Tuesday, March 24, 2009

Эх орон 4 sale

Энд дэлгүүр ажиллаж байна. Энэнээс цаашхи газар нутгыг үнэ тохиролцон зарна. Утас: 0001 УБҮ, 0002 УБҮ

Намайг нэг шагнаач, би юм хиймээр байна

Гавьяа байгуулаагүй нэгэн нөхөр улсын ерөнхийлөгчөөс төрийн дээд одон медаль гардан авна. Тэрбээр хээв нэг байх агаад болох ёстой юм болж байгаа, бараг оройтож боллоо гэсэн шиг дүр эсгэн цээжээ түхийлгэн энгэрээ цоолуулна. Гарч ирэнгүүт үүдэнд нь арван хэдэн телевизийн арван хэдэн өмхий микрофонуудыг аманд нь угж мэт тулгана. “Төр засагтаа баярлалаа. Аав ээждээ баярлалаа. Ажлын газрынхандаа баярлаа. Хамт тоглож өссөн багын найз нартаа, намайг ирлэж хөглөж өгсөн дайснууддаа баярлаа гэх зэргээр Монгол улсын хоёр сая илүү иргэдэд бүгдэд нь баярласнаа илэрхийлнэ.


Хамгийн гачлантай нь даруухан байхыг ихэд чухалчлах бөгөөд энэхүү шагнал нь түүний хийсэн зүйлд нь бус хийх гэж байгаа зүйлд нь өгсөн гэдэгт бат итгэж байгаагаа илэн далангүй ярина. Энэ томьёоллоор бол шагнал хүртэнэ гэдэг бол залхуу хүнийг нэг юм хийгээчээ гэж өгч байгаа урмын ташуур гэж ойлгох хэрэгтэй. Тиймээс би нэг Хөдөлмөрийн баатар юм уу, за байгээ гэхнээ гавьяат ажилтан цолоор шагнуулмаар байна. Тэгвэл л овоо юм хийх гээд байна.

Thursday, March 19, 2009

Discussing the Divine Comedy with Dante


Сүүлийн үед Интэрнэтээр шуугиулж байгаа нэгэн зургыг толилуулж байна. Энэ зургыг ажиглавал дэлхийн нэр алдартай 103 хүний дүрсийг багтаасан байх агаад Чингис хаан зургын төв хэсгийн дээд талд зүүн тийш харан, нөгөө талд нь Наполеон морьтойгоо зогсох нь дэлхийг хуваан эзэлсэн хоёр баатар лугаа харагдана. Энэ зурагт бидний сайн мэдэх Ленин, Брюс Ли, Майкл Жордан, Моцарт гэх мэтээс өгсүүлээд бага мэдэх хятад гаралтай улсуудыг ч олноор багтаажээ.

Энэ зургыг аль 2006 онд хятадын тийм ч их нэр алдартай бус 3 залуу зурсан бөгөөд саяханаас л ийнхүү шуугиулах болжээ. Тэр 3 өөрсдийгөө баруун дээд өнцөгт зурахаа ч мартсангүй. Энэ зургыг томруулаад харвал хүн тус бүр дээр дарахад wikipedia дээрх тайлбарыг нь уншиж болох юм байна. Энд бас Долли хонь байгааг ч харж болно.


Tuesday, March 17, 2009

Сайд та сайн бай л даа

Төрийг түшиж, түмнийг амруулах амар үгүй ажилтай эрхэм сайд та сайхан шинэлж байна уу? Төрөө шүтэж, түмэн олноо бараадсан би вээр сайхан шинэллээ. Дэвэн дэлхийгээр таран суусан таны нууц амраг, нуугдмал хүүхдүүд, хамаатан садан, үр ач нар тань сайн суугаа гэдэгт итгэж байна. Таныг саяны үймээн самуунаар сайд гэдэг ямба ихтэй, ядаргаа багатай ажилд тохогдсоныг дуулаад үүнийг Цагаан сарын шинийн нэгний билэгт сайн өдөр бичиж сууна.

Таныг яагаад сайд гэж нэрлэснийг мэдэх үү? Учир нь та сайн учраас. Монгол хэлний үсгийн дүрэм нь сайдад хүртэл үйлчилдэг л юм бол олон тооны “д” дагаврыг та нарт залгаснаас биш уул шугамандаа Боловсролын сайн, Үйлдвэр худалдааны сайн нь та юм шүү дээ.

Харин алганы нөгөө талд бас нэг ийм үг бий. “Нохойгүй газрын гахай нь хуцдаг” юм. Хуцах нь хүртэл хээрийн боохойг баас алдуулдаг хоточ сайн нохойтой айлын эзэн амар тайван унтаж чаддаг болой. Хонь мал нь ч шөнөдөө айж цочих юм үгүй, тарга тэвээрэг ч сайн авдаг гэлцэх. Та тийм сайн нохой болсондоо сонгогдоогүй л дээ. Харин нохой нь алга болчихсон юм аа. Хоёр зуу гаруй жилийн шашны “тархи угаалга”, далан хэдэн жилийн Хэрээмлийн дарангуйлал чанга хуцсан нохойнуудынх нь зүрхийг нь хэлтэй нь сугалж хаяад, үлдсэн хэдийг нь унхиагүй болгоод хаясан юм. Тиймээс та хэдий гахай ч гэсэн зоригтой хуцна шүү. Нөгөө үгээр хэлбэл сайн гахай байна шүү. Гахай гэлээ гээд та баахан дургүй байна уу. Саяхан нэгэн ухаант хүмүүн надад өгүүлэхдээ гахай гэдэг амьтан чинь нохойноос ч ухаантай юм шүү хэмээн ихэд нухацтай өгүүлсэн юм. Бараг л энэ дэлхийн хамгийн ухаантай амьтан юм биш үү? Одоо та хэр баяртай байна даа?

Сайн ах аа, та ууж идэхдээ учиртай байна шүү. Энэ нь хараал бус, харин ерөөл байх болтугай. Учир нь таныг улсын хармаа луу гараа шургуулаад атга дүүрэн алт мөнгө авах болгонд өлсөж өлбөрч байгаа үр хүүхдүүд, үүдэнд чинь тантай уулзахаар хэдэн сарыг элээж байгаа өвгөд хөгшид, гадаад улсуудад бол олгой авахтай адил амархан болсон өвчнөөр өвдөөд, эмчилгээгүй хэмээн өнөө маргаашгүй үхлээ хүлээж байгаа өвчтөнгүүд таны нүдэнд харагдах болтугай. Дахин хэлье, энэ нь хараал бус харин ерөөл юм шүү. Хэрэв та авсан идсэнээсээ илүү, хийсэн бүтээсэн тань их байх аваас та дахин сонгогдож, сайнаа батлах нигуур буйг баталж байна. Урд талын сайд чинь ууж идэхдээ уургаа морь шиг байсан нь түмэн олны нүднээс холуур тойрсонгүй. Та тэднээсээ сураад, нэг мод сугалаад хоёрыг тарьдаг байсан хоммунист хүмүүжлээ бага ч гэсэн гаргаарай.

Ард түмнийхээ итгэлээр бус, арын хаалганы нууц хуйвалдаанаар гарч ирсэн таны хөрөнгө хичнээн байдгыг мэдэхгүй. Хүн хаанаас ирээд, хаашаа яваагаа мэдэхээ болих шиг том аюул, том эмгэнэл хаа байна? Та энэ дэлхий дээр маньтайгаа адилхан л шалдан мэндэлж, манцуйнд ороогдож, сүүлний өөх хөхөж, бантан идсээр хүн болсон “юм” байгаа биз. Сайд дарга гэхээрээ л учир зүггүй торго дурданд ороогдож, гартаа нөжөө байг гэхэд нэр алдар, Ниссан жипны түлхүүр атгаж төрөөгүй байлтай. Саяхан л таны амьдрал бас л маньтайгаа адилхан дутагдаж гачигдаж, цалингаас цалингийн хооронд амьтан хүнээс мөнгө зээлж, айл хэсэн хоног төөрүүлдэг байсан биз. Гэтэл та одоо өөрийгөө нэг хараач. Энэхэн хэдэн жилийн хугацаанд сайн та ямар их өөрчлөгдөө вэ? Албан тушаал, авах идэхийн төлөө та мань мэтийгээ бүү хэл, хамаатан садан, үр хүүхдээ ч золиослоход бэлэн болсон бус уу? Гэртээ хүртэл төөрөөд GPS хэрэглэх нь халаг, машинаа хүртэл ялгаж салгахаа больсон, ил далд илэн далангүй хэдэн насанд хүрээгүй шахам хүүхнүүдээ бол хооронд нь хольж солиод зовохдоо “Найз аа” гээд дипломат зангаар дуудчихдаг болжээ. Таны үхэн хатан зүтгээд байгаа эд хөрөнгө, алдар нэр чинь тантай хамт хэзээ нэгэн цагт авсанд орно гэдгийг ойлгодог ч болоосой. Өөрөөр хэлбэл та дэмий юмаар “занималдаж” байна даа. Үүний оронд хэдэн хүнд ч гэсэн тус болоод, эвтэй сайхан амьдрах аваас хожим таныг ядарч явахад чинь аминд орох байсан даа.

Танаас би талх гуйх гэсэндээ тал засаж байгаа юм биш ээ. Албан тушаал горилон алга хавсарч байгаа ч юм биш. Сайн гэж магтвал сүүний мөнгө өгнө гэж бодсон ч юм биш. Баяжвал хамт баяжья даа л гэж дуэльд дуудаж үүнийг бичлээ. Гэхдээ тань шиг ширээн доогуур, ханцуйн дотроо өгч авалцдаг башир аргаар биш, хөдөлмөрийнхөө хөлсөөр, оюуныхаа олдоцоор баяжмаар байна. Орчин цагын мань мэтэд оломгүй их эд баялаг үлдээхийн тулд өвөг дээдэс маань амь насаа хүртэл үл хайрлан, амьтан хүнээс нууж хааж, төөрөгдүүлсээр өнөөг хүрсэн юм. Та урдаас ирсэн улаан өвгөний үр сад биш л бол энэ өвөө эмээ нар дотор таны хэд ч байгаа. Таныг халж солино гэж айлгаад яахав, мань мэтэд нь ямар тийм эрх мэдэл байх биш. Авгай хүүхдэд чинь хэлнэ гээд сүрдүүлээд яахав, аль хэдийн тэд нар чинь мэдэж байгаа. Сайд та зүгээр л сайн бай л даа. Үүнээс өөр юу хэлэхэв дээ.

Зэсийн Ханш

  © Blogger template 'Amarjargal' by Mongoltolbo.com 2009

Back to Дээш