Sunday, May 25, 2008

Колатай танилцсан тvvх

Багш баахан юм ярина. Зарим нь дэмий, зарим нь донгио. Ам цангав. Аа, амт... Тэр өдөр сэтгэлээс хэрхэн гарах билээ. Хэдийгээр Колаг амсах нь тэр өдрийн хамгийн баяртай мөч биш байсан ч гэсэн тэр сайхан нарлаг өдөр энэ ундааг амсаж үзэх шиг сайхан хачир хаа байна. Магадгүй үүнээс өмнө би энэ умдааг ууж үзсэн ч байж болно. Гэхдээ 1992 оны тэр зун америк найз маань намайг дагуулан Улаанбаатар зочид буудал ордгийн.

Гол хаалганы хажууд байсан валютын дэлгүүрт оронгуутаа, хаалганы хажууд ихэмсэгээр орших шилэн хаалгатай явган хөргөгчийг сэвхийтэл нь онгойлгон, капитализмын үнэр нэвт шингэсэн Кока Кола хэмээх улаан нүүртэй, уяхан лаазтай, хондлой дээрээ чагттай, хажуу талдаа туузтай, үнэн секси ундаа хоёрыг толгойгоор нь холбосон гялгар уутнаас чихдэн гаргаж ирдэг билээ.

Төлбөрийг нь май чи май чи гэж төлөөд л, гол хаалганы хажуу талын хашлага дээр, улсынхаа эзэн мэт суудгийн. Тэгээд бас боджийншт. Хэрэв энэ намхан ч гэлээ америк залуу хажууд байхгүй байсан бол зочид буудлын хаалгач залуу хийх ажилтай боллоо гэсэн шиг ямар их сүрийг үзүүлэн намайг хөөх болоо гэж. Найз надад нэгийг нь сарвайв. Арван зургаан жилийн турш алтны эрэлд мордсон азгүй нэгэн залуу, эцэс сүүлд нь гулдмай олсон мэт, түүнийгээ хэрхэн барихаа ч мэдэхгүй сандрана. Аа үзэмж... Түүнийг гартаа барихад хүйтэн боловч цаанаа л дотно.

Чаг хийлгэн онгойлгодог чагтан түгжээг нь хэрхэн онгойлгохоо мэдэхгүй, дэмий л гартаа барьж “саак” царайлан сууна. Удаан ярианы эцэст найз ундаагаа задалж байна. Аа технологи... Ганц хуруугаараа доош нь дараад л сэрийтэл нь онгойлгоход усны дусал шиг туяхан цоорхой нээгдэх ажгуу. Бантсан баагий арга эвийг нь нэг л олдоггүй ээ. Ундаагаа онгойлгох гэж бараг л хумсаа онгойлгочих шахам болж байж нэг юм нээсэн ч гэсэн ийш тийш нь сэгсэрсээр байгаад хөөсийг нь баахан хөөргөсөн болтой, арай гэж нээтэл аравны нэг нь шахуу тал тал тийш цацран асгарваа. Архичин хүн бол ээ хайран юм хэмээн долоомоор болж байлаа.

Энгэрээрээ нэг колагаар баптизм хүртсэн нэрэлхүү баагий ганц гараараа арчсан болоод хээв нэг суух гэж оролдоно. Дотроо бол газрын гаваар ороод гадаад далайг гатлаад Голланд улсад сыр идцэн сууж байгаа юм бус уу. Хүйтэн мөртөө халуун төрхтэй түүнийг уруулдаа хүргэхэд л Холливуудын хөөрхөн хүүхэнийг үнсэж байгаатай агаар нэгэн сэрэл төрнө.

Хужирт дурласан ботго шиг олдсон дээр нь гэсэн шиг гайгүй том балгав. Амаар ороод хамраар гардаг ундаа юу гэлтэй толгойны бүх эрхтэнг хамруулан оролцуулж, чих жингэнэн, хамар шархиран, нүд бүрэлзэн, ам арвалзан, хоолой хэрхрэн арай гэж улаанаа давуулав. Тэр үед гүзээ гэхээр юм ч байсангүй. Картны талх, элсэн чихэр хоёр хааяа нэг идсээр байгаад агшсан туулайн ходоодыг минь дэлбэлэх нь үү гэлтэй хачин их юм болдогийн. Хоёр балгахад л хоол идмээргүй болоод явж байгаа юм чинь.

Ийм л юм болсон юм даа. Колаг мөрөөдөж байтал кичээл ч дууслаа. Чамд би хөшөө барихгүй ч тааралдсан газар нь ууж устгана даа. Ингээд чи бусад хүмүүсийг хордуул!
PS. mongolmedee.net-ийн архив дотор хайтал байсангүй тул хуучин зүйлсээ ухаж гаргаж ирлээ. Үүнийг юу ч гэсэн энд парклачихий.

3 Сэтгэгдэл:

Anonymous May 25, 2008 at 10:56 PM  

erotic ungu ayas nevt hanhaltal bichjee :D

Bayasum May 26, 2008 at 12:20 AM  

уншаад дууссан чинь хоолой хатцан байшд..

Mom September 10, 2009 at 3:55 AM  

хэхэ. энийг та Жосеф багштай уулзаж байхад ярьж байсан тэ? одоо саначихлаа. бичгээр уншсан чинь гоё байна.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш