Tuesday, May 27, 2008

Хотоос нэр дэвшигчдэд зeвлeмж

Монгол улс коммунизмаас салж чадахгүй байгаагийн хамгийн наад захын жишээ нь Ленин, Чойбалсан хоёрын хөшөөгөөр Сүхбаатарын талбайгаа хашуулсаар байгаа явдал. Хуучин гурван талаас нь Сталинтай хамт манадаг байсан, Бурханы авралаар түүнийг буулгасан. Гэтэл нөгөө хоёр нь юу ч болоогүй юм шиг байсаар л байх юм.

Тэгэхээр хотоос нэр дэвшиж байгаа хүмүүст хандаж уриалмаар байна. Чи хэрвээ гарий л гэж бодвол эдгээр хөшөөг буулгаад (нураагаад гэж яривал сонгогдохгүй шүү), түүхийн дурсгал гэдэг утгаар нь Түүхийн цэцэрлэг байгуулаад энэ хөшөөнүүдийг, тэр Исмус бааранд байгаа Сталинтай нь нийлүүлээд, бас тэр Хүүхдийн Урлан Бүтээх Төвийн үүдэнд байгаа залуухан Ульяновичтой нь, өөр хөдөө орон нутгаас бүх хуучны үеийн хөшөө дурсгалуудыг авчраад байгуулах төсөл санаачлах хэрэгтэй. Тэр бидний хойч үед өнгөрсөнөөсөө сургамж авах том сургууль болог. Хэрэв чи үүнийг хийж чадваас энэ сонгуульд байлуулах нигуур байна шүү.

Үгүй ядаж энэ Ленинүүдийн нүдийг нь цэнхэр даавуугаар дарах уриалгыг иргэний хөдөлгөөнүүдэд тавьж байна.




Sunday, May 25, 2008

Колатай танилцсан тvvх

Багш баахан юм ярина. Зарим нь дэмий, зарим нь донгио. Ам цангав. Аа, амт... Тэр өдөр сэтгэлээс хэрхэн гарах билээ. Хэдийгээр Колаг амсах нь тэр өдрийн хамгийн баяртай мөч биш байсан ч гэсэн тэр сайхан нарлаг өдөр энэ ундааг амсаж үзэх шиг сайхан хачир хаа байна. Магадгүй үүнээс өмнө би энэ умдааг ууж үзсэн ч байж болно. Гэхдээ 1992 оны тэр зун америк найз маань намайг дагуулан Улаанбаатар зочид буудал ордгийн.

Гол хаалганы хажууд байсан валютын дэлгүүрт оронгуутаа, хаалганы хажууд ихэмсэгээр орших шилэн хаалгатай явган хөргөгчийг сэвхийтэл нь онгойлгон, капитализмын үнэр нэвт шингэсэн Кока Кола хэмээх улаан нүүртэй, уяхан лаазтай, хондлой дээрээ чагттай, хажуу талдаа туузтай, үнэн секси ундаа хоёрыг толгойгоор нь холбосон гялгар уутнаас чихдэн гаргаж ирдэг билээ.

Төлбөрийг нь май чи май чи гэж төлөөд л, гол хаалганы хажуу талын хашлага дээр, улсынхаа эзэн мэт суудгийн. Тэгээд бас боджийншт. Хэрэв энэ намхан ч гэлээ америк залуу хажууд байхгүй байсан бол зочид буудлын хаалгач залуу хийх ажилтай боллоо гэсэн шиг ямар их сүрийг үзүүлэн намайг хөөх болоо гэж. Найз надад нэгийг нь сарвайв. Арван зургаан жилийн турш алтны эрэлд мордсон азгүй нэгэн залуу, эцэс сүүлд нь гулдмай олсон мэт, түүнийгээ хэрхэн барихаа ч мэдэхгүй сандрана. Аа үзэмж... Түүнийг гартаа барихад хүйтэн боловч цаанаа л дотно.

Чаг хийлгэн онгойлгодог чагтан түгжээг нь хэрхэн онгойлгохоо мэдэхгүй, дэмий л гартаа барьж “саак” царайлан сууна. Удаан ярианы эцэст найз ундаагаа задалж байна. Аа технологи... Ганц хуруугаараа доош нь дараад л сэрийтэл нь онгойлгоход усны дусал шиг туяхан цоорхой нээгдэх ажгуу. Бантсан баагий арга эвийг нь нэг л олдоггүй ээ. Ундаагаа онгойлгох гэж бараг л хумсаа онгойлгочих шахам болж байж нэг юм нээсэн ч гэсэн ийш тийш нь сэгсэрсээр байгаад хөөсийг нь баахан хөөргөсөн болтой, арай гэж нээтэл аравны нэг нь шахуу тал тал тийш цацран асгарваа. Архичин хүн бол ээ хайран юм хэмээн долоомоор болж байлаа.

Энгэрээрээ нэг колагаар баптизм хүртсэн нэрэлхүү баагий ганц гараараа арчсан болоод хээв нэг суух гэж оролдоно. Дотроо бол газрын гаваар ороод гадаад далайг гатлаад Голланд улсад сыр идцэн сууж байгаа юм бус уу. Хүйтэн мөртөө халуун төрхтэй түүнийг уруулдаа хүргэхэд л Холливуудын хөөрхөн хүүхэнийг үнсэж байгаатай агаар нэгэн сэрэл төрнө.

Хужирт дурласан ботго шиг олдсон дээр нь гэсэн шиг гайгүй том балгав. Амаар ороод хамраар гардаг ундаа юу гэлтэй толгойны бүх эрхтэнг хамруулан оролцуулж, чих жингэнэн, хамар шархиран, нүд бүрэлзэн, ам арвалзан, хоолой хэрхрэн арай гэж улаанаа давуулав. Тэр үед гүзээ гэхээр юм ч байсангүй. Картны талх, элсэн чихэр хоёр хааяа нэг идсээр байгаад агшсан туулайн ходоодыг минь дэлбэлэх нь үү гэлтэй хачин их юм болдогийн. Хоёр балгахад л хоол идмээргүй болоод явж байгаа юм чинь.

Ийм л юм болсон юм даа. Колаг мөрөөдөж байтал кичээл ч дууслаа. Чамд би хөшөө барихгүй ч тааралдсан газар нь ууж устгана даа. Ингээд чи бусад хүмүүсийг хордуул!
PS. mongolmedee.net-ийн архив дотор хайтал байсангүй тул хуучин зүйлсээ ухаж гаргаж ирлээ. Үүнийг юу ч гэсэн энд парклачихий.

Шенийн Улаанбаатар


Хотод цахилгааны хязгаарлалт хийнэ, станцууд нь дэлбэрнэ гэсээр байгаад иймэрхуу шөнө овоо хэдийг өнгөрөөж байна даа.

Thursday, May 22, 2008

'Real' Chris Gardner

Pursuit of Happyness хэмээх хүний сэтгэлийн утсыг хөндөж, чавхдас хөглөх сайхан кинонд Уил Смит төрсөн хүүтэйгээ тоглосон нь ихээхэн шуугиан дэгдээгээд байсан. Түүний бүтээсэн дүр болох Крис Гарднерын тухай ТВ-ын ABC сувгын 20/20 нэвтрүүлэг тусгай дугаар бэлтгэсэнийг та үзсэн ч байж магад. Юутай ч эхний хэсгийг нь хүргэж байна. Түүнчлэн дөнгөж сая л мэдээгүй нэг зүйлээ мэдсэн нь кинон дээр жинхэнэ Крис Гарднер хальт гардаг юм байна. Киноны сэтгэл хөдлөм хэсэг болох төгсгөл дээр хүүтэйгээ явж байгаа тэр хоёртой зөрөөд явдаг хүн бол Крис Гарднер мөн юм байна. Харин Уил Смит хэрхэн "аяглахыг" та эхний бичлэг дээрээс ажиглаарай. Thanks MC to tell me this!





Tuesday, May 20, 2008

Wall Street Journal Ad

2008 оны 4 сарын 23-ны Wall Street Journal дээр Монголын тухай бүтэн нүүр сурталчилгаа гарсан тухай манай хэвлэл мэдээллийнхэн мэдээлж, зарим нь орчуулсан нийтэлж байсан санагдана. Тэрхүү сурталчилгааг дээр Колорадо мужийн Монголын Өргөмжит консул Жеймс Вагенландерын сонингоос нь татаад явуулсаныг хавсаргаж байна. Зурган дээр дарж, томруулан уншиж болно.



Tuesday, May 13, 2008

Greetings from Israel!


Thursday, May 08, 2008

Чаатыг хориод жилийн eмнe хэрэглэдэг байлаа гэж

Энэ тэр нээтийн Чаат буюу чалчих гэж манай cyber ертөнцийнхөн хэлээд байдаг байсан, саяхан Цахим Өртөө ТББ-ын гишүүдийн гаргасан “Интернэт Хэрэглэгчдийн Гарын Авлага” номонд цахим хөөрөлдөөн гээд байгаа зүйлийг уул шугамандаа тив алгасаж, нэт хэрэглэдэггүй л байсан болохоос тээр олон жилийн өмнө мань хэд нь хэрэглэдэг байлаа шүү дээ.

Ингээд яривал залуус гайхаж магад. Намайг л бага байхад (олоон олон жилийн өмнө) сурагчийн ширээн дээр суугаад, харц багш харж буй мэт боловч дэвтрийнхээ арын хэдэн хуудсан дээр хажууд суугаа охинтой “Чи аль сургуулиас шилжиж ирсийн, гэр чинь хаа байдийн, тараад хүргэж өгөх үү” гэх мэтээр чаталдаг байлаавшив. Тэгээд бас тэрнийгээ архивлаж болдог. Зүгээр л дэвтрээ хаялгүйгээр хадгалчдаг. Бас ширээ дамнуулан холын зайнаас бас чаталж болдог. Цаасан дээр мессежээ бичээд нэг бол шууд via air хүргэж болдог. Уул нь хурд нь шилэн кабель шиг янзын ч гэсэн замдаа элдэв шум ороод төөрөх магадлал өндөр. Түүнчлэн багш гэдэг “хакер” замаас нь таслан аваад анги дүүрэн нууцыг задруулах ч тохиолдол элбэг.

Нөгөөх нь газраар явж хүрэх бөгөөд гараас гар дамжин, эзэндээ хүрнэ. Энэ нь dial-up connection гэсэн үг. Бас л найдвар муутай. Замд нь элдэв ангийн найзууд хэмээх вирусууд халдвал бүр аюултай. Ямар ч Касперски, Нортон хэрэглээд нэмэргүй, мэдээлэл шууд л тархана. Тэгээд бас нөгөө хүлээн авагч этгээдийг өөрлүүгээ харуулахын тулд нилээн удаан offline хүлээх шаардлага ч тулгарна.

Хамгийн зөв чатлах арга нь дэвтэр номны завсар хавчуулах аргаар мэдээллээ бит болгон солилцоно. Одоо бол гар утас, чат зэрэг зүйл байхад дэвтрээ урахгүй, мэдээлэл тэр бүр алдагдана гэж байхгүй амар ч байж дээ. Гэхдээ л бид Яахуу, Хотмэйлийн чалчдаг өрөөнүүдийн эх суурийг тавьсан л юм даа. Манай үеийнхэн урт удаан наслах болтугай.

Wednesday, May 07, 2008

Харвардын Хуулийн Сургуулийн архив нээлттэй боллоо

Харвардын Хуулийн Сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний бүтээлүүд болон бусад нийтлэлүүд хүссэн хүнд нээлттэй боллоо. Энэ тухай тус сургуулийнхан санал нэгтэйгээр баталжээ. Ингэснээр тус сургууль нь хуулийн сургуулиудаас хамгийн түрүүнд нээлттэй access-тай болж байгаа юм. Мөн өнгөрсөн 2 сард Харвардын Их Сургуулийн Урлаг, Шинжлэх Ухааны тэнхим нь мөн ийм нээлттэй бодлого зарласан байна. Илүү мэдээллийг энд дарж уншаарай.

Хоёр гажиг

Эртээдээс хойш хоёр гажиг юм санаанд эргэлдээд гарахгүй юм. Энд гаргаад хаявал дотор онгойх болов уу.

Нэгдүгээр гажиг нь манай улсын авто замын дүрмэнд суудлын даруулга хийх ёстой гэсэн заалт байдаг л байх. Харьцангуй шинэ машинтай хүмүүс даруулгаа зүүж хэвшээд байгаа нь бахархууштай. Харин одоо бага насны хүүхдийг урд талын суудалд суухыг хориглосон заалтыг оруулах хэрэгтэй. Хэн нэгэн нэр дэвшигч ч хийчих л ажил. Хамгийн гажиг нь урд талын суудал дээр хүүхдийг өвөр дээрээ авч явахыг зөвшөөрдөг бөгөөд том хүн нь даруулгаа хийгээд хүүхдийг сул барьж явж болно гэсэн шахуу заалт байдаг гэнээ. Ийм тэнэг юм байх уу. Аваар болоход тэвэрч яваа том хүн нь мэдээж тас зуурсан чигээрээ зогсоно гэж байхгүй бөгөөд хүүхэд бол ямар ч хамгаалалтгүй үлдэнэ гэсэн үг. Ёстой л нөгөө би үхэхээр чи үх гэдэгтэй агаар нэг сонсогдох юм даа.

Хоёрдахь гажиг нь эртээд дөнгөж төрсөн найздаа баяр хүргэхээр Эх нялхасын нярайн хоёрдугаар тасагт орлоо. Эхэд нь баяр хүргэн цэцгийн баглаа энэ тэр болоод байж байтал өөр нэг найз маань гундуухан цаанаас алхан гарч ирдэг байгаа. Тэрбээр бас жирэмсэн болсон гэдгийг хэдхэн хоногийн өмнө сонсоод баяр хүргэж байсныг хэлэх үү. Гэтэл хүүхэд нь эндээд, цэвэрлүүлэхээр хэвтэж байгаа юм гэнээ. Үрийн хагацал үзэж байгаа эх хүнийг үрийн зулай үнэрлэж байгаа, хүүхдийн дуу хадсан тасагт байрлуулж байдаг нь хаанахын харгис ёс вэ? Ингэж сэтгэл санаагаар нь дээр дээрээс нь унагааж яаж болохов дээ.

Sunday, May 04, 2008

Jared Diamond-ын номын тухай


Саяхан нэг хүн сэтгэгдэл дээр Jared Diamond-ын бичсэн Guns, Germs and Steel хэмээх бэстсэллэр номыг уншихыг санал болгосон байна. Их баярлалаа. Энэ номыг одоог хүртэл хайж байгаа бөгөөд харин түүний бичсэн Collapse: How Societies Choose To Fail or Succeed хэмээх номыг нь одоо гарчиглаж байгаа. Энэ номын талаар нэгээхэн шүүмж, асуудал дэвшүүлсэн өгүүлэл бичихээр тэрлэж байгаагаа энэ ялдамд сонордуулж байна.


Би вээр түүний бичсэн дээр эхэлж дурдсан номыг орчуулах талаар зохиогчид санал тавьсан бөгөөд хариуд нь монголоор аль хэдийн орчуулагдсан гэсэн хариу ирсэн болно. Харамсалтай нь одоог хүртэл номын дэлгүүр, Урт Цагааны урд талын хуучин номын асар дотроос хайгаад олоогүй. Тэр бүү хэл зохиогчид нь эргүүлээд энэ тухай эвтэйхэн хэлээд, хэзээ хэн гэдэг хэвлэлийн компаниас орчуулсан юм болоо хэмээн хичээнгүйлсэн имэйл явуулсан ч таг чиг. Хэрэв та энэ ном монголоор орчуулагдсан эсэхийг мэддэг бол хариу өгвөл тун хэрэгтэй байна. Танд баярлалаа.

Жагсаал 2008 оны 5 сарын 25 єдєр

Жагсаал 2008 оны 5 сарын 25 єдєр БНХАУлсын элчин сайдын яамны ойролцоо болохоор товлогдлоо.

Yahoo msngr: hargui_net@yahoo.com
БНХАУлсаас Монгол улсад суугаа элчин сайдын яамны өмнө жагсаал зохион байгуулах тухай:
Хэлэлцэх асуудлуудын санал (Tаны санал нэмэгдэнэ)
-Хyгацаа
-Санхvvжилт
-Тавих шаардлага
-Зохион байгуулалт
Монгол улсад суугаа БНХАУлсын элчин сайдын яамны өмнө тайван жагсаал зохион байгуулах талаар яригдаж эхлээд байгаа билээ. Энэхvv тайван жагсаалыг зохион байгуулахад нийт дэмжигчидийн идэвхитэй оролцоо, хvчин чармайлт хэрэгтэй байгаа ба "олуулаа хэлэлцвэл буруугvй" гэдэг зарчмын дагуу асуудлуудыг ярилцаж шийдэх юм. Монголын ард олон, холбоо бvлгэм, төрийн бус байгууллага гээд олны хvчээр энэхvv жагсаалыг оновчтой зөв зохион байгуулваас vvсээд буй хэрэг явдал, vл ойлголцолыг даван туулж чадах нь гарцаагvй ээ. Зөвхөн Монгол улсад зохион байгуулагдаад зогсохгvй бусад ардчилсан, vзэл бодлоо илэрхийлэхэд нээлттэй улс орнуудад Монголчууд маань жагсаж цуглан Ж.Соёлтыг vзэл бодлоос нь болж хэлмэгдvvлэн баривчилж байгааг эсэргvvцэж, хvний эрхийг дээдлэхийг уриалах юм.

Монгол улсын ард тvмэн vзэл бодлоо хуулийн хvрээнд зөв боловсон илэрхийлэх бvрэн эрхтэй. Тиймдээ ч БНХАУлсын зvгээс явуулж буй энэхvv бусармаг vйлдэлд дvргvцэж буйгаа илэрхийлж, хvний эрх, эрх чөлөөг эрхэмлэхийг уриалахад Монголчууд та бvхнийгээ өргөнөөр оролсож, Ж.Соёлтыг эргvvлэн эх оронд нь буцаах талаар дуу хоолойгоо өргөхийг хvсэж байна.
Хэрэв бид одоо л энэ асуудал дээр арга хэмжээ авч, тvvнийг гаргаж авахгvй байх аваас Монгол улсын ард иргэдийг vзэл бодлоос нь шалтгаалж цагдан хорих, яллах асуудал газар авч мэдэх нь.

Жич:
Энэхvv жагсаал цуглаан нь Монголын улс төрийн байр суурийг илэрхийлэхгvй бөгөөд Монгол улсын ард иргэдийн vзэл бодлоо илэрхийлж буй нэгэн хэлбэр юм. Тэгэхээр энэ жагсаал нь ямарч улс төрийн зорилго байхгvй, зөвхөн Монгол хvн Монгол хvнийхээ эрхийг хамгаалж, vгээ хэлж, эрхээ эдэлж байгаа юм.

Илүү мэдээллийг
эндээс эсвэл www.freesoyolt.org

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш