдээ сонгох хэмээн заваарсаар байтал юун уриалга манатай болсон юм. Гэтэл өнөөдрийн Өнөөдөр сонин дээр их хурлын төлөөлөгчид хэмээн уриалга хэвлэгдэн гарчээ.


Ажиглагчийн Цэрэнжав гуайн ажигласнаар УЗ-ын 15 гишүүний лав л 9 нь МАХН-ын гишүүн, ерөнхийлөгч Сарангэрэл болон дэд Т. Баасансүрэн гуай бүгд МАХНамын бүтээгдэхүүнүүд болох тухай дурдсан байсан. Тэр дотор нь УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн гэгч нөхөр ч орсон байгаа. Ямар учиртайг нь Сарангэрэлээс дахин асууна биз.


Энэ бүхэн яахав гээд бас уриалга гаргасан нь яамай даа гэтэл бас л МАХН-ынхаа мөрийн хөтөлбөр маягтай юм хийчихжээ. Үүнд “Монголын үсрэнгүй хөгжлийн нэгэн тулах багана нь ардчиллын үнэт зүйл болсон иргэний, чөлөөт, ёс зүйтэй сэтгүүл зүйн төгөлдөршил юм” гэсэн өгүүлбэрээр эхэлжээ. Төгөлдөршил гэдэг үгийг би ойлгохгүй тун их зовж байгаа нэгэн. Англиар бол innovation хэмээн тайлбарлаад байгаа. Харин энэ үгийг нь буцаагаад орчуулах гэхээр санаачлага, алив зүйлийг шинээр хийх гэж буух гээд байгаа юм. Энэ нь бараа таваар, бодлого, байгууллага зэрэг юун дээр ч хэрэгжиж болох талтай. Энэ нь монголчуудад тийм ч шинэ зүйл уг нь биш. Дээхнэ бол ШБОС гэж ярьдаг байсан. Дараах нь ноу-хау хэмээн хэлдэг болсон. Үүнтэй бол агаар нэг л юм шиг санагдаад байгаа юм.


Нөгөө талаас нь төгөлдөршилт гэдэг нь perfection буюу алив юмыг төгс төгөлдөр болгох гэсэн утгатай болоод ирнэ. За үүнийг гүн ухаан, шашин, ёс зүй энэ тэрээр тайлбарлах ахул ихээхэн маргаантай томьёолол болох хийгээд хэрэв ингэж ухах аваас ёс зүйтэй сэтгүүл зүйн төгөлдөршил гэдэг утга нь маш адармаатай болж ирнэ. Хэрэв төгс буюу гүйцэх, дуусах гэдэг утгаар нь оруулж байгаа бол ёс зүйтэй сэтгүүл зүйг “цааш нь харуулах”-ын төлөө уриалж ч байгаа юм шиг. Нэг л явсангүй ээ. Ингэж мэргэжлийн байгууллагыг нэгэн намын пионер байгууллага болгох нь үнэн гутамшигтай хэрэг бөгөөд ялангуяа эрүүл цэвэр байх сэтгүүлчдийн байгууллага нь ийм балиар байхад хонгилын үзүүрт харанхуй л байна шүү.

Wednesday, November 05, 2008

Америкийн Монголчууд элчингийнхээ үүдэнд эсэргүүцлээ илэрхийлэх гэж байна

Сүүлийн үед гадаадад байгаа, тэр дамаа Америкт байгаа монголчуудын талаар элдэв мэдээлэл нийтлэл ихээр гарах болсон. Зарим нэг нь одоо гадаадад амьдарч ханалаа, эх орондоо эргээд ир гэх зэргээр уриалах болсон. Тэд юутай ч эх оронтойгоо элэг зүрхээрээ холбоотой байсан, байгаа, байсаар байх болно гэдгээ үргэлж харуулж, баталсаар ирсэн. Тэд ч 7 сарын 1-нд болсон үйл явдалд зэвүүцэн, өөрсдийн дуу хоолойгоо өргөсөөр байгаа билээ. Хамгийн сүүлчийн жишээ нь 2008 оны 11 сарын 30-ний Ням гаригт АНУ-ын Жоржтаунд байрлах Монгол улсын ЭСЯ-ны гадаа эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахыг нэгэн байгууллагаас уриалж эхэллээ. Миний байр суурь ийм байна.

Энэ цуглаан болно. Яагаад гэвэл:
тэдний бухимдал эцэстээ хүрч, гадаад улсуудын анхаарлыг энэхүү бузар хэргүүдэд хандуулах үүднээс заавал зохион байгуулах хэрэгтэй.
Энэ бол эх орноо харь оронд доромжилсон хэрэг огт биш бөгөөд харин ард иргэдээ доромжилж байгаа төрд дуу хоолойгоо хүргэх маш зөв арга.
Урд нь зөвхөн наадмаар юм уу Монголоос хэн нэгэн эрхтэн дархтан ирэхэд гадаа нь зогсдог байсан элчингийнхээ гадаа анх удаа дургүйцлээ илэрхийлэн, засаг төрд, цаад байшинд нь байгаа тусгай хангамжтай нөхдүүдэд харанга болно.

Энэ цуглаан болохгүй. Яагаад гэвэл:
элчин сайд гуай бүгдийг нь таньдаг тул гарч ирээд л хөөш Батаа, Оюунаа та нар чинь юу хийгээд улс эх орныхоо нэрийг гутаагаад байгаа юм бэ. Алив ор, сүүтэй цай уу гэнэ.
Тэдний ихэнх нь хууль бус тул олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан элдэв хэл амнаас дайжих бөгөөд тайван жагсаал цуглаан хийх эрх зүйн мэдлэг үгүй тул.

Хэрэв бид Солонгос, Япон, Их Британи, Герман зэрэг монголчуууд олноор суурьшсан газруудтай хамтран, нэг өдөр хийж чадвал энэ нь маш том бөгөөд амжилттай ажиллагаа болж чадна биз ээ.

Tuesday, November 04, 2008

АНУ-ын ЭСЯ-ны дэд консулаас асуулт

Ийгл ТВ-ын мэдээний баг АНУ-ын ЭСЯ-ны дэд консултай 11 сарын 10-нд уулзаж, цагаачлалын виз тойрсон асуудлаар тусгай ярилцлага авах гэж байна. Бид ярилцлагыг илүү өргөн хүрээтэй болгох үүднээс та бүгдийн санал сэтгэгдэл, асуултыг дамжуулах хүсэлтэй байна. Хэрэв танд дэд консулаас тодруулах зүйл байвал news@eagle-tv.mn имэйлээр явуулах буюу сэтгэгдэл дээр үлдээнэ үү.



Хятад дахь АНУ-ын Консул дээр

Сая Томас Фриидмэний “Хавтгай Дэлхий” (Thomas L. Friedman “The World Is Flat”) хэмээх бэстсэллэрийг гарчиглаж байтал хэд хэдэн сонирхолтой зүйл нүдэнд торов. Бид л ганц АНУ-д зорчих виз авах гэж байдгаа бардаггүй бололтой. Энэ нь Энэтхэг, Хятад зэрэг орнуудад бүр ч хүнд хэцүү гэнэ. Энэ тухай нэгэн түүхийг дор сийрүүлэв.

Хятад залуучууд Америкад ажиллах болон суралцах хүсэл асар их. Түүний хажуугаар мэдээж виз даруулна гэдэг бас амаргүй. Үүнээс үүдээд тус улсын залуучууд визны ярилцлаганд орохдоо ямар хүн таарвал ямар шалтгаан хэлсэн нь дээр вэ зэрэг асуултуудыг хоорондоо солилцож байдаг Интернэтийн чаатууд асар олон байдаг гэнэ. Мэдээж манайд байдаг “бүдүүн шар авгай”, “өндөр цэнхэр залуу” зэрэг ганц консулдаа нэр өгдөг шиг тэндхийн олон консулуудад ч нэр өгөн “Амазоны дагина”, “Аймаар өндөр халзан”, “Царайлаг залуу” гэх мэтийн өөрсдийн гэсэн нэртэй гэнэ. Нэгэн консулын өгүүлсэнээр виз мэдүүлж байгаа хүмүүсийн хариултууд нь хоорондоо маш адилхан байдаг гэнэ.


Нэг өдөр ажилдаа ороод удаагүй байсан консул дээр виз мэдүүлж буй хүн болгон, тус улсад зорчих шалтгаанаа “Би нэртэй профессор болох зорилготой” хэмээн амны уншлага шиг уншсаар бүр залхаад байжээ. Гэтэл нэг оюутан орж ирээд “Миний ээж хиймэл хөлтэй. Би Америкад очоод ээждээ хэрхэн илүү сайн хиймэл хөл хийхийг сурмаар байна” хэмээн подхийтэл хариулсан гэнэ. Тэгэхээр нь нөгөө консул гуай “Наад түүх чинь өнөөдрийн түүхүүдээс хамгийн мундаг нь байна. Чамд баярлалаа. Чамд виз олголоо” гээдихчээ.


Тэгээд л яахав, дараагийн өдөр нь виз мэдүүлсэн хүн болгон хиймэл хөлтэй ээждээ зориулж хиймэл хөл хийж сурна даа л гээд байсан гэнэ. Мэдээлэл тийм хурдан тарж байна л даа. Үүн шиг явдал манай элчинд орж байгаа хүмүүст ажиглагддаг. Нэг хэсэг “танай сайхан орныг үзэж, эрх чөлөөг мэдэрмээр байна”, “хүүхэддээ Уолт Дисней, Зоопарк үзүүлнээ. Хичээл сургуулийг нь таслахгүй ээ. Бүх хичээлийг араас нь багш нь долоо долоо хоногоор нь Express Mail-дчихнэ” зэрэг адил түүхүүд элбэг байлаа. Одоо ямар болсон юм бүү мэд. Гэхдээ л орж буй учир шалтгаануудаа нарийвчлан судлахгүй бол цонхны цаана сууж байгаа “товарищ” яавч тусгай бэлтгэгдсэн хүн гэдгийг үнэлэхгүй орхиж боломгүй.


Бас энэхүү мэдээлэл сайтай, ухаантай номноос олзолсон нэг зүйл нь өмнөхөөс шал өмнөө үг. Энэ нь өдгөөгөөс олон арваны өмнө өвгөн зохиолч Марк Твейны үг юм. Энэ нь “Always tell the truth; then you don't have to remember anything” буюу “Үргэлж үнэнийг хэлж бай. Ингэснээрээ хожим юу хэлсэнээ санах гэж оролдох шаардлагагүй” хэмээн онч үг бөлгөө. Нээрээ л бид зөвхөн үнэнийг л хэлдэг бол дараагийн удаа ямар үлгэр зохиогоод хэлчихлээ хэмээн өөрийгөө зовоохгүй амар.

P.S. Бас л хэзээ ч билээ орчуулж байсан эд байна. Энэ тухай бодохоор инээд хүрдэг юм.

Хүүхдийг Бvv Сэгсэр!

Одоо яадаг болсон юм мэдэхгүй. Манийг нь л багадуу байхад хүүхэд газар унах юм уу, толгойгоороо юм мөргөчих юм бол, томчуулын first aid буюу анхан шатны тусламж нь юу байсан гэхээр “Сайн Сэгсрээрэй” гэдэг байжээ. Бас нярай хүүхэд уйлаад зогсохгүй бол, барьж аваад л “Наран мэлтийнээ, Саран дүнхийнээ” болтол нь сэгсрээд хаях нь энүүхэнд. Харин гэтэл энэ нь хүүхдийг өвчинд бүү хэл үхэлд хүргэж болзошгүй гэнэ шүү. Shaken Baby Syndrome буюу Сэгсрүүлсэн Хүүхдийн Синдром хэмээн синхронный орчуулж болох синдром нь нярай хүүхэд юм уу бага насны хүүхдүүдийг хүчтэйгээр сэгсэрснээр бий болох бөгөөд энэ нь амь насанд нь хүрэх нь хүртэл бий. (Хэдэн жилийн өмнө орчуулж байсан энэ мэдээлэл өнөөдөр ч хэрэгтэй тул энд хавсаргав.)

Үүнийг Америкад тайлбарлахдаа зөвхөн хүүхдэд ноцтой тархи толгойны гэмтэл учруулаад зогсохгүй, хүүхэд хүчирхийллийн нэгэн шинж гэж үздэг. Нярайн тархи маш уяхан бөгөөд хэврэг. Түүний хүзүүний булчин нь сул дорой байдаг бөгөөд хүүхдийг барьж аваад сэгсэрхэд тархи нь толгойн ясан дотроо нааш цааш нь цохигдож байдаг байна. Үүнээс болж цусны судаснууд хагарч, толгойд цус хуримтлагдсанаас тархинд гэмтэл үүсгэдэг. СХСиндром нь зургаан сар хүртэлх хүүхдүүдэд элбэг тохиолдох боловч, гурван нас хүрсэн хүүхэд ч сэгсрэлтээс болж гэмтэл авч болдог байна. Өнгөрсөн онд Америкад гэхэд л 1200 хүүхэд энэ синдромоор эмчлүүлсэн бөгөөд 20% нь нас барж, үлдсэн хувийн ихэнх нь насан туршийн гэмтэлтэй болсон байна.

Тэгвэл эцэг эх, хүүхэд асрагч нар яагаад хүүхдийг сэгсэрдэг вэ?
Энэ синдром нь насанд хүрсэн хүмүүс хүүхэд уйлаад зогсохгүй байгаа тохиолдолд тэвчээр алдах, уур хүрэх үед илэрнэ. Хүүхдээ сэгсэрсэн шалтгаанаа ихэнх тохиолдолд юу гэж тайлбарладаг вэ гэхээр “би зүгээр л хүүхдээ дуугуй болгох гэсэн юм” гэж тайлбарладаг. Харамсалтай нь үүнээс болж та хүүхдээ бүрмөсөн, нэг мөр дуугүй болгож ч болох нь байна.
СХСиндром яаж илрэх вэ?
· Хүндрэлтэй амьсгалах
· Хөхөх болон залгиж чадахгүй болох
· Хоолондоо дургүй болох
· Бөөлжих
· Арьс нь хувирах
· Уцаартай болх
· Татах
· Хагас ухаантай байх
· Толгойгоо өргөж чадахгүй байх

Хэрэв таны хүүхдийг асрагч нь юм уу хэн нэгэн нь сэгсэрсэн гэдгийг мэдэх юм бол тэр даруй түргэн дуудах ёстой гэнэ. Түүнчлэн уйланхай хүүхдүүдээ асрагч юм уу бусад хүмүүст үлдээхдээ заавал хэлж ойлгуулах хэрэгтэй гэнэ. Мөн эцэг эхчүүд ч гэсэн хүүхэд тань уйлаад дуугүй болохгүй бол тэсвэр алдсан хэдхэн хором ч гэсэн хүүхдийн чинь амь насанд аюултай гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Тэвчээр алдсан яг тэр хоромдоо хүүхдээсээ хэдэн минут ч гэсэн холдоод, тайвширсан хойноо эргэж очих хэрэгтэйг ч сануулж байна. Магадгүй зарим эцэг эхчүүд хүүхдээ сэгсэрч тоглох ч дуртай байж болно. Харин энэ тоглоом нь шоглоом болж болохыг ч ухаарах хэрэгтэй.

Ер нь нярай жоохон гэлтгүй манайд сэгсрэлтээр бүгдийг зүгээр болгочих гэсэн үзэл томчуудад ч байдаг. Насанд хүрсэн хүнийг ч гэсэн осолд орох юм уу юмнаас унахад нь сэгсэрэхийг урьтал болгодог. Гэтэл бусад улсуудад ямар ч гэмтэл авсан хүнийг хөдөлгөөнгүй байлгаж байгаад түргэн тусламж ирээд хамгийн түрүүн хүзүүг нь хөдлөхгүйгээр бэхэлдэг. Түүний дараагаар өргөж авдаг. Энэ нь тухайн хүнийг насан туршдаа суугаа юм уу тархины өвчтэй болохоос сэргийлж буй хэрэг буюу. Юутай ч сэгсрэх гэдэг синдромноос бид нар өөрсдөө ч салах хэрэгтэй байна.
www.dontshake.com сайтын мэдээлэл дээр тулгуурлан орчуулав.

Monday, November 03, 2008

Чез Бернардыг зарна буюу...

...хотын төв дэх Европуудын өрсөлдөөн


Хотын төвийн Улсын Их Дэлгүүрээс Мөнгөн завьяа орох хооронд нэг үйлийн үртэй орон сууцны байшин байдаг. Нэг давхарууд нь эзэддээ тэнгэрийн умдаг атгуулж, олон сая төгрөгөөр зарагдаж дууссан. Тэнд байгаа байгуулагуудаас хичнээн нь гадаадын иргэдийн өмч байдаг юм хэлж мэдэхгүй, ямартай ч тэнд байрладаг Интернэт төв болон компьютер засварын газар нь Солонгос иргэнийх юм билээ. Бас хэд хэдэн ууш зуушны газар байхаас хоёр кофе шоп нь хоёулаа гадаад эзэнтэй. Нэг нь овоо хэдэн жил болсон Chez Bernard нөгөөх нь Cafe Amsterdam хэмээх саяхан байгуулагдсан газар байгаа. Удаахийг байгуулагдах хүртэл Чез нь Монголд түр болон удаан хугацаагаар амьдарч байгаа гадаадынханы өглөө, өдрийн хоол, эспрессо кофе уух гол газруудын нэг байлаа. Тэр бүү хэл нэр хүндтэй Lonely Planet номонд хүртэл орсон байдаг.


Гэтэл Амстердамыг байгуулагдсанаас хойш, Чезд орох гадаадынхан цөөрч, ихэнх үйлчлэгч нараа алдсан бололтой энэ газрыг зарна хэмээн өнөөдөр зарлаваа. Утсаар нь утасдан учрыг тандтал юутай ч бизнес муудсан бус харин хөрөнгө оруулсан хүмүүсийн хоорондын маргаан мэтээр тайлбарлаж байлаа. Амстердам нь Англи, Голландын хоёр нөхөр Цэрэн Турстэй хамтран нээсэн бололтой юмдаг. Юутай ч Илли кофе чанахаас эхсүүлээд Лхагва гаригийн орой бүр сониролтой үйл ажиллагаа явуулдгаараа ялгарч байна.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш