Tuesday, July 01, 2008

Байдал хэр байна вэ?



Өчигдөр орой зайлшгүй шаардлагаар өөр тийшээ явах болсон тул үргэлжлүүлэн бичиж чадсангүй. Шөнө юу болсон талаар та бүхэн мэдээллийн хэрэгслүүдээр болон вэбсайтуудаас авсан байх гэж найдаж байна. Онц байдал зарласантай холбогдуулан МҮОНРТВ-ээс бусад бүх ТВ суваг, ФМ-уудыг хаагаад байна. Солонгос, Хятадад байгаа хүмүүсийн яриагаар news.mn, olloo.mn, gogo.mn зэрэг мэдээллийн сайтууд мөн ажиллахгүй байгаа юм байна. Харин Америк болон Монголоос орж байхыг бодоход ачааллаа даахгүй байгаа бололтой.

Одоогийн байдлаар гадуур нам тайван ч гэсэн төв замуудад хуягтай, буутай цагдаа нар эргүүлд гарч, өндөржүүлсэн бэлэн байдалд байна. Одоогоор яг хичнээн хүний амь эрсэдсэн, хичнээн төгрөгийн хохирол учирсан нь тодорхойгүй байна. Эмх замбараагүй байдлыг далимдуулан галлерей болон Соёлын Төв Өргөөнд байрлаж байсан соёл урлагийн байгууллагууд руу дайран орж, хамаг эд зүйлсийг нь эвдлэн, хулгайлан явсан байна. Морин Хуурын Чуулгын удирдаач Батчулуун гуай байрныхаа гадаа шавь нараараа хүрээлүүлээд нулимстай зогсож байна. Тус чуулгын бүх морин хуур, хувцас хунарыг нь авч явжээ.

УИХ болон ҮАБЗ энэ мөчид хуралдаж байгаа сурагтай. Онцгой байдалтай холбоотой янз бүрийн удирдамжууд ар араасаа хөвөрсөөр байна. Урд шөнийн хэрэг явдлаас 710 хүн баривчилсан тухай news.mn мэдээлсэн байна. Өнөөдөр бас Сүхбаатарын талбай орчимд хүмүүс цугларч, телевизүүдийг хаасан тул мэдээлэл авч чадахгүй байна, нээх хэрэгтэй хэмээн бухимдаж байгаа бололтой. Мэдээж тэднийг тэр дор нь тарааж байгаа биз ээ.





0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш