Wednesday, May 07, 2008

Хоёр гажиг

Эртээдээс хойш хоёр гажиг юм санаанд эргэлдээд гарахгүй юм. Энд гаргаад хаявал дотор онгойх болов уу.

Нэгдүгээр гажиг нь манай улсын авто замын дүрмэнд суудлын даруулга хийх ёстой гэсэн заалт байдаг л байх. Харьцангуй шинэ машинтай хүмүүс даруулгаа зүүж хэвшээд байгаа нь бахархууштай. Харин одоо бага насны хүүхдийг урд талын суудалд суухыг хориглосон заалтыг оруулах хэрэгтэй. Хэн нэгэн нэр дэвшигч ч хийчих л ажил. Хамгийн гажиг нь урд талын суудал дээр хүүхдийг өвөр дээрээ авч явахыг зөвшөөрдөг бөгөөд том хүн нь даруулгаа хийгээд хүүхдийг сул барьж явж болно гэсэн шахуу заалт байдаг гэнээ. Ийм тэнэг юм байх уу. Аваар болоход тэвэрч яваа том хүн нь мэдээж тас зуурсан чигээрээ зогсоно гэж байхгүй бөгөөд хүүхэд бол ямар ч хамгаалалтгүй үлдэнэ гэсэн үг. Ёстой л нөгөө би үхэхээр чи үх гэдэгтэй агаар нэг сонсогдох юм даа.

Хоёрдахь гажиг нь эртээд дөнгөж төрсөн найздаа баяр хүргэхээр Эх нялхасын нярайн хоёрдугаар тасагт орлоо. Эхэд нь баяр хүргэн цэцгийн баглаа энэ тэр болоод байж байтал өөр нэг найз маань гундуухан цаанаас алхан гарч ирдэг байгаа. Тэрбээр бас жирэмсэн болсон гэдгийг хэдхэн хоногийн өмнө сонсоод баяр хүргэж байсныг хэлэх үү. Гэтэл хүүхэд нь эндээд, цэвэрлүүлэхээр хэвтэж байгаа юм гэнээ. Үрийн хагацал үзэж байгаа эх хүнийг үрийн зулай үнэрлэж байгаа, хүүхдийн дуу хадсан тасагт байрлуулж байдаг нь хаанахын харгис ёс вэ? Ингэж сэтгэл санаагаар нь дээр дээрээс нь унагааж яаж болохов дээ.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш