Friday, February 19, 2010

Ерөнхийлөгчийн илгээсэн утсан мессеж буюу “Засаглал 2.0”

Шинэ он гараад нэгэн содон бэлэг гар утастай хүн болгонд шахуу ирсэн нь Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн мэндчилгээ байлаа. Тэрхүү мэндчилгээнд “Танд шинэ оны баярын мэнд хүргье. Танаас Монгол орны хөгжил хамаарна. Та Монголынхоо нэрийг сайнаар гаргаж чадна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц. ЭЛБЭГДОРЖ” гэсэн утсан мессежийг та ч бас өглөө босоод уншсан бизээ. 

Даяаршил хүчтэй өрнөж, хүчтэй яригдаж байгаа энэ цаг үед харин ч үүний эсрэгээр хувь хүнийг хүндлэх, дөвийлгөх маркетингийн арга нэвтрээд олон жилийг үзэж байна. Барууныхан, тэр тусмаа Америкт энэхүү үзэл дээд цэгтээ хүрч байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Зүгээр нэг гамбургерны газар хүртэл тухайн үйлчлүүлэгч өөрийнхөө хүссэн орцоороо, хүссэн порцоороо юм захиалах боломжтой гэдэг мессежийг өгөнгүүт хувь хүнд ямар сайхан байх уу? Тэрчлэн компьютер, гар утас зэрэг сүүлийн үеийн мэдээлэл харилцааны зэмсэгүүд мөн ийнхүү хэрэглэгчдийг өөртөө татах нь жирийн үзэгдэл болжээ. Гэхдээ энэ нь дангааршил буюу хувиа бодох үзлийг дэврүүлж байгаа хэрэг огт бус бөгөөд зөвхөн “та байгаагаараа үнэ цэнэтэй, таныг бид ч сонсож, танд бид ч анхаарч байна” гэсэн мессежийг л хувь хүнд өгч байгаа юм.

Ерөнхийлөгчийн мессеж үүнтэй ямар хамаа байнаа хэмээн асууж болох юм. Тэр хэдийгээр он солигдох мөчид орон даяар телевиз радиогоор үг хэлэн айл гэр бүрт “зочилсон” боловч үүн дээр нэмэн өнөөгийн соёлт хүмүүний хамгийн ойрын “хүн” болсон гар утсанд нь ийнхүү мессеж илгээсэн нь хүн бүрт таалагдсан биз ээ. 

Тэгвэл гар утсыг төр засаг шинэ жилийн мэндчилгээнээс өөрөөр хэрхэн ашиглаж ирсэн хийгээд ашиглаж болох вэ гэдэг асуудал гарч ирнэ. Миний гар утсаар өдөрт 2-3 удаа яршиг төвөг болмоор зар сурталчилгаа ирдэг. Түүнчлэн хааяа нэг Онцгой байдлын ерөнхий газраас цаг агаарын онц ноцтой үзэгдлийг зарладаг. Бас ганц хоёр удаа Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалж байсан санагдана. Мэдээж энэ бүгд төлбөртэй. Ийм дугаар гардаггүй мессеж рүү хариу илгээгээд ямар ч нэмэргүй. Ерөнхийлөгчөөс мессеж аваад “за танд их баярлалаа, танд ч ажлын амжилт хүсье” хэмээн хариу бичээд нэмэр үгүй.

Харин зөвхөн хэрэглэгч рүү хандан элдэв төрлийн сурталчилгаа, зар мэдээллээр бөмбөгддөг эрин аль хэдийн ард хоцорч, харилцаа нь хоёр талаасаа идэвхжиж байж хүчинтэй болдог соёлт ёсон гар утсаар дамжин төр засагтай, хотын захиргаатай харилцахад биелэлээ олоход дөхөм болжээ.

Хэдхэн жилийн өмнө бид нам төрөө анхааралтай сонсож, гаргасан шийдвэр болгоныг нь амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө хичээдэг байсан бол одоо засаг төр иргэнээ сонсож, ардаан дээдлэх цаг нэгэнт ирсэн билээ. Тэгвэл бид энэхүү харилцааны шинэ хэлбэрт өдөр тутам бидний амьдралыг өөрчилж буй технологийг хэрхэн ашиглах вэ? Хэрэв та гурван жилийн өмнө хувийнхаа тэргийг бариад Төв шуудангийн урд талын Энхтайваны Өргөн чөлөөгөөр давхиж явахдаа утсаараа ярьж яваад урд тааралдсан том хар нүхийг дайраад гарчлаа гэж бодий. Урд дугуй чинь нүхэнд шигдээд, гайгүй сайн доргилт өгсөн ч та машинаасаа гарч ирээд хэсэг зуур хараал урсгаад хажуугаар яваа хүмүүсийн тусламжтайгаар өргөн гаргаад цааш аялалаа үргэлжлүүлнэ. Та болсон явдлыг эргэн тойрныхондоо ярьсаар хотын захиргаа, замын цагдаа, хотын зам засвар гэх зэрэг замын нүхтэй холбоотой болон холбоогүй байгууллага, хувь хүмүүсийг хэдэн өдөр шүүмжлэн, бухимдал явсаар аяндаа намжин тайвширна.

Эсвэл та хотын захиргааны баруун талд байх орон сууцны барилгуудын ойролцоо, оршин суугчдын овоолсон хогны хажуугаар гарахдаа пүй пай хэмээн хамраа даран, яг хажууд нь нялх үрээ салхилуулж буй залуу ээж, сүүдрэвч бараадан даалуу тоглох хэсэг өвгөд рүү өрөвдсөн харц нэгийг илгээн, дотроо бухимдан тэр өдрийн сэтгэл санааныхаа цаг агаарыг өөрчлөх шахна.

Тэгвэл одоо та замын тэхий дунд “Үхлийн архив” мэт ангайх том хар нүх, хаа сайгүй хүн амьтантай газар болгонд хаяа дэрлэн овоолгоостой байх өмхий самхай хог, байшингийн бөөрөн дээр эрээчсэн элдэв үгс, таг нь онгорхой бохир усны нүх, хагархай нээлттэй усны хоолой, ажиллахгүй байгаа гэрлэн дохио, асахгүй байгаа гудамжны гэрэл гэх зэрэг хотын хөгжил, ариун цэвэр, газрын маргаан, хэв журамтай холбоотой элдэв зөрчил, дутагдлыг гар утасныхаа камераар зургыг нь аваад дөрвөн оронтой тоо бүхий Хотын захиргааны иргэдийн хүсэл гомдлыг хүлээн авах тусгай алба руу тухайн “дутагдал” хаана оршин буй хаяг адресстай хамт товч мессеж бичиж болно. Танаас үүрэн утасны компаниуд үүний төлөө ганц мөнгө ч авах ёсгүй бөгөөд хотын захиргаа тэр бүх зардлыг даах ёстой.

Ингээд та тайвшраад энэ дутагдлыг уучилчих нь хангалттай биш юм. Учир нь таны гомдлын мөрөөр хотын захиргаа, холбогдох албад нь арга хэмжээ авах ёстой бөгөөд эргээд таны гар утас руу юм буу имэйл хаяг уруу чинь ямар арга хэмжээ авсанаа мэдээлэх ёстой. Чухам үүнийг л “Gov 2.0” буюу “Засаглал 2.0” хэмээн нэрлээд байгаа билээ. Хотын захиргаа таныг сонсож, хотын иргэний хувьд таны сайн сайхан, аюулгүй, эрүүл энх амьдралын баталгааг хангаж байх үүрэгтэйн хувьд, таны саналыг сонсож, хариу заавал өгөх ёстой. Үүгээрээ та ч иргэнийхээ үүргийг биелүүлж, тэртэй тэргүй хүн хүч дутагдалтай байдаг хотын захиргаа, тохижилт үйлчилгээний газруудад хэл хүргэж, тэдний хараагүйг харж, олоогүйг илрүүлж байгаа хэрэг юм. Үүний төлөө холбогдох газрууд нь танд тэр бүү хэл Баярлалаа хэмээн хэлэх ёстой.

Урд нь та иймэрхүү зүйлийг мэдээлэхийн тулд тусгай утасны дугаар луу залган, урдаас чинь дүүд дүүд хэмээн завсар зайгүй дуугарах утасны дуунаас залхах, эсвэл Улаанбаатар.мн хэмээх хотын захиргааны вэбсайт уруу орон, өөрийнхөө гомдол хүслээ бичдэг байсан байж болох юм. Гэвч энэ нь тун ховор тохиолдол. Тэгвэл цаг алдалгүй, газар дээр нь хотынхоо хөгжил цэцэглэлт, сайн сайханд гар бие оролцох боломжтой болж байгаа юм. Түүгээр зогсохгүй иргэд татварын мөнгийг нь хотын захиргаа үр ашигтай зүйлд зарцуулж буй эсэхэд давхар хяналт тавих боломжтой болж байгаа гэсэн үг.

Энэ бол зөвхөн мөрөөдөл биш байхаа болиод зарим улс орнуудад аль хэдийнэ биелэлээ олж эхэлсэн байна. Америкийн томоохон хотууд болох Сан Франциско, Нью Ёорк зэрэг хотуудын удирдлага, мэдээллийн технологийг компаниудтай хамтран хэрэглэгчдийн гар утсанд GPS-ын тусламжтайгаар тухайн газрыг байршлыг тогтоон, мэдээлэх програмуудыг боловсруулсан нь үр дүнгээ өгч эхлээд байгаа гэнэ. Уошингтон хотын оршин суугчид iPhone-ын тусгай суулгасан програмын тусламжтайгаар дутагдлын зургыг нь авч, GPS-ын байршилын хамтаар шууд мессеж илгээх бөгөөд энэ нь хотын захиргааны холбогдох албаны мэдээллийн баазад ирэх юм байна. Энэхүү програм нь зөвхөн оршин суугчдыг мэдээллээ илгээхийг санал болгохоос гадна хотын захиргааныханы өөрсдийн засахаар төлөвлөгөөнд тусгагдсан графитти, замын нүх, бохирын онгорхой шугам, унасан мод зэргийн мэдээллийг ч авч болох юм байна.    

Түүнчлэн GPS-ын тусламжтайгаар тухайн хүний ойролцоох автобусны зогсоол, банкны салбар зэрэг мэдээллийг өгөхөөс гадна мэдээлэл хүсэгчийн явж байгаа гудамж, эргэн тойронд урд нь болж байсан гэмт хэргийн тоон дээр үндэслэн хэр зэрэг аюултай газар болохыг ч анхааруулж болно. Олон хотууд мэдээллийн технологи боловсруулагч, хөгжүүлэгчдийн дунд уралдаан зарлаж, иргэн-засгийн хоорондох харилцааг боловсронгуй, хялбар болгох аргыг илэрхийлсээр байна.

Нөгөө талаар хотын захиргаа, төр засагт энэхүү мэдээллийн сүлжээг бий болгож, мэдээллийн баазыг үүсгэснээр хариуцлагаа нэмэгдүүлж, хийж хэрэгжүүлж буй төсөл төлөвлөгөөгөө ард түмэндээ ил тод, нээлттэй мэдээлэх бас нэгэн суваг болж буй юм. Жишээ нь, Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газар нэг автомашиныг албан хэрэгцээндээ худалдан авах тендерыг ч гар утсаар дамжуулан нийлүүлэгч нарт тарааж болно. Цаашилбал, Сүхбаатар дүүргийн 3-р хорооны .... дугаар орон сууцнуудын дунд ургах хэдэн модыг тайран, хүүхдийн талбай байгуулахыг зөвшөөрөх эсэхийг хотын захиргаа шийдэх биш, тухайн хавийн оршин суугчдын саналыг авах хамгийн хэмнэлттэй бөгөөд хурдан арга бол гар утас байж болох юм. Тиймийн тулд мэдээж гар утасны эзэмшигчийн тухай нарийвчилсан мэдээлэл хотын захиргаанд хэрэгтэй болно. Гэхдээ тухайн хэрэглэгч өөрийн хаяг, цахим шуудангийн хаяг зэргийг хотын эрх баригчдад мэдэгдэх зэрэг нь тухайн хүний эрх болно. Хамгийн гол нь тухайн мэдээллийн баазыг бүрдүүлэгчид мэдээллийн нууцыг чандлан хамгаалж, бусдадтай хуваалцахгүй байх нь хариуцлагын асуудал юм.

Энэхүү Засаглал 2.0 Монгол улсад, Улаанбаатар хотод маань ирэхэд тун ойрхон хэмээн итгэж байна. Ялангуяа хотын бараг бүх иргэд гар утастай болсон, түүгээрээ мессеж илгээх, тоглоом тоглох, телевиз үзэх, Интернэт хэсэх гэх мэт олон үйлдэл хийж чадаж байгаа бөгөөд утсаа зөвхөн өөрийнхөө төлөө, зугаа цэнгээний тулд ашигладаг эрингээс улс эх орныхоо хөгжил дэвшилд ашиглах цаг тун ойрхон ирсэн гэдэгт итгэлтэй байна.  Бурууд нүд хурц, утас бэлэн байж дутагдлын хажуугаар дуугүй өнгөрдөггүй байсан хуучны ёсоо сэргээн гажиг бүрийг гар утаснаасаа мэдээлэх сайхан цаг удахгүй ирэх болтугай.

PS. Энэ нийтлэлийг DREAM IT төслөөс зарласан нийтлэлийн уралдаанд сойж, хоёрдугаар байранд оржээ.


5 Сэтгэгдэл:

Anonymous March 4, 2010 at 10:02 AM  

americ mayag-n hoshgorulalt l yum daa. uunii orond hen huli busaar bayajaad bna? barimttai ni tamga-n gazar luu yavuulbna gesen bol arai deer bh bsiim. Shudarga Irged-n Front ARSLAN

crafty March 9, 2010 at 5:52 PM  

манайд арайл болоогүй байхаа тэртээ тэргүй йим жижигхэн хотын хаана юу байгааг бүгд л мэдэж байгаа хэрнээ юу ч хийддэггүй луйварчид шүүдээ хэ хэ зам засвард 1жилд төсөвлөдөг мөнгө шинээр бүх замтайгаа ижил хэмжээний зам барих хэмжээний мөнгө байдагийм байналээ засаглал-2 хэрэгжтлээ уднадоо гэсэн ч хэрэгжих болтугай гээд л явж байхаас

gegeen May 2, 2010 at 1:54 AM  

harin tiimee

SENIORITA May 20, 2010 at 10:47 PM  

Yagaad iim msg ilgeej bolohgui gj. Manai ornii turiin baiguulalt-n huvid erunhiilugch gdg bol simbolic shu de, tiimdee ch erunhiilugch gsn hun niigem-n muu muuhaig il tod helhed ch sain saihan-g magtan saishaahad ch hen buhnii anhaaral-n tuvd bdag hun. ene utgaaraa bol harin ch sain saihan yum yarij busad-g urialan duudah, niigemd eyreg energy turuulehuits message-d-g ilgeej l bh uchirtai. Barag gol hiih ajil ni niigemiig urialna duudsan chalchigdch bh ghd helsdehgui. Ta nar bod l doo jiriin neg udur gar utsand maani msg irlee unshtal chi eh ornoo hugjuuleh mongol-n irgen shu gdg ch yumuu saihan ugtei msg irlee ghd saihan l sanagdaj bn, ter udurtuu l bi ene hedhen ugnees kife avna. Esreg setgegdel bichsen humuus-g bi zugeer l yum shuumjleh durtai tegsen atlaa uursduu yum hiidegui humuus l bn gd helchihvel neeh ch hol zuruhgui bh gehdee medeej hun bolgond taalagdah albgagui l de. manai mgl-chuud er ni neg tiim hunii hisen-g uguisgeh durtai humuus dhu de hiih ajilgui humuusiin l zan bh da, sorry

D.Sainbayar August 19, 2011 at 12:56 AM  

yun ch urt yum bilee dee. Sanaa ni zuv. Harin arai tovch baisan bol? Anyway, YouBe council-d forward hiilee. Thank you Citizen Baika! :)

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш