Showing posts with label Шүүмж. Show all posts
Showing posts with label Шүүмж. Show all posts

Tuesday, September 14, 2010

Хүүхдээ зодохыг хуулиар хориглоё

Хүн болох багаасаа хэмээн бид хүүхдүүдээ хатуу гараар өсгөхийг юман чинээ үл тоомсорлоно. Ялангуяа эрэгтэй хүүхдийг бага дээр нь дарж авахгүй бол том болоод толгой дээр гарна гэсэн харгис үзлийг хаанаас ч юм олж авсан бололтой. Хажуу айлын аав хүүгээ алах нь холгүй зодож байсан ч бид зогсоох ямар ч эрхгүй. Учир нь энэ бол тэр гэр бүлийн л асуудал.

Өнөөдөр Америкад ирсэн зарим эцэг эхчүүд хүүхэддээ гар хүрэхээс айдаг болсон тухай хоорондоо сэм хэлэлцэнэ. Хаа нэг газрын Монгол хүүхэд хичээлдээ явсангүй, тамхи татлаа, болдоггүй хүүхдүүдтэй нийллээ хэмээн гар хүрсэн аавыгаа цагдаа дуудаад бариад өгсөн “аюулт мэдээнүүдийг” биендээ сануулан, болгоомжтой байхыг зөвлөнө. Бага байхад хүүхдүүдийг “ий, цагдаа ирж байна шүү” хэмээн “каалтуулдаг” байсан бол одоо үр хойч маань ээж аавыгаа “цагдаад барьж өгнө шүү” хэмээн жижигрүүлдэг болжээ. Хээ цэс, дээр үеийн нэгдүгээр дэлгүүрт грушик хийдэг байсан донгиодуу байрын нөхөр бол “хохь чинь, нүгэл нь нүдээрээ гарч байгаа нь тэр” хэмээн орсгой шүдээ гаргаад хоржоонтой нь аргагүй хэлэх байсан биз.

Дэлхийн арав гаруй оронд хүүхэддээ гар хүрэхийг хуулиар хориглосон байдаг гэнэ. Эдгээр орнууд нь ихэнх нь Европын улсууд гэнэ. Харин саяхан Калифорн мужийн ассемблейн гишүүн хүүхэн, дөрвөн нас хүрээгүй хүүхдийн хонгон дээр нь байлгахыг хориглох төсөл боловсруулжээ. Хэрэв энэ нь батлагдах юм бол эцэг эхчүүд 1,000 хүртэл доллараар торгуулах буюу нэг жил хүртэл шоронд хоригдох гэнэ. Гэхдээ энэ нь батлагдах боломж тун багатай гэнэ. Демографикын нэгэн сэтгүүлээс гаргасан судалгаагаар Америк эцэг эхчүүдийн тал гаруй хувь нь 12-оос доош настай хүүхдүүдэд гар хүрч, хүмүүжүүлж байх ёстой хэмээн үздэг гэнэ.

Монголд энэ талаар ямар судалгаа байдгыг мэдэхгүй ч гэсэн гэр бүлийн хүчирхийллийн талаар хэнээр ч хэлүүлэлтгүй бид сайн мэдэж байгаа. Бага насны хүүхдүүдийг зодож, гар хүрч, айлгаж, дарамталж хүмүүжүүлэхээс өөр сайхан хүмүүжүүлэх арга бишгүй зөндөө байдаг л биз. Зодууллаа гээд сайн сайхан явж байгаа, зодуулаагүй гээд задарсан яваа хэмээн хэлэхэд хэцүү.

Намайг багад аав минь нэг удаа хонгон дээр минь шаахайгаараа, нөгөө удаа “Весёлые Картынки” хэмээн оросын зурагт сэтгүүлээ хоолны ширээн дээр замбараагүй байлгалаа хэмээн хуйлсан сэтгүүлээр нэг удаа жавьтий хүртээж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Мэдээж өвдөж юу шалив гэж, хамгийн гол нь хамгийн хайртай, өөрийнх нь өмгөөлөгч болсон аав хэмээх хангай шиг тэр л түшиг эргүүлээд өөрт нь гар хүрсэнд л нэг талаар гоморхож, нөгөө талаар шаралхаж, тавдугаар орцноос хоёрдугаар орц хүртэл дуу хадааж байсан биз.

Тэрнээс хойш гэрийн шаахай хараад үхтлээ айдаг болоогүй ч гэсэн ном хэвлэл хэмээх эрхэм эрдэнийг дээдлэн явах учиртайг яс махандаа шингэтэл ойлгосон. Хүүхдийн сэтгэл зүй судлаач, Францын нэгэн эрдэмтэн өгүүлэхдээ “аав нь бага насны хүүгээ дагуулан эдлэн газраа харуулна. Тэгээд эдлэн газрынхаа өнцөг болгон дээр очоод хүүхдээ зодно. Ийнхүү дөрвөн удаа зодуулсан хүүхэд өөрийнхөө эдлэн газар хаана дуусдаг болохийг яс махандаа шингэтэл ойлгодог болдог” хэмээн өгүүлсэн байдаг.

Харин яс маханд нь шингээж ойлгуулахаас илүү зүрх сэтгэлд нь соёолуулан дэлбээлүүлэх арга ч бий. Манай залуу эцэг эхчүүд харин ч хүүхдийнхээ хүмүүжилд онцгой анхаарах болсон байна. Аргагүй дээ, ямар дээр үед байсан шиг хөнжлөөр дүүрэн долоо найман юм байх биш. Одоо их л бол хоёр гурван хүүхэдтэйгээ “тулж ажиллахад” ч амар болтой. Тэгээд ч тэд маань хайр нь дотроо хал нь гаднаа гэдэг үгийг орвонгоор нь эргүүлэх хүсэлтэй байгаагаа нуухгүй байна. Хүүхдийг багаас нь урамшуулж, “миний хүү, охин хийж чадна” гэсэн тэрхүү урмын сэтгэлийг хүүхдийн зүрх сэтгэлд хоногшуулан хадгалбал, хүүхдийн явдалд хожим тустай буюу.

Хэрэв Азид хүүхэддээ гар хүрэхийг хуульчлаагүй бол бид хууль гаргасан Азийн алтан хараацай больё л доо. Үүгээрээ бид бага насныхандаа, ирээдүйдээ хэр их анхаарал тавьдагаа харуулж чадахаас гадна хүүхдийн гэсэн юм болгоныг нь эргүүлэн олгоё. Ингэж чадвал олон улсаас ч гэсэн ахиухан хөрөнгийг өөр лүүгээ татах боломжтой. Гоё гоё номтой, аймаар гоё хүүхдийн номын сан, хүүхдийн цэцэрлэгт хүрээлэн, скейт парк, Бамбарууш кафе, хүүхдийн кино театр гээд л гоё гоё юмнуудыг газар шороогоо зарсан мөнгөнийхөө арав хүрэхгүй хувиар нь л барих байх даа. Сонгууль ойртож байна шүү эрхэм нөхөд өө. Хүүхдийн төлөө за гэж хэлсэн шиг хэлээд, хийсэн шиг хийж чадвал хүүхдийн буянаар сонгуульд ялах нигуур дүүрэн байна шүү.

Харин та юу гэж бодож байна вэ? Нөгөө л улиг болсон эцэг өвгөд маань ийнхүү сургадаг байлаа гэсэн үзлээр хандах уу, харин хүүхдийн сэтгэхүйгээр, хүүхдийн нүдээр хараад энэ асуудлыг шийдэх үү? Хүүхэд байж үзсэн хүн бол сайн ойлгоно доо. Та манай сайтны баруун талд саналаа өгөөрэй.

П. Байка

Монголоороо Үлдэх Юмсан

(Зурагнаас үүдсэн санаашрал)

Бас л олон жилийн өмнө бичиж, хэвлүүлсэн байна.

Энэ онд АНУ даяар цагаачлалын хууль батлахтай холбоотой янз бүрийн жагсаал цуглаанууд олноор гарч байсан билээ. Түүнд ганц хоёроороо оролцон эв санааны нэгдлээ илэрхийлж байсан. Дэнвэрт болсон цуглаанд миний бие хэдэн монголчууд болон өргөмжит консулын хамт оролцсон бөгөөд тэр үеэр нүдэнд торсон нэгэн явдлыг энд өгүүлсүгэй.

Мэдээж жагсан яваа цагаачдын ерээс илүү хувь нь мексикийн цагаачид. Тэдний дунд хоёр цагаан хүн, хоёр ази хүн явж байгаа нь их л содон байсан бололтой “Лos Gringos estan caminando” (Грингонууд явж байна) хэмээн амандаа шуугилдаж, зураг хөрөг болно. Жагсаал ч яахав болдогоороо болж өнгөрөв. Харин иргэний хөдөлгөөний эсрэг МАХН-аа өмөөрөх хөдөлгөөн гэдэг шиг хаа газар Хүрэлсүх шиг улсууд байх юм. Тэд будаа шиг бужигнах цагаачдаас арай хол боловч, хамар шөргөлцөж, чулуу шидэлцэх зайд байх авч, хэн нь ч хэнийгээ заамдалцаж авахгүй нь сайхан. Тэд мэдээж хэдэн үеэрээ энэ газар амьдран суусаар ирсэн, уугуул иргэдийн дараах үеийнхэн буюу цагаан арьстангууд байх. Хачин жигтэй нь тэр дунд хэдэн испани гаралтангууд ч цохиж явах юм.

Гэтэл нэг нь бүр Мексикийн тугийг хөл доороо дэвсээд, Америкын тугыг гартаа дэрвүүлсэн зогсоно. Тэрбээр харахул нас залуу, шинжихүл цус шингэн боловч яах аргагүй ямар ч акцентгүй англиар ярих агаад өөрийгөө гурав дахь үеийн Мексикийн цагаач хэмээн хэнэг ч үгүй танилцуулна. Хэдий тэрбээр цагаач удамтай ч энэ газар нутагт төрж өссөн тул, энэ нь түүний нутаг бөгөөд шинээр ирж буй цагаачдад төмөр нүүр харуулах хэрэгтэй хэмээн “хүрэн бөөртэй” царайлан зогсоно.

Үүнээс үүдээд бодохнээ, хэрвээ 20-30 жилийн дараа ийм нэгэн цуглаан болвол харь газар өсөн дэвжиж буй Монгол үр хүүхдүүд маань ямар хандлагатай байх бол хэмээх бодол эрхгүй төрсөөр, хэдэн сарын дараа хэдэн үг эвлүүлэхэд хүргэлээ. Өнөөдөр Монгол багачуул маань Америк багштай, Америк хоолтой, Америк дуутай, Америк үсэгтэй, Америк тугтай, Америк сүлд дуулалтай сургуульд өсөн бойжиж байна. Тэд маань

“This land is your land, this land is my land
From California to the New York Island
From the Redwood Forest to the Gulf Stream waters
This land was made for you and me.”

хэмээн тус улсын эх орончдын хамгийн алдартай дууг аялан, өглөө болгон элгэн дээрээ гараа тавин Америк улсын туг далбаанд үнэнчээ илэрхийлэн, сүлд дууг нь цээжээрээ төвөггүй дуулна. Тэд маань хэзээ ч Монгол бөхийг үзээд мань шигээ дуу алдаж, морь барианд орохийг хараад хамар нь шархирч, настан буурлыг хараад эмээн хүндэтгэж, ном эрдэнийг магнай дээрээ дээдлэхгүй.

Тэд маань аргалын утааг үнэртээд цээжинд нь гашуун оргиж, агь тааны үнэртэй айргыг амандаа хүргэхээс гэрэвшин “гүүний эсгэсэн сүү” хэмээн америкаар дуу алдах болно. Эдэнд маань Цагааны Цэгмид, Балетын Оюун, Марзан Шарав, Бямбын Рэнчин, Норовбанзад, Дандар баатар, Гончигсумлаа нар үнэндээ хамаа байхгүй бөгөөд тэдэнд харь нэр, харь хүмүүс сонсогдох болно. Тэд харин бидний хувьд харийн харь сонсогддог байсан Жорж Уошингтон, Абрахам Линколн, Мартин Лютр Кинг, Артур Шэ, Роза Паркс, Элвис Пресли, Жаки Робинсон, Рэй Чарльз нарын тухай маниасаа илүү мэдэхээс гадна, МАНАЙХ хэмээн тэднээр бахархана.

Тэдэнд Монголын туг далбаа Мозамбикийн далбаанаас ялгарах юмгүй харагдана. Тэдэнд хичнээн Хэнтий Хангай Соёоныг цээжлүүлэх авч, энэ нь зөвхөн цээжинд нь үлдэх болохоос хэзээ ч зүрхэнд нь хадгалагдана гэж үгүй. Хөөрхийс тэдэнд буруу гэж юу байхав. Энэ газар төрж, энэ л газар өссөн тул минийх гэж нэрлэхээс яахав. Харин бие нь энэ газар ч, сэтгэл нь Монголдоо гэсэн сайхан үзлийг шингээхсэн дээ, үр хүүхэддээ. Монголчууд бид аливаа газар дасан зохицохдоо сайн хэмээн биенээ “зүлгэх” боловч энэ том айлын тогоонд нь уусчихалгүйхэн шиг Монголоороо үлдэх юмсан. Монгол улсын минь гал голомтыг залгах баясгалант ирээдүйг минь Бурхан ивээх болтугай.

П. Байка

Орчуулгын нэртэй “оршуулгын” товчоо

Олон жилийн өмнө Дэнвэрийн Мэдээ сэтгүүлийн нэгэн дугаарт доорхийг гаргажээ. Эрээн авдарнаас олж гаргаж ирлээ.

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй “ко” хүмүүжил уул нь их л хэрэгтэй санж. Сүүлийн арав гаруй жилд Орчуулгын нэртэй нотариатын үйлчилгээний газрууд олноор байгуулагджээ. Хэдэн жилийн өмнө тэдний нэгнээр нь орж, тамга даруулах санаатай гэрчилгээний хуулбарархуу юм хийлгэсэн чинь, тусгай формыг компьютер дээрээ нээж өгөөд, нэрийг нь солиод гаргаад ирсэнийг нь үзэхүл харь хэлэндээ хариугүй маньд нь хүртэл “эмгэнэлийн бичиг” болж харагдаад байгаа юм чинь.

Гэтэл саяхан бас нэгэн “эмгэнэлийн бичгийг” санамсаргүй шахам олж уншаад, дутагдлын хажуугаар дорой ч гэсэн дуу гаргахаар шийдлээ. Энэхүү газар нь манай нэгэн нэр хүндтэй, өөх махтай намын байрнаа үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг болохоо тодорхой бичжээ. Хэдхэн цөөхөн үгийг махчилан орчуулахийг чармайсан нь ясыг нь тултал махыг нь иджээ. За яахав, мань хэд нь нэг юм ойлгоод байх боловч тэр орчуулгыг үзсэн англи хэлтэй хүмүүс ямар их шоконд орсон болдоо гэж бодохоос өнөө орой унтахаасаа хүртэл татгалзмаар санагдана.

Энэ нь эгэл нэгэн дунд сургууль төгссөн гэрчилгээн хуулбар байх бөгөөд толгойд нь “Capital eleven-year ... secondary school” хэмээн бичсэнийг бол “Нийслэлийн арван нэгэн жилийн ...-р арван жил” хэмээн төвөггүй ойлгож болох хэдий ч нэг л утга уянгагүй, ужиг гажиг сонсогдоно.

За тэгээд цааш нь бол хичээлийн нэрсүүдийг Physical culture (Биеийн тамир),

Literature of foreign countries (Дэлхийн уран зохиол), Describe line (Шугам зураг), Picture (Уран зураг) гэхчилэн орчуулсан байх аж. Энэ дэлхий дээр дор хаяж 73 улс гүрэн англи хэлийг албан ёсны хэл хэмээн зарласан буюу хэрэглэдэг гээд үзэх ахул магадгүй эдгээр улсуудын нэг нь ч гэсэн иймэрхүү үгээр илэрхийлдэг байж болох ч байж мэднэ. Гэхдээ л хэл эвлэж, нүд дасч өгөхгүй хэцүү дамшигууд байна. Энэ нь миний арван центны бодол бөгөөд та ч саналаа харамгүй хуваалцаарай.

Tuesday, February 02, 2010

Юун оюуны өмч вэ? Юу юм бэ тэр чинь

-Юун оюуны өмч вэ? Юу юм бэ тэр чинь гэж Монгол Ньюс компани буюу Өнөөдөр сонин таны өөдөөс хэлж байна

Би анх хуудас нээгдэхэд NYTIMES руу орчихлоо гэж бодоод хөшчихөж, эхнэр маань намайг удаад хөдөлгөөнгүй болохоор нь ирээд нүүрний өмнүүр гараа саваад бас чихдэж байж намайг хөшөөнөөс гаргалаашд, ёо ёо. Жаахан webdesign хийчихдэг хүн яг дууриалгаад хийчихнэ л дээ, Ганцхан Georgia гэдэг фонтийг нь Arial-аар солисон байна. Өмнөөс нь ичиж үхмээр гэж, Монгол ньюс компаний өмнөөс. Хулгай гэвэл www.mongolnews.mn-ийг хардаа.


Улаан цагаан хулгай хийсэн байгааг Миний америк найз битгий харчихаасай билээ!
Юун Brand name Юун Нөгөө үнэн шударга Юун оюуны өмч вэ? Ийм юм яридаг нөгөө сонин маань будаа будаа, Энэ дезайн хийсэн хүнийг буруутгамгүй, харин энэ компанийг ямар хүмүүс удирддаг юм болдоо гэсэн шүү зүйл толгойд эргэлдээд л. Овоодоо гэж бодож байсан сонин маань шүү. Тэд NYTIMES.COM гэж бичээд монголын тухай мэдээлэл хайгаагүй гэвэл өөрсдийгөө энэ ертөнцийн хаагуур нь явж байсан гэж мэлзэх болж байна аа. Нөгөө юун гуя гэдэг шиг...
Бид ч ер нь болоогүй л байгаа юм байнаа гэж.

Wednesday, January 27, 2010

С.Оюунтөгсийн шvлгvvд

Яруу найрагч С.Оюунтөгс (haabaisanals@yaoo.com) нь 2002 онд “Хаа байсан алс” яруу найргийн анхны номоо гаргасан бол 2006 онд “Толинд туссан өчигдөр” хэмээх номоо гаргасан. Энэ удаа танд “Намрыг хүлээхүй” яруу найргийн ном, “Бүгээн чулуу” үгүүллэгийн анхны номоо өргөн барьж байна. Таалан болгооно уу!
“Намрыг хүлээхүй” шүлгийн номын өмнөтгөл үг
С.Оюунтөгсийн шүлгүүд
I Галбингаагийн аялгуу

Аль эрт 2002 онд “Хаа байсан алс” хэмээх анхны богино мөрт шүлгүүдээ ном болгон гаргаж байсан яруу найрагч бүсгүй өнөөдөр шүлгийнхээ гурав дахь номыг уншигч танд өргөн барьж байна. Тэрбээр долоон жилийн өмнө,
“Тиймээ, сая л
Тэнгэрт нар гийж
Торон дахь шувууд жиргэв”
гэж бичиж байсан бол өнөөдөр,
“...Тийн ярууханаар
Торонд шувуу жиргэнэ.
Даль жигүүрээ хумисан ч
Дэндүү тунгалагаар
Аялгуулан дуулах чинь юү билээ.
Ийн аялгуулан дуулах чинь
Эрх дураараа жиргэх
Эрхэс тэнгэрийн шувуудаас
Илүү тунгалагаар
Жиргэхийн учир юү вэ
Шувуухай минь”
гэж бичиж байна. Маш гярхай мэдрэмж.
Эдүүгээг хүртлэх яруу найрагчид торонд хийсэн шувууг гаргаж тавихыг л хүсч байснаас биш торон дахь шувууны аялгуулан дуулах тухай бичсэнсэн билүү.
Уянгалан дуулуулахын тулд шувууг торонд хийх нь дээр юм биш үү. Орчлонд сайхан дуу хэрэгтэй шүү дээ. Тэгээд хэрэгтэйг нь мэдсээр байж юунд шувуудыг торноос нь мултлан тавихыг хүсдэг байна вэ. Магадгүй уянгалан донгодуулах нь яруу найраг. Шувууг торноос чөлөөлөх нь үзэл суртал ч байж мэднэ.
Юутай ч С.Оюунтөгс торонд орсон шувуу, тэнгэрт жиргэх шувуудаас илүү сайхан, илүү тунгалагаар донгоддогийг мэдэрчээ. Энэ бол олз. Долоон жилийн өмнө “торон дахь шувуу жиргэхийг” анзаарч байсан бол өнөөдөр мөнөөх торон дахь шувуугаа “эрх чөлөөт” шувуудаас илүү сайхан донгоддогийг анзаарсан байна. Энэ бол давхар давхар олз. Хэн нэгний гээсэн ташуур олсон олзноос хэзээ ч юм гээсэндээ харамсаж явсан өөрийн ташуурыг хэдэн жилийн дараа олсон шиг олз.
Олон жилийн турш сэтгэлдээ “тортой шувуу” тээж явсны ач.
Уянгалан дуулагч шувууг торонд хийхгүйгээр хүссэнээрээ сайхан донгодуулж хэрхэн чадах билээ. Сэтгэл гэгч торон доторхи шувуу. Тор гэдэг орчлонгийн зовлон. Эрх чөлөөний хязгаарлалт. Тор бол боолчлол. Гинжний дуун холилдоогүй эрх чөлөөний аялгуу буй гэж үү. Өндгөндөө дуулах галбингаагийн аялгуу хэмээн магтан дуулаад байдагийн учир өндгөн хальс хэмээх торон дотороосоо эрх чөлөөг хүссэн галбингаагийн зовлонгийн аялгуу биш гэж үү.
II С.Оюунтөгсийн эрэл
“Хамагаас халуун, хамагаас хүйтэн”-ийг С.Оюунтөгс эрж байна. Хамагаас халуун, хамагаас хүйтэн хаана байна вэ. Мэдээж сэтгэлд. Хаа ч байхгүй халуун, хаа ч байхгүй хүйтэн, харамсалтай нь өнөөдөр хаа ч алга. Эргэн тойроны юм бүхэн, халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээн. Үлбийсэн бүлээн.
Сэтгэл, чин сэтгэл юутай хомс вэ. Юутай хомс тэр сэтгэлийг юугаар ч орлуулж болдоггүй нь юутай гачлан.
“Хамагаас халуун
Хачин хүйтэнийг
Хаанаас дахин олох юм бэ”
хэмээн найрагчийн зүрх хашгарч байна. Хашгарах дуу нь торон дотороос донгодох шувуун дуутай юутай төстэй.
III “Цаанаа л нэг жигтэй”
“Чимээ чагнан алхахуй
Цас сормуусан дээр унах нь
Цаанаа л нэг жигтэй”


Бид иймэрхүү шүлэгийг Бишүби шүлэг гэх болсон юм. Энэ нэрийг би анх 1990 онд “Билгүүнийг биширэн шүтнэ би” гэсэн үгүүлбэр зохион түүнийхээ үгсийг товчлох замаар гаргаж авсан юм. Уг нь энэ нэрийг уран зохиолын цоо шинэ урсгалын нэр болгох гэж анх гаргасан боловч харамсалтай нь тийм урсгал бий болж чадсангүй. Харин энэ нэрийг сүүлийн жилүүдэд зарим нэгэн хүн өөрөө зохион олсон юм шиг шүлэг зохиолынхоо хэсэг бүлэгийг нэрлэн, зугууханаар өөрийн болгож авах гэсэн далд санаа ихэд цухалзах болсон учираас үнэн мөнийг ийнхүү өчиж байгаа билээ. Энэ учираас Их Монгол дээд сургууль дээр төвлөрөн оршиж байдаг “Уран зохиолын БИШҮБИ төв”-ийн уран бүтээлчид өвөр зуураа зөвшилцөн тохиролцсоны эцэст С.Оюунтөгсийн энэ шүлгүүд шиг “жигтэй” шүлэгүүдийг бид “БИШҮБИ шүлэг” гэж нэрлэх болсоноо уран бүтээлчид хийгээд уншигчиддаа сонордуулж байна. Удахгүй би “БИШҮБИ шүлгийн дээжис” хэмээн анатологийн зарчимаар бүтээсэн бүтээлээ уншигчидадаа барих болно.

Тэрхүү дээжист БИШҮБИ шүлэг бичдэг Т.Эрдэнэцогт, С.Оюунтөгс, С.Билигсайхан, Д.Отгонжаргал нар болон энэ мэт шүлэг бичдэг яруу найрагчидийн шүлгүүд орох болно. Мөн энэ мэт шүлэг бичдэг хэн бугайн ч сайн шүлэг орж болох бололцоотой. С.Оюунтөгсийн энэ номын хоёрдугаар хэсэг бол дан БИШҮБИ шүлэгээс бүрдсэн юм.
“Нүдээ алгаараа даран
Нэрийг чинь шивнэнэ.
Эргэн тойрон нам гүм”
гэх ч юм уу, эсвэл:
“Болжморын жиргээн
Тодоос тод.
Би сарыг хүлээнэ”
гэсэн шүлэгүүдээс бүтэж байгаа юм.
“Гэнэ гэнэхэн түүнийг үгүйлэхдээ
Гэрэлт нэгэн хүслээ би
Алгандаа нуунам” гэсэн нэг шүлэг энд бий. С.Оюунтөгсийн энэ шүлэгүүдийг унших нь түүний алганы хээг уншихтай төслүү. Алганыхаа хээг хүнд харуулдаггүй нэгэн цээр монгол түмэнд бий ч уншигчаасаа юугаа ч нуудаггүй сэтгэл яруу найрагчид бас бий. Тийм учир яруу найрагч сэтгэлийн алгаа таны өмнө дэлгэж байна.
Болгоон соёрхох ажаамуу.

Монгол Улсын төрийн шагналт, зохиолч Дарма Батбаяр

Wednesday, November 18, 2009

Хийсэн vv? Хийсэнгvй

Аав нь хүүгээ загнана.

Би чамайг хогоо шүүрдээд, шалаа угаа гэж хэлсэн. Хийсэн үү? Хийсэнгүй. Балкон дээр байгаа сүүг оруулж ирээд гэсгээчихээрэй гэсэн. Гэсгээсэн үү? Гэсгээсэнгүй. Өөрийнхөө хиртэй оймсуудыг угаачих гэсэн. Угаасан уу? Угаасангүй. Солонгост байгаа эгчдээ захиа бичээрэй гэсэн. Бичсэн үү? Бичсэнгүй. Чиний байж байгаа царай чинь нэг иймэрхүү л байна.

Элбэгдорж гишүүдийг загнана

Өнгөрч буй 2009 оны төсвийг батлахдаа УИХ-аас тусгай тогтоол гаргаж Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн. Төсвийн зарлагыг бууруул гэсэн. Бууруулсан уу? Бууруулсангүй. Төсвийн шинэтгэл хийх саналаа 2009 оны эхний улиралд УИХ-аар хэлэлцүүл гэсэн. Хэлэлцүүлсэн үү? Хэлэлцүүлсэнгүй. Нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болго гэсэн. Болгосонгүй. Төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хий гэсэн. Хийсэнгүй. Бидний ажил нэг иймэрхүү л байна.

Tuesday, January 29, 2008

Радио нэвтрvvлэг

Орой 10 цагаас Салхи 104,5 дээр “Аврах Цагариг” гэдэг нэвтрүүлэгт зочноор оролцлоо. Түүний хөтлөгч нь сэтгүүлч Мөнхбат байсан бөгөөд түүний санал болгосон сэдвүүдээс цагаан сар нь арай сонирхолтой санагдаад байсан тул энэ талаар ярилцлаа.

Миний санаа оноо юу байсан гэхээр Цагаан сар гэдэг маань УУЛ нь сайхан баяр. Ямар ч хоорондоо өстэй хонзонтой, хэрэлдсэн уурлалдсан улс ядаж шинийн нэгний өглөө нэгнийхээ амар мэндийг асуун, гар зөрүүлээд, хөөрөг зөрүүлдэг сайхан уламжлалтай. Түүгээр зогсохгүй ахас дээдсээ хүндэлдэг сайхан уламжлалтай. Бид үүнийг л хойд үедээ заан сургаж, өвлүүлэх болохоос мөнгөтэй золгодог, гарыг нь цайлгадаг гэх мэтийн “ёс” хэмээх шинэ үеийн шинжгүй заншлуудаас хөндийрөх хэрэгтэй гэсэн байр суурьтай.

За тэгээд нэг цагийн нэвтрүүлэгт юу эсийг ярихав. Харин гучин хэд дэхь минутаас утасны үзүүр улайж, лав л эхний хоёр сонсогч “та нар чинь ямар юмны тухай яриад байнаа, хайран цаг, болж л байнашт” гэсэн байр суурьтай байлаа. Нэг эргэж холбогдоод жоохон зөөлөрсөн л дөө. Гэхдээ л бас уур шатаад явсан шүү, хэсэг. Тэр хүмүүст болж л байдаг юм байгаа биз, гэтэл баяр гэдэг чинь нэг иймэрхүү уйтгартай, шал худлаа өөрөө ч хаанаас яаж үүссэнийг нь мэдэхгүй байж зан заншил, ёс ёв ярих хэрэггүй л дээ. Энэнд би өөрийгөө ч хамруулж байгаа юм. Үнэндээ цагаан сарын үүсэл, түүхийг өнөөдөр ярьдаг, жинхэнэ утга учрыг нь бид мэдэхээ байгаад нэг бол хэтэрхий commercialized, эс бол хэт шашинжсан нэг баяр ч юм уу ёслол ч юмуу юмтай үлдэж байх жишээтэй.

Гэхдээ дараагийн хүмүүс арай л зөөлөн, санал нийлж, цагаан сард шүүмжлэлтэй хандаж байсан л даа. Гэхдээ л ул боов хэзээнээс засдаг, хийдэг болов, буузыг хэзээнээс хийдэг болов, хэзээнээс мөрөө гаргадаг болов гэх мэтийн талаар судалж, ул үндэстэй тайлбар, түүх хэрэгтэй гэдгийг л сайн мэдэж байна. Манай баяр л гэж ярьдаг. Гэтэл энэ чинь баруунд бол үүнийг чинь Азийн юм уу Хятадын шинэ жил гэж нэрлэхээс гадна Азийн ихэнх орнууд шинэ жил хэмээн тэмдэглэдэг. Гэтэл бид зөвхөн манайх л юм шиг, бараг л үндэсний баяр юм шиг “гэнэн хонгор” царайлаад олон юм яриад байж болохгүй л дээ. Бид харин энэ баяраас зөвхөн энэ ахас дээдсээ хүндэлдэг ариун цагаахан зүйлийг л авч үлдэх хэрэгтэй, бусдыг нь бол бултаараа хэлэлцэхэд гэмгүй дээ.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш