Wednesday, February 13, 2008

Vote for Joseph Kabila!



Хэнтийнхэн нээрээ элдэвтэй улсууд юм аа. Тээр жил Батширээт сумруу мориор аялж яваад, өдөржин хатирсаны эцэст хадлан авч буй хэсэг хүмүүстэй таарсан юм. Цай цүй ч гэсэнгүй, тэгсгээд цааш хөдлөх гэсэн нэг шавилхан хүү “ахаа, имэйлээ өгчих” гэж асууж, мориноос унагаах шахаж билээ. Хөдөө хээр газар хэн миний имэйл хаягыг асууна гэж санахав дээ.

Сая бас цагаан сараар нэг айлд ордогиймаа. Энэ талаар жич өгүүлэмз. Манайхан шинэ жилээр хамгийн өнгөтэй өөдтэй, шинэ сайхан гэснээ өмсдөг нь ёс. Нэг хүү байна. Цагаан футболкан дээрээ Африкийн Конго улсын ерөнхийлөгчийн зурагтай, Vote for Joseph Kabila буюу Жозеф Кабилагийн төлөө саналаа өгцгөөе гэсэн сонгуулийн сурталчилгаатай юм гээч. Хэдэн хүмүүс ирэхдээ өгсөн гэж аав нь болтой нэг хүн хэлнэлээ. Мэдээж Конгын сонгуулийн багийнхан ирээд өгөөгүй л байлтай.

Түүнээс улбаалаад Конго улсын тухай түүх, газар зүйн хичээл хийчих нь юм билээ. Тэрбээр анх 2001 онд тэрбээр 30 насандаа Конгын Ардчилсан Бүгд Найрамдах Улсын ерөнхийлөгчөөр сонгогдож байсан байна. Түүний аав нь ерөнхийлөгч байсан бөгөөд бусдын гарт амь үрэгдсэний дараагаар үе залгамжилсан юм байна. Харин 2006 онд явагдсан олон нийтийн анхны ардчилсан сонгуулиар дахин сонгогдож байжээ. Бодвол энэ футболкыг тэр үед хийсэн байх.

Кабила гуай багадаа байлдаж явсан нэгэн байна. Бүр 25 настай байхдаа командер болж, Конго улсыг Мобутугийн дарангуйллаас чөлөөлөх аавынхаа тэмцэлд нэгдэж байжээ. Тэрбээр бүр дараа нь Бээжинд суралцаж байсан хэмээн намтарт нь тэмдэглэжээ.

Ер нь Африкийн улсууд аливаа сонгуульд өнгө өнгийн цамц, богино цамцан дээр нэр дэвшигчийн зургыг хадан өмсөх нь элбэг байдаг. Харин сонгуулийн энэ арга манайд орж ирсэн эсэх, ирсэн ч хэр зэрэг үр дүнтэйг сайн мэдэхгүй юм. Нэг тойргынхон гэсэн баахан казино Байгалийн юм уу, Ц. Батаагийн дүртэй хувцас өмсөөд явж байвал алаваа. Гэхдээ л муусайн хэрэгтэй хэрэггүй хэвлэмэл юмнууд тарааж байхаар үлдэцтэй бас хэрэгцээтэй нь дээр ч юм уу.

0 Сэтгэгдэл:

Сэтгэгдэл бичих

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш