Monday, June 01, 2009

Өдрийн Сонин дээр

Сонгуулийн дараа Өдрийн Сонин дээр энэ ярилцлагыг өгсөн юм. Мөн gogo.mn дээр тавигдсан байгаа.

“Ийгл” телевизийн мэдээний албаны дарга П.Баярмагнайтай ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг сурвалжилж, үйл явдлын мэдээллийг хүмүүст цаг тухайд нь хүргэх их ажлын ард сэтгүүлчид гарлаа. Өнгөрсөн ням гаригт болсон сонгуулийн үйл явдлын талаар мэдээллийг шуурхай, тэнцвэртэйгээр танай телевизээс авч чадсандаа олон хүн сэтгэл хангалуун байна. Мониторингийн судалгааг харсан ч, ажиглагчид ч хэлэхдээ энэ удаад намуудын штабуудын бэлдсэн мэдээ материалыг дамжуулах үүргийг хэвлэл мэдээллийнхэн голдуу гүйцэтгэлээ гэж байгаа. Танайх энэ удаад ямар бодлого, тактиктай ажилласан бэ?
-Бид төлөвлөгөөгөө сонгуулийн өмнөх, сонгуулийн өдөр, дараа нь гэсэн гурван хэсгээр гаргасан л даа. Сонгуулийн өмнө бол хоёр намын штабуудтай гэрээ хийж хамтран ажилласан. Зарим намаас телевизийн маркетингийн албаас гадна сэтгүүлчидтэй гурвалсан гэрээ байгуулж хамтран ажиллах санал тавьсныг бид зөвшөөрөөгүй. Зар сурталчилгааны хэлбэрээр хамтран ажиллаж болох боловч телевизийн мэдээний агуулгад нөлөөлөх хэлбэрээр хамтрах нь бидний зорилго, бодлого, үнэт зүйлсийг үгүй хийх талтай учраас санхүүгийн хувьд орлого олох байсан ч телевизын удирдлага, хамт олон ярилцаад татгалзсан юм. Сонгуулийн өдрийн тухайд бид Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль бол дэлхийн хэмжээний үйл явдал гэсэн байр сууринаас хандаж үйл ажиллагаагаа явуулсан. Ардчиллын буянаар ард түмэн Ерөнхийлөгчөө өөрсдөө сонгодог тогтолцоотой болсон учраас хөнгөхөн өнгөрөөх үйл явдал биш байсан. Тиймээс хамаг анхаарлаа тавьж ажиллах ёстой гэж үзсэн. Өглөө 7 цагт сонгуулийн хэсэг хаалгаа нээхээс эхлээд сонгуулийн үр дүн гарч, СЕХ-ноос урьдчилсан дүн мэдээ гарч, ялсан нэр дэвшигч ялалтын үгээ хэлэх хүртэл ажиллана гэж төлөвлөсөн байсан. Манай телевизийн 60 гаруй уран бүтээлч эфирээ хаалгүй 48 цагийн турш ажиллаж энэ үйл явцыг хүмүүст хүргэж чадсандаа сэтгэл хангалуун байгаа. Бид аль нэг намын дуу хоолой болоогүй, харин ард түмний дуу хоолой болж ажиллаж чадлаа гэж үзэж байгаа.

-Сонгуулийн дараа ямар хэлбэрээр ажиллана гэж төлөвлөсөн бэ. Үнэндээ олон нийтийн дунд өгсөн санал нь алга болчих юм бол өнгөрсөн долдугаар сарын 1-ийнх шиг үйл явдал болно гэсэн таамаглал ч явж байсан. Та нар иймэрхүү явдалд бэлтгэлтэй байсан уу?
-Бид сонгуулийн үр дүнг албан ёсоор гарч, УИХ-аар соёрхон баталж, Ерөнхийлөгч тангарагаа өргөх хүртэл нь ажиллах болно. Сонгуультай холбоотой булхай луйвар юу байсан, нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт юу юу багтсан байгаа юм гээд энэ тал дээр иргэд, ажиглагчдын байр суурийг ч олон нийтэд хүргэж ажиллана.

-Сонгуулийн дараа өнгөрсөн жилийнх шиг үйл явдал болж магадгүй гэж тооцоолж байсан уу?
-Үгүй ээ. Бид дараа нь ийм тийм болно, тэгвэл ингэж ажиллана гэж огт төлөвлөөгүй. Хэрэв янз бүрийн юм болсон бол мэдээлэл хүргэдэг зарчмаараа л үргэлжлүүлээд мэдээлэх байсан байх. Гэхдээ сонгуулиас өмнө манайд цагдаагийн газраас хамтран ажиллах гэрээ гээд Т.Сайнжаргалын гарын үсэгтэй санал хүртэл ирсэн байсан. Бид мэдээллийг дамжуулахдаа цагдаагийн газартай яаж хамтрах ёстойгоо ойлгоогүй.

Өнгөрсөн долдугаар сарын 1-ний үйл явдал дээр ч бид УИХ-ын сонгуулийн үйл явцыг мэдээлж байгаад үргэлжлүүлээд л мэдээлсэн байдаг. Харин үүнийг нь тодорхой зорилготой, бэлтгэлтэй байсан мэтээр гуйвуулдагт нь бид харамсдаг.

-Тухайн үеийн ХЗДХ-ийн сайд байсан хүн ярилцлагадаа энэ талаар онцолж, өдөөн турхирсан гэж буруутгасан байсан шүү дээ?
-Биднийг тийм үймээн болохыг мэдэж байсан юм шиг, камераа урьдчилан байрлуулж, зохион байгуулалттай хийсэн юм шигээр мушгин гуйвуулсан нь харамсалтай санагддаг. Угаасаа мэдээллийг хүргэх үйл явцад бид татагдаж ороод, болж буй үйл явдлыг л хүргэсэн. Манай телевизийн зүгээс мэдээллийг бодитоор, шуурхай хүргэх тэр зарчмаараа л ажилласан.

-Сүүлийн үед өрнөж буй томоохон арга хэмжээг танай телевиз шуурхай хүргэдэгийг хүмүүс нэгэнт анзаарч, талархалтай хандаж байна. Танай телевизийн тоног төхөөрөмж тийм сайн хэрэг үү?
-Жирийн үзэгчдийн нүдээр бол “Ийгл” телевиз сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй учраас мэдээллийг газар, газраас шуурхай хүргэж байна гэж харагдаж байгаа байх л даа. Үнэндээ манайх бусад телевизийн л адил хүчин чадалтай. Аль ч телевизэд тулгардаг техникийн шинэчлэл манайд ч дутагдалтай байдаг. Гэхдээ мэргэжилдээ үнэнч сэтгүүлчид, зураглаачид, инженер техникийн ажилтнууд, сайн удирдлага нэгдэж, манай хамт олон тэр чигээрээ мэдээллийг үнэн бодитоор, шуурхай хүргэх ёстой гэсэн эрмэлзэл хүсэлтэй байсан учраас үзэгчдэд цаг тухайд нь мэдээллийг өгөх гэж зүтгэсэн. Ер нь мэдээллээр дутагдаж байгаа ард түмэнд мэдээллийг шуурхай хүргэх ёстой гэсэн эрхийг хүндэтгэж, үүрэг хариуцлагаа ухамсарлаагүй тохиолдолд техникийн хүчээр зодоод ч энэ бүгдийг хүргэнэ гэж байхгүй. Ер нь бид аль болох техникийн ололтуудыг ашиглах гэж оролдсон л доо. Манай гурван баг зөөврийн компьютер бариад, Интернэтийн мессенжерээр хүртэл шууд дамжуулж байсныг үзэгчид харсан байхаа.

Дуу дүрсний хувьд шаардлага хангах, хангахгүй асуудал гарах ч мэдээллийг газар дээрээс нь шуурхай хүргэж байгаагаараа тэр оролдлого ач холбогдолтой байлаа. Бусад телевизүүдийн хувьд олимп, наадам, сонгуулийн нээлт хаалтын үйл ажиллагааг шууд дамжуулах үедээ дамжуулдаг шүү дээ. Тоног төхөөрөмжийн хувьд манайхаас илүү юу гэхээс дутуу зүйл байхгүй.

-Мэдээллийг аль, аль талаас нь нэвтрүүлсэнд хүмүүс их талархаж байгаа нь анзаарагдсан…
-Бид мэдээллийг тэнцвэртэй байлгах тухайд их анхаарсан. Нэг талаас таван минутын мэдээлэл гаргасан бол нөгөөг нь бас тэр хугацаанд гаргах зарчмыг барьж ажилласан. Яахав, тухайн штабуудын мэдээлэл хийсэн хугацаанаас нь шалтгаалж өөр, өөр нэвтэрсэн тал байгаа. Тодруулж хэлбэл, сонгуулийн сурталчилгааны мэдээний тухайд хоёр намын нэвтрүүлсэн мэдээ 47 минутын л зөрүү байсан.

-Танай телевиз рүү нийслэлээс гадна хөдөө орон нутаг, гадаадаас хүртэл холбогдож байсан байх аа?
-Тийм ээ. Бид мэдээллээ интернэт дэх вэб сайттаа байрлуулсан байсан учраас телевиз үзэгчдээс гадна хөдөө орон нутаг, гадаадад байгаа хүмүүс ч мэдээлэл авч байсан. Манайх руу хандсан хандалтын тоо огцом ихэссэн учраас нэг хэсэг манай сервер унасан гээч.
АНУ, Японоос хүртэл манайх руу хүмүүс холбогдож санал хүсэлтээ хэлж байсан. Бид иргэдийн саналыг утсаар авч байсан нь олон хүнд таалагдсан. Хэдийгээр энэ нь маш эрсдэлтэй алхам байсан ч гэсэн иргэдийн дуу хоолой болох үүргээ илүү чухал гэж үзсэн учраас үүнийгээ зогсоогоогүй.

-Сонгуулийн өдөр сурталчилгаа хийгдчих гээд байдаг, бас л түвэгтэй шүү дээ?
-Тийм ээ. Янз бүрийн зүйлд уриалан дуудах гээд эрсдэл их байдаг ч гэсэн бид үзэгчдийнхээ санал бодлыг утсаар авсаар байсан. Бас урьдчилан сэргийлж, янз бүрийн зорилготой холбогдох тохиолдолд утсаа таслах зэргээр арга хэмжээ авч байсан. Гэхдээ үзэгчид маань ч соёлтой оролцсон.

-Гадаадын хэвлэлүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар шуурхай мэдээлж, ихээхэн анхаарч байгаа нь анзаарагдсан шүү.
-Тийм ээ. Манай гадаад мэдээний албаныхан гадаадын хэвлэл мэдээллүүд дээр мониторинг бас хийсэн л дээ. Үнэхээр дэлхий нийт Монголын Ерөнхийлөгчийн сонгуулийг ширтэж байсан нь анзаарагдсан. Тавдугаар сарын 24-нээс 25-нд шилжих шөнийн хувьд гэхэд зөвхөн 200 орчим мэдээ мэдээлэл нийтлэгдсэн байсан. BBC гээс эхлээд Аль Жазера хүртэл анхааралтай ажиглаж мэдээлж байсан. Тэгэхээр гадны хэвлэлүүд ингэж анхаарч байгаа нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг илүү хариуцлагатай, илүү анхааралтай ажиллахыг сануулж байсан гэж болно. Энэ мэдээллийн төлөө Монголыг зорьж ирээд, анхааралтай ажиж байхад нь бид өөрсдөө эфирээ хаагаад унтчих эсвэл кино гаргаад байх нь утгагүй л асуудал болно.

-Өөрөө, АНУ-д сэтгүүл зүйн боловсрол эзэмшсэн. Тэнд сурч ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явцыг харж байсан л байх. Ер нь америкчууд, хэвлэл мэдээллийн салбар нь хэрхэн оролцдог юм бэ?
-Би тэнд хоёр, гурван удаагийн сонгуулийг харж байсан. Америкчууд бол сонгуулиар тэр чигээрээ амьсгалдаг. Тэдний өдөр тутмын амьдрал нь манайх шиг улс төрөөсөө шалтгаалаад байдаггүй боловч өөрийн улс орны нүүр царай болсон Ерөнхийлөгчөө сонгохдоо маш их анхаардаг юм билээ. Телевизүүдийн бэлтгэж байгаа нэвтрүүлгүүд ч их өөр. Бид энэ удаагийн сонгуулийн халз мэтгэлцээний нэг удаагийнхийг нь зохион байгуулъя гэсэн хүсэлтийг хүртэл намуудын штабт тавьж байсан л даа. Гэвч нэг удаадаа болох эсэх нь тодорхойгүй байсаар бараг л эцсийн мөчид халз мэтгэлцээн гэхэд хэцүү юм болсон л доо.

Ярилцсан: Ч.Бүжин

1 comments:

ganga June 2, 2009 at 3:33 PM  

Ийгл телевизд мэдээлэл шуурхай дамжуулж байсанд талархал илэрхийлэе. Биднийг ард олныг сонгуулийн штаб, хэвлэл мэдээллийнхэн огт хүндлээгүй гэмээр сэтгэгдэл үлдэв. Тэнэг хар масст юу ч шахсан яахав гэсэн шиг утгагүй хар бараан хов жив голдуу цацаж байсанд, мөрийн хөтөлбөр дээр бараг ярилцаагүй, өрсөгдөгчдийн ажил хэрэгч чанарыг харьцуулан дүгнэх боломж өгөөгүй энэ сонгуулиас их гонсгор хоцорлоо. Нэр дэвшигчид өөрийг нь гутааж, өрсөлдөгчөө доромжилж байгаа хар пиарыг анхнаасаа тас цохиж болоогүй юм уу? Танайх нэвтрүүлгийнхээ "бодлого үнэт зүйлсэд харшилдах мэдээг авахгүй" талаар гэрээ хийхдээ анхаарсан шиг бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэл ажиллаагүй нь харамсалтай. Энэ зөв эхлэлээ ахин дахин бусдыгаа ичтэл, ухаартал тодотгон ярьж сэтгэхүйд нь нөлөөлмөөр санагдлаа. Сэтгүүлчид өөрсдөө өндөрлөгт баймаар байна шүү дээ.
Дахин баяр хүргэе Та бүхэнд амжилт!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш