Friday, February 20, 2009

Блогтой нь ерeнхийлeгчeeр сонгогдох нигуур буй

Ерөнхийлөн захирдаг хүн нь ямар хүн байхыг ард түмэн нь шийддэг бид мөн хувь заяатай улс шүү. Хэдийгээр ерөнхийлөгч болж чадахгүй ч хүүхэд бүр том болоод ерөнхийлөгч болно хэмээн мөрөөддөг байх. Том болоод ч тэр хүсэлдээ хөтлөгддөг хэдий ч би дэвшсэнгүй хэмээн цааргалалгүй хэн нэгний төлөө очоод л саналаа өгнө. Мөн уужим сайхан дотор шүү.


Одоо бол харин Монгол улсын ерөнхийлөгч ямар хүн байх ёстой вэ гэдэг асуулт ямар ч утга учиргүй бололтой. Тэрний оронд Элбэгээ, Үүл, Оюун, Энхбаяр, Баяр зэрэг хүмүүсийн хэн нь болох вэ хэмээвэл илүү үр дүнтэй байх болов уу. Харин надад хар цээжээрээ бодсон бодлогын хариу байна. Энэ нь юу хэмээвэл энэ сонгуульд хамгийн их залуучуудад таалагдсан нэгэн нь ерөнхийлөгч болно гэж боджийно. Тэд чатладаг, бүжиглэдэг, хөгжим тоглодог, хөөрхөн наргичдаг, блог хөтөлдөг, бүтэлгүйдэхдээ ч сийхгүй, бүдрэхдээ ч хийгүй, босч ирээд л шороогоо гөвдөг, тэгэхдээ бас П.Сүхбат шиг хээв нэг инээж байдаг ерөнхийлөгчийг хүснэ.


Ноцтой хэрэг гарахад ар гэрийнхэнтэй нь хамт уйлж байдаг, насан буурал ахмадуудаас зэмлэлийн үг сонсонгоо хацар дээрээ эвийлүүлэн үнсүүлж байдаг, залуу үеийнхэнтэй зэрэгцэж суугаад тэдний хүсэл мөрөөдөл, амьдралыг нь анхааралтай сонсож, хамтдаа дуулан инээлдэж байдаг, үндэсний бөх үзэнгээ суудлаасаа өндөлзөж байдаг, ард иргэдийнхээ дунд айх юмгүй зэрэгцэн алхаж байдаг тийм л ерөнхийлөгчийг залуус хүсч байна.


С.Баяр дууны найруулга хийн, UBS- ээс шагнал гардаж, Ц.Элбэгдорж Америк стилээр шинэ оны мэндийг дэвшүүлж, Гүндалай дууны клипэнд тоглоно энэ тэр гэдэг нь шинэлэг санаанууд мөн боловч нэг л наалдац муутай, залуусыг өөртөө татахаас илүү өөнтөглүүлэх зүйлс болжээ. Тэгвэл тэднийг яаж татах вэ? Юуны түрүүн блог хөтөл. Ядах юмгүй, тэр өдөрт юу хийв, ямар зүйл сурав, ямар алдаа гаргав, таны эхнэр эсвэл нөхөр тэр өдөр яаж өнгөрөөв, та гэр бүлтэйгээ ямар цаг гаргав, ямар ном уншив, ямар кино сонирхов. Бүгдийг нь бич. Зохиож хэрэггүй. Хэрэв зав байхгүй бол заавал өөрөө бичих гээд суугаад хэрэггүй. Тантай хамт байх хэн нэгэн нь ч үүнийг хөтөлж болно. Хамгийн гол нь та өөрийнхөө үгээр өөрөө үзүүлбэл бүр гоё. Видео бичлэг хийхдээ үнэ ихтэй мэргэжлийн камер энэ тэр худалдаж аваад шаардлагагүй. Зүгээр л гар утсаараа юм уу жижиг камераар бичлэг хийгээд түүнээ YouTube зэрэгт оруулчих хэрэгтэй. Таныг яасан хямдхан нөхөр вэ гэж хэн ч хэзээ ч харахгүй. Тэгж өрөвдвөл бүр сайн л биз. За тэгээд эцэст нь АРД ТҮМНЭЭ АНХААРАЛТАЙ СОНС! Тангараг өргөх ёслол дээр чинь уулзья.

Wednesday, February 18, 2009

Сумо гардаггүй Сайн eдeр

Өглөө юу юу ч болоогүй байхад 10 гээд сэрчих юм даа. Уул нь жаал амарч байгаад босюу гэсэн юмсан. Энд бол яг л “юу юу ч болоогүй байхад” гэдэг хэллэг яв цав тохирно. Эхнэр босоогүй, банштай цай чанаагүй, халуун ус ирээгүй, хүүхдүүд сэрээгүй, хогны машин дохиогоо хангинуулаагүй байхад шүү. Тэгээд ч өнөөдөр бусад Сайн өдрүүдээс нэг их ялгараад байхааргүй ч гэсэн сумо гарахгүй гэхээр л боож үхмээр, эс бөгөөс дэрэндээ толгойгоо наасаар өдрийг өнгөрөөмөөр.Одоо хэрэв ингээд босоод ирэх юм бол эхнэр азны юм гээд хоол цай дөхүүлэх, хүүхэд шуухад саатуулах, хог хуйгаа цэвэрлэх, хүнс бараа цуглуулах гэх зэрэг ажилд дайчлах нь мэдээж.

Зүгээр л хоёр нүдээ сэрүүнээрээ аниастайгаар сайн өдрийг дуусгамаар. Сумо миний амьдралд ямар их байр суурь эзэлдэг болсон юм бэ. Зарим хүмүүс ойлгохгүй ч ихэнх эрчүүд надтай санал нийлэх биз ээ. Сумо гардаг болсоноос хойш сар өнжөөд л хоёр долоо хоног миний завгүй, бас сайхан зантай гэж жигтэйхэн. Тэр миний яав, энэ маань яачив энэ тэр гэж хамт мэх хийсээр байтал хоёр цаг тун хурдан өнгөрөх боловч оройжингоо түүнийгээ бодоостой бөгөөтөл маргааш тэр хоёр яаж барилдах бол гэхээс орондоо орсон хойно ч гэсэн гарын хөлс гараастай. Шөнө зүүдэндээ хүртэл зүйрлэмгүй хүчтэй сумочидтой ач тач үзэж байна хэмээн эхнэрээ хэдэн удаа цуппаридаж, хоёр удаа өрц үрүү нь тийрээд авсан тал бий.

Сумо гардаггүй байхад, Батбаярыг макүүчид дэвшээ ч үгүй байхад Сайн өдрийг яаж өнгөрөөдөг байсныг санах хэмээн нилээд юм болов. Тиймээ, эхнэр хүүхдүүдтэйгээ салхинд гарч, сайхан хоол хийж идэн, эсвэл үзвэр үзэнгээ үнэ багатай ч цэвэрхэн зоогийн газарт эхнэрээ урин, их л эрхлэнгүй хоолыг нь халбагадан өгдөг байж билээ. Сумо гардаггүй байхад хүүхдүүдээ дагуулан өвөл нь бол цанаар гулгаж, зун нь бол уул өөд өчнөөн авирдаг байсан сан. Гэрээр дүүрэн хүүхдүүдийн инээж хөхрөх, эхнэрийн тоглоом шоглоомоор тэднийг зандрах дуу хадаж, өрөөсөн оймсоо хайн өдрийн талыг авах мөртөө эхнэртээ сээтэн хаян өмнө хойно нь орон далжигнана. Сумо гардаггүй байхад хийх юм яасан их байсан юм бэ? Бага багаар сумо гээчийн амтанд нь орсоор нэг л мэдэхэд сайн өдөрт түүнээс өөр сайн юмгүй, үзэхээс өөр хийх юмгүй л болсон дагуудаа. Гэдэс гүзээ ч сунаж, гэргийн царай ч гундаж. Сумочдыг харсаар байтал өөрөө ч тэднээс ялгагдахгүй нэгэн болж хувирах юм аа. Гол ялгаа нь гэвэл тэд муу ч сайн ч сумотой сайн өдөр ажлаа хийж, авдагаа авдаг бол би гэдэг мулгуу амьтан тэрийг нь ч бодох сэхээ байхгүй, амь амьдралаа тавиад тууж байгаа ч юм шиг.

Иймэрхүү бодлууд өнөөдөр л орж ирж байгаа ч юм биш. Сумо гардаггүй 40 Сайн өдрийн ихэнхэд нь иймэрхүү л юм бодож хэвтлээ. Өнөөдрийг нэг өөрөөр өнгөрөөж, ядаж дараа сарын барилдаан хүртэл хэдхэн сайн өдөрт идэвхтэй байхсан, салхинд гарахсан, эхнэрээ дагуулаад дэлгүүрээр хэсэхсэн, үзвэр мүзвэр үзэхсэн хэмээн хүчлэн бодовч, сумо гарахгүй гэхээр л ямар ч утгагүй санагдах юм. Яршиг, ингэж хэвтсээр байгаад л өдрийг өнгөрөөхөөс. Энэ өдөр сумо гардаггүй сайн өдрүүдээс ялгарах юм нэг ч байхгүй байх болно. За байз, түрүүчийн сард ч Дагваа аварга мөн сайхан ялсан шүү. Тэр хэнийг мөн сайхан хаяж билээ.

Sunday, February 15, 2009

How normal is your brain?

If your brain works normally this is neat.
This is another example of an amazing illusion!!! The last sentence is so true.

If your eyes follow the movement of the rotating pink dot, the dots will remain only one color, pink.
























However if you stare at the black ' +' in the center, the moving dot turns to green.

Now, concentrate on the black '
+ ' in the center of the picture. After a short period, all the pink dots will slowly di sappear, and you will only see only a single green dot rotating.

It's amazing how our brain works. There really is no green dot, and the pink ones really don't disappear. This should be proof enough, we don't always see what we think we see.

Wednesday, February 11, 2009

With Arms Wide Open

Өнөөдөр нэгэн мэдээ сонслоо
Өчүүхэн миний амьдрал өөрчлөгдөх нь ээ
Би нүдээ анин залбирах ахуйд
Баярын нулимс хацар даган урсана


Алтан наран дор
Алгаа дэлгэн чамайг угтья
Алив бүхнийг зааж өгөхөөр
Аав нь чамайгаа тосон авья


Би байх ёстойдоо
Бэлэн эсэхийг мэдэхгүй ч
Хайртай түүнийхээ хажууд байн
Хонгор минь хоюул амийг бүтээжээ!


хэмээн эхлэх энэ дууг хэдэн жилийн өмнө нилээн алдаршиж байсан CREED хамтлаг дуулсан юм. Түүний дуунуудыг нэг хэсэг сонсох тун дуртай байжээ. Тэд энэ дуугаараа Грамми шагналыг шилдэг рок дуу категорит хүртсэн юм. Хамтлаг хэдий салсан ч энэ оноос дахин нэгдэх талаар жиг жуг хийж байна.

Tuesday, February 10, 2009

Ном гэснээс

Ном гэснээс насаараа л ном орчуулах юм ярьж явдаг байлаа. Сүүлчийн хэдэн жил Жон Максвеллын номноос орчуулах гэсээр байтал зөвшөөрөлтөй зөвшөөрөлгүй “Манлайлагчдын Багийг Бүрдүүл” (Developing the Leaders Around You), “Хүнээ Зөв Удирдах Хөдлөшгүй 21 Хууль” (21 Irrefutable Laws of Leadership), The 21 Indispensable Qualities of a Leader гэх зэрэг ном нь орчуулагдан гарсан байх бөгөөд миний мэдэхээр одоо хоёр ч ном нь: “The 25 Ways To Win With People” “The 17 Essential Qulities of a Team Player” орчуулагдан бэлэн болсон Пүүжээ хоёр дахь номыг нь хэвлүүлэхэд бэлэн болоод байгаа юм байна. Харин миний орчуулахаар тун чиг олон жил болж буй The Winning Attitude гэдэг номыг л одоогоор хүн аваагүй байгаасай гэж хүснэ. Уул нь түүний номнуудыг нь ганцхан Пүүжээгийн сургууль авсан юм байна. Түүнтэй яриад хэлсэн байгаа, гайгүй байхаа гэж бодож байна.

За тэгээд манайхан гайгүйхэн шиг номыг бол дор нь орчуулдаг болжээ. Жаред Даймонд гуай луу ичихгүй имэйл явуулан таны Collapse хэмээх номыг чинь орчуулья хэмээн асуутал монголоор аль хэдийнэ орчуулагдсан гэсэн хариу ирсэн тухай урд нь хэлж байсан. Тэгэхээр нь би Монголын хэдэн номын дэлгүүрүүдээр бүгдээр нь орлоо, харагддаггүй ээ гэсэн шүү имэйл бичтэл сураг тасарсан юм. Гэтэл Нээлттэй Нийгэм Форумаас “Сүйрэл” хэмээн орчуулан гаргасан байх юм. Гадуур хатуу болон зөөлөн хавтастай нь 20 гаран мянгаар зарж байна. Харин Форум дээр очиж авбал 15аар авах бололтой. Уншихад илүүдэхгүй л ном.

За дараа нь Paulo Coelho-ийн Алхимичийг нэг их орчуулна энэ тэр гэж сүйд болоогүй. Гэтэл бас л саяхан БАЛ гэдэг паблишерс орос хэлнээс орчуулан гаргажээ. Албан ёсны зөвшөөрөл авсан бололтой, үнэ нь 6 мянга гэсэн байхаа. Бас болоогүй Хятад болон баруунд овоо шуугиан тарьсан “Чонын Титэм” хэмээх зохиолыг орчуулахаар эрхийг хөөцөлдөж байтал Баабарын НЕПКО аль хэдийнээ орчуулж дуусаад, эрхийг нь хөөцөлдөж байна гэдэг юм даа. Одоо бас Харүки Муракамигийн богино өгүүллээс орчуулах уу гэж байтал аль хэдийнээ нэг нөхөр орчуулцан байгаа даа. Гэх мэтээр миний ном орчуулах паян үргэлжилсээр...

Баабар Хласког орчуулжээ


“Дараа нь Чиний Ээлж” хэмээх хэдэн жилийн өмнө хэвлэгдэн гарсан энэ номыг лав л номын худалдаануудад харсанаа санахгүй юм байна. Гэтэл Баабар Зүүн Европын Жеймс Дийн хэмээн нэрлэгдэж байсан Польшийн зохиолч Марек Хласкогийн энэхүү бүтээлийг аль тэртээ 1982 онд орчуулан, гараар хувилан хэдхэн хувь тарааж байсан байх юм даа. Саяхан цэвэр тохиолдлоор тус номыг шүүрэн авч шагшин уншиж дууслаа. Гайхалтай мундаг зохиолыг гайхалтай мундаг орчуулжээ.

Мэдээж аль 80-аад онд залуусын үгсийн санд хэрэглэгддэг байсан үгс, хараал ерөөлийг хүртэл тэр чигээр нь буулгасан нь үнэн тасархай болжээ. Гадаадын хараалын үгсийг байгаа чигээр нь орчуулан буулгасан зохиол тун ховор мэт санагддаг. Ашгүй манай хэдэн кино орчуулагч нар өнөөгийн Холливуудын киног орчуулахдаа бөгс улаймаар, бөөлжис цутгамаар хараалын үгсийг хэдэн мянга дахин хүчийг нь сулруулан “хараал идмээр” гэх мэтээр орчуулдаг нь яамай даа.

Хласко хэмээх энэ билэг танхай зохиолч 35хан насандаа хорвоогоос хальсан гэх бөгөөд зарим нь түүнийг амиа хорлосон ч гэж үздэг гэнэ. За байз, Następny do raju хэмээх энэ зохиолоо 1958 он буюу 24хөн насандаа бичсэн байх нь байна шүү. Үгүй тэр, энэ насандаа мөн их юм үзсэн толгой байх нь ээ. Баабар түүнийг 82 онд орчуулсан гэдэг чинь, (насыг нь хараадхий...одоо компьютерын тооны машиныг ажиллуулж байна...) 28 насандаа орчуулсан байх нь байна шүү. Мундаг юмаа. Гэтэл би 28 насандаа хаагуур ямар юмаа хийж дэмий тэнээд явж байснаа бас санах гэж оролдсоноо түр азналаа.

За тэр яахав, юутай ч Хласког өнөөдөр олон хүн мэдэхгүй ч гэсэн түүний бүтээлүүд нь коммунист дэглэм дор бичигдсэн гэхнээ лут юмаа. Тэрбээр Фёдор Достоевскиг шүтдэг нэгэн байсан гэнэ. Түүний энэ бүтээлд нийгмийн хог шавхруу болсон этгээдүүдийг илгээдэг байсан Ойн бригадын гишүүдийн амьдрал тэмцэл, бухимдал, хүсэл мөрөөдөл, нийгэмтэйгээ үл эврэх үзэл, эцэстээ хэнд ч үл хэрэгсэхгүй үхэж дуусах амьдралын талаар нүдэнд харагдтал дүрслэх ажээ.


Thursday, February 05, 2009

Си Эн Энээр сэм харагдав

Бидний хэсэг спорт сонирхогчдын нэгдэн зохион явуулсан Super Bowl Party-гаар хийсэн видео мэдээ маань CNN International сувгаар гарчээ. Энэ мэдээг иргэний сурвалжлага болгон iReport-од аплод хийгээд хэдхэн цагийн дараа Атлантагаас ярьж, энэ мэдээг Си Эн Энээр гаргамаар байгаа тухайгаа хэлсэн юм. За бололгүй яахав болоод нэг их ач холбогдол өгөөгүй байтал шөнийн 12 цагийн үед дахин ярьж, Skype-аар ярилцлага авмаар байна гэдэг байгаа. Эхнэртэйгээ хамт Интернэт кафед очин, энэ арга хэмжээг зохион байгуулах санаа яагаад төрсөн, Монголд хүмүүс энэ спортыг ойлгодог юм уу гэх мэтийн асуултад хариуллаа.

Энэ мэдээг өглөө үзэхээр шийдсэн боловч Нойрбаатар нам унтсан байна. Юутай ч бидний сэдсэн ажил, Ийглийн залуучуудын хийсэн мэдээ ийнхүү даян дэлхийгээр цацагдсан нь бас л нэг бахархах зүйл. Энэ мэдээг вэбсайтад оруулаад нэг хоногын дараа гарахад 12 000 илүү удаа үзэгдсэн байх бөгөөд энэ 7 хоногийн хамгийн их үзэгдсэн мэдээнүүдэд дээгүүр давхиж байна. Нэг сэтгэгдэл хүртэл их сэтгэл хөдлөм байх юм. Ийш орж сэтгэгдлүүд харж болно.

Wednesday, February 04, 2009

Eagle TV news will be on CNN


Бидний бэлтгэсэн мэдээ CNN International cувгаар 2 сарын 5-ны өглөөний 5 цагаас (Улаанбаатарын цагаар) гарна. Мэдээний өмнө нь эхнэр бид хоёр Skype-аар ярилцлага өгсөн байгаа. Энэ бол бидний хамгийн анхны CNN мэдээ болж байгаа юм.
Eagle TV's piece "Super Bowl Party in Mongolia" will air on CNN International on February 4 at 4 pm Eastern.

Sunday, February 01, 2009

Super Bowl Party амжилттай боллоо

Grandkhaan Irish Pub, Ulaanbaatar (Eagle TV) – Америкийн Хөлбөмбөгийн Лигийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголд анх удаа шууд дамжуулан үзүүллээ. Энэ удаа Ийгл ТВ-ийн спортын баг, Таван Цагариг сонин, Монголын Спортын Сэтгүүлчдийн Холбоо, Спортын Цонх сэтгүүлийн хэсэг хөлбөмбөг сонирхогчид хамтран NFL Fan Club of Mongolia байгуулан, Irish Pub дээр Super Bowl-ийг шууд дамжуулан үзүүллээ. Тус тэмцээнийг MNBC дижитал кабелийн компанийн тусламжтайгаар нийтэд хүргэсэн юм. Ердөө хэдхэн хоногт зараа тараасан боловч 80 орчим монгол, америкчууд хүрч ирэн үзлээ.

NFL-ийн финалын түүхэн дэх хамгийн сэтгэл хөдлөм, хамгийн агуу тоглолт болсон хэмээн зүй ёсоор нэрлэгдээд байгаа энэхүү тоглолтыг шууд дэмжсэн Grandkhaan Irish Pub болон MNBC-ийн ажилтангууд мэргэжлийн өндөр түвшинд ажиллаж, гайхамшигтай үйлчилгээ үзүүлсэнийг дурдах хэрэгтэй. Энэ боломжийг хөлбөмбөгийн фэнүүддээ олгосон МССХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Ч. Отгонбаатар, ЭМЯ-ны төслийн ажилтан Б.Цогтбаатар, Спортын Цонх сонины эрхлэгч, sportnews.mn-ы эрхлэгч Б.Хосбаяр, Таван Цагариг сонины сурвалжлагч Ж.Батмөнх нартаа их баярлалаа.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш