Saturday, June 07, 2008

Америкад таван жил болоод ирсэн найздаа бичсэн захидал

Сайн уу найз аа,

Сайн л явна уу даа? Эртээд чамайг төрсөн нутгаа эргээд ирэхэд эндхийн цэцэг ногоо нь хүртэл баясан дэлбээлж, өтгөс буурлаас өгсүүлээд үр ач нар нь хүртэл чамаас үг сонсох гэж, саалийн цагаа хүртэл хойшлуулж байсныг санаж байна уу?

Холын тэртээх жаргалын орон Америк хэмээх гайхамшигтай мөртөө гадаад улсад хэдэн жил суусныг чинь сумын төвөөр дүүрэн амтай болгон ярьж, сумаас төрсөн ганц хөдөлмөрийн баатар, гавъяат агрономич, улсын начин гуравтайгаа эн зэрэгцүүлэн хөөрөн ярихад нь эгээ л өөрийгөө магтуулсан мэт багын найзаараа ганц нэг бахархан, уулзах өдрийн товыг хоног тоолон, дурлалт залуугаа цэргээс халагдан ирэхийг хүлээн суух хормой чангатай хүүхэн шиг л байсан шүү, муу найз нь. Чамайг сумын төвд чийчаанаар улаа татуулан ирдэг тэр үдэш, ганц гангарааныхаа дээлийг гарган өмсөж, наадмын гоёлдоо гэрэл цохиулж, салхи үзүүлсэн билээ л. Харин хүлээлт минь талаар болж, баяр хөөр минь бачимдлаар тэр даруй солигдох юм чинээ санасангүй.

Урд голын хөвөөнөө өдөржин тоглож ядраад, сайр хир хоёртоо гайгүй сайн баригдсан дөрвөн улаан хөлөө дулаацуулах гэж үхрийн халуухан баасан дээр хоёул тэврэлдэн зогсдог байсан тэр л найз минь чи; танай хаваржааны урдуур хойгуур урсах хос хоёр горхи шиг хамарнаасаа урсах нусаа юу ч болоогүй юм шиг шурхийтал татаж, уртхан шиг урсаад ирвэл тоох ч үгүй долоон далд оруулдаг тэр л анд минь чи шал өөр болжээ. Ярих хэлэх үг чинь ховордож, аан уун чинь ихэдсэн байна. Эх орноосоо гараад тавхан жил болохдоо эх хэлээ мартах нь энэ үү, миний муу найз! Өсөхөөс сурсан үндэсний хэл минь хэмээн дээдэлж ирсэн яруу сайхан эх хэлээ эрэмдэглэж орхих нь энэ үү? Аягүйтвэл дахин таван жил харьд байх ахул чи эх орноо мартах нэгэн болсон байна.
Эх хэлээ мартаад этгээд хэлэндээ мундаг болсон юмуу гэтэл хот хүрээнд байх зарим нэг хүнээс хожим дуулах нээ англи хэлэндээ ч гавихгүй юм гэнэ билээ, чамайг. Доторлодоггүй юм аа гэхэд гадарлаж байхад ч болох л байсан юм. Тэгсэн мөртөө ээрч муураад, гажиг хүн шиг эвгүйг нь яана. Чиний байн байн хэлээд байсан ганц хоёр үгийг гайгүй сайн тогтоож аваад сумын төвийн сургууль дээр жилийн хугацаатай ирсэн Энх Тайваны Корпусын багш эмэгтэйг нутгаадаа яваад ирэхэд нь зорьж очин гайгүй чанга хэлсэн чинь нүд нь орой дээрээ гараад огих нь уу, орилох нь уу хэмээн бодтол пүй пай болоод явчихна лээ. Хэсэг гацсаны дараагаар нь учрыг асуутал дандаа бөгс бөөртэй холбоотой гудамжны үгнүүд гэхшив. Багш хүүхнээс ичсэн гэж юүхэв. Чи муу найзыгаа мөн ч сайн түлсэн дээ. Бэлэг дэмбэрэлтэйг нь бодож ерөөлийн хэдэн үг сурч байхгүй яав даа, түүний оронд.

Чиний этгээд дэгжин хувцаслалт, эрээ цээргүй яриа, эдэлж хэрэглэх зүйл чинь яав ч эрдэмтэй хүний шинжийг үл илтгэнэ. Хоёр ч их сургуулийг хос алтан медальтай төгсөж, Мухарсүвт, Дээл гэнэ үү манай энд байдаггүй зурагт шиг нэг юмны үйлдвэрт ахлах мэргэжилтнээр ажиллахыг урьсан тухай чи ам мэдэн бурж байсан нь санагдана. Гэтэл чамайг хятад зоогийн газарт хоёр жил таваг угаагч, гайгүй дэвшээд ширээ цэвэрлэдэг ажил хийж, хэдэн зоос цуглуулсан ч юм байхгүй ирсэн гэсэн яриа чих дэлсэж байна лээ. Гэхдээ найз нь хэнд ч хэлэхгүй ээ. Учир нь чамаар бахархах өвгөд өтгөс, чамайг дуурайхыг хүсэгч хүүхэд багачуулын урмыг нь цурам болгохыг үл хүслээ. Бас чамайг Америкад очоод харласан гэж хүмүүс хэлэх юм билээ. Харин эртээд харахад хамаагүй цагаарсан билээ. Ямар учиртайг нь нэг их ухсангүй. Бага байхдаа хоёулаа нутгын халуун наранд тэр битгий хэл харлаж борлосныг тэр гэхэв ээ.

Найз нь чамд гомдохгүй ээ. Нутгын маань ханхайсан уул нурууд, урсгал дөлгөөн ус мөрөн нь нутгын хүү чамайгаа дахин ирэхэд нь тэврээд л угтах гэж байхад малчин заяатай төрсөн мунхаг муу найз нь чамайгаа уучлалгүй яахав ээ. Хүн ядрахаар ургаа, тураг ядрахаар уулаа гэж ардын минь сайхан үг бий. Миний найз гадаад улсад гандаж явахдаа эх нутаг элгэн саднаа битгий мартаарай. Хүний эрхэнд зовохоор, өөрийн эрхэнд жарга гэж, миний найз гундан гутарч харийн нутаг давчдаад байвал нутаг өөдөөн гүйгээрэй. Чамайг арван жилээ дүүргээд хот луу явахад чинь Умбаа гуайн зүсэлсэн эрх цагаан үр төлөө өгсөөр, бараг л сүрэг болох дөхөж байна. Эднийгээ хариулахгүй юу даа, хө.

Бага байхдаа хоёул Бурмаа охинтой ч юм ярихаас ичдэг байсангүй билүү. Гэтэл чи хаа тааралдсан охин хүүхнийг чангаагаад, хормой хотноос нь татаад байсан шүү. Хот хүрээнд тэгж гэнэдэв. АЙДаС гэдэг ДОодХын өвчин гарсан гэсэн. Түүнийг л нутаг орондоо дэлгэрүүлэв. Ер нь чи өөрөө ч хормой чанга, энгэр төв байх хэрэгтэй шүү. Тэр өвчнөөр олон хүн хорвоог орхисон гэлцэнэ. Тэр бүү хэл эх орны маань ч цонхоор орж ирээд, хаалга үүдийг цэлийтэл нээж байгаа сураг дуулдсан. Одоохондоо манай үүгээр л харин нам тайван байгаа, гэхдээ юмыг яаж мэдэхэв, мэдээтэй байгаарай.

За, аймгийн төвөөс цааш явж үзээгүй, номхон борлогоосоо өөр адуу мал, унаа тэргэнд ч ховор суусан малчин найз нь ам халаад баахан юм дэлгэлээ. Аа тийм, эртээд ирэхдээ чиний татаад байсан тамхирхуу юмыг чинь хар тамхи гэдэг хэмээн америк багш хүүхэн хэлсэн. Цэрэг цагдаа болдог гэхээр нь чамайг үлдээгээд явсан хэмээн хэлж зүрхэлсэнгүй. Даанч эртээд хоёр сорсоны дараа толгой дүүрээд, дуулмаар болоод байсан юм. Уусан айргандаа халлаа даа гэж ичээд байсан, утаа униартай чөтгөрт хорлуулсан юм байж. Миний найз дараа ирэхдээ тийм бузрын юм л нутагтаа бүү зүглүүлээрэй. Ард түмний чинь, аав ээжийн чинь заяа гомдоно шүү.

Чамайг гүнээ хүндэлж, мэхийн ёсолсон,
Багын хайртай найз чинь
Сумын төв
Монгол улс

1 comments:

Anonymous June 15, 2008 at 11:02 PM  

Baigaa baidliig bas ch ugui huurhun ilerhiiljee!

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш