Tuesday, January 27, 2009

Super Bowl-ыг Монголд үзье



Monday, January 26, 2009

Говь-Алтайг Япончуудад тvрээслэе-2

ГА аймгийг Япончуудад түрээслэх талаар гаргасан Галтай гуайн саналыг олон уншигчид шүүмжлэлтэй хүлээн авчээ. Ялангуяа nlog.mn дээр хуулан тавьсан бичлэг дээр хүмүүс хоёр хуваагдан ихэд дайтаж буй бололтой. Нэг хэсэг нь энэ бол явуулга байна. Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг гэсэн бөгөөд өвгөнийг элдвээр хэлэн зүхсэн байх бол нөгөө хэсэг нь болохгүй ч юм байхгүй л дээ гэх маягын юм байна.

Галтай гуайтай эвгүй салсаныг хэлэх үү, яриулах гэж нилээд юм боллоо. Ямар ч байсан уучлал гуйгаад, зарим уншигчдын санал хүсэлтийг дамжууллаа.


  • Галтай гуай, эртээд таныг бага зэрэг бухимдуулсандаа хүлцэл өчье. Гэхдээ л монгол хүнээс ийм ухаан гарсанд олон хүмүүс гайхаад л, зарим нь бүр энэ бол явуулга, өдөөн хатгалга хэмээн хэлж байна л даа.

  • Ямар юмных нь явуулга байхавдээ. Би чамд түрүүн учир начираа бага зэрэг тайлбарлан хэлсэн биз дээ. Зарим хүмүүс Японы өсөлт нь зогсч, хөгшрөлт нь хурдасч байгааг бичсэн шиг байна. Бараг хүмүүс нь төрөхөө байсан, байгаа нэгэн нь нөгөө нэг “үхдэггүй ээ” гэдэг шиг байгаал байдаг. Тэгсэн мөртөө цагаачдыг авах тийм дуртай бус. Нэгэн судалгаагаар тус улсын хүн амынх нь өсөлт одоогийнх шиг байх юм бол 2050 он гэхэд нийт хүн амын 40 хувь нь 65 болон түүнээс дээш болох гэнэ. Япончууд хожуу гэр бүл болдог, хүүхэд гаргах сонирхолгүй зэрэг нь үүнд гол нөлөө үзүүлж байна. Гэвч энэ нь дэлхий дээрх шинэ үзэгдэл ерөөс бус. Хүн амын тоо буурч байгаа үзэгдэл Европт аль хэдийнэ эхэлчихсэн байгаа. Италид л гэхэд энэ үзэгдэл өндөр боловч өндөр настан болон хүүхдийн тоог хооронд нь харьцуулан үзэхэд эрүүл гарч байгаа юм.

    Япончуудад хоёр зам байна. Нэг бол гадаадын цагаачдыг олноор авч ажиллуулах, эс бол япон инженерүүдийг хөгшрөхөөс нь өмнө хэдэн сайн роботууд хийлгэх. Үгүй бол гуравдахь зам буюу хамгийн”натураль” арга буюу хоорондоо гэр бүл болж, хүүхэд үйлдвэрлэх замыг сонгох. Гэвч энэ аргыг япончууд тэр бүр дээрд үзэхгүй байгаа бололтой. Хамгийн сүүлд сонссоноор өнгөрсөн онд шинээр төрсөн хүүхдийн тоо анх удаа өслөө гэсэн шиг санаж байна. Гэхдээ энд нэг зүйлийг зориуд тэмдэглэхэд Японд хүн ам нь багасч байгаа нь асуудал биш бөгөөд хамгийн гол нь байгаа хэд нь насан өндөр болсон тэтгэврийн хэдэн хөгшид байгаад л байгаа юм. Ах нь дахиад л нөгөө ГА-г түрээслүүлэх талаар хэдэн юм нэмж хэлье. Энийг түрээслэнэ гэхээр заавал Хонг Конгийн жишгээ түрээслүүлэх шаардлага байхгүй. Бид илүү нээлттэй юм шиг мөртөө нарийн, хатуу нөхцөлтэйгээр түрээсэлж болно. Аялал жуулчлал, байгалийн баялаг зэргийг мэдээж манай улсын ЗГ шийддэг байлгүй яав гэж. Япон улс нь дэлхийн хамгийн анхны “асрамжийн” газар-улс болж ч магадгүй.


    ГА-г өгөхгүй, миний нутгын газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг хэмээн их л омог бардам хэлэх юм. Бурхан нь бүү хэл буг нь, гуйх нь бүү хэл хулгайлаад авсан газар шорооныхоо төлөө тэмцэж чадаагүй юм байж, зүгээр нэг түрээслүүлэх асуудал ярихаар ална тална болдог манайхан мөн уужуу дотортой ард түмэн шүү.

Thursday, January 22, 2009

Говь-Алтайг Япончуудад тvрээслэе


Говь-Алтай аймгийн албан ёсны вэбсайтад дурдсанаар 141.4 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай, 58 мянган хүн амтай, дэд бүтэц сул хөгжсөн, хоёр сая илүү малтай үүнээс мэдээж ямаа нь тал хувиас илүүтэйг нь эзэлдэг. Орон нутгийн төсөвт жилд 1400.0 сая төгрөгийн орлого оруулж, 6100.0 сая төгрөгийн зарлага санхүүжилт хийдэг гэсэн байна. Сүүлийн энэ тоонууд нь ямар учиртайг нь сайн ойлгосонгүй боловч ямар ч байсан аймаг маш алдагдалтай ажилладаг бөгөөд улсаас их хэмжээний татаас авдаг нь “илэрхий” шиг байна.

Алтай хот нь өвөлдөө таг харанхуй, нам дор газар байдгаас болдог уу, аймгийн хэдэн уурын зуух нь ямар шүүлтүүргүйг хэлэх үү, хоолой хорсгом битүү утаа өглөө оройдоо орчныг харлуулна. Олигтой хөгжсөн бизнес байхгүй, хэдхэн га газар тариа ногоо тарих бөгөөд ямаандаа эрдсэн аймаг гэхэд болно. Үүнийг Япончуудад 99 жилийн хугацаатайгаар түрээслэхээ идэвхтэй хөөцөлдөж байгаа Галтай гуайтай уулзаж хэдхэн асуултад хариу авлаа.

- Яагаад заавал япончууд гэж?
- Өнөөдөр хавтгай дэлхий гэж яриад байгаа энэ бөмбөрцөг маань нэг талдаа хүнээ даахгүй, нөгөө талдаа хөгжлөө даахгүй, бас нөгөө талдаа хүнээ даахгүй, дөрөв дэх талдаа ямаагаа даахгүй жишээтэй олон арван жил боллоо. Үүний нэгэн өрөвдөлтэй жишээ нь Япон улс болж байна. Тийм жоохон газар нутаг дээр өчнөөн үйлдвэрлэл, хөгжлийг цогцлоогоод ч хүний аргаар хүчит далайг аргадан, хуурай газар гаргаж байшин барилга барьж чадахгүйгээс хойш тэнд газрын хомсдол, агаарын хомсдол болоод байна. Гэтэл манай Говь-Алтай шиг хөгжил нь үгүй мөртөө хөрс шороо нь сайхан энэ газар нутгийг яагаад түрээсэлж болохгүй гэж?

- Муухай тэрслүү өвгөн байна шүү та. Энэ нутгаас сонгогдсон төрийн түшээд, нутгийн иргэд таныг олбол зүгээр байлгахгүй дээ.
- Тэгээд яахийн. Бид 21-р зуунд амьдарч байж, хөгжлийн ийм дорой байдлаараа байсаар үхэх юм уу? Газар нутгийг нь түрээслэх гэж байгаа болохоос байгалийн баялаг, хүн малыг нь түрээслэх гэсэн юм бус. Мэдээж энэ нь тусгай хууль дүрмийн дагуу зохицуулагдана. Хэд хэдэн саналуудаасаа дурдвал
Японоос ирэх хүмүүсийн тоонд хязгаар тавих бөгөөд зам харилцаа, дэд бүтэц гээд ажиллах хүчнийг зөвхөн гэр бүлээрээ ирэхийг зөвшөөрнө.
Газрын дээрхийг тэд зөвхөн түрээслэх болохоос газар доорх баялаг, хүн мал нь Монголын эзэмшилд үлдэнэ.
Монгол иргэдийг ялангуяа нутгийн иргэдийг ажилд авах бөгөөд ГА уруу Монгол улсын иргэн хэн ч байсан гэсэн чөлөөтэй зорчих эрхтэй. Ингэснээр Монгол иргэд цаашлаад Япон улсад саадгүй, визгүй зорчих боломжийг нээж өгнө.
ГА доторх бүх зүйлс Япон технологоор явагдах тул манай инженер техникийн ажилчид сүүлийн үеийн ноу-хауг нь сурах боломжтой.
99 жилийн дараагаар бүх япон иргэд нутаг буцах бөгөөд хоёр улсын ЗГ харилцан тохиролцсоны үндсэн дээр шаардлагатай гэвэл Japan town-д цөөн тооны япончуудыг хадгалан үлдээж болно.
Сургуулийн соёлын газар нь Монгол хүүхдүүдийг монгол сургуульд сургах бөгөөд тэдэнд англи, япон хэл зааж, Японы боловсролын үнэмлэх олгосноор тэд цаашдаа Японд суралцах боломжтой болно. Их дээд сургуулиуд ч гэсэн монгол хэл дээр үндсэн сургалтаа явуулах бөгөөд япон хэл болон бусад гадаад хэл үзэн, Японы их дээд сургуулиудын гэрчилгээтэй байна.

- За за, өвгөн гуай, та ч овоо бурах юм даа. Тэр болтол манай улсын хөгжил Японы хөгжлөөс илүү гарч, бид биш харин тэд Монголын визэнд алалцдаг болох байлгүй.
- Хол хэвтэнээ хүү минь. Хол очиж хошгир, үхэр монгол минь...

Monday, January 19, 2009

Барак Обама биднийг мэднэ

Америкийн ард түмэн бүү хэл дэлхийнхэн ийм дуулиан шуугиантай, сэтгэл хөдлөм мөртөө романтик ерөнхийлөгчийн сонгууль огт үзээгүй л болов уу. Нэгэн америкийн ярьж буйгаар Цагаан Ордонд хүрэх энэхүү сунгаанаас болж, олон хүмүүс улс төр сонирхдог болж, телевиз үзэхэд ихэнх цагаа зарцуулдаг болсон бөгөөд Обамагийн ялалтаас хойш хоосон оргиод нэг л эвгүй хэмээн ярих нь сонсогдоно.

Рок одын хэмжээний нэр хүндтэй болсон Обамаг хаа явсан газар нь үй олон хүмүүс даган, түүний ярихыг чих тавин, амьсгаа даран сонсох нь Мартин Лютер Кингээс хойшхи улс төрийн тавцанд хамгийн их нэр алдарт хүрсэн хар арьстан болох нь анхнаасаа л мэдэгдэж байлаа. Тэрбээр хэдхэн жилийн өмнө Ардчилсан Намын их хуралд Иллиной мужийн сенатор байхдаа “хар цагаан хэмээх өнгөөр ялгарахгүйгээр бид бүгдээрээ Америкчууд” хэмээн хар цагааны хооронд орших нууцхан хөшгийг цуу татан гарч ирж байсан түүнийг хэн ч хараад энэ бол ирээдүйн ерөнхийлөгч хэмээх далдхан сонгуулийг сэтгэл дотроо аль хэдийнээ явуулаад амжсан байлаа.

Түүний дүр төрх, зан байдал, асуудалд хандаж байгаа, бусдыг тэвчээртэй сонсож байгаа, сонсогчдыг байлдан дагуулж буй бүх авьяас нь түүнийг сая сая Америкчууд “Сонгогдсон Нэгэн” хэмээх итгэл үнэмшилд хүргэсэн биз ээ. Түүний хэнийг ч өөртөөтатаж чадах далдхан увидас буюу каризма нь яван явсаар “Обамаманиа” хэмээх бүлэг хүмүүсийн нэгдлийг хүртэл нэрлэх болжээ. Түүний инээмсэглэл ямар ч хүйтэн хүнийг бүлээцүүлэх бөгөөд инээмсэглэлийг нь Жон Кеннедитэй зүйрлэсэн нь бий. Хэрэв түүний инээмсэглэлд уяраагүй хүмүүс түүний ярихыг нь сонсоод тайвшрахаас өөр арга үгүй. Тэр ийм л авьяастай, бас увидастай нэгэн билээ. Нэгэн сонин дээр бичсэнээр түүний бусдыг байлдан дагуулах чадварыг нь Чингис Хаантай хүртэл зүйрлүүлэн бичсэн нь бий.

Мэдээж Обама энэ хүртэл амаргүй даваа туулсан. Элдэв өнгөөр хэлүүлж, эрх мэдэлтнүүдийн атаархал, ундууцлыг төрүүлэх тэрбээр замын эхнээс бүү хэл замын дундаас шантрахыг хэзээ ч хүсээгүй бөгөөд зүрхлээгүй. Учир нь тэрбээр ард түмэнд нь алдагдаад байсан итгэлийг эргэн сэргээж, шинэчлэлийг Америк оронд авчрах чухал даалгавар, үүргийг бүрэн ухамсарласан нэгэн билээ.

Олон улсын хүрээнд ч түүнийг эерэгээр талархан хүлээн авах улс гүрнүүд зөндөө. Мэдээж үүний нэг нь Монгол улс гэдэг нь гарцаагүй. Тэрбээр Монголын тухай тийм сайн мэдэхгүй ч бидний “гуравдахь хөрш” байхаас татгалзахгүй нэгэн билээ. Учир нь тэрбээр АНУ-ын Сенатын гишүүн байхдаа 2006 онд өөрийн намын хэсэг гишүүдийн хамт Монгол улстай худалдаа хамтын ажиллагаагаа өргөжүүлж, чөлөөт худалдааны зөвшилцөл байгуулах гэрээ хэлцэл хийхийг санал болгож, Сенатын Худалдааны Комисст өргөн мэдүүлж байжээ.

Юутай ч түүнээс дэлхий нийт шинэ соргог, нааштай алхамуудыг хүлээж байна. Тэр өөрийн ард түмний сэтгэлийг хөвөлзүүлж, саналыг “бөөндөж” чадсан. Америкчуудын ярьдагаар Обама нь “talk the talk” буюу ярьсан шиг ярьж чадсан. Харин одоо өөрийн ард түмнээ тэрхүү цоо шинэ замаар хөтлөн удирдах “walk the walk” буюу “хийсэн шиг хийх” л үлдлээ.

Wednesday, January 07, 2009

Асашёорүгийн Фанта рекламууд




Sunday, January 04, 2009

Шошаг уншаарай

Иудейн ард түмнээс агуу хүмүүс их төрөн гардаг. Тэр хэмжээгээрээ бусдын уур унтууцлыг төрүүлэх нь буй. Тэдний дундаас төрсөн их зохиолч, Нобелийн шагналт Исаак Зингэрийн “Шоша” хэмээх романыг дуун хөрвүүлэгч Д. Оюунчимэгийн орчуулсанаар уншлаа. Роман нь өөрөө лут юм, орчуулга нь ч лут болжээ. Уншиж байхад торох юмгүй, бараг л өөрөө зохиосон юм шиг, уншихад ч их урамтай байлаа. Үүнийг орос хэлнээс хөрвүүлсэн байх бөгөөд тэртэй тэргүй эхийг нь иддиш (Yiddish) хэмээх еврейн нэгэн хэлээр бичсэн юм байх. Энэ нь шууд утгаараа бол жүүд гэсэн үг юм гэнэ.


Тэр яахав, романы гол баатар нь авьяаслаг зохиолч Аарон Грейдингэр хэмээх 1930-аад оны үед Варшавын жүүд дүүрэгт амьдардаг нэгэний тухай өгүүлэх бөгөөд хөрш айлын Шоша хэмээх охинд дурлана. Хувь заяаны эрхээр (хэмээх том үгийг орууллаа, би өөрөө ч утгыг нь тэр бүр ойлгодоггүй) мань хоёр багаасаа салах бөгөөд олон олон жилийн дараа хуучин дүүрэгтээ эргэн иртэл Шоша нь байсаар байх бөгөөтөл багийнх нь хайр дурлал эгэн ирнэ. Харамсалтай нь Аарон өдийг хүртэл олон эмэгтэйгийн өвөр дамжсан, өөрийгөө хараахан олоогүй нэгэн байх бөгөөд Шоша нь унтаа өвчинд дайруулсанаас хойш өсөлт нь зогссон, ухаан санаа нь самуу болсон байна. Гэвч түүнийг л хайрласаар, энэ үед Хитлерийн хар сүүдэр Польш улсад ойртон ирсээр байх бөгөөд Ааронд амиа бодон Америк уруу зугтах боломж хоёронтоо гарах боловч түүнийг хүсэхгүй л байна.


Зохиолыг дундаа явж байхад, Хитлер ирэх болов уу гэх мэтийн янз бүрийн хүлээлт байх боловч тааваараа урсана. Гэхдээ энэ нь үйл явдал байхгүй гэсэн үг биш бөгөөд Аарон хэнтэй суух бол, жүжиг нь тавигдах болов уу, тэр Америк явах болов уу, Аарон чинь арай Исаак Зингер өөрөө биш байгаа даа гэх мэтчилэн бодлын гурвалжин дөрвөлжин үүсгэнэ.


Ямар азаар энэ хүн Шошаг орчуулсан юм, эс бөгөөс энэ алдартай зохиолтой танилцаж чадахгүй байсаар мөхлийнхөө өөдөөс мөрөө унжуулсаар явах байсан байхдаа. Эх зохиолыг нь Зуун жилийн ганцаардалтай харьцуулах юм билээ, орчуулгыг нь Г. Аким гуайн орчуулгатай харьцуулах шаардлагагүй боловч мундаг болжээ. Харин нэгэнт бидэнд еврейн ёс заншил шал гадаад тул зарим үг, үйлдэл, ёс заншлыг тайлбартай хийсэн бол илүү болох байлаа. Манайд еврейн синагог байхгүй ч гэсэн Библийн эхний таван ном буюу Пентатюк нь монгол хэлээр олон жилийн өмнөөс орчуулагдсан билээ.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш