Thursday, September 04, 2008

Сайн юм шалтгаалаад л

Зурагтын мэдээгээр математикийн улсын олимпиадын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн хөөрхөн хүү ярьж байна. Яг Хөдөлмөрийн Хүндэт медаль аваад ярьдаг томчуул шиг, “миний амжилтад хүрсэн нь миний ээж аав, багш нараас маань шалтгаалсан гэж бодож байнаа” хэмээн эвлэгхэн нь аргагүй, цээжилсэн юм уу гэлтэй подхийтэл өгүүлнэ. Сайн юм нь болохоор аав ээж, ардын багшаас шалтгаалдаг мөртөө муу юм болоход тэдний нэр дурдагдана гэж бараг байхгүй шүү. Гомдмоор.

Манайхан их даруухан улсууд. Олон улсын тэмцээнээс хүрэл медаль авсан тамирчин ч гэсэн өөрийнхөө гаргасан өндөр амжилтыг нутаг усныхан, хамт суралцаж байсан анги хамт олон, багадаа хамт барилдаж өссөн найз, анхны багшаас өгсүүлээд бүх хүмүүстэй холбон тайлбарлаж, тэдэндээ “энэ завшааныг” ашиглан сайн сайхан бүхнийг хүсэн ерөөнө. Нэг бодлоор энэ нь ихээхэн шинжлэх ухааны үндэслэлтэй ч байж болох талтай.

Бас нөгөө талаар би хөлс хүчээ шавхан байж, бор зүрхээрээ эцсийн секунд хүртэл тулан зогссон нь ийнхүү амжилтад хүргэлээ гээд хэлчих юм бол бөөн юм болно. “Гэрийн унь ч даахгүй унхиагүй юм байсан юм” хэмээн анхны багш нь доош нь хийнэ. “Баг хамт олныхоо, дасгалжуулагч, багш нарынхаа итгэлийг хөсөрдүүлж, ганцаарчилсан тоглолт хийлээ” хэмээн нөгөө хэд нь чичнэ. “Хэрэв тийм л юм бол өөрөө ганцааараа хичээллээд ийм амжилтад хүрэхийг нь харья л даа” хэмээн нөгөөх нь challenge хийнэ.

Энэхүү “бүгдээрээ” хэмээх “сүргийн” сэтгэлгээ хүүхдүүдэд маань нөлөөлж байгаа нь ихээхэн харамсалтай. Тэд өөртөө ямар ч авьяас бэлэг, тэсвэр тэвчээр байхгүй бөгөөд надад байгаа сайн болгон нь заавал бусадтай хамаатай болохоос бус би өөрийгөө ялан дийлсэн, ялалт байгуулсан гэсэн бодлыг хэзээ ч төрүүлэхгүй. Ингэснээр хүүхдэд өөрийгөө үнэлэх үнэлэмжийг байхгүй болгож, би юу ч чадахгүй гэсэн сэтгэлгээтэй болгож орхино.

Түүний оронд “би чадна” гэсэн сэтгэлгээг хүүхдүүдэд суулгах хэрэгтэй. Саяхан дэлгэцээр гарсан “Pursuit of Happyness” хэмээх Уил Смитын хүүтэйгээ тоглосон киног үзсэн байх. Крис Гарднэр хэмээх орон гэргүй амьдралаас саятан болтлоо хөлжсөн хар арьст залуугийн тухай гардаг уг киноны нэгэн хэсэг дээр хүүтэйгээ сагс тоглож байгаад би хэзээ ч сагсанд сайн байгаагүй, чи ч бас сайн болохгүй хэмээн хэлээд хүүгээ уруу царайлахыг ажиглаад сая л юу хэлсэнээ ойлгодог. Тэгээд хүүгийнхээ нүд рүү ширтээд “Хэнээр ч чи ямар нэгэн зүйлийг чадахгүй хэмээн бүү хэлүүл. Надаар хүртэл. Хэрэв чамд мөрөөдөл байвал түүнийгээ хамгаалах хэрэгтэй. Хүмүүс өөрсдөө ямар нэгэн зүйлийг чадахгүй учраас л чамайг ч бас чадахгүй гэж хэлдэг. Хэрэв чи ямар нэгэн зүйл хүсч байвал түүнийгээ авахын төлөө зүтгэ. Цэг”

Хэрэв “би чадахгүй” гэсэн сэтгэлгээ хүүхдэд өвлөн үлдэх аваас санаачлагагүй, өөртөө итгэлгүй, бүрэг, аймхай болдог. Одоо эргээд харахад бидний ихэнхийн маань бага нас яг л тийм дарамтан дор өнгөрсөн. Багшдаа асуугдаад самбарны урд гарахдаа эгээ л ялынхаа төлөвлөгөөг сонсохоор үхлийн эгнээгээр явж байгаа гэмт хэрэгтэн лугаа царайлна. Багшийнхаа бүү хэл энгийн үед инээлдэн хөгжилддөг анги хамт олныхоо өмнөөс ч харахаас айдас хүрнэ.

Энэ хүмүүжил өнөөгийн цагаан захтай, цалин ихтэй улс төрч, бизнесүүд дээр хачин тодоор илэрнэ. Багадаа бол хэдэн үгийг цээжилж, түүнийгээ болсон болоогүй, тун итгэл муутай хүргэж байсан болохоос өөрийгөө илэрхийлэх ямар ч дасгал хийж байгаагүй нь телевизээр ярих нэгхэн минутын бичлэгээс л тод харагдана. Миний, бидний ололт амжилт багш нараас шалтгаалдаг юм бол тэд нар ч гэсэн өнөөгийн бидний унхиагүй байдлын хариуцагч байх ёстой.

Тооны багш Эрдэнэчимэг намайг нэг удаа толгой түрүүгүй дэвтрээр маань байлгаж байсан санаанаас гардаггүй юм. Өс санасан даа бус, “юу ч мэдэхгүй, хүний хэлсэнийг тоть шиг цээжилчихээд чи хол явна гэж бодож байна уу” гэсэн ухааны юм хэлж байсан юм. Сургуулийнхаа орос хэлний баярт орно гээд хамгийн дургүй тооны хичээлээс олон удаа чөлөөлөгдсөн горынхоо эхний раундыг нь ийнхүү амсаж байлаа. Түүнээс хойш багшаасаа айгаад, юун нэмэх, юун үржүүлэх болсон дог. Эргээд харахад багшийн хэлдэг ч үнэн байж дээ. Одоо орос хэл гэвэл “Мистер Рейган, вы скажите, Для чего вы войны хотите?” гээд л бараг дуусч байгаа юм даа. Миний тоо, орос хэл сураагүй нь багш нараас шалтгаалсан юм аа гээд зогсож байх уу?

Орчин цагын багш нар бодвол өөр болоо биз дээ. Харин сурагчдыгаа нээх айхтар тоо боддог, Менделеевын элемент цээжилсэн нэгэн болгож төгсгөж байснаас ядаж өөртөө итгэлтэй, өөрийнхөө бодсон сансанаа хэнээс хамаарахгүйгээр, хэнд ч гэсэн хэлж чаддаг “хариуцлагатай” иргэд болгож гаргамаар юм аа. Эцсийн эцэст багш хүний зорилго гэж юу вэ? Хэдэн хүүхэд дув дуугүй 45 минут ангид суулгаж, өөрийнхөө заасныг үг үсэггүй цээжлүүлээд, дүн аваад хурдхан шиг төгсгөх бодол байна уу эс бөгөөс энэ хүүхдүүдээс хэд нь цаашаа их дээд сургуульд орох бол, хэд нь амжилттай явах бол гэж боддог билүү? Ер нь багш нарын амжилт нь хичнээн хүүхдийг онц гаргаснаас бус, хичнээн нь цаашаа амжилттай сурч, хөдөлмөрлөж байгаагаар нь дүгнэх хэрэгтэй. Ийм ч иргэдийг бий болгохийн тулд багш нар цаг заваа зарцуулах ёстой.

Бага байхад Д. Гармаа гуайн байна уу Л. Түдэв гуайн бичсэн “Хариуцлага” гэдэг өгүүлбэрийг уншаад ерөөс ойлгодоггүй байж билээ. Бат ч билүү Болд ч билүү Боб ч билүү нэгэн пионер хүү бүтэлгүй, болохгүй юм хийх бүртээ хүмүүсээс “нөхөр минь, чи яасан хариуцлагагүй хүн бэ?” хэмээн хэлэхийг сонсоод, энэ үгний утга учрыг “социалист” хүмүүжлээр ойлгон ухаж буй хүүгийн тухай өгүүлдэг санагдаж байна. Хэрэв бид тэрхүү хариуцлага гэдгийг муу зүйл дээр үүрдэг юм бол бас сайн зүйл дээр ч гэсэн үүрдэг баймаар байна.

Мэдээж багш, эцэг эхчүүд хүүхдүүддээ муу зүйлийг хий хэмээн зааж өгдөггүй хэмээн өмөөрөх хүн байж болох ч харин сайн саар бүх зүйл чамаас шалтгаална гэсэн үнэлэмжийг суулгаж өгвөл “эрхбиш хүн юм байна” гэдэг шиг арай өөр хандлагатай болж ирэхийг үгүйсгэхгүй билээ л. За за, слово олдож, крова холдлоо. Явж орос хэлээ давтлаа. Спасибо ... биш ээ пока.

PS. From the archive of www.mongolmedee.net

6 Сэтгэгдэл:

Anonymous September 5, 2008 at 12:50 AM  

Chi chadaxgui gedeg setgelgeeg aav eej, bagsh nar neeree bainga ogdog baisan shuu. Odoo yaj oorchlogdsniig medexgui yum. Physics-iin olimpiadad orox geheer Chi toonii angi bish, chi chadaxgui geed xamag uram xugalj bilee.
Yapond arvan jild bieiin tamiriin xicheeld xuuxduudiig guihed ni yalsan, yalagdsan gej baixaa bolij, bugd beleg avdag esvel avdaggui bolj baigaa. Chi chadaxgui gesen setgelgeeg arilgah gesen neg arga xemjee yum baix.
Buduun, namhan8 bie sultai xuuxed dandaa l xozordog, yalagddag gesen stigmag ugui xiix gesen bodlogotoi gesen.

ganga September 5, 2008 at 1:10 AM  

100 хувь санал нэг байна. Өөртөө итгэлтэй өөрийн бодолтой, бодол санаагаа илэрхийлж чадаж байж л хүн болно.

Сайхан блогчинг танилцуулж өгсөн Сайнбаярт бас баярлах хэрэгтэй шиг.

Magnolia September 5, 2008 at 8:33 AM  

яг зөв энэ л бидэнд дутагддаг. дамаа над дээр бүр ихээр ажиглагддаг.

Witness September 6, 2008 at 2:01 AM  

Бичсэн юмтай санал нэг байна.
Үсгийн алдааны хажуугаар зүгээр өнгөрч чаддаггүй нь дон байхаа.
Pursuit of Happyness - Pursuit of Happiness;
"Крова" гэвэл цус "Корова" гэвэл үхэр/үнээ болох учиртай.
My two cents

Anonymous September 7, 2008 at 12:23 PM  

gehdee hun bagaasaa uuriin amjilt buteeldee ganzaaraa guij yavaad hurchiheegui, sayn bagsh ezeg ehiin ach tus baigaag sanaj meddeg l baih heregteishtee. ter hevluuhen jaal ezeg ekh bagsh nariin ach gej helsneeree öörtöö itgelgui bish harin ch itgeltei, soyoltoi(yarianii), zuvhun uuriiguu gedeggui uhaantai hun bolj bgaagiin shinj gej bodoj bna. medeej yalalt amjilt baiguulsan henii ch uurtuu itgeh itgel ni batjina sht. harin ch olon humuus amjiltand hureheeree ööröösöö busdiig martah ni ikh bishuu? harin bagsh nart bas aldaa dutagdaltai tal, huuhdiig yalgavarlaj uzdeg yavdal baidagtai sanaa niilj bna... gehdee l nadtai sayn bagsh nar l golduu uchirsan jum daa. odoo minii medej chadaj bgaa buh jumiig l bagsh nar, aav eej maani zaaj surgasan jum daa. Minii uurtuu itgeltei baidliig ch bas...zarimdaa heterhii tom zaasan malgai ch ömsdög bailaa. gevch amidral ugaasaa nadad minii hen bolohiig haruulaad, handiig ch haga daraad ugsun duu.

Anonymous September 8, 2008 at 8:05 PM  

Kinonyi ner ni "Pursuit of Happyness" l dee!
Dahiad neg anzaaraad harna biz ee?!
Zuv sedev hundsun baina!
Neg iim yaria bii l dee.
Ug ni uurtei itgeltei baisan bol, aav eejiinh ni amnaas geheesee iluu, yalanguya dund surguuliinh ni bagsh nariin olonhiin zugees "chadah chadahguigeer" ni duudaj baisnaas ch bolson hereg uu...
hojim ni, unuuh chadvargui nuhur maani ZHU-n (Odoogiin Orosyin holboonyi uls) negen deed surguulid "gadaad" heleer, "taaruuhan baisan geh"
fizik, matematik...geh met chigleleer tun dajgui suraltssan negen baidag l yum bilee!
Yalanguya huniig baga balchraas ni uramshuulj, uurt ni yamar negen av'yas chadvar bii gedgiig ni bainga helj ugch baival zugeer yum daa!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш