Sunday, March 16, 2008

Монголчууд циркэд дуртай

Тэр тусмаа Улаанбаатарчуудын амьдралтай цирк гэдэг бөөрөнхий байшин салшгүй холбоотой байж дээ. Циркийн манежнаас гарах мал адгуусны тэр л үнэр хөдөө явж, малын бууц цэвэрлэж үзээгүй мань хэдэд л том сургууль байж дээ. Амьтныг хайрлах, амьтны ухааныг бишрэх сэтгэлгээг циркээс л авдаг байсан даа. Тэрнээс бус гудамжинд гөлөг, муур дүүжилж алах, тагтаа болжмор харваж алах энүүхэнд байсан. Зарим гэр хорооллын тэрүүгээр амьтан дээр бензин цацаад шүдэнз зурдаг зэрэг зэрлэг юмнууд сонсогддог л юм.

Харин мал хуйтай харьцаж өссөн хөдөөний хүүхдүүд бол хэзээ ч тэгэхгүй л дээ. Энэ нь тэдний байгальтайгаа зохицох маш мундаг чадвар гэж боддог. Циркэд нэвтрэх бүрэн эрхтэй бүдүүн Тамираа найзтайгаа малын хашаагаар зочилж, ан амьтан сонирхох нь тэрүүхэндээ л үнэгүй зоопарк байлаа. Нээрээ зоопарк гэснээс амьтан зовоодог шоронгууд бүгд газар дор орвол таарна. Зоопаркгүй цөөхөн улсын нэг гэдгээрээ Монгол улс бахархах ёстой. Бид амьтныг хайрладаг болохоос бус хашиж зовоодоггүй.

Саяхан Хойд Солонгосын алдарт циркийн тоглолт үзлээ. Үнэхээр мундаг юм аа. Маш сахилга баттай, яг л нөгөө багад, социализмын үед буцаж очсон шиг сэтгэгдэл төрүүлэхээр. Хоёр улсын төрийн далбааг хүндэтгэлтэйгээр залаад л, нэг л өөр.Нэг нь алдвал хөл рүү нь цохиод хүртэл авч байна лээ. Циркийн хоёр үзүүлбэр, агаарын гимнастик, банзан дээрх үсрэлт номерууд нь дэлхийн шилдэг, бас рекорд тогтоосон юм байна. Алга бол нов нойтон болж байлаа. Үзэгчид уулга алдан, байн байна алга ташин, шүгэлдэх нь бид үнэхээр циркэд дуртайгийн илрэл бизээ. Үнэ нь 8000 төгрөг юм билээ, болвол үзээрэй. Хөөрхий циркчид Монголд ирсэнийх нэг сайн хоол идээсэй л гэж л залбирах юм.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш