Friday, March 14, 2008

Цаг нь болохоор ярина



Монголчуудын маргааш дуусахгүй гэдэг хэллэг их түгээмэл байдаг. Үүнийг гадаадынхан ч их хэрэглэдэг. Аягүй бол тэр туучийнууд гаргасан ч байж магад. Туучий гэдэг бол уг нь муу үг биш юм гэсэн. Энэ нь туужуур буюу шүүр гэсэн үгнээс гаралтай юм шиг байгаа юм. Ээж маань залуудаа оройтож ирсэн эгчийг маань “гудамжны хамаг хог туужуурдаад ирэв үү” хэмээн ширүүн хэлж байсныг хожим нь асуувал гудамж хэмжин, дэмий тэнэхийг ингэж хэлдэг юм хэмээн инээд алдан хэлж байсан санагддаг юм.

Харин энд бичих гэж байгаа юм туужууртай ямар ч холбоо байхгүй. Сүүлийн хэдэн жилд Монгол улсын эрүүгийн ертөнц урд нь байгаагүй аймаар гэмт хэргүүд гарч, авилгал гээч зүйл аргагүй ил тод болжээ. Үүнийг дагаад гүтгүүлсэн буюу гүрийсэн этгээдүүд ярилцлага өгөхдөө “цаг нь болохоор ярина. Надад хэн гуайн эсрэг олон баримт байгаа. Одоо ярих болоогүй” гэх мэтээр ярьдаг болжээ. Хэрэв тэр хүнд мэдээлэл байгаад дараа ярина гэдэг бол сүрдүүлгийн маш болхи арга юм. Хэрэв нөгөө тал нь тэр хүнд мэдээлэл байгаа гэдгийг мэдэхийн бол мэдээж нухах юм уу ядаж л тэрийг нь олж илрүүлэх, устгах зэрэг арга хэмжээ авалгүй дээ.

Тэгэхээр миний бодлоор энэ бол ихэнхдээ худлаа бөгөөд зөвхөн массыг өөртөө итгүүлэх гэсэн, нөгөө талаа пайнагтуулах гэсэн башир арга болов уу хэмээн таамаглаж байна. Сэтгүүлч мэргэжлээр сурч байгаа оюутнууд үүнийг уншвал нэг удаагийн дипломын ажил болгоод авах хэрэгтэй. Ядах юмгүйгээр хэдэн жилийн өмнө гарч байсан дуулиан шуугиантай хэд хэдэн мэдэгдлүүд, ярилцлагууд шүүж үзээд л болоо. Түүнийг нь одоогийн байдалтай харьцуулаад л дүгнэлт хийчих хэрэгтэй.

Цаг нь хурдан болоосой.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш