Х. Баттулга үнэнээ хэлжээ
Х. Баттулга үнэнээ хэлжээ
Анх Монголын ард түмэндээ тив дэлхийн хэмжээнд өөрийн урамтай сайхан барилдаануудаараа танил болсон, дараагаар нь Саятан гэдэг үгийг тэнгэрээс газарт буулгаж, та ч гэсэн энэ үгийг амсах боломжтой гэдгийг өөрийнхөө сугалаагаар танилцуулж байсан, үсээ мөлчийтөл самнасан, чих нь хугарсан, цэвэрхэн царайтай энэ залуу одоо болохоор улс төрч юм шиг, нийтлэлч юм шиг болоод байгаа. Түүний “МоАХ-ны дарга Х. Баттулга бичиж байна” хэмээх цуврал өгүүллүүд сонин хэвлэл, сайт блогын хуудсуудыг чимсээр чамлахааргүй хугацаа өнгөрчээ.
Гэтэл саяхан нэг сонинд өгсөн ярилцлагадаа хэлэхдээ “Цөхрөлт биш юм аа. Өөрийн санаагаа илүү олон хүнд хүргэж байгаа арга л юм. Баабар нэг удаа улстөрчид юм бичдэггүй, тийм учраас хэлсэнээсээ хэзээ ч буцаж болдог. Хэрэв бичдэг байсан тэр баримтаасаа өөрөө буцах боломжгүй гэж хэлж байсан. Дараа нь Ламбаа, Бат-Үүл хоёрын зөвлөгөөгөөр бичих болсон. Гэхдээ би өөрөө суугаад бичдэггүй. Тийм зав ч гардаггүй. Санаагаа, намын зөвлөл дээр хэлж байсан зүйрлэл, дүрслэлээ хүмүүстээ буулгаад ир гэж хэлээд, өөрөө редакторладаг” хэмээн хэлсэнээр олон хүний эргэлзээ ариллаа.
Тийм байхаа, даанч их материалтай, бөх хүн байсан гэхэд итгэмээргүй их уншдаг, судалдаг, мэддэг оргиод байсан юм хэмээх эргэлзээ ийнхүү тайлагдлаа. Гэвч өөрөө ч бичсэн бай, хүнээр ч бичүүлсэн бай арай өөр өнцгөөс нь дуугарч чадаж байвал болох нь тэр л дээ. Түүний дээрх ярилцлагыг бүрэн эхээр нь энд дарж уншина уу. Харин бас нэгэн зүйл бүрхэг үлдсэн нь түүний “хүмүүстээ” хэмээх хүмүүс нь хэн бэ? Арай манай мундаг нийтлэлч, эрдэмтэд, улс төрчид, эдийн засагч нэгэнүүд байдаг юм биш биз?
0 Сэтгэгдэл: