Wednesday, April 01, 2009

Урхидуулсан уу?

Сүүлийн үед хаа сайгүй нэр нь дуулдах болсон яршигтай нэгэн киноны балгаас болж олон шинэ бизнесүүд цэцэглэн хөгжих болсон байна. Тэдний заримаас нь дурдвал:

Урхидуулсан эрчүүдийг аврах “Унаган Хэл” эх оронч хөдөлгөөн
Та манай хөдөлгөөнд нэгдсэнээр орой бүр 10 цагаас цугларч, хамтдаа Эхнэрийн Урхи киноны дууг монгол хувилбараар дуулан, киноны аялгаар, киноны хэллэгээр ярьдаг болсон хэл ярианы гажгийг засахад туслана. Курс эмчилгээ нь кино дуустал үргэлжлэх тул яарахгүйгээр бэлтгэлтэй ирэх хэрэгтэй.

Урхидуулсан эмэгтэйчүүдийн хордлого тайлах төв
Та манай төвөөр үйлчлүүлсэнээр цэнхэр дэлгэцэн дээр гарч буй киноны баатруудтайгаа ярьдаг, тэдэнтэй хамт зовж, хамт бэртдэг, шөнө хар дарж зүүдлэх зэрэг хордлогнуудаас монгол киноны тусламжтайгаар эмчилгээ хийнэ.

Урхидуулсан хүмүүсийг Солонгосын газар нутгаар аялуулах
“Гүнжээ” аялалын төв

Та манай төвд хандсанаар үзэсгэлэнт Солонгос орноор аялуулж, Эхнэрийн Урхи хэмээх гайхамшигт киноны зураг авсан газар нутгуудаар аялуулах болно. Аялалын үеэр кино жүжигчдийн кино зургын үед эдэлж хэрэглэж байсан чихрийн цаас, идэж байгаад хаясан шарсан төмс, талхны үйрмэг, ариун цэврийн цаас зэргийг хайх хөгжилтэй бас дурсгалтай олон уралдаант тоглоомуудыг таныг хүлээж байна.

Урхидуулсан охидуудад косметик хагалгаа хийх “Гүнжээ” хувийн эмнэлэг
Таныг хайртай жүжигчинтэйгээ улам адил болгох үйлчилгээг бид үзүүлнэ. Харин бид таны албан ёсны нэрийг солих боломжгүй бөгөөд үүнийг бидэнд биш Иргэний Бүртгэл Мэдээллийн Төвд хандана уу. Манайх Баянзүрх дүүргийн хүнсний захын подвальд байрладаг бөгөөд хажуудаа хайртай жүжигчинтэйгээр адилхан хувцаслах боломж олгож, хувцасны дэлгүүр шинээр нээлээ.

Урхидуулсан эмэгтэйчүүдэд хэл ярианы дасгал заах
“Хадам ээж” сургалтын төв

Яаж түүнтэй адилхан ярьдаг болох вэ хэмээн санаа зоволтгүй боллоо. Таныг хайртай жүжигчидтэйгээ адилхан ярьж, хэрэлдэж, орилоход сургана. Ирээд үз. Манай хичээлийг мэргэжлийн жүжигчид буюу UBS-ын кино албаны дуу оруулагчид заана.

Урхидуулсан үзэгчдэд зориулсан “Гүнж” солонгос хоолны газар
Хайртай жүжигчид тань тамшаалан иддэг бүх төрлийн солонгос хоол манайд бий. Ялангуяа орой 22 цагаас хойш хүн ихтэй болдог тул урьдилан захиалга өгөхөө мартуузай.

Урхидуулсан төрийн түшээдэд айж ичихгүйгээр киногоо үзэх “Солонгосын өнөөгийн асуудлаар” сэдэвт олон хоногийн сургалт
Тэд ч гэсэн хүн хэмээн хүнлэг сэтгэлээр эрх тэгш хандах үүднээс дээрх сургалтыг орой бүр 22-24 цагийн хооронд нээж байна. Таныг кино үзэхгүй харин сургалтад сууж байгаа гэх итгэл үнэмшлийг төрүүлэх бүх зүйлийг бид хийсэн. Сургалт дуусахад бид гэрчилгээ олгох тул эргэлзэх хэрэггүй.

3 Сэтгэгдэл:

Мика /美香/ April 2, 2009 at 12:38 AM  

хэхэ, ямар кино юм бэ? амтай болгон л ярьж байгаа сурагтай.
Тэр гүнж, гүнжээ гэдэг нь ямар учиртай юм?

iga April 2, 2009 at 1:28 AM  

хахаха
шар хаданд гүнжээгийн тасаг нээгдсэн гэсэн шд.

Anonymous April 2, 2009 at 11:52 PM  

Байка ах "Эхнэрийн урхи" киноны бүр амтанд орчихсон, дотор нь орох шахуу, анги бурийг нь шимтэн уздэг юм биш бээз? Орой эхнэрийн урхи-аа узнэ гэж яараад л. хэхэ.

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш