Sunday, October 24, 2010

Үндэсний Өгөх Өдөрт нэгдэцгээе!

Бидний хэдэн залуус санаа нийлэн жил бүрийн 11 сарын 1-ийг Үндэсний Өгөх Өдөр болгон тэмдэглэх санаачлага гаргаж байна. Хэрэв та дэмжиж байгаа бол Facebook.com/UguhUdur болон www.dayofgiving.mn сайтаар орж биднийг дэмжинэ үү. Бид дор хаяж 1000 дэмжигчтэй болмоор байна. Ганц өдрийн дотор 150 илүү хүмүүс биднийг дэмжсэн тун урамтай байна аа. Та бас дэмжээрэй, нэгдээрэй.

Tuesday, October 19, 2010

Энэ нэгэн гайхамшигтай захидал

Thursday, October 14, 2010

Чиличүүд чадлаа

Харин энэ үйл явдал Налайх, Хөшөөтийн уурхайд болсон бол яах байсан бол гэж бодохоор хамаг биеийн үс өрвөлзөнө. Одоо Бурханаас ганц л зүйл гуйх нь ийм үйл явдал Монголд болоосой, тэгвэл би өөрийгөө дэлхий дахинд гоёор Пи Ардаж чадах юм байна гэсэн бодол хэн нэгэн улс төрчийн толгойд юм уу зүүдэнд л битгий төрөөсэй гэж залбирах үлдлээ. Та нэгдээрэй. 

Friday, September 17, 2010

Цус харвах нь заавал тахир дутуу юм уу үхэлд хүргэж дуусдаг юм биш

Хэдэн жилийн өмнө аавыгаа цус харвах гэдэг үхээрийн өвчнөөр алдсанаас хойш энэ талаар нэг их бодож байсангүй. Харин энэ өвчин Монголд ихээхэн өргөн дэлгэр төдийгүй залуучууд өртөх болсон нь үнэхээрийн аюултай. Харин сэргийлж болдог гэдгийг бид мэдэж байх ёстой. Хамгийн гол нь эхэн үеийн шинж тэмдгүүд илрэх л юм бол та заавал арга хэмжээ авах ёстой юм байна. Үүнийг бид болон бидний эргэн тойрныхон тэр бүр мэддэггүй, мөн анзаардаггүйгээс хамгаас хайртай бүхнээ энэ үхээрийн өвчнөөр үхүүлээд араас нь насаараа харамсаж сууна гэдэг амьдын там юм билээ.

Ганц минут ч үнэ цэнэтэй. Харвалт өгөх эхэн үеийн эдгээр шинж тэмдгүүдийг бусдад зааж өгөөрэй. Дараах шинж тэмдгүүд гэнэтийн байдлаар илэрнэ. Үүнд:
•    Нүүр, гар, хөл, ялангуяа биеийн тал хэсэг бадайран, мэдээ алдах, хазайх
•    Самуурах
•    Ярих, ойлгоход бэрхшээл илрэх
•    Нэг юм уу хоёр нүдээрээ юм харахад бэрхшээлтэй болох
•    Алхахад хэцүү болох
•    Толгой эргэх
•    Тэнцвэр алдах
•    Тодорхой учир шалтгаангүйгээр толгой хэт өвдөх

Урд нь харвасан хүмүүст эмч нар тусалж чаддаггүй байсан бол энэ цаг мөч улиран оджээ. Одоо бол цус харвалт нь тахир дутуу болох юм уу үхэлд хүргэх албагүй болсон байна. Хамгийн гол нь харвалтыг цаг алдалгүй таньж, эмнэлгийн яаралтай тусламж авахад л оршино. Харвалт өгөхөд бөөгнөсөн цусыг тараах үйлчилгээтэй tPA (tissue plasminogen activator) эсвэл PLAT хэмээх эмийг харвалт өгсөнөөс хойш 3 цагын дотор уувал удаан хугацааны зэрэмдэг болохоос сэргийлж болдог юм байна. Энэ эм нь уураг бөгөөд манайд хараахандаа орж ирсэн эсэхийг асууж сураглаж байна. Та бүхэн ч цааш нь сураглаж, мэдээлэл өгвөл энд үлдээгээрэй.

Tuesday, September 14, 2010

Jeep Wrangler бол Морь юм

Dr. Clotaire Rapaille хэмээх хүний “The Culture Code” хэмээх шинэ ном худалдаанд гарсан даруйдаа бэстсэллэр болж байна. Энэ номд хэрхэн дэлхийн улс үндэстнүүд худалдан авч байгаа зүйлдээ ханддаг талаар маш их сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Тэрбээр гучин жилийн ажиглалт, судалгааныхаа дүнг нэгтгэн дээрх номыг гаргажээ. Түүнээс ганцхан жишээг сонирхуулж байна.

1990-ээд оны сүүлээр Jeep Wrangler машин нь Америкийн зах зээл дээрх борлуулалт нь буурсаар байлаа. Энэ нь зай ихтэй, илүү тохилог, хөлбөмбөг сонирхдог ээж нарт илүү тохирсон SUV (sports utility vehicle)-т цохигдож байлаа. Тус машиныг үйлдвэрлэгч Chrysler компани нь жийпний загвартаа томоохон өөрчлөлт оруулахаар шийджээ.

Намайг тус компани 90-ээд оны сүүлээр хөлслөн авахад, тус компанийн удирдлагууд миний худалдан авагч нарын сонголтын талаар хийх гэж буй судалгаанд ихээхэн эргэлзээтэй хандаж байлаа. Тэд аль хэдийнэ зах зээлийн маш дэлгэрэнгүй судалгаа хийж, хэдэн арван фокус группээс зуу зуун асуулт асуусан байлаа. Би тийнхүү тэдний хаалгаар маш өөр хандлагатайгаар орж ирэхэд тэд өвөр зуураа “бидний аль хэдийнээ хийсэн зүйлд энэ нөхөр ямар зүйл барих юм бол доо” хэмээн хэлж байлаа.

Крайслерын хүмүүс үнэхээр мянга мянган асуултуудыг асуусан боловч тэд зөв асуултууд тавиагүй байлаа. Тэд үргэлж хүмүүс юу ярихыг нь л сонссоор байв. Энэ нь үргэлж алдаа болдог. Үүний үр дүнд Wrangler-ыг илүү тохилог, илүү уламжлалыг хадгалсан, хаалгыг нь салгаж болдоггүй, хагас задгайгаас илүү хаалттай байлгах зэрэг зүйл бүрийн саналуудыг гаргаж ирсэн нь нэг л барьцгүй байлаа. Эдгээрийн үр дүнд Wrangler хэмээх өөрийн дүрх төрхтэй жийп нь автомашины ертөнцөд тэр бүгдээ алдан зүгээр л нэг бусад тэрэгнүүдийн адил болохоор болсон байлаа.

Би худалдан авагчдыг бүлэг болгон цуглуулах үедээ шал өөр асуултуудыг тэдэнд тавьж байлаа. Бид тэднээс Jeep-ээс юу хүсч байгааг нь асуусангүй, харин Jeep-ийн талаарх эртний дурсамжуудаа хуваалцахыг хүссэн юм. Тэд ч гэсэн хэзээ ч мартагдамгүй дурсамжууд болох өргөн уудам тал дундуур өөр ямар ч машин туулж чадахгүй замаар, ямар нэгэн зам харгуйд хашигдалгүйгээр дураараа давхиж явсан тухай зуу зуун дурсамжуудаасаа хуваалцав. Олон хүмүүс Баруун Америк болон задгай талуудын тухай ярьж байв.

Би Chrysler-ын аргаа барсан дарга нар дээр явж ороод Америкчуудын хувьд Jeep машины код бол МОРЬ юм хэмээн хэлээтэхлээ. Jeep-ыг бусад машинуудын адил бас нэгэн SUV болгох гэсэн санал нь үнэхээр дэмий. SUV-нууд бол морьд биш. Моринд ямар нэгэн тансаг, тохилог хэрэглээ хэрэггүй. Моринд зөөлөн савхи хэрэггүй бөгөөд харин эмээлийнх шиг хатуу савхи хэрэгтэй. Wrangler-т салдаг хаалганууд, задгай дээвэр хэрэгтэй бөгөөд учир нь жолооч нар хажуу хавирганаасаа эгээ л морин дэл дээр давхиж байгаа лугаа адил салхи мэдэрмээр байна.

Захирлуудын сэтгэл нэг их хөдөлсөнгүй. Эцсийн эцэст тэдний эцэс төгсгөлгүй судалгааны дүн нь хэрэглэгч нар ямар нэгэн өөр юм хүсч байгааг илэрхийлээд байдаг. Магадгүй зарим хүмүүс хэзээ нэгтээ Jeep-ыг морь лугаа төсөөлдөг байсан байж болох авч ингэж одоо бодохоо больсон биз. Миний судалгааны үр дүнг машины дизайнд бяцхан өөрчлөлт хийснээр сорьж үзэж болохыг би тэдэнд санал болгосон. Энэ нь машины дөрвөлжин гэрэлнүүдийг дугариг болгох байсан юм. Яагаад? Учир нь морьд дөрвөлжин биш харин дугариг нүдтэй.

Нэгэнт дугуй гэрлүүдийг үйлдвэрлэх нь нөгөөхөөсөө зардал мөнгөний хувьд ч хямд төсөр байсан тул тэд ч удаж төдөлгүй шийдвэр гаргасан. Тэд шинэ дизайныг туршиж үзэхэд маш эерэг үр дүн гарч эхлэв. Wrangler-ын борлуулалт өсч, түүний шинэ нүүр царай нь түмэнд танигдсан хамгийн түгээмэл дүр төрх болчив. Цаашилбал, тус машины логон дээр грилл болон хоёр дугариг гэрэл түүнээс хойш нэмэгдсэн юм. Тэр бүү хэл Jeep фэн клубууд “Жинхэнэ Jeep дугариг гэрэлтэй” гэсэн үг бүхий богино цамцнуудыг гишүүддээ тарааж өгч байлаа.

Үүнтэй зэрэгцээд компани машинаа “морь” хэмээн сурталчилж эхлэв. Миний хамгийн дуртай реклам бол нэгэн хүү нохойтойгоо хамт ууланд гарна. Нохой хадан цохионоос хальтиран унахдаа модон дээр зүүгдэнэ. Хүү ойролцоох тосгон луу тусламж эрэн гүйнэ. Тэрбээр суудлын жижиг тэргүүд, микро, SUV зэргүүдийг өнгөрөн Jeep Wrangler дээр очдог. Wrangler уул хадтай хэцүү замыг тэр дор нь туулаад, жолооч нь нохойг аварна. Хүү нохойгоо тэврэн эргэж харан жолоочид баярласанаа илэрхийлэх гэсэн боловч Jeep аль хэдийнээ уруудан давхиж байна. Энэ нь эгээ л Western (Барууны) баатар үүргээ биелүүлээд наран жаргах зүг үрүү давхин одож буйтай төстэй. Энэхүү кампани нь маш амжилттай болсон юм.

Хүүхдээ зодохыг хуулиар хориглоё

Хүн болох багаасаа хэмээн бид хүүхдүүдээ хатуу гараар өсгөхийг юман чинээ үл тоомсорлоно. Ялангуяа эрэгтэй хүүхдийг бага дээр нь дарж авахгүй бол том болоод толгой дээр гарна гэсэн харгис үзлийг хаанаас ч юм олж авсан бололтой. Хажуу айлын аав хүүгээ алах нь холгүй зодож байсан ч бид зогсоох ямар ч эрхгүй. Учир нь энэ бол тэр гэр бүлийн л асуудал.

Өнөөдөр Америкад ирсэн зарим эцэг эхчүүд хүүхэддээ гар хүрэхээс айдаг болсон тухай хоорондоо сэм хэлэлцэнэ. Хаа нэг газрын Монгол хүүхэд хичээлдээ явсангүй, тамхи татлаа, болдоггүй хүүхдүүдтэй нийллээ хэмээн гар хүрсэн аавыгаа цагдаа дуудаад бариад өгсөн “аюулт мэдээнүүдийг” биендээ сануулан, болгоомжтой байхыг зөвлөнө. Бага байхад хүүхдүүдийг “ий, цагдаа ирж байна шүү” хэмээн “каалтуулдаг” байсан бол одоо үр хойч маань ээж аавыгаа “цагдаад барьж өгнө шүү” хэмээн жижигрүүлдэг болжээ. Хээ цэс, дээр үеийн нэгдүгээр дэлгүүрт грушик хийдэг байсан донгиодуу байрын нөхөр бол “хохь чинь, нүгэл нь нүдээрээ гарч байгаа нь тэр” хэмээн орсгой шүдээ гаргаад хоржоонтой нь аргагүй хэлэх байсан биз.

Дэлхийн арав гаруй оронд хүүхэддээ гар хүрэхийг хуулиар хориглосон байдаг гэнэ. Эдгээр орнууд нь ихэнх нь Европын улсууд гэнэ. Харин саяхан Калифорн мужийн ассемблейн гишүүн хүүхэн, дөрвөн нас хүрээгүй хүүхдийн хонгон дээр нь байлгахыг хориглох төсөл боловсруулжээ. Хэрэв энэ нь батлагдах юм бол эцэг эхчүүд 1,000 хүртэл доллараар торгуулах буюу нэг жил хүртэл шоронд хоригдох гэнэ. Гэхдээ энэ нь батлагдах боломж тун багатай гэнэ. Демографикын нэгэн сэтгүүлээс гаргасан судалгаагаар Америк эцэг эхчүүдийн тал гаруй хувь нь 12-оос доош настай хүүхдүүдэд гар хүрч, хүмүүжүүлж байх ёстой хэмээн үздэг гэнэ.

Монголд энэ талаар ямар судалгаа байдгыг мэдэхгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн талаар хэнээр ч хэлүүлэлтгүй бид сайн мэдэж байгаа. Бага насны хүүхдүүдийг зодож, гар хүрч, айлгаж, дарамталж хүмүүжүүлэхээс өөр сайхан хүмүүжүүлэх арга бишгүй зөндөө байдаг л биз. Зодууллаа гээд сайн сайхан явж байгаа, зодуулаагүй гээд задарсан яваа хэмээн хэлэхэд хэцүү.

Намайг багад аав минь нэг удаа хонгон дээр минь шаахайгаараа, нөгөө удаа “Весёлые Картынки” хэмээн оросын зурагт сэтгүүлээ хоолны ширээн дээр замбараагүй байлгалаа хэмээн хуйлсан сэтгүүлээр нэг удаа жавьтий хүртээж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Мэдээж өвдөж юу шалив гэж, хамгийн гол нь хамгийн хайртай, өөрийнх нь өмгөөлөгч болсон аав хэмээх хангай шиг тэр л түшиг эргүүлээд өөрт нь гар хүрсэнд л нэг талаар гоморхож, нөгөө талаар шаралхаж, тавдугаар орцноос хоёрдугаар орц хүртэл дуу хадааж байсан биз.

Тэрнээс хойш гэрийн шаахай хараад үхтлээ айдаг болоогүй ч гэсэн ном хэвлэл хэмээх эрхэм эрдэнийг дээдлэн явах учиртайг яс махандаа шингэтэл ойлгосон. Хүүхдийн сэтгэл зүй судлаач, Францын нэгэн эрдэмтэн өгүүлэхдээ “аав нь бага насны хүүгээ дагуулан эдлэн газраа харуулна. Тэгээд эдлэн газрынхаа өнцөг болгон дээр очоод хүүхдээ зодно. Ийнхүү дөрвөн удаа зодуулсан хүүхэд өөрийнхөө эдлэн газар хаана дуусдаг болохийг яс махандаа шингэтэл ойлгодог болдог” хэмээн өгүүлсэн байдаг.

Харин яс маханд нь шингээж ойлгуулахаас илүү зүрх сэтгэлд нь соёолуулан дэлбээлүүлэх арга ч бий. Манай залуу эцэг эхчүүд харин ч хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаарах болсон байна. Аргагүй дээ, ямар дээр үед байсан шиг хөнжлөөр дүүрэн долоо найман юм байх биш. Одоо их л бол хоёр гурван хүүхэдтэйгээ “тулж ажиллахад” ч амар болтой. Тэгээд ч тэд маань хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг үгийг орвонгоор нь эргүүлэх хүсэлтэй байгаагаа нуухгүй байна. Хүүхдийг багаас нь урамшуулж, “миний хүү, охин хийж чадна” гэсэн тэрхүү урмын сэтгэлийг хүүхдийн зүрх сэтгэлд хоногшуулан хадгалбал, хүүхдийн явдалд хожим тустай буюу.

Хэрэв Азид хүүхэддээ гар хүрэхийг хуульчлаагүй бол бид хууль гаргасан Азийн алтан хараацай больё л доо. Үүгээрээ бид бага насныхандаа, ирээдүйдээ хэр их анхаарал тавьдагаа харуулж чадахаас гадна хүүхдийн гэсэн юм болгоныг нь эргүүлэн олгоё. Ингэж чадвал олон улсаас ч гэсэн ахиухан хөрөнгийг өөр лүүгээ татах боломжтой. Гоё гоё номтой, аймаар гоё хүүхдийн номын сан, хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн, скейт парк, Бамбарууш кафе, хүүхдийн кино театр гээд л гоё гоё юмнуудыг газар шороогоо зарсан мөнгөнийхөө арав хүрэхгүй хувиар нь л барих байх даа. Сонгууль ойртож байна шүү эрхэм нөхөд өө. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн шиг хэлээд, хийсэн шиг хийж чадвал хүүхдийн буянаар сонгуульд ялах нигуур дүүрэн байна шүү.

Харин та юу гэж бодож байна вэ? Нөгөө л улиг болсон эцэг өвгөд маань ийнхүү сургадаг байлаа гэсэн үзлээр хандах уу, харин хүүхдийн сэтгэхүйгээр, хүүхдийн нүдээр хараад энэ асуудлыг шийдэх үү? Хүүхэд байж үзсэн хүн бол сайн ойлгоно доо. Та манай сайтны баруун талд саналаа өгөөрэй.

П. Байка

Америкийг Ямар Хүмүүс Удирдаж Байна Вэ?

Уошингтон хотод байрлах Америкийн нэгэн авиа компанийн тийзний худалдагч Америк яагаад уналтын байдалд орсоныг хэдэн жишээгээр тайлбарлаж байна. Түүний өгүүлсэнийг сийрүүлбэл. Нэг удаа Нью Хампшир хотын конгрессын гишүүн хадагтай утасдаж, цонхноос зайдуу суудал захиалж, ингэснээрээ түүний үс нь хийсэхгүй амар хэмээн тайлбарласан гэнэ.


Бас нэгэн удаа нэр дэвшигчийн албаны хүн утасдаж, Capetown явах тухайгаа хэллээ. Би түүнд аялалын урт, гадаадад зорчих паспортын тухай мэдээлэл зэргийг тайлбарлаж эхэлтэл тэрбээр намайг тасалж “би таныг эвгүй байдалд оруулмааргүй байна. Гэхдээ Capetown чинь Массачусэтс мужид байдаг байхгүй юу” гэдэг байгаа. Харин би түүнийг эргүүлээд эвгүй байдалд оруулахыг хүссэнгүй “Capetown чинь Африкт, харин Cape Code хот бол Массчусэтс хотод байдаг” хэмээн эелдэгээр хэлтэл утас торхийх чимээ л сонстсон юм.

Бас нэг удаа Вэрмонтын нэгэн ахмад Конгрессмэн ихэд ууртайгаар Флорида уруу явсан аялалынхаа тухай ярьж гарлаа. Би түүнд Орландо хотод хийсэн амралт нь яагаад сэтгэлд нь хүрээгүй талаар эелдэгээр асуутал, тэрбээр далай руу харсан цонхтой өрөөнд бууна гэж бодсон гэж байх юм. Би эрхэмд Орландо хот нь далайгаас хамаагүй зайтай, мужийнхаа төвд байрладаг болохыг хэлтэл “битгий худал хэл. Би газрын зурган дээрээс харсан. Флорида муж чинь аягүй нарийхан шдээ” гэдэг байгаа.

Нэг удаа хууль тогтоогчийн эхнэр над уруу утасдан, “Канадаас Англи улсыг харж болох уу?” “Үгүй” хэмээн намайг хариулахад “Харин газрын зурган дээр аягүй ойрхон харагдаж байнашт”.

Засгийн газрын кабинетын гишүүний туслах нэг удаа утасдаж, Далласт очоод машин түрээсэлж болох эсэхийг асуув. Би тэдний захиалгыг татаж гарган хартал, тэд зөвхөн ганц цаг л Далласт саатаад цаашаа нисэх байлаа. Би түүнээс яагаад машин хөлсөлмөөр байгааг асуутал “Далласын онгоцны буудал том гэж сонссон, тиймээс цаг хэмнэх үүднээс цааш нисэх онгоцныхоо хаалга уруу машинаар очих гэсэн юм”.

Иллиной мужийн Конгрессын гишүүн хадагтай өнгөрсөн долоо хоногт утасдав. Тэрбээр Детройтоос түүний суусан онгоц нь 8:30-аас ниссэн мөртөө Чикагод 8:33-т буусныг ойлгохгүй байна гэв. Би түүнд Мичиган муж нь Иллиной мужаас нэг цагын зөрүүтэй байдаг хэмээн тайлбарлах гээд ойлгуулж чадсангүй. Адаг сүүлд нь би түүнд онгоц аймаар хурдан ниссэн байхгүй юу гэсэн чинь итгэдэг байгаа.

Нью Ёоркын хуульч утасдаад “онгоцны компаниуд хүний ачаа тээшийг алдахгүйн тулд тэр хүнийх нь гадаад төрхийг бичдэг болчихсон юм уу?” гэхэд нь би “Үгүй. Та яагаад ийм юм асуух болов?” гэтэл тэр “Би ачаагаа тушаах гэтэл тэд миний тээшин дээр FAT гээд хэвлэсэн байх юм. Би жин ихтэй л дээ, тэгээд ч энэ нь тун бүдүүдэг явдал гэж бодож байна”. Би түүнийг утсаа барьж байхыг хүсээд шалгах явцдаа хөхөрч байлаа. Би түүнд Калифорни мужийн Фрэсно хотын код нь FAT болохыг тайлбарлаж өгсөн.

Сенаторын туслах Хавай уруу нисэх нислэгийн талаар асууж байв. Нилээд хэдэн үнийн саналыг сонссоны дараагаар тэрбээр “хэрвээ Калифорни хүртэл онгоцоор нисээд, тэндээсээ Хавай хүртэл галт тэргээр явбал арай хямдхан тусах уу?” гэдгийн.

Эхний жилдээ ажиллаж байгаа Конгрессмэн утасдаж, өөрнийхөө суух онгоцыг хэрхэн мэдэх тухай лавлав. Би түүнээс ямар учиртайг нь лавлатал, миний нисэх онгоцны дугаар нь 823 гэсэн боловч бүх онгоцнууд нь номергүй юм байна шдээ” гэдэг байгаа.

Эмэгтэй Сенатор утасдаад “Би Флоридагийн Pepsi Cola хот уруу нисэх хэрэгтэй байна. Би нөгөө жижигхэн computer (commuter гэж байгаа царай нь) онгоцонд суух уу?” гэхээр нь “коммьютер онгоцоор Флоридагийн Pensacola хот уруу ниснэ гэж үү?” хэмээн лавлатал “whatever, ухаантан гуай” гэдэг байгаа.

Ахмад Сенатч утасдаад Хятад уруу явахад ямар төрлийн бичиг баримт шаардлагатайг асуув. Би түүнд паспортын талаар удаан тайлбарласны эцэст түүнд бас виз (visa) шаардлагатайг сануулав. “Өө надад хэрэггүй ээ. Би урд нь олон удаа Хятадад очиж байсан. Надад тэрний хэрэг ерөөс гараагүй” гэв. Би шалгаж үзсэн боловч яах аргагүй виз хэрэгтэйг хэлтэл “Сонсож бай. Би урд нь дөрвөн удаа очиж байсан. Тэр болгондоо би American Express-ээ хэрэглэж болоод байсан юм даа” гэдгийн.

Нью Мексико мужийн Конгрессын гишүүн хадагтай утасдаад Чикаго хотоос Нью Ёоркын Rhino (хирс) хот уруу нисэх захиалга өгөв. Би түүнээс наадах чинь хотын нэр мөн юм уу хэмээн асуухад “Тийм ээ, ямар нислэгүүд байна?” хэмээн асуув. Би нилээд хайсны эцэст “Уучлаарай. Би тийм нэртэй хотын кодыг ерөөс олсонгүй”. “Битгий балайраад бай л даа. Хүн болгон л мэддэг шүү дээ. Газрын зурагнаас шалгахгүй юу”. Би тэгээд л Нью Ёорк хотын газрын зурагнаас Хирс нэртэй хот хайсан боловч, байдаггүй. Тэгэхээр нь би аргаа бараад “Та арай Буффало (бизон) хотыг хэлээгүй биз дээ?” гэхэд “За за, нэг л том амьтны нэртэй гэдгийг нь мэдээд байсан юм аа” гэдэг байгаа.

Америк улс иймэрхүү хүмүүсийн гарт л байгаа юм даа, эрхэм уншигч минь.

(c) Translated by MongolMedee.net online magazine.

Бодол хайрласан богино түүхүүд

Нэг завь ба хоёр найз

Хоёр хүн далай дотор бяцхан завиар аялжихуй. Нэг нь өөрийн сууж байсан газрынхаа доош нь өрөмдөж эхлэхэд нөгөөх нь сандран, “Хүүе чи, завиа цоолох нь уу? Даруй наадхаа зогсоогтун” хэмээхэд нь “Зүгээр ээ, би зөвхөн өөрийнхөө талыг л өрөмдөж байна” гэсэн гэдэг.

Япон мастер

Японы нэртэй багш дээр нэгэн их сургуулийн профессор хүрэлцэн ирж, цэцэн мэргэн ухаанаас нь суралцах юм болж. Мастер цай аягалж байна гэнэ. Алдарт багштан, эрдэмтэн профессорын урд тавьсан аягыг дүүртэл цай хийсэн боловч ер тоосон шинжгүй байна. Цай аяганаас хальж, гадуур нь асгарч гэнэ. Хэсэг мөч өнгөрсөний дараа өнөөх профессор тэсэлгүй “аяга дүүрчихлээ шүү дээ” гэж гэнэ. Тэгэхэд нь багштан, “чи яг энэ аяга лугаа адил өөрийн үзэл санаа, бодлоор дүүрэн буюу. Чи өөрийнхөө аягыг хоослохоос нааш хэрхэн цэцэн мэргэнийг чамд заах билээ” гэсэн гэдэг.

Хоёр чоно

Америкийн Индиан өвөө ач хүүтэйгээ хүүрнэж сууна. “Миний дотор эгээ л хоёр чоно хоорондоо дайсагналцаж байгаа лугаа адил санагдана. Нэг чоно нь ууртай догшин, үргэлж өшөө авахыг эрэлхийлэх бол харин өнөөх нь энэрэнгүй, өгөөмөр чоно ажгуу”. Энэ үед ач хүү нь “харин хэн нь тэгээд тулаанд ялах юм бэ дээ?” хэмээн асуухад “хэнд нь би их хоол өгнө, тэр нь ялах жамтай ажгуу” гэсэн гэдэг.

Агуу их түймэр ба асар бага ус

Мексикийн Азтек хүмүүс нэгэн домог өгүүлнэ. Тэр нь юу гэвээс тэртээ жил дэлхийг хамарсан их ойн түймэр гарсан юм гэдэг. Хүмүүс хийгээд араатан амьтад түймрээс дайжин зугтаж, амьд гарахыг хичээнэ. Теколотэ хэмээх шар шувуу ч тэдний адил зугтаж явахдаа нэгэн бяцхан шувуу ойр байх гол гал хоёрын хооронд хэдэнтээ нисэхийг ажиглаж гэнэ. Шар шувуу түүн дээр ойртон хартал, Күэтзал хэмээх шувуу уснаас нэг хутган, гал уруу очин нулимж байх юм гэнэ. “Чи чинь галзуурав уу? Чи ингэснээрээ юуг ч өөрчилж чадахгүй гэдгээ мэдэж байна уу? Амьд гарахын тулд үтэр түргэн дутаа!” хэмээн шар шувуу хашгирч гэнэ. Харин жижиг шувуу түр саатан, “Би өөрт байгаа зүйлээ ашиглан, чадах чинээгээрээ юу чадахаа л хийж байна” гэжээ. Энэхүү домог өнөөг хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд жижиг шувуу, шар шувуу болон бусад араатан амьтад, хүмүүсийн хүчээр ойн түймрийг унтрааж, газар дэлхийг аюулаас аварсан гэдэг.

Хятад тариачны үлгэр

Эрт урьд цагт хятад тариачин газраа хагалах ганц морьтой байсан юм байж. Нэг өдөр өнөөх нь алдуурч, хол газар давхин одоход хөршүүд нь ихэд өрөвдөхөд өвгөн тариачин “сайн уу муу юу, хэн мэдээ аж” хэмээн өнгөрч.

Долоо хоногийн дараагаар өнөөх морь нь зэрлэг азарга адуу дагуулсаар ирэхэд хөршүүд нь баярлалдан атаархахад өвгөн “сайн уу муу юу, хэн мэдээ аж” хэмээн өнгөрч.

Гэтэл тариачны хүү нэг зэрлэг адууг унан, булгиулж байхдаа шидэгдэж, хөлөө хугалж гэнэ. Хөршүүд нь мөн л шогшролдож эхлэхэд, өвгөн “сайн уу муу юу, хэн мэдээ аж” хэмээн өнгөрч.

Хэдэн долоо хоногийн дараагаар хааны албат цэргүүд тосгонд ирж, эрийн цээнд хүрсэн бүх эрчүүдийг цэрэгт татан авч явахдаа хөлөө хугалсан өнөөх хүүг нь орхиод явжээ. Одоо харин сайн уу муу юу, хэн мэдлээ.

Соломон хааны мэргэн ухаан

Цэцэн цэлмэгээрээ алдартай Соломон хаан дээр хоёр эмэгтэй маргаанаа таслуулахаар иржээ. Хоёул нярай хүүг минийх хэмээн мэтгэлцэнэ. Хэргийг шүүхэд бэрх байсан тул хаан нэгэн арга сэдэж олсон бөгөөд нярай хүүг хоёр хэсэг хуваан, хоёуланд нь өгөх саналаа хэлж гэнэ.

Эхний эмэгтэй хааны хэлсэнийг зөвшөөрөн “хүү минийх ч, тэрнийх ч биш байг. Хэрэв би хүүг авч чадахгүй бол тэгсүгэй” хэмээн уйлан дуугарахад харин хоёр дахь эмэгтэй Соломон хаанаас хүүд гар хүрэхгүй байхыг гуйн “түүнд хүүг өгөгтүн. Хүүгийн амийг авсанаас би үрээ алдсан нь дээр” хэмээжээ. Соломон ч түүнийг хүүгийн эх мөн хэмээн түүнд өгөх тушаал буулгажээ.

Монголоороо Үлдэх Юмсан

(Зурагнаас үүдсэн санаашрал)

Бас л олон жилийн өмнө бичиж, хэвлүүлсэн байна.

Энэ онд АНУ даяар цагаачлалын хууль батлахтай холбоотой янз бүрийн жагсаал цуглаанууд олноор гарч байсан билээ. Түүнд ганц хоёроороо оролцон эв санааны нэгдлээ илэрхийлж байсан. Дэнвэрт болсон цуглаанд миний бие хэдэн монголчууд болон өргөмжит консулын хамт оролцсон бөгөөд тэр үеэр нүдэнд торсон нэгэн явдлыг энд өгүүлсүгэй.

Мэдээж жагсан яваа цагаачдын ерээс илүү хувь нь мексикийн цагаачид. Тэдний дунд хоёр цагаан хүн, хоёр ази хүн явж байгаа нь их л содон байсан бололтой “Лos Gringos estan caminando” (Грингонууд явж байна) хэмээн амандаа шуугилдаж, зураг хөрөг болно. Жагсаал ч яахав болдогоороо болж өнгөрөв. Харин иргэний хөдөлгөөний эсрэг МАХН-аа өмөөрөх хөдөлгөөн гэдэг шиг хаа газар Хүрэлсүх шиг улсууд байх юм. Тэд будаа шиг бужигнах цагаачдаас арай хол боловч, хамар шөргөлцөж, чулуу шидэлцэх зайд байх авч, хэн нь ч хэнийгээ заамдалцаж авахгүй нь сайхан. Тэд мэдээж хэдэн үеэрээ энэ газар амьдран суусаар ирсэн, уугуул иргэдийн дараах үеийнхэн буюу цагаан арьстангууд байх. Хачин жигтэй нь тэр дунд хэдэн испани гаралтангууд ч цохиж явах юм.

Гэтэл нэг нь бүр Мексикийн тугийг хөл доороо дэвсээд, Америкын тугыг гартаа дэрвүүлсэн зогсоно. Тэрбээр харахул нас залуу, шинжихүл цус шингэн боловч яах аргагүй ямар ч акцентгүй англиар ярих агаад өөрийгөө гурав дахь үеийн Мексикийн цагаач хэмээн хэнэг ч үгүй танилцуулна. Хэдий тэрбээр цагаач удамтай ч энэ газар нутагт төрж өссөн тул, энэ нь түүний нутаг бөгөөд шинээр ирж буй цагаачдад төмөр нүүр харуулах хэрэгтэй хэмээн “хүрэн бөөртэй” царайлан зогсоно.

Үүнээс үүдээд бодохнээ, хэрвээ 20-30 жилийн дараа ийм нэгэн цуглаан болвол харь газар өсөн дэвжиж буй Монгол үр хүүхдүүд маань ямар хандлагатай байх бол хэмээх бодол эрхгүй төрсөөр, хэдэн сарын дараа хэдэн үг эвлүүлэхэд хүргэлээ. Өнөөдөр Монгол багачуул маань Америк багштай, Америк хоолтой, Америк дуутай, Америк үсэгтэй, Америк тугтай, Америк сүлд дуулалтай сургуульд өсөн бойжиж байна. Тэд маань

“This land is your land, this land is my land
From California to the New York Island
From the Redwood Forest to the Gulf Stream waters
This land was made for you and me.”

хэмээн тус улсын эх орончдын хамгийн алдартай дууг аялан, өглөө болгон элгэн дээрээ гараа тавин Америк улсын туг далбаанд үнэнчээ илэрхийлэн, сүлд дууг нь цээжээрээ төвөггүй дуулна. Тэд маань хэзээ ч Монгол бөхийг үзээд мань шигээ дуу алдаж, морь барианд орохийг хараад хамар нь шархирч, настан буурлыг хараад эмээн хүндэтгэж, ном эрдэнийг магнай дээрээ дээдлэхгүй.

Тэд маань аргалын утааг үнэртээд цээжинд нь гашуун оргиж, агь тааны үнэртэй айргыг амандаа хүргэхээс гэрэвшин “гүүний эсгэсэн сүү” хэмээн америкаар дуу алдах болно. Эдэнд маань Цагааны Цэгмид, Балетын Оюун, Марзан Шарав, Бямбын Рэнчин, Норовбанзад, Дандар баатар, Гончигсумлаа нар үнэндээ хамаа байхгүй бөгөөд тэдэнд харь нэр, харь хүмүүс сонсогдох болно. Тэд харин бидний хувьд харийн харь сонсогддог байсан Жорж Уошингтон, Абрахам Линколн, Мартин Лютр Кинг, Артур Шэ, Роза Паркс, Элвис Пресли, Жаки Робинсон, Рэй Чарльз нарын тухай маниасаа илүү мэдэхээс гадна, МАНАЙХ хэмээн тэднээр бахархана.

Тэдэнд Монголын туг далбаа Мозамбикийн далбаанаас ялгарах юмгүй харагдана. Тэдэнд хичнээн Хэнтий Хангай Соёоныг цээжлүүлэх авч, энэ нь зөвхөн цээжинд нь үлдэх болохоос хэзээ ч зүрхэнд нь хадгалагдана гэж үгүй. Хөөрхийс тэдэнд буруу гэж юу байхав. Энэ газар төрж, энэ л газар өссөн тул минийх гэж нэрлэхээс яахав. Харин бие нь энэ газар ч, сэтгэл нь Монголдоо гэсэн сайхан үзлийг шингээхсэн дээ, үр хүүхэддээ. Монголчууд бид аливаа газар дасан зохицохдоо сайн хэмээн биенээ “зүлгэх” боловч энэ том айлын тогоонд нь уусчихалгүйхэн шиг Монголоороо үлдэх юмсан. Монгол улсын минь гал голомтыг залгах баясгалант ирээдүйг минь Бурхан ивээх болтугай.

П. Байка

Ганц минутын пондерол

Бурхан бидэнд өвчингүй өдөр, гашуудалгүй инээд хөөр, бороогүй нарыг амлаагүй боловч өдрийн хүч чадал, нулимсанд тайтгарал, замд гэрлийг амалсан билээ.


Nothing Is Impossible Coz Impossible Itself Says I M Possible  

When one door of happiness closes, another opens; but often we look so long at the closed door that we do not see the one which has opened for us

If God Answers Your Prayer, He is increasing your FAITH.
If He Delays, He is increasing you PATIENCE
If He Doesnt Answer, He has Something BETTER for U

When you hit rock bottom, the lowest point, from where you think all hope is lost; the only place to go is up!!

Five Short Chapters on Change

by: Author Unknown, Source Unknown

Chapter 1.
I walk down a street and there's a deep hole in the sidewalk. I fall in. It takes forever to get out. It's my fault.

Chapter 2.
I walk down the same street. I fall in the hole again. It still takes a long time to get out. It's not my fault.

Chapter 3.
I walk down the same street. I fall in the hole again. It's becoming a habit. It is my fault. I get out immediately.

Chapter 4.
I walk down the same street and see the deep hole in the sidewalk. I walk around it.

Chapter 5.
I walk down a different street.

Орчуулгын нэртэй “оршуулгын” товчоо

Олон жилийн өмнө Дэнвэрийн Мэдээ сэтгүүлийн нэгэн дугаарт доорхийг гаргажээ. Эрээн авдарнаас олж гаргаж ирлээ.

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй “ко” хүмүүжил уул нь их л хэрэгтэй санж. Сүүлийн арав гаруй жилд Орчуулгын нэртэй нотариатын үйлчилгээний газрууд олноор байгуулагджээ. Хэдэн жилийн өмнө тэдний нэгнээр нь орж, тамга даруулах санаатай гэрчилгээний хуулбарархуу юм хийлгэсэн чинь, тусгай формыг компьютер дээрээ нээж өгөөд, нэрийг нь солиод гаргаад ирсэнийг нь үзэхүл харь хэлэндээ хариугүй маньд нь хүртэл “эмгэнэлийн бичиг” болж харагдаад байгаа юм чинь.

Гэтэл саяхан бас нэгэн “эмгэнэлийн бичгийг” санамсаргүй шахам олж уншаад, дутагдлын хажуугаар дорой ч гэсэн дуу гаргахаар шийдлээ. Энэхүү газар нь манай нэгэн нэр хүндтэй, өөх махтай намын байрнаа үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг болохоо тодорхой бичжээ. Хэдхэн цөөхөн үгийг махчилан орчуулахийг чармайсан нь ясыг нь тултал махыг нь иджээ. За яахав, мань хэд нь нэг юм ойлгоод байх боловч тэр орчуулгыг үзсэн англи хэлтэй хүмүүс ямар их шоконд орсон болдоо гэж бодохоос өнөө орой унтахаасаа хүртэл татгалзмаар санагдана.

Энэ нь эгэл нэгэн дунд сургууль төгссөн гэрчилгээн хуулбар байх бөгөөд толгойд нь “Capital eleven-year ... secondary school” хэмээн бичсэнийг бол “Нийслэлийн арван нэгэн жилийн ...-р арван жил” хэмээн төвөггүй ойлгож болох хэдий ч нэг л утга уянгагүй, ужиг гажиг сонсогдоно.

За тэгээд цааш нь бол хичээлийн нэрсүүдийг Physical culture (Биеийн тамир),

Literature of foreign countries (Дэлхийн уран зохиол), Describe line (Шугам зураг), Picture (Уран зураг) гэхчилэн орчуулсан байх аж. Энэ дэлхий дээр дор хаяж 73 улс гүрэн англи хэлийг албан ёсны хэл хэмээн зарласан буюу хэрэглэдэг гээд үзэх ахул магадгүй эдгээр улсуудын нэг нь ч гэсэн иймэрхүү үгээр илэрхийлдэг байж болох ч байж мэднэ. Гэхдээ л хэл эвлэж, нүд дасч өгөхгүй хэцүү дамшигууд байна. Энэ нь миний арван центны бодол бөгөөд та ч саналаа харамгүй хуваалцаарай.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш