Kite Runners уншив
Зохиолын гол санаа нь Амир хэмээх паштун хүү болон түүний гэрийн үйлчлэгчийн хүү болох Хассан хэмээх хазара хүү хоёрын тухай гарна. Ойрд тэгж их сэтгэл хөдөлгөсөн, хөнгөн гуниг авчирсан бас тэгсэн мөртөө үйл явдал нь хоорондоо сүлжилдэж адал явдал үүсгэсэн зохиол уншаагүй болтой. Тэр кино нь бол зохиолынх нь хаана нь ч хүрээгүй нь мэдээж. Энэ зохиолыг уншсанаар хөөрхий муу хазарчууд маань хэрхэн хавчигдаж, зовж байсан талаар цухас ч гэсэн ойлголт авахад дөхөмтэй боллоо. Хэдийгээр уран зохиол ч гэсэн тэр үеийн түүхийг бас гайгүй сайн гаргажээ. Зохиолчийн өөрийнх нь түүхийг үзвэл багадаа дипломат аавыгаа дагаж Иран дараа нь Францад байж байгаад улс эх оронд нь байдал эвгүйтэхэд АНУ-д улс төрийн орогнол авчээ.
Ямар ч байсан энэ номыг уншсан даруйдаа Пингвинд орчуулий хэмээн хоёр ч имэйл явуулаад байгаа. Энэ зохиолыг орчуулж тавьбал ядаж л хазарчуудын талаар бага ч гэсэн мэдэх болов уу. Хазар гэснээс Цахим Өртөө ТББ Афганистаны хазара үндэстэн гурван оюутанд Монголд сурах 100 хувь тэтгэлэг олгох гэж байгаа нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал хэмээн ойлгож байгаа. Удахгүй тэд ирээд, өөрсдийн амссан зовлонгоос бид бүхэнд ярьж өгөх биз ээ.

