Showing posts with label Ёгтлол. Show all posts
Showing posts with label Ёгтлол. Show all posts

Tuesday, September 14, 2010

Америкийг Ямар Хүмүүс Удирдаж Байна Вэ?

Уошингтон хотод байрлах Америкийн нэгэн авиа компанийн тийзний худалдагч Америк яагаад уналтын байдалд орсоныг хэдэн жишээгээр тайлбарлаж байна. Түүний өгүүлсэнийг сийрүүлбэл. Нэг удаа Нью Хампшир хотын конгрессын гишүүн хадагтай утасдаж, цонхноос зайдуу суудал захиалж, ингэснээрээ түүний үс нь хийсэхгүй амар хэмээн тайлбарласан гэнэ.


Бас нэгэн удаа нэр дэвшигчийн албаны хүн утасдаж, Capetown явах тухайгаа хэллээ. Би түүнд аялалын урт, гадаадад зорчих паспортын тухай мэдээлэл зэргийг тайлбарлаж эхэлтэл тэрбээр намайг тасалж “би таныг эвгүй байдалд оруулмааргүй байна. Гэхдээ Capetown чинь Массачусэтс мужид байдаг байхгүй юу” гэдэг байгаа. Харин би түүнийг эргүүлээд эвгүй байдалд оруулахыг хүссэнгүй “Capetown чинь Африкт, харин Cape Code хот бол Массчусэтс хотод байдаг” хэмээн эелдэгээр хэлтэл утас торхийх чимээ л сонстсон юм.

Бас нэг удаа Вэрмонтын нэгэн ахмад Конгрессмэн ихэд ууртайгаар Флорида уруу явсан аялалынхаа тухай ярьж гарлаа. Би түүнд Орландо хотод хийсэн амралт нь яагаад сэтгэлд нь хүрээгүй талаар эелдэгээр асуутал, тэрбээр далай руу харсан цонхтой өрөөнд бууна гэж бодсон гэж байх юм. Би эрхэмд Орландо хот нь далайгаас хамаагүй зайтай, мужийнхаа төвд байрладаг болохыг хэлтэл “битгий худал хэл. Би газрын зурган дээрээс харсан. Флорида муж чинь аягүй нарийхан шдээ” гэдэг байгаа.

Нэг удаа хууль тогтоогчийн эхнэр над уруу утасдан, “Канадаас Англи улсыг харж болох уу?” “Үгүй” хэмээн намайг хариулахад “Харин газрын зурган дээр аягүй ойрхон харагдаж байнашт”.

Засгийн газрын кабинетын гишүүний туслах нэг удаа утасдаж, Далласт очоод машин түрээсэлж болох эсэхийг асуув. Би тэдний захиалгыг татаж гарган хартал, тэд зөвхөн ганц цаг л Далласт саатаад цаашаа нисэх байлаа. Би түүнээс яагаад машин хөлсөлмөөр байгааг асуутал “Далласын онгоцны буудал том гэж сонссон, тиймээс цаг хэмнэх үүднээс цааш нисэх онгоцныхоо хаалга уруу машинаар очих гэсэн юм”.

Иллиной мужийн Конгрессын гишүүн хадагтай өнгөрсөн долоо хоногт утасдав. Тэрбээр Детройтоос түүний суусан онгоц нь 8:30-аас ниссэн мөртөө Чикагод 8:33-т буусныг ойлгохгүй байна гэв. Би түүнд Мичиган муж нь Иллиной мужаас нэг цагын зөрүүтэй байдаг хэмээн тайлбарлах гээд ойлгуулж чадсангүй. Адаг сүүлд нь би түүнд онгоц аймаар хурдан ниссэн байхгүй юу гэсэн чинь итгэдэг байгаа.

Нью Ёоркын хуульч утасдаад “онгоцны компаниуд хүний ачаа тээшийг алдахгүйн тулд тэр хүнийх нь гадаад төрхийг бичдэг болчихсон юм уу?” гэхэд нь би “Үгүй. Та яагаад ийм юм асуух болов?” гэтэл тэр “Би ачаагаа тушаах гэтэл тэд миний тээшин дээр FAT гээд хэвлэсэн байх юм. Би жин ихтэй л дээ, тэгээд ч энэ нь тун бүдүүдэг явдал гэж бодож байна”. Би түүнийг утсаа барьж байхыг хүсээд шалгах явцдаа хөхөрч байлаа. Би түүнд Калифорни мужийн Фрэсно хотын код нь FAT болохыг тайлбарлаж өгсөн.

Сенаторын туслах Хавай уруу нисэх нислэгийн талаар асууж байв. Нилээд хэдэн үнийн саналыг сонссоны дараагаар тэрбээр “хэрвээ Калифорни хүртэл онгоцоор нисээд, тэндээсээ Хавай хүртэл галт тэргээр явбал арай хямдхан тусах уу?” гэдгийн.

Эхний жилдээ ажиллаж байгаа Конгрессмэн утасдаж, өөрнийхөө суух онгоцыг хэрхэн мэдэх тухай лавлав. Би түүнээс ямар учиртайг нь лавлатал, миний нисэх онгоцны дугаар нь 823 гэсэн боловч бүх онгоцнууд нь номергүй юм байна шдээ” гэдэг байгаа.

Эмэгтэй Сенатор утасдаад “Би Флоридагийн Pepsi Cola хот уруу нисэх хэрэгтэй байна. Би нөгөө жижигхэн computer (commuter гэж байгаа царай нь) онгоцонд суух уу?” гэхээр нь “коммьютер онгоцоор Флоридагийн Pensacola хот уруу ниснэ гэж үү?” хэмээн лавлатал “whatever, ухаантан гуай” гэдэг байгаа.

Ахмад Сенатч утасдаад Хятад уруу явахад ямар төрлийн бичиг баримт шаардлагатайг асуув. Би түүнд паспортын талаар удаан тайлбарласны эцэст түүнд бас виз (visa) шаардлагатайг сануулав. “Өө надад хэрэггүй ээ. Би урд нь олон удаа Хятадад очиж байсан. Надад тэрний хэрэг ерөөс гараагүй” гэв. Би шалгаж үзсэн боловч яах аргагүй виз хэрэгтэйг хэлтэл “Сонсож бай. Би урд нь дөрвөн удаа очиж байсан. Тэр болгондоо би American Express-ээ хэрэглэж болоод байсан юм даа” гэдгийн.

Нью Мексико мужийн Конгрессын гишүүн хадагтай утасдаад Чикаго хотоос Нью Ёоркын Rhino (хирс) хот уруу нисэх захиалга өгөв. Би түүнээс наадах чинь хотын нэр мөн юм уу хэмээн асуухад “Тийм ээ, ямар нислэгүүд байна?” хэмээн асуув. Би нилээд хайсны эцэст “Уучлаарай. Би тийм нэртэй хотын кодыг ерөөс олсонгүй”. “Битгий балайраад бай л даа. Хүн болгон л мэддэг шүү дээ. Газрын зурагнаас шалгахгүй юу”. Би тэгээд л Нью Ёорк хотын газрын зурагнаас Хирс нэртэй хот хайсан боловч, байдаггүй. Тэгэхээр нь би аргаа бараад “Та арай Буффало (бизон) хотыг хэлээгүй биз дээ?” гэхэд “За за, нэг л том амьтны нэртэй гэдгийг нь мэдээд байсан юм аа” гэдэг байгаа.

Америк улс иймэрхүү хүмүүсийн гарт л байгаа юм даа, эрхэм уншигч минь.

(c) Translated by MongolMedee.net online magazine.

Орчуулгын нэртэй “оршуулгын” товчоо

Олон жилийн өмнө Дэнвэрийн Мэдээ сэтгүүлийн нэгэн дугаарт доорхийг гаргажээ. Эрээн авдарнаас олж гаргаж ирлээ.

Дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй “ко” хүмүүжил уул нь их л хэрэгтэй санж. Сүүлийн арав гаруй жилд Орчуулгын нэртэй нотариатын үйлчилгээний газрууд олноор байгуулагджээ. Хэдэн жилийн өмнө тэдний нэгнээр нь орж, тамга даруулах санаатай гэрчилгээний хуулбарархуу юм хийлгэсэн чинь, тусгай формыг компьютер дээрээ нээж өгөөд, нэрийг нь солиод гаргаад ирсэнийг нь үзэхүл харь хэлэндээ хариугүй маньд нь хүртэл “эмгэнэлийн бичиг” болж харагдаад байгаа юм чинь.

Гэтэл саяхан бас нэгэн “эмгэнэлийн бичгийг” санамсаргүй шахам олж уншаад, дутагдлын хажуугаар дорой ч гэсэн дуу гаргахаар шийдлээ. Энэхүү газар нь манай нэгэн нэр хүндтэй, өөх махтай намын байрнаа үйл ажиллагаагаа эрхлэн явуулдаг болохоо тодорхой бичжээ. Хэдхэн цөөхөн үгийг махчилан орчуулахийг чармайсан нь ясыг нь тултал махыг нь иджээ. За яахав, мань хэд нь нэг юм ойлгоод байх боловч тэр орчуулгыг үзсэн англи хэлтэй хүмүүс ямар их шоконд орсон болдоо гэж бодохоос өнөө орой унтахаасаа хүртэл татгалзмаар санагдана.

Энэ нь эгэл нэгэн дунд сургууль төгссөн гэрчилгээн хуулбар байх бөгөөд толгойд нь “Capital eleven-year ... secondary school” хэмээн бичсэнийг бол “Нийслэлийн арван нэгэн жилийн ...-р арван жил” хэмээн төвөггүй ойлгож болох хэдий ч нэг л утга уянгагүй, ужиг гажиг сонсогдоно.

За тэгээд цааш нь бол хичээлийн нэрсүүдийг Physical culture (Биеийн тамир),

Literature of foreign countries (Дэлхийн уран зохиол), Describe line (Шугам зураг), Picture (Уран зураг) гэхчилэн орчуулсан байх аж. Энэ дэлхий дээр дор хаяж 73 улс гүрэн англи хэлийг албан ёсны хэл хэмээн зарласан буюу хэрэглэдэг гээд үзэх ахул магадгүй эдгээр улсуудын нэг нь ч гэсэн иймэрхүү үгээр илэрхийлдэг байж болох ч байж мэднэ. Гэхдээ л хэл эвлэж, нүд дасч өгөхгүй хэцүү дамшигууд байна. Энэ нь миний арван центны бодол бөгөөд та ч саналаа харамгүй хуваалцаарай.

Tuesday, February 02, 2010

Юун оюуны өмч вэ? Юу юм бэ тэр чинь

-Юун оюуны өмч вэ? Юу юм бэ тэр чинь гэж Монгол Ньюс компани буюу Өнөөдөр сонин таны өөдөөс хэлж байна

Би анх хуудас нээгдэхэд NYTIMES руу орчихлоо гэж бодоод хөшчихөж, эхнэр маань намайг удаад хөдөлгөөнгүй болохоор нь ирээд нүүрний өмнүүр гараа саваад бас чихдэж байж намайг хөшөөнөөс гаргалаашд, ёо ёо. Жаахан webdesign хийчихдэг хүн яг дууриалгаад хийчихнэ л дээ, Ганцхан Georgia гэдэг фонтийг нь Arial-аар солисон байна. Өмнөөс нь ичиж үхмээр гэж, Монгол ньюс компаний өмнөөс. Хулгай гэвэл www.mongolnews.mn-ийг хардаа.


Улаан цагаан хулгай хийсэн байгааг Миний америк найз битгий харчихаасай билээ!
Юун Brand name Юун Нөгөө үнэн шударга Юун оюуны өмч вэ? Ийм юм яридаг нөгөө сонин маань будаа будаа, Энэ дезайн хийсэн хүнийг буруутгамгүй, харин энэ компанийг ямар хүмүүс удирддаг юм болдоо гэсэн шүү зүйл толгойд эргэлдээд л. Овоодоо гэж бодож байсан сонин маань шүү. Тэд NYTIMES.COM гэж бичээд монголын тухай мэдээлэл хайгаагүй гэвэл өөрсдийгөө энэ ертөнцийн хаагуур нь явж байсан гэж мэлзэх болж байна аа. Нөгөө юун гуя гэдэг шиг...
Бид ч ер нь болоогүй л байгаа юм байнаа гэж.

Wednesday, November 18, 2009

Хийсэн vv? Хийсэнгvй

Аав нь хүүгээ загнана.

Би чамайг хогоо шүүрдээд, шалаа угаа гэж хэлсэн. Хийсэн үү? Хийсэнгүй. Балкон дээр байгаа сүүг оруулж ирээд гэсгээчихээрэй гэсэн. Гэсгээсэн үү? Гэсгээсэнгүй. Өөрийнхөө хиртэй оймсуудыг угаачих гэсэн. Угаасан уу? Угаасангүй. Солонгост байгаа эгчдээ захиа бичээрэй гэсэн. Бичсэн үү? Бичсэнгүй. Чиний байж байгаа царай чинь нэг иймэрхүү л байна.

Элбэгдорж гишүүдийг загнана

Өнгөрч буй 2009 оны төсвийг батлахдаа УИХ-аас тусгай тогтоол гаргаж Засгийн газарт тодорхой үүрэг өгсөн. Төсвийн зарлагыг бууруул гэсэн. Бууруулсан уу? Бууруулсангүй. Төсвийн шинэтгэл хийх саналаа 2009 оны эхний улиралд УИХ-аар хэлэлцүүл гэсэн. Хэлэлцүүлсэн үү? Хэлэлцүүлсэнгүй. Нийгмийн халамжийн бодлогыг оновчтой болго гэсэн. Болгосонгүй. Төрийн байгууллагад бүтцийн өөрчлөлт хий гэсэн. Хийсэнгүй. Бидний ажил нэг иймэрхүү л байна.

Monday, September 07, 2009

Хүн чи Бурханы өмнө бууж өг!

Хэн болгоны өгөөд байдаггүй нэгэн шинжилгээг эртээд өглөө. Бүдүүн гэдэсний болон ходоодны шинжилгээ хэмээх тарчлаан залхаан айлган зүрх үхүүлэх тактиктай нэгэн “гайхамшигтай” юмыг өгч үзлээ. Зүгээр тэр ёогагаар хичээллэдэг, амьд могой залгидаг хүмүүст бол ч гайгүй л байх.

Амандаа хийсэн хуруу зузаан өөхөө хоёр зуу зажилж зажилж, горойхийн наагуур залгадаг мань шиг хүнд бол их л ахадсан эгчидсэн аавдсан ээжидсэн даваа юм билээ. Амьдаараа хоолойгоороо тороос оруулаад түүнийх нь ходоодон дотор гүрвэлзэх хөдөлгөөн бүрийг нь мэдэрч, хөдлөх бүрт нь эмзэглэнэ гэдэг бол нээрээ хүсээд байх зүйл биш юм. Тэгээд бас тааваараа хашгирч харааж болохгүй, шүдэндээ нэгэн зүйлийг тас зуураастай.

Тарчлаах ажиллагааны эхний шат дуусангуут дараагаар нь анус руугаа бас л нэг тороос чихүүлээд, хөдөө газар таваараа өвсөн дээр тарж хэвтсэн лугаа адил хөлөө ачаад хэвтэж байхдаа хүн гээч амьтан чинь дээр саран дээр очлоо, дэргэдээ диваажин байгууллаа, iPod бүтээлээ, аймаар мундаг эм хийлээ л гээд байдаг, гэтэл хамгийн үнэтэй гээд байдаг хүн эрдэнийхээ эрүүл мэндийг зүгээр ч нэг ёо гэлгүй үзчихдэг төхөөрөмжөрхүү юм бүтээж чадаагүй л байгаа юм шүү, Бурхан минь. Тэгсэн мөртөө бас саранд хуцахтайгаа шүү.

Бас бодож байна. Мод ургах, байшин барих хоёр уул шугамандаа агаар нэгэн юм. Харамсалтай нь мод нь үндэстэй бөгөөтөл дээшээ ургадаг, цаг нь болохоор мажийдаг байтал байшин нь бас л үндэстэй буюу суурьтэй бөгөөтөл нэг л барьсан бол ургах гэдгийг хэзээ ч мэдэхгүй “барам” бөгөөд цаг нь болохоор мажийдаг нь модтой төстэй боловч цаг нь үнэндээ цахилах төдий л юм дагуудаа. Саваагүй нохой саранд хуцаж, баастай хүмүүн Бурхантай арцалданаа гэж.

Thursday, April 02, 2009

Сайхансамбуу 2

Аа бас Чухал Яриан дээр нэг зүйл гарлаа. Сэтгүүлч хөтлөгч залуу хамгийн сүүлчийн асуулт болох Сайхансамбуугийн машины хоббины талаар асуугаадхав. Санаа нь бол хэдэн машинтай вэ гэж. Гэтэл Сайхансамбуу эргүүлээд хийчих шиг болдог юм. Юу гэхээр “Танай захирал чинь ч гэсэн машины хоббитойштээ... Батсайхан” гэдэг юм. Одоо болтол NTV-ийн захирал нь Уламбадрах гэж боддог байтал энэ ТВ бол Капитал Групп буюу АПУ компанийн харьяа гэдгийг нь тодруулж өгч байгаа явдал боллоо.

Угтаа бол хөтлөгч залуу “манай Ука захирал уу” гээд л яриаг нь таслах байсан шиг байгаа юм. Гэхдээ асууж байгаад түүний зургаан машин нь нийтдээ 300 000 доллар болдог, хамгийн үнэтэй нь 200 000 ногооноор авсан, захиалгаар хийлгэсэн уртасгасан Hummer jeep гэдгийг нь хэлүүлж дөнгөв.

Wednesday, April 01, 2009

Урхидуулсан уу?

Сүүлийн үед хаа сайгүй нэр нь дуулдах болсон яршигтай нэгэн киноны балгаас болж олон шинэ бизнесүүд цэцэглэн хөгжих болсон байна. Тэдний заримаас нь дурдвал:

Урхидуулсан эрчүүдийг аврах “Унаган Хэл” эх оронч хөдөлгөөн
Та манай хөдөлгөөнд нэгдсэнээр орой бүр 10 цагаас цугларч, хамтдаа Эхнэрийн Урхи киноны дууг монгол хувилбараар дуулан, киноны аялгаар, киноны хэллэгээр ярьдаг болсон хэл ярианы гажгийг засахад туслана. Курс эмчилгээ нь кино дуустал үргэлжлэх тул яарахгүйгээр бэлтгэлтэй ирэх хэрэгтэй.

Урхидуулсан эмэгтэйчүүдийн хордлого тайлах төв
Та манай төвөөр үйлчлүүлсэнээр цэнхэр дэлгэцэн дээр гарч буй киноны баатруудтайгаа ярьдаг, тэдэнтэй хамт зовж, хамт бэртдэг, шөнө хар дарж зүүдлэх зэрэг хордлогнуудаас монгол киноны тусламжтайгаар эмчилгээ хийнэ.

Урхидуулсан хүмүүсийг Солонгосын газар нутгаар аялуулах
“Гүнжээ” аялалын төв

Та манай төвд хандсанаар үзэсгэлэнт Солонгос орноор аялуулж, Эхнэрийн Урхи хэмээх гайхамшигт киноны зураг авсан газар нутгуудаар аялуулах болно. Аялалын үеэр кино жүжигчдийн кино зургын үед эдэлж хэрэглэж байсан чихрийн цаас, идэж байгаад хаясан шарсан төмс, талхны үйрмэг, ариун цэврийн цаас зэргийг хайх хөгжилтэй бас дурсгалтай олон уралдаант тоглоомуудыг таныг хүлээж байна.

Урхидуулсан охидуудад косметик хагалгаа хийх “Гүнжээ” хувийн эмнэлэг
Таныг хайртай жүжигчинтэйгээ улам адил болгох үйлчилгээг бид үзүүлнэ. Харин бид таны албан ёсны нэрийг солих боломжгүй бөгөөд үүнийг бидэнд биш Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвд хандана уу. Манайх Баянзүрх дүүргийн хүнсний захын подвальд байрладаг бөгөөд хажуудаа хайртай жүжигчинтэйгээр адилхан хувцаслах боломж олгож, хувцасны дэлгүүр шинээр нээлээ.

Урхидуулсан эмэгтэйчүүдэд хэл ярианы дасгал заах
“Хадам ээж” сургалтын төв

Яаж түүнтэй адилхан ярьдаг болох вэ хэмээн санаа зоволтгүй боллоо. Таныг хайртай жүжигчидтэйгээ адилхан ярьж, хэрэлдэж, орилоход сургана. Ирээд үз. Манай хичээлийг мэргэжлийн жүжигчид буюу UBS-ын кино албаны дуу оруулагчид заана.

Урхидуулсан үзэгчдэд зориулсан “Гүнж” солонгос хоолны газар
Хайртай жүжигчид тань тамшаалан иддэг бүх төрлийн солонгос хоол манайд бий. Ялангуяа орой 22 цагаас хойш хүн ихтэй болдог тул урьдилан захиалга өгөхөө мартуузай.

Урхидуулсан төрийн түшээдэд айж ичихгүйгээр киногоо үзэх “Солонгосын өнөөгийн асуудлаар” сэдэвт олон хоногийн сургалт
Тэд ч гэсэн хүн хэмээн хүнлэг сэтгэлээр эрх тэгш хандах үүднээс дээрх сургалтыг орой бүр 22-24 цагийн хооронд нээж байна. Таныг кино үзэхгүй харин сургалтад сууж байгаа гэх итгэл үнэмшлийг төрүүлэх бүх зүйлийг бид хийсэн. Сургалт дуусахад бид гэрчилгээ олгох тул эргэлзэх хэрэггүй.

Сайхансамбуу сайхан ярьж байна

Сайхансамбуу гишүүн NTV-ийн Чухал Яриа гэдэг нэвтрүүлгээр ярилцлага өгч байхыг хальт сонслоо. Ингэж байна [сийрүүлэв].

“Нарантуул зах надад ямар ч хамаагүй болсон. Тэнд 250 гаруй хүн ажиллаж байна. Тэд өдөр тутмын ажлыг хийж байгаа.

(хэдхэн өгүүлбэрийн дараа) “би бас эндээс чинь улсад татвар төлнө шүү дээ.” “би өөрөө захаар байнга үйлчлүүлж, хэрэгцээтэй зүйлээ цуглуулдаг. Зарим нь ч намайг таньдаггүй. Зарим нь таниад Сайхансамбуу гуай явж байна л гэдэг юм”.

“Яагаад захыг битүү болгож болдоггүй юм бэ?”

“Гурван тайлбар байна. Нэгдүгээрт, монголчууд ил задгай захаар хэдэн үеэрээ үйлчлүүлсэн тул битүү захад ерөөс худалдаа хийж сурахгүй. Тэд хүссэн үедээ тамхи татаж, шүлсээ хаядаг тийм л газар хэрэгтэй. Хоёрдугаарт, галын аюул байна. Бөмбөгөр худалдааны төвийг харж байна уу. Манайхан бас биенийгээ шоглох, бас өрсөлдөх дуртай улсууд. Шатвал яана. Гуравдугаарт, би германуудаар 40 саяын битүү дээвэртэй захын төсөл гаргуулчихсан байгаа. Энэ 40 сая доллараар битүүлчихвэд эргээд би тэр мөнгийг лангуунаас олно гэж байхгүй. Дүнжингаравыг хар, тэрийгээр хүмүүс очихгүй. Нэг лангуу нь л гэхэд сарын 600 доллар байх жишээтэй. Гэтэл тийм их үнээр ямар наймаачин түрээслэхэвдээ”

Tuesday, March 24, 2009

Эх орон 4 sale

Энд дэлгүүр ажиллаж байна. Энэнээс цаашхи газар нутгыг үнэ тохиролцон зарна. Утас: 0001 УБҮ, 0002 УБҮ

Намайг нэг шагнаач, би юм хиймээр байна

Гавьяа байгуулаагүй нэгэн нөхөр улсын ерөнхийлөгчөөс төрийн дээд одон медаль гардан авна. Тэрбээр хээв нэг байх агаад болох ёстой юм болж байгаа, бараг оройтож боллоо гэсэн шиг дүр эсгэн цээжээ түхийлгэн энгэрээ цоолуулна. Гарч ирэнгүүт үүдэнд нь арван хэдэн телевизийн арван хэдэн өмхий микрофонуудыг аманд нь угж мэт тулгана. “Төр засагтаа баярлалаа. Аав ээждээ баярлалаа. Ажлын газрынхандаа баярлаа. Хамт тоглож өссөн багын найз нартаа, намайг ирлэж хөглөж өгсөн дайснууддаа баярлаа гэх зэргээр Монгол улсын хоёр сая илүү иргэдэд бүгдэд нь баярласнаа илэрхийлнэ.


Хамгийн гачлантай нь даруухан байхыг ихэд чухалчлах бөгөөд энэхүү шагнал нь түүний хийсэн зүйлд нь бус хийх гэж байгаа зүйлд нь өгсөн гэдэгт бат итгэж байгаагаа илэн далангүй ярина. Энэ томьёоллоор бол шагнал хүртэнэ гэдэг бол залхуу хүнийг нэг юм хийгээчээ гэж өгч байгаа урмын ташуур гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс би нэг Хөдөлмөрийн баатар юм уу, за байгээ гэхнээ гавьяат ажилтан цолоор шагнуулмаар байна. Тэгвэл л овоо юм хийх гээд байна.

Tuesday, March 17, 2009

Сайд та сайн бай л даа

Төрийг түшиж, түмнийг амруулах амар үгүй ажилтай эрхэм сайд та сайхан шинэлж байна уу? Төрөө шүтэж, түмэн олноо бараадсан би вээр сайхан шинэллээ. Дэвэн дэлхийгээр таран суусан таны нууц амраг, нуугдмал хүүхдүүд, хамаатан садан, үр ач нар тань сайн суугаа гэдэгт итгэж байна. Таныг саяны үймээн самуунаар сайд гэдэг ямба ихтэй, ядаргаа багатай ажилд тохогдсоныг дуулаад үүнийг Цагаан сарын шинийн нэгний билэгт сайн өдөр бичиж сууна.

Таныг яагаад сайд гэж нэрлэснийг мэдэх үү? Учир нь та сайн учраас. Монгол хэлний үсгийн дүрэм нь сайдад хүртэл үйлчилдэг л юм бол олон тооны “д” дагаврыг та нарт залгаснаас биш уул шугамандаа Боловсролын сайн, Үйлдвэр худалдааны сайн нь та юм шүү дээ.

Харин алганы нөгөө талд бас нэг ийм үг бий. “Нохойгүй газрын гахай нь хуцдаг” юм. Хуцах нь хүртэл хээрийн боохойг баас алдуулдаг хоточ сайн нохойтой айлын эзэн амар тайван унтаж чаддаг болой. Хонь мал нь ч шөнөдөө айж цочих юм үгүй, тарга тэвээрэг ч сайн авдаг гэлцэх. Та тийм сайн нохой болсондоо сонгогдоогүй л дээ. Харин нохой нь алга болчихсон юм аа. Хоёр зуу гаруй жилийн шашны “тархи угаалга”, далан хэдэн жилийн Хэрээмлийн дарангуйлал чанга хуцсан нохойнуудынх нь зүрхийг нь хэлтэй нь сугалж хаяад, үлдсэн хэдийг нь унхиагүй болгоод хаясан юм. Тиймээс та хэдий гахай ч гэсэн зоригтой хуцна шүү. Нөгөө үгээр хэлбэл сайн гахай байна шүү. Гахай гэлээ гээд та баахан дургүй байна уу. Саяхан нэгэн ухаант хүмүүн надад өгүүлэхдээ гахай гэдэг амьтан чинь нохойноос ч ухаантай юм шүү хэмээн ихэд нухацтай өгүүлсэн юм. Бараг л энэ дэлхийн хамгийн ухаантай амьтан юм биш үү? Одоо та хэр баяртай байна даа?

Сайн ах аа, та ууж идэхдээ учиртай байна шүү. Энэ нь хараал бус, харин ерөөл байх болтугай. Учир нь таныг улсын хармаа луу гараа шургуулаад атга дүүрэн алт мөнгө авах болгонд өлсөж өлбөрч байгаа үр хүүхдүүд, үүдэнд чинь тантай уулзахаар хэдэн сарыг элээж байгаа өвгөд хөгшид, гадаад улсуудад бол олгой авахтай адил амархан болсон өвчнөөр өвдөөд, эмчилгээгүй хэмээн өнөө маргаашгүй үхлээ хүлээж байгаа өвчтөнгүүд таны нүдэнд харагдах болтугай. Дахин хэлье, энэ нь хараал бус харин ерөөл юм шүү. Хэрэв та авсан идсэнээсээ илүү, хийсэн бүтээсэн тань их байх аваас та дахин сонгогдож, сайнаа батлах нигуур буйг баталж байна. Урд талын сайд чинь ууж идэхдээ уургаа морь шиг байсан нь түмэн олны нүднээс холуур тойрсонгүй. Та тэднээсээ сураад, нэг мод сугалаад хоёрыг тарьдаг байсан хоммунист хүмүүжлээ бага ч гэсэн гаргаарай.

Ард түмнийхээ итгэлээр бус, арын хаалганы нууц хуйвалдаанаар гарч ирсэн таны хөрөнгө хичнээн байдгыг мэдэхгүй. Хүн хаанаас ирээд, хаашаа яваагаа мэдэхээ болих шиг том аюул, том эмгэнэл хаа байна? Та энэ дэлхий дээр маньтайгаа адилхан л шалдан мэндэлж, манцуйнд ороогдож, сүүлний өөх хөхөж, бантан идсээр хүн болсон “юм” байгаа биз. Сайд дарга гэхээрээ л учир зүггүй торго дурданд ороогдож, гартаа нөжөө байг гэхэд нэр алдар, Ниссан жипны түлхүүр атгаж төрөөгүй байлтай. Саяхан л таны амьдрал бас л маньтайгаа адилхан дутагдаж гачигдаж, цалингаас цалингийн хооронд амьтан хүнээс мөнгө зээлж, айл хэсэн хоног төөрүүлдэг байсан биз. Гэтэл та одоо өөрийгөө нэг хараач. Энэхэн хэдэн жилийн хугацаанд сайн та ямар их өөрчлөгдөө вэ? Албан тушаал, авах идэхийн төлөө та мань мэтийгээ бүү хэл, хамаатан садан, үр хүүхдээ ч золиослоход бэлэн болсон бус уу? Гэртээ хүртэл төөрөөд GPS хэрэглэх нь халаг, машинаа хүртэл ялгаж салгахаа больсон, ил далд илэн далангүй хэдэн насанд хүрээгүй шахам хүүхнүүдээ бол хооронд нь хольж солиод зовохдоо “Найз аа” гээд дипломат зангаар дуудчихдаг болжээ. Таны үхэн хатан зүтгээд байгаа эд хөрөнгө, алдар нэр чинь тантай хамт хэзээ нэгэн цагт авсанд орно гэдгийг ойлгодог ч болоосой. Өөрөөр хэлбэл та дэмий юмаар “занималдаж” байна даа. Үүний оронд хэдэн хүнд ч гэсэн тус болоод, эвтэй сайхан амьдрах аваас хожим таныг ядарч явахад чинь аминд орох байсан даа.

Танаас би талх гуйх гэсэндээ тал засаж байгаа юм биш ээ. Албан тушаал горилон алга хавсарч байгаа ч юм биш. Сайн гэж магтвал сүүний мөнгө өгнө гэж бодсон ч юм биш. Баяжвал хамт баяжья даа л гэж дуэльд дуудаж үүнийг бичлээ. Гэхдээ тань шиг ширээн доогуур, ханцуйн дотроо өгч авалцдаг башир аргаар биш, хөдөлмөрийнхөө хөлсөөр, оюуныхаа олдоцоор баяжмаар байна. Орчин цагын мань мэтэд оломгүй их эд баялаг үлдээхийн тулд өвөг дээдэс маань амь насаа хүртэл үл хайрлан, амьтан хүнээс нууж хааж, төөрөгдүүлсээр өнөөг хүрсэн юм. Та урдаас ирсэн улаан өвгөний үр сад биш л бол энэ өвөө эмээ нар дотор таны хэд ч байгаа. Таныг халж солино гэж айлгаад яахав, мань мэтэд нь ямар тийм эрх мэдэл байх биш. Авгай хүүхдэд чинь хэлнэ гээд сүрдүүлээд яахав, аль хэдийн тэд нар чинь мэдэж байгаа. Сайд та зүгээр л сайн бай л даа. Үүнээс өөр юу хэлэхэв дээ.

Friday, February 20, 2009

Блогтой нь ерeнхийлeгчeeр сонгогдох нигуур буй

Ерөнхийлөн захирдаг хүн нь ямар хүн байхыг ард түмэн нь шийддэг бид мөн хувь заяатай улс шүү. Хэдийгээр ерөнхийлөгч болж чадахгүй ч хүүхэд бүр том болоод ерөнхийлөгч болно хэмээн мөрөөддөг байх. Том болоод ч тэр хүсэлдээ хөтлөгддөг хэдий ч би дэвшсэнгүй хэмээн цааргалалгүй хэн нэгний төлөө очоод л саналаа өгнө. Мөн уужим сайхан дотор шүү.


Одоо бол харин Монгол улсын ерөнхийлөгч ямар хүн байх ёстой вэ гэдэг асуулт ямар ч утга учиргүй бололтой. Тэрний оронд Элбэгээ, Үүл, Оюун, Энхбаяр, Баяр зэрэг хүмүүсийн хэн нь болох вэ хэмээвэл илүү үр дүнтэй байх болов уу. Харин надад хар цээжээрээ бодсон бодлогын хариу байна. Энэ нь юу хэмээвэл энэ сонгуульд хамгийн их залуучуудад таалагдсан нэгэн нь ерөнхийлөгч болно гэж боджийно. Тэд чатладаг, бүжиглэдэг, хөгжим тоглодог, хөөрхөн наргичдаг, блог хөтөлдөг, бүтэлгүйдэхдээ ч сийхгүй, бүдрэхдээ ч хийгүй, босч ирээд л шороогоо гөвдөг, тэгэхдээ бас П.Сүхбат шиг хээв нэг инээж байдаг ерөнхийлөгчийг хүснэ.


Ноцтой хэрэг гарахад ар гэрийнхэнтэй нь хамт уйлж байдаг, насан буурал ахмадуудаас зэмлэлийн үг сонсонгоо хацар дээрээ эвийлүүлэн үнсүүлж байдаг, залуу үеийнхэнтэй зэрэгцэж суугаад тэдний хүсэл мөрөөдөл, амьдралыг нь анхааралтай сонсож, хамтдаа дуулан инээлдэж байдаг, үндэсний бөх үзэнгээ суудлаасаа өндөлзөж байдаг, ард иргэдийнхээ дунд айх юмгүй зэрэгцэн алхаж байдаг тийм л ерөнхийлөгчийг залуус хүсч байна.


С.Баяр дууны найруулга хийн, UBS- ээс шагнал гардаж, Ц.Элбэгдорж Америк стилээр шинэ оны мэндийг дэвшүүлж, Гүндалай дууны клипэнд тоглоно энэ тэр гэдэг нь шинэлэг санаанууд мөн боловч нэг л наалдац муутай, залуусыг өөртөө татахаас илүү өөнтөглүүлэх зүйлс болжээ. Тэгвэл тэднийг яаж татах вэ? Юуны түрүүн блог хөтөл. Ядах юмгүй, тэр өдөрт юу хийв, ямар зүйл сурав, ямар алдаа гаргав, таны эхнэр эсвэл нөхөр тэр өдөр яаж өнгөрөөв, та гэр бүлтэйгээ ямар цаг гаргав, ямар ном уншив, ямар кино сонирхов. Бүгдийг нь бич. Зохиож хэрэггүй. Хэрэв зав байхгүй бол заавал өөрөө бичих гээд суугаад хэрэггүй. Тантай хамт байх хэн нэгэн нь ч үүнийг хөтөлж болно. Хамгийн гол нь та өөрийнхөө үгээр өөрөө үзүүлбэл бүр гоё. Видео бичлэг хийхдээ үнэ ихтэй мэргэжлийн камер энэ тэр худалдаж аваад шаардлагагүй. Зүгээр л гар утсаараа юм уу жижиг камераар бичлэг хийгээд түүнээ YouTube зэрэгт оруулчих хэрэгтэй. Таныг яасан хямдхан нөхөр вэ гэж хэн ч хэзээ ч харахгүй. Тэгж өрөвдвөл бүр сайн л биз. За тэгээд эцэст нь АРД ТҮМНЭЭ АНХААРАЛТАЙ СОНС! Тангараг өргөх ёслол дээр чинь уулзья.

Wednesday, February 18, 2009

Сумо гардаггүй Сайн eдeр

Өглөө юу юу ч болоогүй байхад 10 гээд сэрчих юм даа. Уул нь жаал амарч байгаад босюу гэсэн юмсан. Энд бол яг л “юу юу ч болоогүй байхад” гэдэг хэллэг яв цав тохирно. Эхнэр босоогүй, банштай цай чанаагүй, халуун ус ирээгүй, хүүхдүүд сэрээгүй, хогны машин дохиогоо хангинуулаагүй байхад шүү. Тэгээд ч өнөөдөр бусад Сайн өдрүүдээс нэг их ялгараад байхааргүй ч гэсэн сумо гарахгүй гэхээр л боож үхмээр, эс бөгөөс дэрэндээ толгойгоо наасаар өдрийг өнгөрөөмөөр.Одоо хэрэв ингээд босоод ирэх юм бол эхнэр азны юм гээд хоол цай дөхүүлэх, хүүхэд шуухад саатуулах, хог хуйгаа цэвэрлэх, хүнс бараа цуглуулах гэх зэрэг ажилд дайчлах нь мэдээж.

Зүгээр л хоёр нүдээ сэрүүнээрээ аниастайгаар сайн өдрийг дуусгамаар. Сумо миний амьдралд ямар их байр суурь эзэлдэг болсон юм бэ. Зарим хүмүүс ойлгохгүй ч ихэнх эрчүүд надтай санал нийлэх биз ээ. Сумо гардаг болсоноос хойш сар өнжөөд л хоёр долоо хоног миний завгүй, бас сайхан зантай гэж жигтэйхэн. Тэр миний яав, энэ маань яачив энэ тэр гэж хамт мэх хийсээр байтал хоёр цаг тун хурдан өнгөрөх боловч оройжингоо түүнийгээ бодоостой бөгөөтөл маргааш тэр хоёр яаж барилдах бол гэхээс орондоо орсон хойно ч гэсэн гарын хөлс гараастай. Шөнө зүүдэндээ хүртэл зүйрлэмгүй хүчтэй сумочидтой ач тач үзэж байна хэмээн эхнэрээ хэдэн удаа цуппаридаж, хоёр удаа өрц үрүү нь тийрээд авсан тал бий.

Сумо гардаггүй байхад, Батбаярыг макүүчид дэвшээ ч үгүй байхад Сайн өдрийг яаж өнгөрөөдөг байсныг санах хэмээн нилээд юм болов. Тиймээ, эхнэр хүүхдүүдтэйгээ салхинд гарч, сайхан хоол хийж идэн, эсвэл үзвэр үзэнгээ үнэ багатай ч цэвэрхэн зоогийн газарт эхнэрээ урин, их л эрхлэнгүй хоолыг нь халбагадан өгдөг байж билээ. Сумо гардаггүй байхад хүүхдүүдээ дагуулан өвөл нь бол цанаар гулгаж, зун нь бол уул өөд өчнөөн авирдаг байсан сан. Гэрээр дүүрэн хүүхдүүдийн инээж хөхрөх, эхнэрийн тоглоом шоглоомоор тэднийг зандрах дуу хадаж, өрөөсөн оймсоо хайн өдрийн талыг авах мөртөө эхнэртээ сээтэн хаян өмнө хойно нь орон далжигнана. Сумо гардаггүй байхад хийх юм яасан их байсан юм бэ? Бага багаар сумо гээчийн амтанд нь орсоор нэг л мэдэхэд сайн өдөрт түүнээс өөр сайн юмгүй, үзэхээс өөр хийх юмгүй л болсон дагуудаа. Гэдэс гүзээ ч сунаж, гэргийн царай ч гундаж. Сумочдыг харсаар байтал өөрөө ч тэднээс ялгагдахгүй нэгэн болж хувирах юм аа. Гол ялгаа нь гэвэл тэд муу ч сайн ч сумотой сайн өдөр ажлаа хийж, авдагаа авдаг бол би гэдэг мулгуу амьтан тэрийг нь ч бодох сэхээ байхгүй, амь амьдралаа тавиад тууж байгаа ч юм шиг.

Иймэрхүү бодлууд өнөөдөр л орж ирж байгаа ч юм биш. Сумо гардаггүй 40 Сайн өдрийн ихэнхэд нь иймэрхүү л юм бодож хэвтлээ. Өнөөдрийг нэг өөрөөр өнгөрөөж, ядаж дараа сарын барилдаан хүртэл хэдхэн сайн өдөрт идэвхтэй байхсан, салхинд гарахсан, эхнэрээ дагуулаад дэлгүүрээр хэсэхсэн, үзвэр мүзвэр үзэхсэн хэмээн хүчлэн бодовч, сумо гарахгүй гэхээр л ямар ч утгагүй санагдах юм. Яршиг, ингэж хэвтсээр байгаад л өдрийг өнгөрөөхөөс. Энэ өдөр сумо гардаггүй сайн өдрүүдээс ялгарах юм нэг ч байхгүй байх болно. За байз, түрүүчийн сард ч Дагваа аварга мөн сайхан ялсан шүү. Тэр хэнийг мөн сайхан хаяж билээ.

Sunday, February 15, 2009

How normal is your brain?

If your brain works normally this is neat.
This is another example of an amazing illusion!!! The last sentence is so true.

If your eyes follow the movement of the rotating pink dot, the dots will remain only one color, pink.
























However if you stare at the black ' +' in the center, the moving dot turns to green.

Now, concentrate on the black '
+ ' in the center of the picture. After a short period, all the pink dots will slowly di sappear, and you will only see only a single green dot rotating.

It's amazing how our brain works. There really is no green dot, and the pink ones really don't disappear. This should be proof enough, we don't always see what we think we see.

Thursday, February 05, 2009

Си Эн Энээр сэм харагдав

Бидний хэсэг спорт сонирхогчдын нэгдэн зохион явуулсан Super Bowl Party-гаар хийсэн видео мэдээ маань CNN International сувгаар гарчээ. Энэ мэдээг иргэний сурвалжлага болгон iReport-од аплод хийгээд хэдхэн цагийн дараа Атлантагаас ярьж, энэ мэдээг Си Эн Энээр гаргамаар байгаа тухайгаа хэлсэн юм. За бололгүй яахав болоод нэг их ач холбогдол өгөөгүй байтал шөнийн 12 цагийн үед дахин ярьж, Skype-аар ярилцлага авмаар байна гэдэг байгаа. Эхнэртэйгээ хамт Интернэт кафед очин, энэ арга хэмжээг зохион байгуулах санаа яагаад төрсөн, Монголд хүмүүс энэ спортыг ойлгодог юм уу гэх мэтийн асуултад хариуллаа.

Энэ мэдээг өглөө үзэхээр шийдсэн боловч Нойрбаатар нам унтсан байна. Юутай ч бидний сэдсэн ажил, Ийглийн залуучуудын хийсэн мэдээ ийнхүү даян дэлхийгээр цацагдсан нь бас л нэг бахархах зүйл. Энэ мэдээг вэбсайтад оруулаад нэг хоногын дараа гарахад 12 000 илүү удаа үзэгдсэн байх бөгөөд энэ 7 хоногийн хамгийн их үзэгдсэн мэдээнүүдэд дээгүүр давхиж байна. Нэг сэтгэгдэл хүртэл их сэтгэл хөдлөм байх юм. Ийш орж сэтгэгдлүүд харж болно.

Monday, January 26, 2009

Говь-Алтайг Япончуудад тvрээслэе-2

ГА аймгийг Япончуудад түрээслэх талаар гаргасан Галтай гуайн саналыг олон уншигчид шүүмжлэлтэй хүлээн авчээ. Ялангуяа nlog.mn дээр хуулан тавьсан бичлэг дээр хүмүүс хоёр хуваагдан ихэд дайтаж буй бололтой. Нэг хэсэг нь энэ бол явуулга байна. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн бөгөөд өвгөнийг элдвээр хэлэн зүхсэн байх бол нөгөө хэсэг нь болохгүй ч юм байхгүй л дээ гэх маягын юм байна.

Галтай гуайтай эвгүй салсаныг хэлэх үү, яриулах гэж нилээд юм боллоо. Ямар ч байсан уучлал гуйгаад, зарим уншигчдын санал хүсэлтийг дамжууллаа.


  • Галтай гуай, эртээд таныг бага зэрэг бухимдуулсандаа хүлцэл өчье. Гэхдээ л монгол хүнээс ийм ухаан гарсанд олон хүмүүс гайхаад л, зарим нь бүр энэ бол явуулга, өдөөн хатгалга хэмээн хэлж байна л даа.

  • Ямар юмных нь явуулга байхавдээ. Би чамд түрүүн учир начираа бага зэрэг тайлбарлан хэлсэн биз дээ. Зарим хүмүүс Японы өсөлт нь зогсч, хөгшрөлт нь хурдасч байгааг бичсэн шиг байна. Бараг хүмүүс нь төрөхөө байсан, байгаа нэгэн нь нөгөө нэг “үхдэггүй ээ” гэдэг шиг байгаал байдаг. Тэгсэн мөртөө цагаачдыг авах тийм дуртай бус. Нэгэн судалгаагаар тус улсын хүн амынх нь өсөлт одоогийнх шиг байх юм бол 2050 он гэхэд нийт хүн амын 40 хувь нь 65 болон түүнээс дээш болох гэнэ. Япончууд хожуу гэр бүл болдог, хүүхэд гаргах сонирхолгүй зэрэг нь үүнд гол нөлөө үзүүлж байна. Гэвч энэ нь дэлхий дээрх шинэ үзэгдэл ерөөс бус. Хүн амын тоо буурч байгаа үзэгдэл Европт аль хэдийнэ эхэлчихсэн байгаа. Италид л гэхэд энэ үзэгдэл өндөр боловч өндөр настан болон хүүхдийн тоог хооронд нь харьцуулан үзэхэд эрүүл гарч байгаа юм.

    Япончуудад хоёр зам байна. Нэг бол гадаадын цагаачдыг олноор авч ажиллуулах, эс бол япон инженерүүдийг хөгшрөхөөс нь өмнө хэдэн сайн роботууд хийлгэх. Үгүй бол гуравдахь зам буюу хамгийн”натураль” арга буюу хоорондоо гэр бүл болж, хүүхэд үйлдвэрлэх замыг сонгох. Гэвч энэ аргыг япончууд тэр бүр дээрд үзэхгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд сонссоноор өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдийн тоо анх удаа өслөө гэсэн шиг санаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд Японд хүн ам нь багасч байгаа нь асуудал биш бөгөөд хамгийн гол нь байгаа хэд нь насан өндөр болсон тэтгэврийн хэдэн хөгшид байгаад л байгаа юм. Ах нь дахиад л нөгөө ГА-г түрээслүүлэх талаар хэдэн юм нэмж хэлье. Энийг түрээслэнэ гэхээр заавал Хонг Конгийн жишгээ түрээслүүлэх шаардлага байхгүй. Бид илүү нээлттэй юм шиг мөртөө нарийн, хатуу нөхцөлтэйгээр түрээсэлж болно. Аялал жуулчлал, байгалийн баялаг зэргийг мэдээж манай улсын ЗГ шийддэг байлгүй яав гэж. Япон улс нь дэлхийн хамгийн анхны “асрамжийн” газар-улс болж ч магадгүй.


    ГА-г өгөхгүй, миний нутгын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн их л омог бардам хэлэх юм. Бурхан нь бүү хэл буг нь, гуйх нь бүү хэл хулгайлаад авсан газар шорооныхоо төлөө тэмцэж чадаагүй юм байж, зүгээр нэг түрээслүүлэх асуудал ярихаар ална тална болдог манайхан мөн уужуу дотортой ард түмэн шүү.

Thursday, January 22, 2009

Говь-Алтайг Япончуудад тvрээслэе


Говь-Алтай аймгийн албан ёсны вэбсайтад дурдсанаар 141.4 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 58 мянган хүн амтай, дэд бүтэц сул хөгжсөн, хоёр сая илүү малтай үүнээс мэдээж ямаа нь тал хувиас илүүтэйг нь эзэлдэг. Орон нутгийн төсөвт жилд 1400.0 сая төгрөгийн орлого оруулж, 6100.0 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийдэг гэсэн байна. Сүүлийн энэ тоонууд нь ямар учиртайг нь сайн ойлгосонгүй боловч ямар ч байсан аймаг маш алдагдалтай ажилладаг бөгөөд улсаас их хэмжээний татаас авдаг нь “илэрхий” шиг байна.

Алтай хот нь өвөлдөө таг харанхуй, нам дор газар байдгаас болдог уу, аймгийн хэдэн уурын зуух нь ямар шүүлтүүргүйг хэлэх үү, хоолой хорсгом битүү утаа өглөө оройдоо орчныг харлуулна. Олигтой хөгжсөн бизнес байхгүй, хэдхэн га газар тариа ногоо тарих бөгөөд ямаандаа эрдсэн аймаг гэхэд болно. Үүнийг Япончуудад 99 жилийн хугацаатайгаар түрээслэхээ идэвхтэй хөөцөлдөж байгаа Галтай гуайтай уулзаж хэдхэн асуултад хариу авлаа.

- Яагаад заавал япончууд гэж?
- Өнөөдөр хавтгай дэлхий гэж яриад байгаа энэ бөмбөрцөг маань нэг талдаа хүнээ даахгүй, нөгөө талдаа хөгжлөө даахгүй, бас нөгөө талдаа хүнээ даахгүй, дөрөв дэх талдаа ямаагаа даахгүй жишээтэй олон арван жил боллоо. Үүний нэгэн өрөвдөлтэй жишээ нь Япон улс болж байна. Тийм жоохон газар нутаг дээр өчнөөн үйлдвэрлэл, хөгжлийг цогцлоогоод ч хүний аргаар хүчит далайг аргадан, хуурай газар гаргаж байшин барилга барьж чадахгүйгээс хойш тэнд газрын хомсдол, агаарын хомсдол болоод байна. Гэтэл манай Говь-Алтай шиг хөгжил нь үгүй мөртөө хөрс шороо нь сайхан энэ газар нутгийг яагаад түрээсэлж болохгүй гэж?

- Муухай тэрслүү өвгөн байна шүү та. Энэ нутгаас сонгогдсон төрийн түшээд, нутгийн иргэд таныг олбол зүгээр байлгахгүй дээ.
- Тэгээд яахийн. Бид 21-р зуунд амьдарч байж, хөгжлийн ийм дорой байдлаараа байсаар үхэх юм уу? Газар нутгийг нь түрээслэх гэж байгаа болохоос байгалийн баялаг, хүн малыг нь түрээслэх гэсэн юм бус. Мэдээж энэ нь тусгай хууль дүрмийн дагуу зохицуулагдана. Хэд хэдэн саналуудаасаа дурдвал
Японоос ирэх хүмүүсийн тоонд хязгаар тавих бөгөөд зам харилцаа, дэд бүтэц гээд ажиллах хүчнийг зөвхөн гэр бүлээрээ ирэхийг зөвшөөрнө.
Газрын дээрхийг тэд зөвхөн түрээслэх болохоос газар доорх баялаг, хүн мал нь Монголын эзэмшилд үлдэнэ.
Монгол иргэдийг ялангуяа нутгийн иргэдийг ажилд авах бөгөөд ГА уруу Монгол улсын иргэн хэн ч байсан гэсэн чөлөөтэй зорчих эрхтэй. Ингэснээр Монгол иргэд цаашлаад Япон улсад саадгүй, визгүй зорчих боломжийг нээж өгнө.
ГА доторх бүх зүйлс Япон технологоор явагдах тул манай инженер техникийн ажилчид сүүлийн үеийн ноу-хауг нь сурах боломжтой.
99 жилийн дараагаар бүх япон иргэд нутаг буцах бөгөөд хоёр улсын ЗГ харилцан тохиролцсоны үндсэн дээр шаардлагатай гэвэл Japan town-д цөөн тооны япончуудыг хадгалан үлдээж болно.
Сургуулийн соёлын газар нь Монгол хүүхдүүдийг монгол сургуульд сургах бөгөөд тэдэнд англи, япон хэл зааж, Японы боловсролын үнэмлэх олгосноор тэд цаашдаа Японд суралцах боломжтой болно. Их дээд сургуулиуд ч гэсэн монгол хэл дээр үндсэн сургалтаа явуулах бөгөөд япон хэл болон бусад гадаад хэл үзэн, Японы их дээд сургуулиудын гэрчилгээтэй байна.

- За за, өвгөн гуай, та ч овоо бурах юм даа. Тэр болтол манай улсын хөгжил Японы хөгжлөөс илүү гарч, бид биш харин тэд Монголын визэнд алалцдаг болох байлгүй.
- Хол хэвтэнээ хүү минь. Хол очиж хошгир, үхэр монгол минь...

Wednesday, December 17, 2008

Шидсэн гутланд оногдохгvй байх онол

Бушхүү ээлжит дуулианaа тарилаа. Тэрбээр ерөнхийлөгч гэхээсээ илүүтэйгээр папарацинуудын дуранд өртдөг аз муутай жүжигчин шиг байх юм даа. Сая тэр гуталнаас бултан, индрийн араар бүлтэгнэх нь нэг бодлын өрөвдмөөр, удаан үзээд байвал инээд хүрмээр дамшиг харагдаж байна лээ. Түүнийг гутлаа л шидэж байна гэж бодсоноос бус элдэв төрлийн тэсрэх бөмбөг гутландаа хийгээд шидчихлээ хэмээн сэжиглээгүй бололтой. Энэ нь эхний гутал ниссэний дараагаар өндийж ирсэнээр харагдаж байна. Гэхдээ бие хамгаалагч нар нь нэгэнт нойрмоглож байсан энэ үед өөрийнхөө амийг л хоохойлох хэрэгтэй гэдгийг эрхэм Бушхүү бас л сайн ойлгоогүй бололтой. Юу гэвээс ихэнх тохиолдолд хүнд хоёр хөл, хоёр хөлөнд хоёр гутал ногддог гэдгийг л сайтар тооцоолоогүй, бас сургуулилаагүй бололтой.


Эртээд нэг мангар нөхөр гутлынхаа уланд тэсрэх бодис хийн, онгоц дэлбэлэхээ алдсанаас хойш онгоцоор зорчигчдыг хатуу шийтгэн, хүн бүр гутлаа тайлан, метал детектороор харуулдаг болсон. 7/1 үймээний дараагаар цагдаагийн бие бүрэлдэхүүнд чулуун байлдааны арга техникийн талаар, хэрхэн бултах вэ, чулуугаа яаж цуглуулах вэ, бултаараа яаж хорогдох вэ зэрэг аргуудыг зааж байгаа сураг байсан.


Одоо улсын тэргүүнүүдийг гутал зэрэг өөр лүү нь нисэн ирэх элдэв зүйлээс хэрхэн бултах талаарх таакчикыг заан сургаваас зохилтой. Бушхүү өөрөө энэ талаар багагүй мэргэшсэн нь харагдаж байна лээ. За тэгээд Бушхүүд болон бусад улсын дарга нарт шидсэн гутлаас хэрхэн зайлсхийх талаар хэдэн зөвлөгөө өгье.


  1. Дахин хэлье. Хос гутал гэдгийг битгий мартаарай

  2. Иракийн Ерөнхий сайдыг өөрийн хамгаалалтын тусгай албаны даргаар ав. Ядаж эхнийхээс нь биш юм аа гэхэд хоёрдохоос нь хамгаалах байх. Дахин сануулья. Хос гутал

  3. Босч ирээд бантсандаа хошигнох биш, буцаж хэвтээд баашлах нь байдлаас авч гарах зөв шийдэл

  4. Шидэж ирсэн гутлыг нь эргүүлж өгөөд, тэр хүнийг нь шийтгэхгүй байхыг улсынх нь ерөнхий сайдаас эелдэгээр асууж бай


Оногдсон тохиолдолд “би оногдчихлооштээ” хэмээн нууц албаныхандаа л уураа гаргах байхдаа. Хос гутлаа тайлж аваад албаны даргынхаа өөдөөс шидэх л ганц арга байх шиг байна. Үүнээс болоод ямар хүн халалтай биш.


Хэрэв та гутал шидэх дасгал хийж байгаа бол гутлаа резин юмуу шидмэсээр холбох хэрэгтэй. Ингэж чадвал баригдсан ч ядаж гуталтайгаа. Юмыг яаж мэдэхэв, нэг өрөөсөн нь 10 сая хүрэхгүй ч хэдэн өдөр хоригдож, ажил хийдүүлсэнийхээ хариуг авчих хэмжээний юм олчих ч юм билүү. Харин гутлаа хосоор нь бай луугаа шидэхийн тулд хоёуланг нь тайлж тавиад, эсвэл ядаж үдээсийг нь султгахгүй бол хоёр дахиа тайлах гэсээр байтал төлөвлөгөө нурж мэднэ шүү. Гутал шидэгч сэтгүүлчийн хувьд хоёр дахь гутлаа шидэх хооронд ердөө тавхан секунд хангалттай байсан юм.


Гутлаа шидэх праакчик дээрээ алдаа гаргасан шиг байгаа юм. Уул нь хөдөлдөг байн дээр сургуулилт хийх хэрэгтэй байсан юм. Тэр нь зүгээр нэг хүн биш, эрх биш улсын ерөнхийлөгч тул халдаад ирсэн дайснуудын довтолгооноос наад зах нь хэрхэн мултрах талаар цагаан толгойтой хүн гэдгийг нь тооцсонгүй.

Tuesday, December 02, 2008

Монголын гэй мисс шалгарчээ

Монголд ижил хүйстэнүүд олширсоор, эхнээсээ "шкафнаасаа гарч ирсээр" байгаа билэээ. Тэдний эрхийг хамгаалах, ДОХ болон бусад бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх үүднээс тэдэнтэй ажилладаг ТББ болон олон улсын байгууллагууд ажилласаар байна. Тэдний нэг ажил нь Кино үйлдвэрийн тэнд байх нэгэн дисконы газарт ижил хүйстэнгүүд байнга цуглардаг болсон тухай фото зурагчин өгүүлж байна. Тэд саяхан миссээ шалгаруулсан бөгөөд ижил хүйстэн, тэгш явдалтан нийлсэн зуу илүү хүмүүс хуран цугласан гэж байна. Зурагчны ярьж буйгаар дийлэнх нь залуучууд бөгөөд олны танил хүмүүс харагдаагүй гэнэ. Мөн гадаадынхан нилээн байсан бололтой.




Monday, November 03, 2008

Чез Бернардыг зарна буюу...

...хотын төв дэх Европуудын өрсөлдөөн


Хотын төвийн Улсын Их Дэлгүүрээс Мөнгөн завьяа орох хооронд нэг үйлийн үртэй орон сууцны байшин байдаг. Нэг давхарууд нь эзэддээ тэнгэрийн умдаг атгуулж, олон сая төгрөгөөр зарагдаж дууссан. Тэнд байгаа байгуулагуудаас хичнээн нь гадаадын иргэдийн өмч байдаг юм хэлж мэдэхгүй, ямартай ч тэнд байрладаг Интернэт төв болон компьютер засварын газар нь Солонгос иргэнийх юм билээ. Бас хэд хэдэн ууш зуушны газар байхаас хоёр кофе шоп нь хоёулаа гадаад эзэнтэй. Нэг нь овоо хэдэн жил болсон Chez Bernard нөгөөх нь Cafe Amsterdam хэмээх саяхан байгуулагдсан газар байгаа. Удаахийг байгуулагдах хүртэл Чез нь Монголд түр болон удаан хугацаагаар амьдарч байгаа гадаадынханы өглөө, өдрийн хоол, эспрессо кофе уух гол газруудын нэг байлаа. Тэр бүү хэл нэр хүндтэй Lonely Planet номонд хүртэл орсон байдаг.


Гэтэл Амстердамыг байгуулагдсанаас хойш, Чезд орох гадаадынхан цөөрч, ихэнх үйлчлэгч нараа алдсан бололтой энэ газрыг зарна хэмээн өнөөдөр зарлаваа. Утсаар нь утасдан учрыг тандтал юутай ч бизнес муудсан бус харин хөрөнгө оруулсан хүмүүсийн хоорондын маргаан мэтээр тайлбарлаж байлаа. Амстердам нь Англи, Голландын хоёр нөхөр Цэрэн Турстэй хамтран нээсэн бололтой юмдаг. Юутай ч Илли кофе чанахаас эхсүүлээд Лхагва гаригийн орой бүр сониролтой үйл ажиллагаа явуулдгаараа ялгарч байна.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш