Tuesday, January 29, 2008

Шал ондоо юм аа



Готовын Аким гуайг би сэтгэлээсээ хүндэлж байдаг цөөхөн хүмүүсийн нэг. Зунаас хойш намайг номын сандаа орчих гэж хоёр асууж үзээд, сая бол бараг загнах янзтай. Удахгүй Чингисийн тухай нэг номоо хэвлүүлэх гэж байгаа юм байна. Тэгсэн орчуулагч, гүүш хүн гэдэг ондоо юм аа. “Genghis Khan: Life, Death and Resurrection” гэдэг Жон Мэний номыг мань нь бол “Чингис Хаан: Амьдрал, Үхэл, Дахин Амилалт” гэх мэтээр орчуулж байхад Аким мэргэн “Чингис Хаан: Амьдарсан нь, Хальсан нь, Амилсан нь” гээд л орчуулж байгаа юм даа. Ёооё, ёстой хэлэх ч үг алгаа. Би бас түүнийг нь өөриймшүүлчих санаатай, Сайнаад болохоор “Амьдрахуй, Халихуй, Амилахуй” энэ тэр болгочихжээ бас.

Арваа төгсөөд удаагүй байхдаа анхныхаа сонинг гаргаж, тэр үедээ бол тун додигор амьтан явж байж билээ. Түүгээр зогсохгүй бас англиас, оросоос худал үнэн ч гэсэн орчуулга хийчих санаатай. Нэг сонингынхоо дугаарыг аавдаа үзүүлж, магтаал урамшууллын үг сонсчих санаатай, англиас орчуулсан хэсгээ үзүүлэв. Аав ч овоо доо гэсэн байртай үзэж байснаа дууддаг юм аа. Аав орон дээрээ хажуулаад, би хажууд нь сөхөрч суугаад орыг нь хоёр тохойгоороо түшинэ. Ер нь би аавтайгаа ийм байрлалтайгаар олон ч зүйл сонссон доо. Тэгсэн “модоор хийсэн байшинг юу гэдэг юм бэ?” гэдгийн. Гайхаж орхив. Юуг асуугаад байгааг нь хартал улаан тогооны бариул чинь wooden house гэдэг үгийг “модоор хийсэн байшин” гээд хусчихсан байгаа юм даа. Ядаж модон байшин, ямаа минь ээ. Ээ дээ, тэгэхэд урам хугараагүй, харин ч даан ч яавдаа гэсэн зэмлэлийг зуугийн хадаастай хамт толгой дундуураа шааж байж билээ. Аав бол тэгээд сайн байна ч гээгүй, болоогүй байна ч гээгүй л санагддаг юм даа.

2 Сэтгэгдэл:

Anonymous January 29, 2008 at 3:50 PM  

Your dad must have been a great dad. You have many good memories of him . . .

D.Sainbayar February 4, 2008 at 12:39 AM  

hey, did you get the English copies yet? we ought to start working on it ASAP man. Starting just from the Title, it will sell for sure.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш