Thursday, November 20, 2008

Нууц vгээ гэрээслэлдээ

Дэлхий ертөнц өдөр ирэх бүр жижгэрсээр, хүн болон түүний эдэлж хэрэглэж байгаа зүйлс улам тэлсээр, энэхүү жижиг дэлхийд багтахаа байгаад байн байсаар од эрхэс үрүү тэмүүлдэг боллоо. Гэхдээ доорхи бяцхан бичлэг нь од эрхсийг эзлэн авах маршал төлөвлөгөөтэй ямар ч хамаа байхгүй.



Уиллиам Талкотт хэмээх Сан Франциско хотноо амьдран суудаг байсан яруу найрагч Ирланд улсын давхар харьяалалтай бөгөөд дэлхийн олон оронд өөрийн уншигч нартай байжээ. Тэрбээр өнгөрсөн 6 дугаар сард ясны хорт хавдараар өнгөрөхөд түүний охин нь найз нөхдөд нь дуулгах арга байсангүй. Учир нь яруу найрагч агсан өөрийн бүхий л харилцдаг хүмүүсийнхээ хаягыг дэвтэр цаасан дээр бус Интернэт дээр буюу цахим шуудангынхаа хаяган дээр байрлуулсан байжээ.

Өнөөдөр цаасан захианы хэрэгцээ багасч, цаг их авдаг болон үнэ ихтэй гэсэн шалтгаануудаар түүний хэрэгцээ нь багасч байгаагийн хэрээр хүмүүс цахим шууданг өргөнөөр хэрэглэх болсон билээ. Цаасан захиаг хүлээн авахын тулд та удаан хүлээхээс гадна, шуудангын хайрцаг байгаа тэр л газраасаа авах шаардлагатай бөгөөд өөр дэвсгэр нутагт зорчиж байвал энэ нь ямар ч боломжгүй юм. Гэтэл цахим шууданг бол та дэлхийн аль ч өнцөг булан (хэрэв үнэхээр өнцөг булантай юм бол шүү дээ. Хамгийн сүүлд сонсохнээ бөөрөнхий гэжээсэн)-д байсан тэр дор нь хүлээн авах боломжтой. Түүнчлэн цахим шуудан дээрээ байгаа хүмүүсийн нэрс, хаяг, холбоо барих утас зэргийг эргүүлээд цаасан дээр хуулан бичнэ гэдэг бол аймаар далан он.

Харин ийнхүү дэлхий ертөнц хэлбэржсээр байгаа үед, түүнтэй уялдан нэгэн асуудал гарч ирж байгаа нь юу хэмээвээс цахим шуудангынхаа түлхүүр буюу нууц үгийг бусдад дамжуулах эсэх асуудал юм. Халуун мэйл, Яах уу! мэйл, Гүйгээ л мэйл зэрэг том том мэйл сүлжээнээс авахуулаад онлайн банк, төлбөр тооцооны төвүүд таныг өөрийнхөө нууц үгийг хэнд ч өгч болохгүй шүү хэмээн тун ноцтойгоор сануулна. Тэр бүү хэл нууц үгээ шүдний сойз, дотуур өмд шигээ хэдэн сар болоо л нэг сольж байхыг хатуу анхааруулдаг.

Түүнчлэн нэг юм болохоор л заавал нэг нууц үг зохиох хэрэгтэй болдог. Аюулгүйн үүднээс ажилласаар байгаад сүүлдээ ямар нууц үг зохиосноо хүртэл өөрөөсөө нууж, эцэс сүүлд нь санахаа байж, амар сайхан жаргах үе бишгүй. Тэгээ л хамгийн дөтөөр нь монголиа, улаанбаатар, дорнод, дэнвэр, эсвэл ээжийнхээ аавынхаа нэр, өөрийнхөө төрсөн огноо, үр хүүхдүүдийнхээ нэрийг өгсөөр байгаад бараг л шинэ нууц үгтэй болохын тулд хүүхэд гаргах гээд байгаа юм биш үү. Эсвэл шинэ нууц үгтэй болох нь нууц амрагтай болох бас нэг шалтгаан. Тэдгээрийнхээ нэрийг мартахгүйн тулд өдөр бүр цахим шуудан луугаа орохын тулд нэрийг нь бичээ л. Эхнэр мангар хажууд миний нууц үгийг мэдчих юмсан хэмээн аймаар том хараа л.

Гэтэл сайбер ертөнцөд хамаг нууцаа даатгаад л овоолоод байх нь бас л учир дутагдалтай болж ирж байна. Жишээ нь таны хамгийн хайртай хүн хорвоог орхиж явбал түүний ард үлдээсэн бичмэл, өдрийн тэмдэглэл, харилцаж байсан найз нөхөд зэрэг үр хүүхдүүдэд нь дурсгал, дурсамж болж үлдэх ёстой зүйлс бүгд түүнтэй хамт яваад өгсөн байвал яах вэ. Яг иймэрхүү хэрэг энэ онд болсон юм. Иракт явган харуулд гарч байсан нэгэн Америкийн цэрэг тэсрэлтэд өртөж, амь үрэгджээ. Түүний аав нь цахим шуудан уруу нь орж, хүүгийнхээ бичиж байсан захидлуудыг дурсгал болгон авахыг хүссэн байна. Харамсалтай нь Яах уу! мэйлийн журам ёсоор цахим шуудан гэдэг нь хувь хүний харилцааны хэрэгсэл тул хувийн нууцад хамаарах ёстой бөгөөд шууданг эзэмшигч хүн нь гэмт хэрэгт холбогдож, эсвэл сэжиглэгдэж, Холбооноос мэдээлэл хүсэхээс бусад тохиолдолд хэзээ ч хувийн нууцыг гадагш нь дамжуулдаггүй дэгтэй. Үүнээс болж амь үрэгдсэн хүүгийн аав нь шүүхдэж явсаар эцсийн эцэст заргаа авч чадсан байна. Гэвч Яах уу! мэйл өөрийнхөө журмыг өөрчлөхийг төвдөхгүй л байна. Гэтэл эдгээр цахим харилцаа олгодог газрууд чинь дэндүү глобал бөгөөд хэрэв Яах уу! мэйлийн хэрэглэгч нэгэн монгол баагий Монголд гэмт хэрэгт сэжиглэгдээд, түүний талаар мэдээлэл цуглуулж буй Монгол улсын Мөрдөн Байцаах Газрынхан Яах уу-д хандвал яах уу? Тэд аягүй л бол өгөхгүй нь байнашт. Манай сайдууд, их хурлын гишүүд бүү хэл лунжгар бизнес хүмүүст ч Яах уу! мэйлд таньдаг хүн байхгүй л дээ. Байсан ч тэд хахууль авнаа, гонжийнжоо... жинжиймаа.

Харин Гүйгээ л болон Халуун мэйлүүд арай өөр байр суурь баримталж байна. Хэрэв Гүйгээ л мэйлийн хэрэглэгч өнгөрч хамаатан садан нь шуудан уруу нь ормоор байвал нас барсан сертификат болон тухайн хүн нь хамаатан мөн гэсэн хуульчийн бичиг үзүүлсэн тохиолдолд нууц үгийг нь илчилж болно гэнэ. Түүнчлэн АОЛ болон Халуун мэйлийнхэн адил бодлого баримталж байна. Мэдээж энэ нь хэдэн жилийн дараа ялангуяа эмзэг асуудлуудын нэг болоход үгүйсгэх аргагүй. Тэгээд ч хүмүүс гэрээслэлээ бичихдээ тэр тэрний нууц үгийг түүнд, үлдсэнийг нь түүнд хэмээн нэр зааж үлдээх л хэрэгтэй болох шив. Урд нь бол эд хөрөнгийн гэрээслэл үлдээдэг байсан бол тун удахгүй баахан мэдээлэл датаны гэрээслэл үлдээдэг үе ирэх бололтой.

Бэлтгэсэн П. Байка

2 Сэтгэгдэл:

Witness November 23, 2008 at 7:49 PM  

Үнэхээр сонирхолтой талаас нь харж бичжээ. Баярлалаа. Гэрээслэлээ заавал бичих хэрэгтэй гэдгийг улам бүр ойлгуулж байна.

oyunaa December 3, 2008 at 6:37 PM  

Neeree bodohgui bol bolohgui l ed bna daa. Nad shig ertontsiin muhart gantsaaraa bgaa hun....

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш