Tuesday, September 14, 2010

Монголоороо Үлдэх Юмсан

(Зурагнаас үүдсэн санаашрал)

Бас л олон жилийн өмнө бичиж, хэвлүүлсэн байна.

Энэ онд АНУ даяар цагаачлалын хууль батлахтай холбоотой янз бүрийн жагсаал цуглаанууд олноор гарч байсан билээ. Түүнд ганц хоёроороо оролцон эв санааны нэгдлээ илэрхийлж байсан. Дэнвэрт болсон цуглаанд миний бие хэдэн монголчууд болон өргөмжит консулын хамт оролцсон бөгөөд тэр үеэр нүдэнд торсон нэгэн явдлыг энд өгүүлсүгэй.

Мэдээж жагсан яваа цагаачдын ерээс илүү хувь нь мексикийн цагаачид. Тэдний дунд хоёр цагаан хүн, хоёр ази хүн явж байгаа нь их л содон байсан бололтой “Лos Gringos estan caminando” (Грингонууд явж байна) хэмээн амандаа шуугилдаж, зураг хөрөг болно. Жагсаал ч яахав болдогоороо болж өнгөрөв. Харин иргэний хөдөлгөөний эсрэг МАХН-аа өмөөрөх хөдөлгөөн гэдэг шиг хаа газар Хүрэлсүх шиг улсууд байх юм. Тэд будаа шиг бужигнах цагаачдаас арай хол боловч, хамар шөргөлцөж, чулуу шидэлцэх зайд байх авч, хэн нь ч хэнийгээ заамдалцаж авахгүй нь сайхан. Тэд мэдээж хэдэн үеэрээ энэ газар амьдран суусаар ирсэн, уугуул иргэдийн дараах үеийнхэн буюу цагаан арьстангууд байх. Хачин жигтэй нь тэр дунд хэдэн испани гаралтангууд ч цохиж явах юм.

Гэтэл нэг нь бүр Мексикийн тугийг хөл доороо дэвсээд, Америкын тугыг гартаа дэрвүүлсэн зогсоно. Тэрбээр харахул нас залуу, шинжихүл цус шингэн боловч яах аргагүй ямар ч акцентгүй англиар ярих агаад өөрийгөө гурав дахь үеийн Мексикийн цагаач хэмээн хэнэг ч үгүй танилцуулна. Хэдий тэрбээр цагаач удамтай ч энэ газар нутагт төрж өссөн тул, энэ нь түүний нутаг бөгөөд шинээр ирж буй цагаачдад төмөр нүүр харуулах хэрэгтэй хэмээн “хүрэн бөөртэй” царайлан зогсоно.

Үүнээс үүдээд бодохнээ, хэрвээ 20-30 жилийн дараа ийм нэгэн цуглаан болвол харь газар өсөн дэвжиж буй Монгол үр хүүхдүүд маань ямар хандлагатай байх бол хэмээх бодол эрхгүй төрсөөр, хэдэн сарын дараа хэдэн үг эвлүүлэхэд хүргэлээ. Өнөөдөр Монгол багачуул маань Америк багштай, Америк хоолтой, Америк дуутай, Америк үсэгтэй, Америк тугтай, Америк сүлд дуулалтай сургуульд өсөн бойжиж байна. Тэд маань

“This land is your land, this land is my land
From California to the New York Island
From the Redwood Forest to the Gulf Stream waters
This land was made for you and me.”

хэмээн тус улсын эх орончдын хамгийн алдартай дууг аялан, өглөө болгон элгэн дээрээ гараа тавин Америк улсын туг далбаанд үнэнчээ илэрхийлэн, сүлд дууг нь цээжээрээ төвөггүй дуулна. Тэд маань хэзээ ч Монгол бөхийг үзээд мань шигээ дуу алдаж, морь барианд орохийг хараад хамар нь шархирч, настан буурлыг хараад эмээн хүндэтгэж, ном эрдэнийг магнай дээрээ дээдлэхгүй.

Тэд маань аргалын утааг үнэртээд цээжинд нь гашуун оргиж, агь тааны үнэртэй айргыг амандаа хүргэхээс гэрэвшин “гүүний эсгэсэн сүү” хэмээн америкаар дуу алдах болно. Эдэнд маань Цагааны Цэгмид, Балетын Оюун, Марзан Шарав, Бямбын Рэнчин, Норовбанзад, Дандар баатар, Гончигсумлаа нар үнэндээ хамаа байхгүй бөгөөд тэдэнд харь нэр, харь хүмүүс сонсогдох болно. Тэд харин бидний хувьд харийн харь сонсогддог байсан Жорж Уошингтон, Абрахам Линколн, Мартин Лютр Кинг, Артур Шэ, Роза Паркс, Элвис Пресли, Жаки Робинсон, Рэй Чарльз нарын тухай маниасаа илүү мэдэхээс гадна, МАНАЙХ хэмээн тэднээр бахархана.

Тэдэнд Монголын туг далбаа Мозамбикийн далбаанаас ялгарах юмгүй харагдана. Тэдэнд хичнээн Хэнтий Хангай Соёоныг цээжлүүлэх авч, энэ нь зөвхөн цээжинд нь үлдэх болохоос хэзээ ч зүрхэнд нь хадгалагдана гэж үгүй. Хөөрхийс тэдэнд буруу гэж юу байхав. Энэ газар төрж, энэ л газар өссөн тул минийх гэж нэрлэхээс яахав. Харин бие нь энэ газар ч, сэтгэл нь Монголдоо гэсэн сайхан үзлийг шингээхсэн дээ, үр хүүхэддээ. Монголчууд бид аливаа газар дасан зохицохдоо сайн хэмээн биенээ “зүлгэх” боловч энэ том айлын тогоонд нь уусчихалгүйхэн шиг Монголоороо үлдэх юмсан. Монгол улсын минь гал голомтыг залгах баясгалант ирээдүйг минь Бурхан ивээх болтугай.

П. Байка

1 comments:

Anonymous October 17, 2011 at 8:07 PM  

Bi ali deer 2002 ond Denvert ochood humuus er amerik yavaad baina yaj amdarch baigaa bol gej 4 sar bolson um. Tegeed yag ene bichseneer boloh um baina geed uldeegui butsaad toostoi mongoldoo irsen um. Bi gol n'udam sudardaa uuryn huuhduudyg gadaadad gargasan hun n' bish baya gej bodood tegsen um. Tend urgelj chi 2-rt baih um baina gedeg n' ilt baisan um. Yahav stressgui buh zuil tuluvluh bolomjtoi gazar l daa. Gehdee am'd yavahad jargaltai baih n' zovlongui baihaas iluu chuhal um baina gej bi odoo oilgood baigaa um.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш