Thursday, May 08, 2008

Чаатыг хориод жилийн eмнe хэрэглэдэг байлаа гэж

Энэ тэр нээтийн Чаат буюу чалчих гэж манай cyber ертөнцийнхөн хэлээд байдаг байсан, саяхан Цахим Өртөө ТББ-ын гишүүдийн гаргасан “Интернэт Хэрэглэгчдийн Гарын Авлага” номонд цахим хөөрөлдөөн гээд байгаа зүйлийг уул шугамандаа тив алгасаж, нэт хэрэглэдэггүй л байсан болохоос тээр олон жилийн өмнө мань хэд нь хэрэглэдэг байлаа шүү дээ.

Ингээд яривал залуус гайхаж магад. Намайг л бага байхад (олоон олон жилийн өмнө) сурагчийн ширээн дээр суугаад, харц багш харж буй мэт боловч дэвтрийнхээ арын хэдэн хуудсан дээр хажууд суугаа охинтой “Чи аль сургуулиас шилжиж ирсийн, гэр чинь хаа байдийн, тараад хүргэж өгөх үү” гэх мэтээр чаталдаг байлаавшив. Тэгээд бас тэрнийгээ архивлаж болдог. Зүгээр л дэвтрээ хаялгүйгээр хадгалчдаг. Бас ширээ дамнуулан холын зайнаас бас чаталж болдог. Цаасан дээр мессежээ бичээд нэг бол шууд via air хүргэж болдог. Уул нь хурд нь шилэн кабель шиг янзын ч гэсэн замдаа элдэв шум ороод төөрөх магадлал өндөр. Түүнчлэн багш гэдэг “хакер” замаас нь таслан аваад анги дүүрэн нууцыг задруулах ч тохиолдол элбэг.

Нөгөөх нь газраар явж хүрэх бөгөөд гараас гар дамжин, эзэндээ хүрнэ. Энэ нь dial-up connection гэсэн үг. Бас л найдвар муутай. Замд нь элдэв ангийн найзууд хэмээх вирусууд халдвал бүр аюултай. Ямар ч Касперски, Нортон хэрэглээд нэмэргүй, мэдээлэл шууд л тархана. Тэгээд бас нөгөө хүлээн авагч этгээдийг өөрлүүгээ харуулахын тулд нилээн удаан offline хүлээх шаардлага ч тулгарна.

Хамгийн зөв чатлах арга нь дэвтэр номны завсар хавчуулах аргаар мэдээллээ бит болгон солилцоно. Одоо бол гар утас, чат зэрэг зүйл байхад дэвтрээ урахгүй, мэдээлэл тэр бүр алдагдана гэж байхгүй амар ч байж дээ. Гэхдээ л бид Яахуу, Хотмэйлийн чалчдаг өрөөнүүдийн эх суурийг тавьсан л юм даа. Манай үеийнхэн урт удаан наслах болтугай.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш