Sunday, July 20, 2008

Монголын Блогчид мандтугай

Интернэтийн эхний давалгаа аль хэдийн түрлэгээ татаад, Web 2.0 аль хэдийнээ ноёрхолоо тогтоосон байх ажгуу. Интернэт гэдэг нь зөвхөн бидний яахуу, хотмайл дээр байдаг хэдэн цахилгаан шуудан байхаа болиод олоон жил өнгөрч байна. Хувь хүн бүү хэл бүхэл бүтэн улс орон ч гэсэн Интернэт дээр итгэл найдвараа тавьсан байх нь тааралдана. Хувь хүн хоол хүнсээ захиалан авч, цаг агаар, мэдээ мэдээлэл, биржийн ханш, банкны гүйлгээ, төлбөр тооцоогоо хийгээд зогсохгүй хийморын сан тавиулж, Joel Osteen-ыг хүртэл сонсож болох нь.
Үүнтэй зэрэгцээд нетийн акулууд олноор гарч ирсэн бөгөөд зарим нь ч бүр монополь эрхтэй болжээ. Зар сурталчилгаа, технологийн талаар бусдаасаа тасархай компаниуд тун олон. Түүнтэй зэрэгцээд CNN, BBC, Xinhua зэрэг мэдээллийн агентлагууд цаг тутамд шахуу мэдээллээ шинэчилж байна. Цаасан сонин бол их л удаж урд орой болсон хэрэг явдлын тухай өгүүлэх бөгөөд сонин хэвлэлтээс гарсанаас хойш та тэр сонинг бариад унших хүртэл дор хаяж 6-7 цаг өнгөрсөн гэж бодвол тэр хооронд зарим мэдээнүүд аль хэдийн хуучирсан байх нь элбэг.

Тэгвэл мэдээллийн дараагийн хандалт нь телевиз байж болно. Гэвч мэдээллийн сувгууд нэг дор нэг л мэдээллийг дамжуулах боломжтой бөгөөд хэдий өндөр хөгжсөн технологын эрин үед ч бид телевизын суваг солих л боломжтой болохоос аливаа нэг суваг дотроос мэдээллээ сонгон шүүж үзэж чадахгүй нь харамсалтай. Тэгээд л дэлгэцний доогуур жирэлзэн урсах тийтэрийг дэмий л ширтэн харахаас өөрцгүй. Тэгвэл хамгийн гайгүй сонголт нь одоохондоо Интернэтийн мэдээллүүд байна. Харамсалтай нь эргээд л нөгөө том том акулууд л үргэлж шинэчилж байдаг мэдээллийн сайттай байхаас бус бие даасан, чөлөөт сувгуудад ийм боломж олддоггүй.

Гэтэл нөгөө томуудад ч гэсэн өөрсдийн гэсэн ашиг сонирхол гэж байж таараа. Түүнийгээ хамгаалж, өмгөөлсөн, хэт нэг талыг барьсан мэдээ мэдээлэл цацах нь наад захын үзэгдэл. Тэгвэл аливаа зүйлийг хоёр талаас нь сонсож, эрүүл ухаанаар өөрийн гэсэн үнэлэлт дүгнэлтийг өгөх хэрэгтэй бөгөөд уншигчид ч ийнхүү хүсч байна. Яг л энэ орон зайг бөглөхөөр иргэний сэтгүүл зүй буюу иргэн сэтгүүлч нар гарч ирсэн билээ. Тэдэнд алдах зүйл байхгүй, аль болох зөв өнцгөөс нь харж, шударгаар бичиж чадах аваас нэр хүнд нь өсч, хүмүүс ч түүнийг сонсохдоо дуртай болж ирнэ гэсэн үг. Тэрнээс биш ихэнх нь бичлэгийнхээ төлөө цалин пүнлүү авдаггүй, албан тушаал ахина гэж дайрдаггүй, хэн нэгэнтэй ашиг сонирхлын зөрчилдөөн байхгүй, хэн нэгнийг дарамталж, нэр төрийг нь гутааж, нөгөө нэгийг нь өөд нь татах ямар ч сонирхол байхгүй. Яагаад гэвэл тэдний ихэнх нь өөрсдийн гэсэн ажил мэргэжилтэй, амьдралын эх сурвалжтай бөгөөд иргэнийхээ үүргийг нэг талаар биелүүлж байгаа сайн болоод шударга иргэд юм.

Мэдээж тэдэнд мэргэжлийн үнэ ихтэй камер, гэрлийн хурдтай Интернэт холболт, сурвалжлага хийх тусгай эрх, хурдан унаа тэрэг байхгүй бөгөөд магадгүй ийм л нөхцөл байдалтай тул илүү шударга, илүү үнэнийг өгүүлэх магадлалтай. Тэдний ихэнх нь пиксел муутай зураг дарж, барзайсан дүрстэй богино видеог гар утсандаа буулган авна. Нэгэнт эдгээр иргэний сэтгүүлчдэд хэмжээ хязгааргүй багтаамжтай Интернэтийн домайн, вэбмастер байхгүй тул хамгийн зөв платформ нь тэмдэглэлүүдээ үнэгүй бөгөөд маш энгийн аргаар бусдад хүргэж чадах блог сайтууд, богино хэмжээний видеогоо үнэгүй тушчихаж болдог ЮуТүүв зэрэг сайтууд болж байна. Өнөөдөр бид хэзээ ч телевизын сувгаар, сонины хуудаснаас олж үзэхгүй тийм л мэдээ мэдээлэл, санал бодол, бичлэг нийтлэл, бодит явдлын видеонуудыг тэднээс олж уншиж, харж, үзэж байна.

Блог гэж юув, хэрхэн үүсэв, иргэний сэтгүүл зүй хэрхэн үүсэн цэцэглэв гэдэг талаар илүү ихийг дурдахыг хүсэвч энэ удаа түдгэлзэн, гол сэдэв үрүүгээ орьё. Энэ талаар жич танилцуулах болно.

Монголчууд ч энэхүү эрин зууны хөгжлийн алхаатай хөл нийлүүлэн, олон арваараа блогтой болсоор байна. Өнгөрсөн оны 11 сард нэгэн байгууллагын гаргасан тооцоогоор дэлхий даяар 60 сая блог байгаа гэсэн тоотой. Энэ далайд манайхан ч хувь нэмрээ дуслаар нь оруулсаар байна. Яг хамгийн анхны вэбсайт, хамгийн анхны чат өрөө, анхны блогыг хэзээ хэн анх хийж байсныг мэдэхгүй ч гэсэн миний бодлоор www.mol.mn болон тухайн үед Европт суралцаж байсан Сансар monstudnet.mn хэмээх сайтыг Орбинзоон нарын хамтаар гаргаж байсан нь хамгийн анхны биш ч гэсэн эхний хэдийн нэг гэхэд хол зөрөхгүй болов уу гэж бодож байна. Уншигч та өөрөө үүн дээр саналаа хэлнэ биз ээ.

Монгол оюутнуудын энэхүү сүлжээ нь ч гэсэн анхны чатыг нэвтрүүлэн, гадаад дотоодод суралцагч оюутан залуучуудыг хооронд нь холбох гайхамшигтай харгуйг нээж өгсөн. Компьютерын араас хэзээ ч нэгнийхээ төрхийг хараагүй, амнаас нь гардаг дуу хоолойг нь ч сонсоогүй хүмүүс биендээ итгэх итгэл дээр дөрөөлөн Цахим Өртөө хэмээх сүлжээг байгуулсан нь ч дээрх сайтаас эхлэлтэй гэж ойлгодог. Өдгөө Цахим Өртөө сүлжээ нь Төрийн бус байгууллага болтлоо өргөжин, нийгэмдээ идэвхтэй үүрэг гүйцэтгэсээр байгаа нь урд хожид бол хэнд ч ойлгогдохгүй, итгэхгүй үзэгдэл болсон билээ.

Дараагаар нь блог гаргахаар оролдож байсан нилээд хэдэн тохиолдлууд байдаг. Ихэвчлэн мэдээлэл технологоор суралцаж байсан оюутан залуус, байлдаж тоглохоо байгаад Интернэт дээр ихэнх цагаа өнгөрөөх болсон бага дунд сургуулийн хүүхдүүд хүртэл тав зургаан жилийн өмнөөс оролдож эхэлсэн.

Энэ нь нэгэнт мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа хүмүүст өөрсдийнхөө дуу хоолойг түмэнд хүргэх зөв хэлбэр гэдгийг зөвхөн хүүхэд залуучууд биш томчуул хүртэл сая л нэг юм хүлээн зөвшөөрлөө. УИХ-ын гишүүн З. Энхболд (http://z-enkhbold.blogspot.com/) манай хамгийн анхны болон одоо хүртэл цорын ганц блогтой гишүүн хэвээр байна. Манай сайн сэтгүүлчдийн нэг Д. Цэдэндорж хэдэн жилийн өмнө хэвлэлийн ажиглалт хэмээх анхны шахуу төрөлжсөн блогыг ч туршиж үзэж байсан. Түүнчлэн Цахим Өртөөг үүсгэн санаачлагч Д. Цэрэнбат (http://tserenbat.blogspot.com/), тус сүлжээнд нэр хайрласан доктор Ш. Баатар (http://shbaatar.blogspot.com/) нар ч саяханаас хувийн блог гарган, өөрсдийн санаа оноогоо нэгтгэн, бичлэг нийтлэгээ архивлаж эхэлж байна. Ш. Баатар арваад жилийн өмнөөс ч гэсэн Great Mongolian Gobi хэмээх хувийн сайтыг хөтөлж байсныг олон хүмүүс санаж буй байхаа.

Манайхны орох дуртай сайтуудын нэг болох tsahim.us хөгжим мэдээллийн сайтыг үүсгэгчдийн нэг Л. Гантөмөр нар ч мөн л анхны блог бичигчдын нэг байсан. Өдгөө Японд сурч байгаа оюутнууд ялангуяа идэвхтэйгээр блог хөтөлж, өөрсдийнхөө танилын хүрээг тэлэхийн хажуугаар өөрсдийгөө ч бусдад таниулж, үзэл бодлоо дэлгэж байна. Блогчдын дундаас шинэ хэллэг, бичлэгийн шинэ хэлбэр хүртэл гарч ирж байгаа нь авууштай. Энэхүү тэмдэглэлийг сараачигч миний хувьд ялангуяа “орж ирээд бие засаад гарах” эсвэл бүр ноцтой бол “шээчээд гараад явах”гэдэг хэллэг их нүдээ олсон хэмээн олзуурхдаг. Жорлон хавиар эргэлдсэн зохисгүй хэллэг мэт байвч хэн нэгэн хүний блог уруу хэний ч шахалтаар бус орж ирчихээд, блогчтой санал нийлэхгүй байгаагаа илэрхийлэхдээ бүдүүлгээр хараан зүхэж, доромжлон гутааж, өөрийгөө соёлгүй, мэдлэггүй гэдгээ харуулдаг өрөвдөлт өрөвтас лугаа адил этгээдийн бичсэн зүйлийг ийнхүү нэрлэдэг нь үүнээс илүү яаж ч олигтой илэрхийлэх билээ дээ. Тэдний дотроос Эрин М. Тулгат (http://togi3togi.blogspot.com/), Тогоруу (http://togi3togi.blogspot.com/) зэрэг сайн бичлэгтэй, амьд блогууд олон байдаг. Үүний дээр миний мэдэхгүй маш олон блогууд бий гэдэгт эргэлзэх юун. Тун саяхан бас нэгэн блогчин, Нагоя хотноо суралцаж буй А. Болд (http://krilleer.blogspot.com/) блогын хүрээнд шууд кириллээр бичиж болох програм зохиосон нь маш сайн болжээ.

Түүнчлэн иргэний сэтгүүл зүйг хөгжүүлэх зорилгоор www.bugdeeree.mn хэмээх бүхэл бүтэн тусгай онлайн сонин гарсан нь үнэхээр сайшаалтай болжээ. Тэд танилцуулах хуудсандаа “БҮГДЭЭРЭЭ бол БҮГДИЙН сонин. Энд авторитар удирдлага байхгүй. Ардчиллын гол баталгаа болсон хэвлэлийн эрх чөлөөг жинхэнэ ёсоор нь дээдэлсэн нээлттэй сонин БҮГДЭЭРЭЭ-г БҮГДЭЭРЭЭ бүтээцгээе” хэмээн бичжээ.

Бид эрүүл нийгэм байгуулахийн тулд зөвхөн гудамж талбайд гарч тэмцсэнээр амжилтад тэр бүр хүрэхээ байсан гэдгийг харж байна. Тэгвэл одоо мэдээллийн энэхүү өргөн боломжийг ашиглан, бодит байдлыг ямар ч шүүлтүүргүйгээр, ямар ч дарамтгүйгээр дэлгэн тавих Интернэтийн өдрийн тэмдэглэл гэгдэх блогыг өргөн ашиглацгаая. Ард түмэнд, сонгогч нарт, уншигчдад дан ганц үнэн, бодит, боловсруулаагүй мэдээлэл хэрэгтэй байна. Манай блогчид мандтугай. Тэдний маань үг хэл нь хурц, компьютерын хурд нь гялс, үнэн худлыг ялгах чадвар нь баян байх болтугай.

Блогын уншигч П. Байка
PS. Үүнийг хоёр жил илүүгийн өмнө бичиж mongolmedee.net дээр тавьж байснаа шороо тоосноос нь салгаж, нар үзүүлэхээр шийдэв. Саяны Цуст Мягмар гаригийн үед ч гэсэн блогчдын үүрэг, сайн дураараа зургийн аппарат үүрэн чулуун мөндөр дундуур явсан хүүхдүүдийн ачаар мөн ч олон мэдээ мэдээлэл, видео бичлэг, зураг хөргүүд үлджээ. Мэргэжлийн сэтгүүлчид ч тэр бүр хийж чадаагүйг блогчин "багачууд" бүтээж чаджээ. Браво блогчид минь.

2 Сэтгэгдэл:

Anonymous July 20, 2008 at 5:44 PM  

Zuv uilsiin tuluu "yarij baina", "uildej baina" geh humuus baidag l baih aa?!
Er ni hen negniig "Hen bilee?, Yamar hun bilee?" gej harj baih heregtei!
Ch. Darvin...A.Gitler hurtel olonhiin tarhi tolgoig ezemdej chaddag gedgiig martaj yaaj boloh?!

Anonymous July 20, 2008 at 7:39 PM  

Mongol zuir ug:
"Mogoin ereen gadnaa hunii ereen dotroo" gej ug bii!
Goyo yum yaridag, bichdeg humuusiig saitar nyagtlah heregtei bolov uu?!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш