Showing posts with label Чөлөөт сэдэв. Show all posts
Showing posts with label Чөлөөт сэдэв. Show all posts

Tuesday, September 14, 2010

Бодол хайрласан богино түүхүүд

Нэг завь ба хоёр найз

Хоёр хүн далай дотор бяцхан завиар аялжихуй. Нэг нь өөрийн сууж байсан газрынхаа доош нь өрөмдөж эхлэхэд нөгөөх нь сандран, “Хүүе чи, завиа цоолох нь уу? Даруй наадхаа зогсоогтун” хэмээхэд нь “Зүгээр ээ, би зөвхөн өөрийнхөө талыг л өрөмдөж байна” гэсэн гэдэг.

Япон мастер

Японы нэртэй багш дээр нэгэн их сургуулийн профессор хүрэлцэн ирж, цэцэн мэргэн ухаанаас нь суралцах юм болж. Мастер цай аягалж байна гэнэ. Алдарт багштан, эрдэмтэн профессорын урд тавьсан аягыг дүүртэл цай хийсэн боловч ер тоосон шинжгүй байна. Цай аяганаас хальж, гадуур нь асгарч гэнэ. Хэсэг мөч өнгөрсөний дараа өнөөх профессор тэсэлгүй “аяга дүүрчихлээ шүү дээ” гэж гэнэ. Тэгэхэд нь багштан, “чи яг энэ аяга лугаа адил өөрийн үзэл санаа, бодлоор дүүрэн буюу. Чи өөрийнхөө аягыг хоослохоос нааш хэрхэн цэцэн мэргэнийг чамд заах билээ” гэсэн гэдэг.

Хоёр чоно

Америкийн Индиан өвөө ач хүүтэйгээ хүүрнэж сууна. “Миний дотор эгээ л хоёр чоно хоорондоо дайсагналцаж байгаа лугаа адил санагдана. Нэг чоно нь ууртай догшин, үргэлж өшөө авахыг эрэлхийлэх бол харин өнөөх нь энэрэнгүй, өгөөмөр чоно ажгуу”. Энэ үед ач хүү нь “харин хэн нь тэгээд тулаанд ялах юм бэ дээ?” хэмээн асуухад “хэнд нь би их хоол өгнө, тэр нь ялах жамтай ажгуу” гэсэн гэдэг.

Агуу их түймэр ба асар бага ус

Мексикийн Азтек хүмүүс нэгэн домог өгүүлнэ. Тэр нь юу гэвээс тэртээ жил дэлхийг хамарсан их ойн түймэр гарсан юм гэдэг. Хүмүүс хийгээд араатан амьтад түймрээс дайжин зугтаж, амьд гарахыг хичээнэ. Теколотэ хэмээх шар шувуу ч тэдний адил зугтаж явахдаа нэгэн бяцхан шувуу ойр байх гол гал хоёрын хооронд хэдэнтээ нисэхийг ажиглаж гэнэ. Шар шувуу түүн дээр ойртон хартал, Күэтзал хэмээх шувуу уснаас нэг хутган, гал уруу очин нулимж байх юм гэнэ. “Чи чинь галзуурав уу? Чи ингэснээрээ юуг ч өөрчилж чадахгүй гэдгээ мэдэж байна уу? Амьд гарахын тулд үтэр түргэн дутаа!” хэмээн шар шувуу хашгирч гэнэ. Харин жижиг шувуу түр саатан, “Би өөрт байгаа зүйлээ ашиглан, чадах чинээгээрээ юу чадахаа л хийж байна” гэжээ. Энэхүү домог өнөөг хүртэл уламжлагдан ирсэн бөгөөд жижиг шувуу, шар шувуу болон бусад араатан амьтад, хүмүүсийн хүчээр ойн түймрийг унтрааж, газар дэлхийг аюулаас аварсан гэдэг.

Хятад тариачны үлгэр

Эрт урьд цагт хятад тариачин газраа хагалах ганц морьтой байсан юм байж. Нэг өдөр өнөөх нь алдуурч, хол газар давхин одоход хөршүүд нь ихэд өрөвдөхөд өвгөн тариачин “сайн уу муу юу, хэн мэдээ аж” хэмээн өнгөрч.

Долоо хоногийн дараагаар өнөөх морь нь зэрлэг азарга адуу дагуулсаар ирэхэд хөршүүд нь баярлалдан атаархахад өвгөн “сайн уу муу юу, хэн мэдээ аж” хэмээн өнгөрч.

Гэтэл тариачны хүү нэг зэрлэг адууг унан, булгиулж байхдаа шидэгдэж, хөлөө хугалж гэнэ. Хөршүүд нь мөн л шогшролдож эхлэхэд, өвгөн “сайн уу муу юу, хэн мэдээ аж” хэмээн өнгөрч.

Хэдэн долоо хоногийн дараагаар хааны албат цэргүүд тосгонд ирж, эрийн цээнд хүрсэн бүх эрчүүдийг цэрэгт татан авч явахдаа хөлөө хугалсан өнөөх хүүг нь орхиод явжээ. Одоо харин сайн уу муу юу, хэн мэдлээ.

Соломон хааны мэргэн ухаан

Цэцэн цэлмэгээрээ алдартай Соломон хаан дээр хоёр эмэгтэй маргаанаа таслуулахаар иржээ. Хоёул нярай хүүг минийх хэмээн мэтгэлцэнэ. Хэргийг шүүхэд бэрх байсан тул хаан нэгэн арга сэдэж олсон бөгөөд нярай хүүг хоёр хэсэг хуваан, хоёуланд нь өгөх саналаа хэлж гэнэ.

Эхний эмэгтэй хааны хэлсэнийг зөвшөөрөн “хүү минийх ч, тэрнийх ч биш байг. Хэрэв би хүүг авч чадахгүй бол тэгсүгэй” хэмээн уйлан дуугарахад харин хоёр дахь эмэгтэй Соломон хаанаас хүүд гар хүрэхгүй байхыг гуйн “түүнд хүүг өгөгтүн. Хүүгийн амийг авсанаас би үрээ алдсан нь дээр” хэмээжээ. Соломон ч түүнийг хүүгийн эх мөн хэмээн түүнд өгөх тушаал буулгажээ.

Friday, February 19, 2010

Ерөнхийлөгчийн илгээсэн утсан мессеж буюу “Засаглал 2.0”

Шинэ он гараад нэгэн содон бэлэг гар утастай хүн болгонд шахуу ирсэн нь Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээ байлаа. Тэрхүү мэндчилгээнд “Танд шинэ оны баярын мэнд хүргье. Танаас Монгол орны хөгжил хамаарна. Та Монголынхоо нэрийг сайнаар гаргаж чадна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. ЭЛБЭГДОРЖ” гэсэн утсан мессежийг та ч бас өглөө босоод уншсан бизээ. 

Wednesday, February 18, 2009

Сумо гардаггүй Сайн eдeр

Өглөө юу юу ч болоогүй байхад 10 гээд сэрчих юм даа. Уул нь жаал амарч байгаад босюу гэсэн юмсан. Энд бол яг л “юу юу ч болоогүй байхад” гэдэг хэллэг яв цав тохирно. Эхнэр босоогүй, банштай цай чанаагүй, халуун ус ирээгүй, хүүхдүүд сэрээгүй, хогны машин дохиогоо хангинуулаагүй байхад шүү. Тэгээд ч өнөөдөр бусад Сайн өдрүүдээс нэг их ялгараад байхааргүй ч гэсэн сумо гарахгүй гэхээр л боож үхмээр, эс бөгөөс дэрэндээ толгойгоо наасаар өдрийг өнгөрөөмөөр.Одоо хэрэв ингээд босоод ирэх юм бол эхнэр азны юм гээд хоол цай дөхүүлэх, хүүхэд шуухад саатуулах, хог хуйгаа цэвэрлэх, хүнс бараа цуглуулах гэх зэрэг ажилд дайчлах нь мэдээж.

Зүгээр л хоёр нүдээ сэрүүнээрээ аниастайгаар сайн өдрийг дуусгамаар. Сумо миний амьдралд ямар их байр суурь эзэлдэг болсон юм бэ. Зарим хүмүүс ойлгохгүй ч ихэнх эрчүүд надтай санал нийлэх биз ээ. Сумо гардаг болсоноос хойш сар өнжөөд л хоёр долоо хоног миний завгүй, бас сайхан зантай гэж жигтэйхэн. Тэр миний яав, энэ маань яачив энэ тэр гэж хамт мэх хийсээр байтал хоёр цаг тун хурдан өнгөрөх боловч оройжингоо түүнийгээ бодоостой бөгөөтөл маргааш тэр хоёр яаж барилдах бол гэхээс орондоо орсон хойно ч гэсэн гарын хөлс гараастай. Шөнө зүүдэндээ хүртэл зүйрлэмгүй хүчтэй сумочидтой ач тач үзэж байна хэмээн эхнэрээ хэдэн удаа цуппаридаж, хоёр удаа өрц үрүү нь тийрээд авсан тал бий.

Сумо гардаггүй байхад, Батбаярыг макүүчид дэвшээ ч үгүй байхад Сайн өдрийг яаж өнгөрөөдөг байсныг санах хэмээн нилээд юм болов. Тиймээ, эхнэр хүүхдүүдтэйгээ салхинд гарч, сайхан хоол хийж идэн, эсвэл үзвэр үзэнгээ үнэ багатай ч цэвэрхэн зоогийн газарт эхнэрээ урин, их л эрхлэнгүй хоолыг нь халбагадан өгдөг байж билээ. Сумо гардаггүй байхад хүүхдүүдээ дагуулан өвөл нь бол цанаар гулгаж, зун нь бол уул өөд өчнөөн авирдаг байсан сан. Гэрээр дүүрэн хүүхдүүдийн инээж хөхрөх, эхнэрийн тоглоом шоглоомоор тэднийг зандрах дуу хадаж, өрөөсөн оймсоо хайн өдрийн талыг авах мөртөө эхнэртээ сээтэн хаян өмнө хойно нь орон далжигнана. Сумо гардаггүй байхад хийх юм яасан их байсан юм бэ? Бага багаар сумо гээчийн амтанд нь орсоор нэг л мэдэхэд сайн өдөрт түүнээс өөр сайн юмгүй, үзэхээс өөр хийх юмгүй л болсон дагуудаа. Гэдэс гүзээ ч сунаж, гэргийн царай ч гундаж. Сумочдыг харсаар байтал өөрөө ч тэднээс ялгагдахгүй нэгэн болж хувирах юм аа. Гол ялгаа нь гэвэл тэд муу ч сайн ч сумотой сайн өдөр ажлаа хийж, авдагаа авдаг бол би гэдэг мулгуу амьтан тэрийг нь ч бодох сэхээ байхгүй, амь амьдралаа тавиад тууж байгаа ч юм шиг.

Иймэрхүү бодлууд өнөөдөр л орж ирж байгаа ч юм биш. Сумо гардаггүй 40 Сайн өдрийн ихэнхэд нь иймэрхүү л юм бодож хэвтлээ. Өнөөдрийг нэг өөрөөр өнгөрөөж, ядаж дараа сарын барилдаан хүртэл хэдхэн сайн өдөрт идэвхтэй байхсан, салхинд гарахсан, эхнэрээ дагуулаад дэлгүүрээр хэсэхсэн, үзвэр мүзвэр үзэхсэн хэмээн хүчлэн бодовч, сумо гарахгүй гэхээр л ямар ч утгагүй санагдах юм. Яршиг, ингэж хэвтсээр байгаад л өдрийг өнгөрөөхөөс. Энэ өдөр сумо гардаггүй сайн өдрүүдээс ялгарах юм нэг ч байхгүй байх болно. За байз, түрүүчийн сард ч Дагваа аварга мөн сайхан ялсан шүү. Тэр хэнийг мөн сайхан хаяж билээ.

Tuesday, October 21, 2008

Монголын блогчид нэгдэгтvн!

Блог гэдэг нь зөвхөн хувийн тэмдэглэл байхаа болиод мэдээ мэдээллийн гол найдвартай эх сурвалж болж, олон өөрчлөлтийг нийгэм улс төрд хүртэл авчрах хэмжээнд хүрчээ. Монголын блогчид ч гэсэн өдөр бүр бичиж, болох болохгүй байгаа бүхний талаар зоригтой дуугарч байна. Мэдээж таны унших дуртай олон блогууд үүний нэг жишээ гэж бодном.

Харин энэ удаа бид улс төрчдөд нөлөө үзүүлэх зорилгоор блогын талбараа ашиглан олон нийтээс гарын үсэг зуруулах кампанит ажил өрнүүлбэл ямар вэ хэмээн уриалж байна. Энэ нь 7 сарын 1-ний үймээнээр хэлмэгдсэн “улс төрийн хоригдол” болоод байгаа насанд хүрээгүй хүүхдүүдэд тэнсэн олгох шаардлагыг төр засаг, хүний эрхийн байгууллагуудад тавих явдал юм. Үүнийг бид эвсэж чадвал тун сайн хийж чадна гэж итгэж байна. Хэрэв та санал нийлж байвал өөрийнхөө блог дээр энэ бичлэгийг тавьж, хамтран гарын үсэг цуглуулах ажилд нэгдэцгээе. Та санал сэтгэгдэл дээр саналаа үлдээгээрэй.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш